Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 133

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, Газрын тосны газар,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг                                                             

Шүүгчид:                             Х.Батсүрэн

                                              Д.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг  

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-014889, ХV-014890, ХV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0860 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2018/0062 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг баримтлан “Л” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-014889, ХV-014890, ХV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2018/0062 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-014889, XV-014890, XV-014891 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гомдлын агуулгад: Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар “Лукрий” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014889, XV-014890, ХV-014891 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийг сэргээж шийдвэрлэсэн юм. Уг тушаал гаргахдаа Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Уг дүгнэлт нь нэхэмжлэгч “Л” ХХК-иас Ашигт малтмалын газарт хандан гаргасан 2016 оны 6 дугаар сарын 21, 24, 27-ны өдрийн хүсэлт болон түүнд хавсаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нийт 83 хуудас баримтыг үндэслэсэн. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт болон “Л” ХХК-ийн гаргаж өгсөн нийт 83 хуудас баримтууд байхгүй байсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай тайланд дээрх дүгнэлтийг дурдсан байгаа нь хариуцагч нараас дээрх баримт байхгүй, огт үзээгүй гэх тайлбарыг үгүйсгэж байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

4. Ашигт малтмалын газрын даргын а/49 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014889, ХV-014890, ХV-014891 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэсэн атлаа 5 сарын дараа шинэ захиргааны акт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь, захиргааны байгууллага шинээр захиргааны акт батлан гаргаж байгаа учраас а/63 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийх ёстой байсан. Гэтэл хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагчаас огт хийгээгүй.

5. Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014889, ХV-014890, ХV-014891 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин шинээр захиргааны акт гаргаж байгаа учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа "Л" ХХК-д хуульд заасан журмын дагуу заавал сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй учраас хариуцагчаас гаргасан а/63 дугаар тушаал хүчингүй болох үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг тушаал гаргах эрхгүй гэж маргаагүй. Харин тушаал хүчингүй болгох тухай а/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохдоо хүчингүй болгох үндэслэлээ тодорхой заагаагүй. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга өмнө нь гаргасан захиргааны актынхаа үндэслэлгүй болохыг хангалттай нотолж чадвал хүчингүй болгох эрхтэй байгаа. Гэтэл а/63 дугаар тушаал гаргах үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй, хүчингүй болгох үндэслэлээ тушаалдаа заалгүйгээр тушаал гаргасанд гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас а/63 дугаар тушаалын үндэслэлд маргаж байгаа юм. Нөгөө талаар гаргасан тушаалаа хүчингүй болгох эрхтэй гээд хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байж болохгүйгээс гадна захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрхийг нэг бол сэргээж, нөгөө бол хүчингүй болгоод байгаа нь нэхэмжлэгчийн буруу биш юм. Захиргааны байгууллагын гаргаж байгаа захиргааны акт нь хуульд нийцсэн байх ёстой.

7. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгосон. Уг тушаалыг харахад ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасан байдаг. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч “Л” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулаагүй ба а/49 дүгээр тушаал нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгож а/63 дугаар тушаалаар а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/69 дүгээр тушаал нь дотогшоо чиглэсэн акт бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга а/63 дугаар тушаалыг гаргахдаа А/69 дүгээр тушаалд заасан ажиллагаа хийж, а/49 дүгээр тушаал нь ямар хууль зөрчсөн болохыг шалгаж тогтоогдоогүй байхад уг тушаалыг үндэслэл болгосон нь сайдын А/69 дүгээр тушаалын биелэлт болон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/63 дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгохдоо ямар хуулийн заалтыг зөрчсөн үндэслэл нь тодорхой байх ёстой.

9. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Уул уурхай. хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Ашигт малтмалын газрын даргыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хориглосон ямар нэгэн хуулийн заалт байхгүй ба сайдын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байхад нь үүргээ хэрэгжүүлж хууль бус захиргааны актыг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж байгаад гомдолтой байна.

10. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дуусах байсан бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг захиргааны байгууллагад гаргах байсан боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна. Нэхэмжлэгчээс ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “хүндэтгэх шалтгаантай буюу хариуцсан ажилтан эмнэлэгт хэвтсэн” гэж тайлбарлаж, үүнтэй холбогдох 83 хуудас баримт хэрэгт авагдаагүй талаар гомдол гаргасан байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор тусгайлан заасан тул хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө захиргааны байгууллагад хүндэтгэх шалтгаанд холбогдох баримтаа гаргаж өгч, хугацаа сунгуулах эрх нэхэмжлэгчид хадгалагдаж байсан боловч нэхэмжлэгч энэ цаг хугацаанд захиргааны байгууллагад хандаагүй, харин 2016 оны 6 дугаар сарын 21-нд захиргааны байгууллагад хугацаа сунгуулахаар хандсан байх тул дээрх 83 хуудас баримтууд нь цаг хугацааны хувьд хэрэгт шууд ач холбогдолгүй, маргааны үйл баримтад нөлөөлөхгүй буюу хуульд заасан цаг хугацааг мөрдөх үүрэг нь нэхэмжлэгчид хамааралтай, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэв.

14. Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр а/49 дүгээр тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар “... тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан байх бөгөөд уг тушаалын дагуу хяналт шалгалт хийгдэж, Сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тушаалаар “...хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон” тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгажээ.

15. Эндээс үзэхэд уг тушаал нь захиргааны байгууллагын дотоодод чиглэсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдэд шууд чиглээгүй, эрх зүйн үр дагавар, шууд зохицуулалт үүсгээгүй буюу захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээд шатны захиргааны байгууллагаас доод шатны захиргааны байгууллагад хандаж, дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлийг сэргээсэн байдал нь хууль тогтоомжид нийцэх эсэхийг шалгах, хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох үүрэг хүлээлгэсэн бөгөөд ямар нэгэн шийдэл хийгээгүй, зөвхөн “хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох” агуулгатай тул а/69 дүгээр тушаалыг захирамжилсан шинжтэй захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

16. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Сайд нь эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон бусад байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах  эрхтэй тул түүнийг сэргээсэн шийдвэрийг хянан үзэхийг даалгах “эрх хэмжээгүй этгээд” гэж үзэх үндэслэлгүй, нөгөө талаар ашигт малтмалын асуудлаар өдөр тутмын мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас “сэргээсэн тушаалыг хүчингүй болгосон” шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд байгаа буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...тушаал гаргах үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй, хүчингүй болгох үндэслэлээ тушаалдаа заагаагүй,  захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрхийг нэг бол сэргээж, нөгөө бол хүчингүй болгоод байгаа нь нэхэмжлэгчийн буруу биш юм” тухай гомдол үндэслэлгүй байна.

17. Дээр дурдснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй тул захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй буюу хуулийн дагуу үүссэн шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй тул   нэхэмжлэгчийн “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа "Л" ХХК-д хуульд заасан журмын дагуу заавал сонсох ажиллагаа хийх ёстой байсан, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй, сонсгох ажиллагаа явуулснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй буюу хуулийн хугацаа хэтэрсэн үйл баримт үгүйсгэгдэхгүй болно.  

18. Нэхэмжлэгчийн “Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын а/69 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, ямар хууль зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй атлаа уг тушаалыг үндэслэл болгосон нь сайдын А/69 дүгээр тушаалын биелэлт болон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчаас “тусгай зөвшөөрлийн хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон” үйл баримтыг үндэслэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тушаалыг гаргасан байдал нь Сайдын тушаалтай зөрчилдөхгүй, сэргээсэн шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлага үүсээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2018/0062 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ         

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ