| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2026/0001/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/32 |
| Огноо | 2026-12-24 |
| Зүйл хэсэг | 18.7.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/32
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.Д ,
Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2502003430356 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
М овогт Б-ын Д (РД:*********).
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ** өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл **, ** хамт *** дүүргийн ** дүгээр хороо ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
У овогт Б-ийн М (РД:**********).
Хэргийн товч агуулга.
Шүүгдэгч Б.Д нь ***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус эмнэлгийн аж ахуй хариуцсан менежер Б.М тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, ****** эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, агуулахад хадгалагдаж байсан 6 ширхэг тариурын болон дуслын автомат шахуургыг “****** ” ХХК-иас 19,500,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тус эмнэлгийн ********дугаартай данснаас тоног төхөөрөмжийн төлбөрт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “****** ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь *********дугаарын данс руу 19,500,000 төгрөгийг шилжүүлж, дээрх мөнгөнөөс 15,600,000 төгрөгийг өөрийн найз Ж.Э-ын Хаан банкны ************ дугаартай, П-О-ын Хаан банкны ************ дугаартай данснуудаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар буцаан авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох гэмт хэрэгт,
Б.М нь Б.Д ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Б.Д нь “****** ” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн авсан мэт харагдуулахын тулд санхүүгийн баримт болох 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Худалдах худалдан авах” гэрээг 2025 оны 1 дүгээр сард хуурамчаар үйлдэж, гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж ****** эмнэлэгт санхүүгийн баримт болгон ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй бөгөөд талуудын байр суурь шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.1. Улсын яллагчаас:“...Б.Д, Б.М нарын гэм бурууг нотолж, яллах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,
1.2. Шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс: 3хх 62-74 дүгээр хуудас болон М ийн хувийн байдалтай холбоотой” нотлох баримтуудыг,
1.3. Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлж, гэм буруугийн хувьд маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Гэм буруугийн талаар.
2.1. Шүүгдэгч Б.Д нь ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус эмнэлгийн аж ахуй хариуцсан менежер Б.М тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, ****** эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, агуулахад хадгалагдаж байсан 6 ширхэг тариурын болон дуслын автомат шахуургыг “****** ” ХХК-иас 19,500,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тус эмнэлгийн **********дугаартай данснаас тоног төхөөрөмжийн төлбөрт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “****** ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь *******дугаарын данс руу 19,500,000 төгрөгийг шилжүүлж, дээрх мөнгөнөөс 15,600,000 төгрөгийг өөрийн найз Ж.Э-ын Хаан банкны ************ дугаартай, П-О-ын Хаан банкны ************ дугаартай данснуудаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар буцаан авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Б.М нь Б.Д ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон болох нь:
2.1.1. Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Г нь манай өрөөнд орж ирээд 2024 оны 11 сард эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Д хүүхдийн тасагт 6 ширхэг памп буюу автомат шприз худалдаж авсан байна. Уг пампыг бүртгэж үзэхэд манай эмнэлгийн агуулахад байсан пампнуудтай сери дугаар нь таарч байна. Мөн дуслын памп 3 ширхэг, тариурын памп 3 нийлээд 6 ширхэг гэж хэлж өгсөн боловч дуслын 1 ширхэг пампны оронд дуслын халаагч өгсөн байна гэж надад хэлсэн. Дээрх 6 ширхэг төхөөрөмж нь манай агуулахад байсан 6 төхөөрөмжтэй сери дугаар, код нь таарсан гэж хэлсэн. Би ойлгохдоо дээрх 6 төхөөрөмжийг эмнэлгээс гаргаад буцаагаад байгууллагад нэр бүхий компаниас худалдан авсан гэж ойлгосон. Хэрэв шинээр худалдан авсан бол сери дугаар таарах учиргүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 8-9-р хуудас),
2.1.2. Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан, намайг амралттай байхад хүүхдийн тасгийн орны тоог нэмээд тариурын памп буюу (автомат шахуурга), дуслын памп буюу (автомат шахуурга)-г худалдаж авна гэж байсан талаар сонссон. Тухайн үед даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д нь С-ыг пампны үнийн судалгаа хийгээд танилцуул гээд 2-3 компанийн үнийн мэдээлэл авсан гэж байсан. Гэхдээ Д нь өөрийн найзын компани болох “****** ” ХХК-иас памп худалдаж авъя гэсэн зүйлийг С-д ярьсан байсан. Би 6 ширхэг памп худалдан авсныг мэдээд эмнэлэгт урд өмнө нэлээн хэдэн памп худалдаж авсан байх ёстой хаана байгаа юм бол гэсэн зүйлийг С-д ярьсан. Тэгээд шинээр авсан пампыг очиж үзэхээр С-ын хамт “Хүүхдийн тасагт” очиход хайрцаг савтайгаа гялгар ууттай пампууд байсан. Нэг бүрчлэн үзэхэд 3 ширхэг тариурын памп, 2 ширхэг дуслын памп, 1 ширхэг дусал халаагч байсан. Дусал халаагчийг хараад өмнө нь манай эмнэлэгт байсан дусал халаагчтай ижил загвартай байгааг анзаарсан, 2 ширхэг байсан үүнээс хагалгааны тасагт нэгийг нь өгөөд нөгөө нь агуулахад байх ёстой гэж тухайн үед бодсон. Дээрх байдлаас үндэслэн эмнэлгийн бүртгэлд байсан пампыг худалдаж авсан памптай тулгаж үзэхээр үндсэн хөрөнгийн нягтлан Б-ын хамт бүртгэлээс харахад сери дугаар бүх зүйл нь таарч байсан. Дээрх 6 ширхэг төхөөрөмжийг худалдаж авсан баримт байгаа эсэх талаар асуухад зарлагын падаан нэхэмжлэх, хүлээлцэх акт гэсэн баримтууд байсан. Хүлээлцэх актыг харахад 3 дуслын памп, 3 тариурын памп гэсэн тэмдэглэл байсан ямар нэгэн сери дугаар байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12-р хуудас),
2.1.3. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 1 сард хүүхдийн тасагт шинээр худалдаж авсан 6 ширхэг пампыг бүртгэх гэсэн боловч тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байхгүй учраас бүртгэх боломжгүй гэдгийг ерөнхий нягтлан бодогч Э , аж ахуй хариуцсан менежер М нарт хэлсэн. Ерөнхий нягтлан бодогч Э түр орлон гүйцэтгэж байсан дарга Д аас тоног төхөөрөмж хүлээлцсэн актыг хэзээ өгөхийг асуухад, М ийг төхөөрөмж худалдаж авсан “****** ” компани руу явуулж актыг авч ирүүлсэн. Тоног төхөөрөмж хүлээлцсэн актаас төхөөрөмжийн үйлдвэрлэсэн огноог харахад 2021 онд үйлдвэрлэсэн байхаар нь ерөнхий нягтлан бодогч Э , эдийн засагч Э , аж ахуй хариуцсан менежер М нарт он хуучин тоног төхөөрөмж байна, бүртгэж авах нь зөв үү гэж асуухад хайрцагтай шинэ болохоор зүгээр ашиглаж эхэлснээс хойш элэгдэл нь тооцогдоно гэж хэлсэн. Тухайн 6 ширхзг пампыг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан. 2025 оны 01 сарын сүүл хэсгээр тоног төхөөрөмжийн инженер Г намайг өрөөндөө дуудаж уулзаад шинээр хүлээн авсан 6 ширхэг төхөөрөмжийн 2 ширхэг нь дуслын памп, 3 ширхэг тариурын памп, 1 ширхэг дусал халаагч байна та яагаад анзаараагүй бүртгэлд авсан юм бэ? гэж хэлсэн. Мөн дээрх пампууд нь ковид цар тахлын үед буюу 2021 онд худалдан авч байсан пампуудтай сери дугаар, үйлдвэрлэсэн он бүгд таарч байсан. Түүний дагуу Г “********” компани руу залгаж шинээр худалдаж авсан төхөөрөмжийн сери дугаар шүүлгэж хаана бүртгэлтэй болохыг асуухад 2021 онд ******* эмнэлэгт нийлүүлэгдсэн 6 ширхэг пампны 5 ширхэг нь мөн болж таарсан. Харин дусал халаагчийг 2019 онд худалдан авч байсан бүртгэлтэй хаанаас худалдан авсныг харж болно. Г бид хоёр ерөнхий нягтлан бодогч, аж ахуй хариуцсан менежер нарт эд хөрөнгийн сери дугаар давхардсан талаар хэлэхэд Д даргад танилцуулъя гэх зүйлийг ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 14-15-р хуудас),
2.1.4. Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“Томуу томуу туст өвчин ихэссэнтэй холбоотой” Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор нэмж эмчилгээнд ашиглах тушаал гарсан. Үүний дагуу эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д хүүхдийн тасагт дуслын памп, тариурын памп авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлөвлөгөөгүй бол бид нар худалдан авалт хийх боломжгүй ийм учраас эдийн засгийн албанаас төлөвлөгөө авах хэрэгтэй гэж хэлсэн. Б.Д хэд хоногийн дараа надад батлагдсан хөрөнгийн төлөвлөгөө өгөөд одоо юу хэрэгтэй вэ? гэж асуусан. Би хариуд нь худалдан авах ажиллагааны баримтуудыг бүгдийг бүрдүүлж өг гэхэд 1. Үнийн судалгаа, 2. ******* байцаагчийн албан шаардлага, 3. Эрүүл мэндийн яамны сайдын тушаал, 4. Эмч нарын тойрон үзлэгийн хурлын тэмдэглэл, 5. Худалдах авах төхөөрөмжүүдийн нэхэмжлэх, 6. “****** ” ХХК-ны гэрчилгээ гэх мэт баримтуудыг надад бүрдүүлж өгсөн. Дээрх баримтууд бүрдсэний дараа Д дарга яаралтай мөнгийг нь шилжүүлээд өг гэхээр нь “****** " ХХК-ны данс руу 8,100,000 төгрөгөөр, 11,400,000 төгрөгөөр тус тус шилжүүлэн өгсөн... Шинээр худалдан авсан 6 ширхэг төхөөрөмжийн холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж хууль дүрмийн дагуу худалдан авсан. Харин агуулахад байсан төхөөрөмжийг буцаагаад өгсөн гэдгийг мэдээгүй учраас мөнгийг шилжүүлсэн... Б.Д нь Аудитын шалгалт ирэх үед дээрх 19,500,000 төгрөг байгууллагад буцаан төлсөн. Дотоод аудитын шалгалтын дүгнэлтэд Б.Д ыг хуулийн байгууллагад шилжүүлэх талаар дурдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 17-23-р хуудас),
2.1.5. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 сард Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д эмнэлгийн орлогч даргыг үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Тухайн үед Хүүхдийн тасагт памп буюу шахуурга худалдах авахаар компаниудаас үнийн санал авах талаар надад үүрэг өгсөн. Би “******" ХХК, “****” ХХК, “****” ХХК гэх хуулийн этгээдүүдээс үнийн судалгаа авч даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Д т танилцуулахад манай найзын компани тариурын шахуурга байгаа гэсэн судалъя гэж надад хэлсэн. ...Миний судалсан гурван компаниас худалдан авалт хийсэн зүйл байхгүй, Б.Д дарга өөрийн найзын гэх компаниас худалдан авалт хийсэн байсан... 2021 оны 03 сарын 17-ны өдөр ******* төв эмнэлэг нь “*****” ХХК-аас дуслын ЗК10306729, ЗК10306726 сери дугаартай 2 ширхэг памп, 2021 оны 03 сарын 11-ний өдөр Тариурын 8К103085591, 5К103085593, ЗК103085599 сери дугаартай 3 ширхэг памп, 2019 онд ВР\Л/-1000 сери дугаартай дусал халаагчийг тус тус худалдан авч байсан. Мөн “Биомед трейд” ХХК-аас дээрх төхөөрөмжүүдийг худалдан авч байсан талаар мэдээллийг гаргуулан авсныг нотлох баримтаар гарган өгөх болно....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 25-26-р хуудас),
2.1.6. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “...Би 2016-2017 онд гэж санаж байна “****** ” ХХК-ийн Буянжаргал гэх үйлчлүүлэгчээс эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж ханган нийлүүлэх зорилгоор худалдан авч байсан. Үйл ажиллагааны чиглэл нь эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Би дээрх компанийн хувьцааг ганцаараа эзэмшдэг... 2024 оны 11 сард манай төрсөн дүү Ж.Э ******* төв эмнэлэгт ажилладаг Б.Д найз таны компанийн дансаар мөнгө оруулаад гаргая гэнээ гэрээ хийхгүй гэнээ гэж хэлсэн. Дараа нь асуудал үүсэхгүй гэвэл 20 хувийн татварыг төлөөд ав гэж хэлсэн. 2024 оны 11 сарын 28-ны өдөр би Япон улсад явж байхад дүү Э найз Д ын мөнгө орсон гэж байна. Та орсон эсэхийг хараад өгөөч гэхээр нь “****** ” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны ********** дугаарыг шалгахад 14,400,000 төгрөг, 8,100,000 төгрөг гээд 2 хуваагдаж ороод нийт 19,500,000 төгрөг орсон байсан. Мөнгө орсон байгаа талаар дүү Э-т хэлэхэд яаралтай авах хэрэгтэй байна гэхээр нь компаний дансанд 20 хувийн татварыг үлдээгээд онлайнаар өөрийн Хаан банкны *********** дугаарын дансанд 15,600,000 төгрөгийг шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээ гээд тухайн өдрийн маргааш нь миний Хаан банкны данс руу орж ирсэн. Би Хаан банкны данснаас 15,600,000 төгрөгийг дүү Э-ын Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-29-р хуудас),
2.1.7. Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б.Д тай 2011 оноос 2020 он хүртэл Эрүүл мэндийн хөгжпийн төвд хамт ажиллаж байсан. Б.Д тооцоо, судалгаа хариуцсан мэргэжилтэн, би программ хангамжийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан... Б.Д ****** эмнэлэгт даргаар ирсэн талаар надад хэлж байсан. Манай эгч Ж.С-ын “****” ХХК-ийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй болохыг Б.Д мэддэг байсан учраас тус компанийн дансаар мөнгө оруулаад гаргаад авчихмаар байгаа талаар 2024 оны 11 сард надад хэлсэн. Би эгч Ж.С-аас хуучин хамт ажилладаг байсан Б.Д “****** ” ХХК-ийн дансаар мөнгө оруулаад гаргая гэнээ болох уу гэж асуухад, татварын 20 хувийг аваад гаргаж өгч болно гэж хэлсэн. Би Д т 20 хувь нь татварт суутгагдаад авч болохын байна гэдгийг хэлсэн. 2024 оны 11 сарын 28-ны өдөр Д “****** ” ХХК-ны данс руу 19,500,000 шилжүүлсэн яаралтай авчмаар байна гэж хэлсэн. Тухайн үед эгч Ж.С Япон улсад явж байсан болохоор миний Хаан банкны ************ тоот данс руу 15,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг 2024 оны 11 сарын 29-ний өдөр Хаан банкны ************ дугаарын данс руу гүйлгээний утга (tonog tuhuurumj niit une) гэж бичээд шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 31-32-р хуудас),
2.1.8. Гэрч П-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Д над руу залгаад би өөрийн машинаа зарсан мөнгийг нь шилжүүлж авах гэсэн юм. Чиний дансаар шилжүүлээд авчих боломж байна уу гэж асуусан. Яагаад миний дансаар мөнгө авах гэж байгаа шалтгааныг эхнэр М-тай маргалдсан гэж тайлбарлаж байсан. Тухайн үед зөвшөөрөөд өөрийн Хаан банкны ************ тоот дансыг өгсөн. Миний Хаан банкны ************ дансанд 15,600,000 төгрөгийг шилжиж орж ирсэн. Би Д ын шилжүүл гэсэн данснууд руу нь тухайн мөнгийг шилжүүлж өгсөн. Үүнд Хаан банкны *********** дугаартай данс руу 850,000 төгрөгийг “shiljuuleg” гэсэн гүйлгээний утгатайгаар, Хаан банкны ********** дугаартай данс руу 8,000,000 төгрөгийг “shiljuuleg” гэсэн гүйлгээний утгатайгаар, Голомт банкны *********** дугаартай данс руу 4,500,000 төгрөгийг “****” гэсэн гүйлгээний утгатайгаар, Хаан банкны ********** дугаартай данс руу 2,200,000 төгрөгийг “********” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлэн өгсөн. Би Д ын мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “shiljuuleg” гэж бичээд шилжүүлсэн харин миний өөрийн зарлага өөр гүйлгээний утгатайгаар шилжүүлэг хийгдсэн байгаа... Тухайн үед хэн рүү шилжүүлэх талаар асуухад эхнэр Т, М нарын нэрийг хэлж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39, 23-р хуудас)
2.1.9. Гэрч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 сарын 27-ны өдөр Б.Д надаас 4,500,000 төгрөг бэлнээр зээлчих манай найзад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө Д манай гэрийн гадаа ирээд 4.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр аваад явсан. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа буюу 2024 оны 11 сарын 29-ний өдөр Д залгаад зээлсэн 4,500,000 төгрөгийг хийсэн гэж хэлсэн тэгэхээр нь Голомт банкны ************ дугаартай дансыг шалгаж үзэхэд 4,500,000 төгрөгийг “shiljuuleg” гэсэн гүйлгээний утгатайгаар орсон байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41-р хуудас),
2.1.10. ********** Улаанбаатар ******* даргын 2024 оны 10 сарын 02-ны өдрийн Б/3 1557 дугаар тушаал: “... Б.Д ыг 2024 оны 10 сарын 07-ны өдрөөс Төв эмнэлгийн даргын үүрэгт ажлыг хавсран ажиллуулах тухай” Төв эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 39/267 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Д ыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 46-62-р хуудас),
2.1.11. Улаанбаатар ******* 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 18/238 дугаартай ХНН УБТЗ-ын 2024 оны эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг ирүүлсэн албан бичиг, хавсралт (1-р хавтаст хэргийн 75-81-р хуудас),
2.1.12. Худалдаа хөгжпийн банкны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6/7927 дугаартай “...******** тоот дансыг “****** ” ХХК эзэмшдэг бөгөөд данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна...” гэх албан бичиг, хавсралтаар дансны хуулга (1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас),
2.1.13. “****** ” ХХК-ний Худалдаа хөгжпийн банкны *********** дугаартай харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2024.11.28 УБТЗ Төв эмнэлгийн ******* дугааргай данснаас 8,100,000 төгрөг “Дуслын автомат шавхуурга, 3 ш үнэ төлсөн” гэх утгаар, 11,400,000 төгрөг “тариурын автомат шавхуурга, Зш үнэ төлсөн” гэх утгаар орлого орж, мөн өдрөө Ж.С-ын ********* дугаарын данс руу 15,600,000 төгрөгийг “ЕБ kassand 050000” гэх утгаар зарлага гарсан байна” гэснээр (1-р хавтаст хэргийн 85-86-р хуудас),
2.1.14. Ж.Э-ын Хаан банкны ************ дугаартай харилцах дансны хуулганд үзлэг хийсэн: “...2024.11.29-ний өдөр Ж.Э-ын ********** дугаарын данснаас 15,600,000 төгрөгийг “buramaas” гэх утгаар орлого хийж, мөн өдрөө П-О-ын ************ дугаарын дансанд 15,600,000 төгрөгийг “Tonog tuhuurumj niit une” гэх утгаар зарлага гарсан байна” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 91-92-р хуудас),
2.1.15. П-О-ын Хаан банкны ************ дугаартай харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “...2024.11,29-ний өдөр Ж.Э-ын ************ дугаартай данснаас 15,600,000 төгрөг “Tonog tuhuurumj niit une” гэх гүйлгээний утгатай орлого орж, мөн өдрөө Д.М-гийн ************ дугаартай данс руу 850,000 төгрөг “shiljuuleg” гэх утгаар зарлага, мөн өдрөө Р.М-ын ************1 дугаартай данс руу 8,000,000 төгрөг “shiljuuleg” гэх гүйлгээний утгаар зарлага, мөн өдрөө Л.Э-гийн ************ дугаартай данс руу 4,500,000 төгрөг “shiljuuleg” гэх гүйлгээний утгаар зарлага, мөн өдрөө Н.О-ын ************ дугаартай данс руу 2,200,000 төгрөг “shiljuuleg" гэх гүйлгээний утгаар тус тус зарлага гарсан байна..” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 95-96-р хуудас),
2.1.16. 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б-218 дугаартай ****** эмнэлгийн даргын “... Б.М ийг 2021 оны 11 сарын 16-ны өдрөөс Аж ахуй хариуцсан менежрерээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай ...” тушаал, албан тушаалын тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 62-74-р хуудас),
2.1.17. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын: “...****** эмнэлгийн ямар ч алба хаагч байсан ямар нэгэн хүлээлцэх акт, шаардах хуудасгүйгээр эмнэлэгт бүртгэлтэй эд хөрөнгийг дотроо шилжүүлэх эсхүл байгууллагаас гаргах эрх байхгүй.... Хохирол болох байгууллагаас гарсан 19,500,000 төгрөгийн зардлыг Д бүрэн төлсөн. Тэгэхдээ Д ын дээрх хууль бус үйлдэлд манай байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 201-202-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар,
2.2. Б.Д нь “****** ” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн авсан мэт харагдуулахын тулд санхүүгийн баримт болох 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Худалдах худалдан авах” гэрээг 2025 оны 1 дүгээр сард хуурамчаар үйлдэж, гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж ****** эмнэлэгт санхүүгийн баримт болгон ашигласан болох нь:
2.2.1. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “... 2025 оны 03 сард Э над руу залгаад ******* төв эмнэлгийн Б.Д ын 19,500,000 төгрөгтэй холбоотой гэрээ байгуулах шаардлагатай байна гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи байгууллагын тамга авч яваад гэрээ хийчих гэж хэлсэн гэрээ хийсэн байх би мэдэхгүй байна... Би дээрх 2024 оны 11 сарын 25-ны өдрийн гэрээг байгуулаагүй харин 2025 оны 03 сард Б.Д нөхөн байгуулах хэрэгтэй байна гэсний дагуу дүү Э-т компанийн тамгыг өгч гэрээг байгуулсан. Миний өмнөөс Э гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан байх. “****** ” ХХК-иас Б.Д дээрх төхөөрөмжүүдийг худалдан аваагүй. Би анх удаа дусал халаагч, дуслын шахуурга, тариурын шахуурга гэдэг зүйлийг сонсож байна. Манай компани ийм төхөөрөмж оруулж ирж байгаагүй, дүү Э мөнгө оруулаад гаргая гэдэг зүйлийг ярьж байснаас төхөөрөмж компанийн нэр дээрээс гаргах талаар хэлээгүй гэж санаж байна.... Манай “****** ” ХХК-д Ц.Б гэх ажилтан байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-29-р хуудас),
2.2.2. ****** эмнэлгийн 2025 оны 5 дугаар сарын 12- ны өдрийн 39/250 дугаартай “...Тус эмнэлгийн “****** ” ХХК-тай тариурын автомат шахуурга худалдан авах гэрээг тухайн үед даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д тай 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээ нь албан бичиг хэргийн бүртгэлээр бүртгэгдэж ирээгүй болно. Уг гэрээний хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна...” гэсэн албан бичиг, худалдах худалдан авах гэрээ (1-р хавтаст хэргийн 165-170-р хуудас),
2.2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 9/7569 дугаартай албан бичгээр ирүүлсэн “****** ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 172-200-р хуудас),
2.2.4. Гэрч Б.С-аас гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэнтэй холбоотой баримтууд болон урьд нь памп худалдан авсан баримтууд (1-р хавтаст хэргийн 213-228-р хуудас),
2.2.5. Гэрч Л.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...****** эмнэлгийн эдийн засагч байгууллагын төлөвлөлт, эдийн засгийг хариуцдаг. Мөн эмнэлэгт байгуулагдаж буй гэрээг бүртгэлжүүлэх үүрэгтэй... Манай эмнэлэгт худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа эдийн засагч гэрээний төслийг боловсруулж ******* удирдах газрын хуулийн албаар хянуулдаг. Мөн Хуулийн албаар хянуулсны дараа гэрээний төслийг Санхүүгийн албаар хянуулж, түүний төлөвлөлт эдийн засгийн албаар хянуулж гэрээний төсөл хүчин төгөлдөр болдог. Түүний дараа эмнэлэг харилцагч компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулж баталгаажуулсны дараа хуулийн албанаас гэрээний дугаар олгож архивд хадгалдаг. Гэрээний эх хувь хуулийн албанд хадгалагдаж, эмнэлэгт хуулбарыг ирүүлдэг юм. 2025 оны 01 сарын сүүлээр тухайн үеийн эмнэлгийн орлогч дарга Б.Д 2024 оны 11 сарын 25-ны өдрийн огноотой “****** ” ХХК-тай 19,500,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах тухай гэрээг надад өгсөн. Тэгэхээр нь би Б.Д даргад урьд оны гэрээг хуулийн албаар хянуулж дугаар авах боломжгүй, тухайн үед нь яагаад хянуулаагүй юм бэ гэхэд, Б.Д эдийн засагч байхгүй байсан мөн яаралтай худалдан авалт хийх шаардлагатай байсан гэдэг тайлбар хэлж байсан. Тэгэхээр 2024 оны 11 сарын 25-ны өдрийн огноотой “****** ” ХХК-тай 19,500,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах тухай гэрээ нь журмын дагуу хянаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ.... Улаанбаатар ******* удирдах газрын даргын гэрээ байгуулах журамд холбогдох байгууллагаар хянуулна гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх гэрээг хянуулсан бол хуулийн албаны хариуцсан мэргэжилтэн гэрээний хуудсанд хянасан талаар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 21-р хуудас),
2.2.6. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сараас “**********” ХХК-ийн инженерээр одоог хүртэл ажиллаж байна ...Би 2014-2020 онд Эрүүл мэндийн төвд ажиллаж байхад Д мэргэжилтэн байсан хамт 6 жил ажилласан бөгөөд ажил хэргийн шугамаар танина. Харин М гэдэг хүнийг танихгүй бөгөөд 2024 оны 11 сард Б.Д над руу залгаад би ******* төв эмнэлэгт ажиллаж байгаа. Манай эмнэлэгт инженерийн тусламж хэрэгтэй байна, ирээд уулзах боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би цайны цагаараа ******* төв эмнэлэг дээр очиж Б.Д тай уулзахад, манай эмнэлэг “****** ” ХХК-аас 1 ширхэг дуслын автомат шахуурга, 3 ширхэг тариурын автомат шахуурга худалдан авсан юм. Тэгсэн Хүүхдийн тасгийн сувилагч нар автомат шахуургыг ашиглаж чадахгүй байна, “****** ” ХХК-ийн инженерээс тохиргоо хийлгэмээр байна гэхээр чамайг дуудчихлаа гэж хэлсэн. Учир нь “****** ” ХХК нь инженергүй учраас чи тохируулга хийгээд өгчих, Хүүхдийн тасгийн ажилтнуудад “****** ” ХХК-ийн гэрээт инженер гэж хэлээрэй гэсэн. Би эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудыг мэддэг учраас “****** ” ХХК гэж сонсож байгаагүй юм байна, шинэ компани юм уу гэж асуухад тоног төхөөрөмж нийлүүлж байгаагүй одооноос нийлүүлж эхэлж байгаа юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд би тохиргоо хийлгэх автомат шахуургыг харья хаанаас нийлүүлсэн төхөөрөмж юм бол гэж хэлэхэд, М гэх хүнийг дуудаад хүүхдийн тасаг дээр ашиглаж чадахгүй байгаа автомат шахуургыг харуулчих гэж хэлсэн. Тухайн үед анх М гэх хүнийг харж байсан, тэгээд би М гэх хүний хамт хүүхдийн тасагт нь очиж, автомат шахуургын загварыг харахад “*******” гэх компанийн 3 ширхэг тариурын шахуурга байсан. Би шууд тохиргоо хийж чадахааргүй байсан тул автомат шахуургын зургийг дарж аваад дараа ирж тохиргоо хийхээр болсон. Дараа ирэхдээ М тэй уулзаж тохиргоо хийхээр болоод гар утасны дугаар солилцож авсан. Түүнээс 2 хоногийн дараа автомат шахуургын тохиргоог хэрхэн хийх талаар судалж мэдээд ******* эмнэлэг дээр ирж М гэх хүнтэй холбогдож, хүүхдийн тасаг дээр нь очиж сувилагчийн өрөөнд тариурын 3 ширхэг автомат шахуурга дээр тохируулга хийсэн. Тухайн үед М манай эмнэлэг “****** ” ХХК-аас 3 ширхэг тариурын автомат шахуурга худалдан авсан. Мөн намайг эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ажилладаг юм чинь өөр эмнэлгүүд автомат шахуурга авахаар бол “****** ” ХХК-д бэлэн зарахаар байгаа гэсэн шүү гэж хэлж байсан. Би автомат шахуургын тохиргоог хийж өгөөд Б.Д ын дугаарт залгаж яриад гурван ширхэг тариурын автомат шахуургын тохиргоог хийгээд сувилагчид нь хүлээлгэн өгсөн талаар хэлсэн. Б.Д баярлалаа тоног төхөөрөмж нийлүүлсэн “****** ” ХХК-д тохиргоо хийсэн цалин өгөхөөр бол хэлье гэхээр нь хэрэггүй нээх ажил болоогүй болохоор зүгээр гэж хэлсэн. Түүнээс хойш Д тай холбоо бариагүй надад тохиргоо хийсэн цалин, хөлс гэж өгөөгүй.... Би “****** ” ХХК-д ажиллаж байгаагүй энэ компанийн талаар мэдэхгүй. Мөн Ж.С, Ж.Э нарыг танихгүй... Би ******* төв эмнэлэгт “****** ” ХХК-ийг төлөөлж ямар нэгэн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаагүй Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт хэсэгт байх гарын үсэг миний гарын үсэг биш байна... Би дээрх тоног төхөөрөмжийн талаар мэдэхгүй ******* төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 10-11-р хуудас),
2.2.7. Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 сарын сүүл хэсэг билүү 12 сарын эхэн үер гэж санаж байна. Тухайн үед орой 18 цаг болох гэж байсан, яагаад сайн санаж байна гэвэл цагийн тариа эхлэх гэж байсан. Тухайн үед хамт гарч байсан Н сувилагч хүлээн авах дээр аж ахуйн менежер М ирсэн байна очоод уулзаадах гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээн авах дээр очиход М менежер хүлээн авах хаалгаар ороод эрчимт эмчилгээний тасгийн үүдний цонхны доор нэг ширхэг том цаасан хайрцагтай эд зүйл тавьсан зогсож байсан. Би Б.М менежер дээр очоод мэндлэхэд, танай тасаг шинээр памп ирсэн хүлээж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хайрцагтай зүйлийг нээж үзэхэд 6 ширхэг тус тусдаа хайрцагтай пампнууд байсан. Би хүлээж авч байгаа учраас дээрх 6 ширхэг пампуудыг хайрцгаас нь гаргаж үзэхэд хамгаалалтын хуулгатай шинээрээ байсан. Тухайн тоног төхөөрөмжүүдээс 3 ширхэг тарианы памп, 2 ширхэг дуслын памп, 1 ширхэг өөр нэршлийг мэдэхгүй эмнэлгийн тоног төхөөрөмж байсан. Миний мэдэхгүй шинээр ирсэн тоног төхөөрөмжийг Б.М менежерээс юу болохыг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Аж ахуйн менежер Б.М надаар хүлээн авсан гарын үсэг зур гээд А-4 хэмжээтэй цаасан дээр гарын үсэг зуруулсан, тухайн гарын үсэг зуруулсан цаасан дээр надаас өөр хүн гарын үсэг зураагүй байсан... Би Хүүхдийн тасгийн хүлээн авах дээр ирэхэд Б.М менежер ганцаараа байсан өөр хэн нэгэн хүн хамт байгаагүй... гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 13-р хуудас),
2.2.8. ****** эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39/681 дугаартай “...тус эмнэлгийн удирдлагын зөвлөлийн багын хурлын тэмдэглэлд 2024 онд автомат шахуурга худалдаж авах талаар хурлын тэмдэглэл байхгүй байна...” гэсэн албан бичиг (3-р хавтаст хэргийн 205-р хуудас),
2.2.9. 2024 оны 11 сарын 25-ны өдрийн дугаар байхгүй “Худалдах, худалдан авах” хуурамч гэрээ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.
3. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
3.2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан заасан.
3.3. Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Д нь тухайн үед ****** эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан болох нь ****** эмнэлгийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 39/267 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Д ыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 46-62-р хуудас)-оор тогтоогдож байх ба Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм.
3.4. Б.Д нь нийтийн албан тушаалтнаар буюу ****** эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус эмнэлгийн аж ахуй хариуцсан менежер Б.М тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, эмнэлгийн хөрөнгөд бүртгэлтэй байсан 6 ширхэг тариурын болон дуслын автомат шахуургыг “****** ” ХХК-иас 19,500,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, 19,500,000 төгрөгийг шилжүүлж, дээрх мөнгөнөөс 15,600,000 төгрөгийг өөрийн найз Ж.Э-ын Хаан банкны ************ дугаартай, П-О-ын Хаан банкны ************ дугаартай данснуудаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар буцаан авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, ажилд томилсон тушаал зэргээр нотлогдсон тул Б.Д ын үйлдэл эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заасан.
Б.М нь ****** эмнэлгийн аж ахуй хариуцсан менежерээр ажиллаж байхдаа тус эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Д тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, эмнэлгийн хөрөнгөд бүртгэлтэй байсан 6 ширхэг тариурын болон дуслын автомат шахуургыг “****** ” ХХК-иас 19,500,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримтуудыг бүрдүүлэн, дээрх тоног төхөөрөмжүүдийг агуулахаас хүүхдийн тасагт хүлээлгэн өгч, эмнэлгийн ************ дугаартай данснаас тоног төхөөрөмжийн төлбөрт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “****** ” ХХК-ийн Худалдаа хөгжпийн банканд 19,500,000 төгрөгийг шилжүүлэн, улмаар уг мөнгөнөөс Б.Д нь 15,600,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар буцаан авч, Б.Д т эдийн давуу байдал бий болгоход хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн гэмт хэргийн хамжигчийн шинжийг хангаж байна.
4. Шүүгдэгч Б.Д нь төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн тухайд.
4.1. Дээрх гэмт хэрэг нь үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасныг Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.2. Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, “****** ” ХХК-иас бараа бүтээгдэхүүн авсан мэт харагдуулахын тулд санхүүгийн баримт болох “Худалдах худалдан авах” гэрээг 2025 оны 01 дүгээр сард хуурамчаар үйлдэж, гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж ****** эмнэлэгт санхүүгийн баримт болгон ашиглаж, 19,500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Шүүгдэгч Б.Д бодит байдал дээр уг гэрээгээр бараа үйлчилгээ аваагүй, байгууллагын өмчлөлд байгаа барааг авсан мэтээр харагдуулж байгаа үйлдэл нь уг баримтын хуурамчаар үйлдсэн, баримт бичиг хуурамч болохыг мэдэж байгаа гэх хангалттай үндэслэл болох бөгөөд уг баримтыг өөрийн ашиг сонирхлын үүднээс санхүүгийн баримт болгон өгсөн нь энэ гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан.
Иймд шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5.1. Гэмт хэргийн улмаас ****** эмнэлэгт 19,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын “...Хохирол болох байгууллагаас гарсан 19,500,000 төгрөгийг Б.Д бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг (3-хх-201-202х)-ээр нотлогдон тогтоогдсон.
5.2. Иймд шүүгдэгч Б.Д , Б.М нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6.Эрүүгийн хариуцлагын талаар.
6.1. Талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
6.1.1. Улсын яллагчаас “...Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах, шүүгдэгч М эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-д зааснаар шүүгдэгч Д т оногдуулсан 6,000,000 төгрөгөөр торгох ял болон 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д , М нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин сууж байгаа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 сиди байна...” гэв.
6.1.2. Шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгчөөс “..Миний үйлчлүүлэгч тухайн 19,500,000 төгрөгөөс авсан зүйл байхгүй. Шүүгдэгч Д хохирол төлбөрийг бүрэн төлсөн байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан. Сарын 2,057,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Ам бүл 3. 84 настай ээж болон хүүхдийн хамт амьдардаг. Ийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. Хязгаарлалтыг Баянгол болон Сонгинохайрхан дүүргээр хязгаарлалт тогтоож өгнө үү. Сонгинохайрхан дүүрэгт 84 настай ээж нь амьдардаг. Ээжийгээ асардаг хүн байна. Нийтийн албанд томилогдох эрх хасах ялын тухайд улсын яллагчтай санал нэг байна. Энэ талаар тусгайлан гаргах саналгүй...” гэв.
6.1.3. Шүүгдэгч Б.Д аас “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар гэдгийг бодолцож үзнэ үү. Би эмнэлгийн даргаар бүх ажлыг хариуцахаар очоогүй. Би түр орлон хийж байсан. Би 4 хүүхэдтэй. Манай хүүхдийн эмнэлэг хамгийн цаад тал нь *** байдаг. *** хааяадаа аваачиж өгдөг. Хоёр аав, ээж маань Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, бие нь муу байгаа. Энэ хэргийн талаар ар гэрийнхэндээ хэлээгүй өнөөдрийг хүртэл ганцаараа явж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилээр хязгаарлаж өгнө үү. Том хүүхэд маань *** тэнд байдаг Улаанбаатар Эмпати сургуульд сурдаг. Хоёр дахь хүүхэд маань ***р сургуульд сурдаг. Гурав дахь хүүхэд маань ** сургуульд сурдаг. Бага охин маань цэцэрлэгт явдаг. Би Улаанбаатар хотын хэмжээнд нэлээн олон газраар явдаг. Миний дөрвөн хүүхдийн сургалтын төлбөр жилдээ 20 гаран сая төгрөг болдог. Эхнэр ганцаараа ажил хийдэг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү. Эмнэлгийн дарга хийж байхдаа алдаа гаргасан тул дарга хийх эрхийг маань хасаж өгнө үү. Би эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэй. Онлайнаар ажиллаж сард 500,000 төгрөг авч амь зууж ирсэн...” гэв.
6.2. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
6.2.1.Шүүгдэгч Б.Д , Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөрийг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд нэг удаагийн үйлдэлтэй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэрэгт тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын чиглэлийг түүний оршин суух гэр буюу Баянгол дүүргийн 1-р хороо, 7а барны 31 тоот, Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах Эрүүл мэндийн төв болон түүний эх Гэндэнжамцын Индрагийн гэр байрлах Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-р байрны 161 тоотын хооронд зорчихоор,
Шүүгдэгч Б.Д т оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын чиглэлийг түүний гэр буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 70а байрны 28 тоот, түүний зарим хүүхдүүдийн сургууль буюу Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хооронд зорчихоор тогтоож шийдвэрлэлээ.
6.2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ял, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Б.Д , Б.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Д оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тогтоолд тусгаж өгөхөөр шийдвэрлэлээ.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Д , Б.М нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдсан дансны хуулга болон хурлын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Б-ын Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан”,
Мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
У овогт Б-ийн М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр буюу ******, шаардлагатай үед эмнэлэг хооронд зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр буюу *** тоотын хооронд зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д т оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох, 01 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д , Б.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д т оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Д т мэдэгдэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д , Б.М нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тус тус тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Д , Б.М нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдсан дансны хуулга болон хурлын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ