Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/03467

 

 

 

 

 

                           

 

 

                                      

           2023      10         31 

                           181/ШШ2023/03467

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б овогт Дийн Т /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... давхарт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг, Бийн Б /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг нар оролцов.

/хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Г.Мөнхсайханы эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Иргэн Д.Т би иргэн Д.Байгалмаа, Л.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэг маргаан дээр хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлүүлэхээр МХХ-ны гишүүн, өмгөөлөгч Б.Бтай 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулсан байдаг юм.

Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д өмгөөллийн үйлчилгээний нийт хөлсийг 15,000,000 /арван таван сая/ төгрөг байхаар тохиролцож, үүнээс гэрээ байгуулсанаар урьдчилгаа 8,000,000 төгрөгийг Б.Б өмгөөлөгчид төлөх, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, бүх ажил дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Мөн би Д.Байгалмаа нарын нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэг дээр хариуцагч Б.Быг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралд оролцуулахаар тохиролцсон болно. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т би хариуцагч Б.Бд өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөрт нийт 8,000,000 төгрөгийг 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлж өгсөн болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт өмгөөлөгчийн хүлээх үүргийн талаар заасан бөгөөд 2.2.1-д “Гэрээнд заасан асуудлаар үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, уг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн бүх төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд болон бусад ажиллагаануудад үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаална.”, 2.2.5-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид ИХШХШТХ-д заагдсан хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина.”, 2.2.6-д “Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглаж, тууштай хамгаална.” гэж заасан.

Гэтэл өмгөөлөгч Б.Б нь надтай байгуулсан “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, чанартай, мэргэжлийн түвшинд гүйцэтгээгүй, биелүүлээгүй бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлд дурдагдсан дээрх иргэний хэргийн шүүх хуралдаан зарлагдахад тус шүүх хурлыг хүсэлтээр хойшлуулж, дараа нь өөрөө гадаад улс руу явсан байсан. Үүний дараагаар хариуцагч Б.Быг гадаад улсаас Монгол улсад ирээд 2 хоносны дараагаар дээрх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин зарлагдсан байдаг юм. Гэтэл уг шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Б нь хэргийнхээ талаар мэтгэлцэх хэмжээний бүрэн ойлголтгүй, хэргийн материалаа бүрэн гүйцэт уншиж, танилцаагүй байгаа нь илт мэдэгдэж байсан бөгөөд шүүх хурал дээр намайг өмгөөлж хоёрхон өгүүлбэр хэлснээс өөрөөр ямар нэгэн хууль, зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ надад огт үзүүлээгүй, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж оролцоогүй болно.

Би уг шүүх хурлын дараа хариуцагч Б.Бд хандаж гэрээний үүргээ мэргэжлийн өмгөөлөгчийн түвшинд зохих ёсоор, чанартай гүйцэтгэж, хариуцлагатай хандаж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж чадахгүй бол би өмгөөлүүлэхээсээ татгалзаж байгаагаа түүнд албан ёсоор хэлж, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөрт өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авах талаар хэлэхэд Б.Б нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөллийн хөлсөнд авсан 8,000,000 төгрөгөө танд буцааж өгье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Тунгалагтмир надад буцааж өгөөгүй байгаа бөгөөд би мөнгөө буцааж авах талаар удаа дараа шаардаж, утсаар ярьж байсан болно. Хариуцагч Б.Б нь нэг удаа утсаар ярихдаа 4,000,000 төгрөгийг 15 хоногийн дотор, үлдэгдэл 4,000,00 төгрөгийг нь эхний 4,000,000 төгрөгөө шилжүүлснээс хойш 15 хоногийн дотор буцааж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл 8,000,000 төгрөгөө буцааж өгөхгүй, гар утсаа ч авахгүй өнөөдрийг хүрч намайг хохироож байгаад гомдолтой байна.

Талуудын хоорондох гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д Үйлчлүүлэгч нь “Өмгөөлөгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг болон даалгасан ажлыг цаг алдалгүй гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, 3.1.2-д “Шийдвэрлүүлж байгаа асуудлынхаа талаар асууж танилцах, зохих шаардлага тавина”, Мөн гэрээний 5.1-д “Талууд бие биенийхээ эрх ашгийг зөрчсөн буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, учруулсан хохирлыг арилгана.” гэж заасан.

Иймд би 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу хариуцагчид өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авахаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч болох МХХ-ны гишүүн, өмгөөлөгч Б.Баас өмгөөллийн хөлсөнд өгсөн 8,000,000 төгрөгийг гаргуулж, өгөхийг хүсье.

1.2. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.Т нь анх шүүхэд “хариуцагч Б.Баас өмгөөллийн хөлсөнд өгсөн 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа нэмэгдүүлж, “Талуудын хооронд байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээг шүүхийн журмаар цуцлуулах тухай гэж нэмэгдүүлж байна

Д.Т нь Д.Байгалмаа нарын нэхэмжлэлтэй Д.Тт холбогдох иргэний хэрэг дээр хариуцагч Б.Баас хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авах, өөрийгөө өмгөөлүүлж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралд оролцуулахаар тохиролцож “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээг байгуулсан болно.

Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д Үйлчлүүлэгч нь “Өмгөөлөгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг болон даалгасан ажлыг цаг алдалгүй гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, 3.1.2-д “Шийдвэрлүүлж байгаа асуудлынхаа талаар асууж танилцах, зохих шаардлага тавина.’’, Мөн гэрээний 5.1-д “Талууд бие биенийхээ эрх ашгийг зөрчсөн буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, учруулсан хохирлыг арилгана.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Б нь гэрээний үүргээ зохих ёсоор, чанартай, бүрэн биелүүлээгүй тул нэхэмжпэгч Д.Т нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, уг гэрээний дагуу хариуцагчид өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авах эрхтэй гэж үзэж байна

Иймд талуудын байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээг шүүхийн журмаар цуцалж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Т нь Л.Энхтүвшин, Л.Байгальмаа нарын нэхэмжлэлтэй, Д.Тт холбогдох иргэний хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахаар хариуцагч Б.Бтай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.

Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үед Л.Энхтүвшин, Л.Байгальмаа нарын нэхэмжлэлтэй, Д.Тт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тус хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Тын өмгөөлөгчөөр оролцсон байдаг.

Мөн тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нь шүүхэд худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн тухай Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулж байсан болно. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан уг гомдлыг Б.Б нь боловсруулж, Д.Т нь гомдолд гарын үсгээ зурж байсан.

Өмгөөлөгчийн хувьд Өмгөөллийн тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд амлалт өгөхийг хориглодог бөгөөд Б.Б нь нэхэмжлэгчид өмгөөллийн үр дүнгийн талаар ямар нэгэн амлалт өгөөгүй болно.

Нэхэмжлэгч Д.Т нь 2019 оны 03 дугаар сард Б.Б өмгөөлөгчөөс татгалзсан учир үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу Б.Б нь түүнд цаашид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019 оны 3 дугаар сард үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцлагдсан.

2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж;

Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-т “өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах, гаргасан зардлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж;

Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж;

Өмгөөллийн тухай хууль 23 дугаар зүйлийн 23.1-д “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж;

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Өмгөөллийн хөлсийг тогтооход өмгөөлөгчөөс үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацаа, өмгөөлөгчийн мэргэшсэн байдал, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Б нь гэрээний дагуу нэхэмжлэгчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн, гэрээг үйлчлүүлэгч буюу Д.Тын санаачилгаар цуцалсан бөгөөд шүүх гэрээний талуудын чөлөөт байдалд хөндлөнгөөс халдаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүх дахин цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хэрэгт дараах бичгийн баримтууд цугларсан: Үүнд:

3.1.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид /143,000+70,200/ нийт 213,200 төгрөг төлсөн баримт, Д.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.02.11-ний өдрийн Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт, С.Дэнсмаад олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

3.2.Хариуцагчаас нотлох баримтаар: Д.Анужинд олгосон итгэмжлэл, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2023.05.03-ны өдрийн 23/43 тоот албан бичиг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн зөвлөлийн 2023.05.01-ний өдрийн 292/009/2023 тоот тогтоол, Б.Бын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Сангийн яамны 2023.03.22-ны өдрийн 06/1610 тоот албан бичиг, Монголын хуульчдын холбооны 2023.10.17-ны өдрийн 2/914 тоот албан бичиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2023.10.17-ны өдрийн 01/1262 тоот албан бичиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023.10.17-ны өдрийн 403 тоот албан бичиг, Өмгөөллийн барристер кастос ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын хуульчдын холбооны бүртгэлийн 52 дугаартай гэрчилгээний хуулбар, Монголын өмгөөлөгчдийн холбооны 0126 дугаартай өмгөөллийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Хил хамгаалах ерөнхий газрын 2021.05.25-ны өдрийн 2-4в/2452 тоот албан бичиг, Мобиком корпораци ХХК-ийн 2021.08.25-ны өдрийн 4/4131 тоот, 2021.12.06-ны өдрийн 4/6596 тоот, 2022.03.28-ны өдрийн 4/3009 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 600 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.11-ний өдрийн 448 дугаартай тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.11-ний өдрийн 448 дугаартай магадлал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.05.05-ны өдрийн 28иа2/3367 тоот албан бичиг, шинжээч Ж.Уртнасанг асуусан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын архивын газарт хадгалагдаж байгаа гомдлын 7753 дугаартай материалаас Д.Тт холбогдох баримтууд, Д.Тын гомдолтой хэрэг бүртгэлтийн 190902448 дугаартай хэргийн холбогдох баримтууд тус тус авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.         

            2.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Бд холбогдуулан анх өмгөөллийн хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн ба, энэхүү шаардлагыг нь нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж, шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцэх тул шүүх ихэсгэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хууль зүйн дүгнэлтийг хийнэ.

3.Хариуцагч түүний төлөөлөгчийн зүгээс татгалзлын үндэслэлээ ...Д.Ттай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар мэдэгдсэний улмаас цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсонд өөрийг буруугүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.А тал B & C lawyers ХХН, түүнийг төлөөлж Монголын хуульчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Б /0922 шүүхэд төлөөлөх эрх бүхий өмгөөлөгч /цаашид өмгөөлөх гэх/, Б тал Д.Т нар 2019.02.11-ний өдөр Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, тус гэрээгээр Л.Энхтүвшин, Д.Байгалмаа нарын нэхэмжлэлтэй Д.Тт холбогдох иргэний хэрэгт үйлчлүүлэгчийн тавьж буй хүсэлтийг хууль зүйн үүднээс хангах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Тус хэрэгт хамааралтай гэрчүүд дээр цагдаад гомдол гаргах шалгуулна. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хуульд заасан нөхцөл, журмыг үндэслэн бодитойгоор болон зохих ёсоор биелүүлэх, тууштай үнэнч ажиллах зэрэг зарчмуудыг удирдлага болгон ажиллана гэж, Хоёрт Өмгөөлөгчийн эрх, үүргийг, Гуравт Үйлчлүүлэгчийн эрх, үүргийг, Дөрөвт Төлбөр тооцоог, Тавд бусад зүйлийг тусгаж харилцан тохиролцжээ./хх-57/

4.2.Энэхүү гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний зохицуулалтад нийцсэн. Гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.3.Өмгөөлөгч Б.Б нь хуульчдын нэгдсэн бүртгэлд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1548 дугаарт бүртгэгдсэн, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч мөн болох нь Монголын хуульчдын холбооны 2023.10.17-ны өдрийн 2/914 тоот, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлийн 0922 дугаарт бүртгэлтэй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэж байгаа болох нь тус холбооны 2023.10.17-ны өдрийн 01/1262 тоот тодорхойлолтоор  тогтоогдож байх бөгөөд гэрээний дагуу Л.Энхтүвшин, Д.Байгалмаа нарын нэхэмжлэлтэй Д.Тт холбогдох иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа, үйлчилгээг үзүүлсэн, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, эрх зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлсэн талаар зохигч маргаагүй. /хх-116-132/

4.4.Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2-д шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж заасны дагуу болон гэрээний 4.1-д Өмгөөлөгчийн ажлын нийт хөлсийг 15,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцов. 4.1.1-д Гэрээг байгуулсанаар 8,000,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 7,000,000 төлбөрийг бүх ажил дууссаны дараа төлнө. 5027365921 Хаан банк Б.Б гэж зааснаар Д.Т нь хөлсийг төлөх үүрэг хүлээсэн.

4.5.Гэрээний 4.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Бд 2019.02.12-ны өдөр түүний Хаан банкны 5027365921 тоот дансанд 2,000,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөгийг, 2019.02.14-ний өдөр мөн дансанд 4,000,000 төгрөгийг, нийтдээ 8,000,000 төгрөгийн хөлс төлсөн үйл баримттай хариуцагч маргаагүй./хх-8-10/

4.6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. байхаар заасан тул зохигч талууд өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан гэж үзэх бөгөөд гэрээний 5.2-д “Гэрээний гүйцэтгэлийн явцад аль нэг тал нь гэрээг цуцлах буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухайгаа нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар болон үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн хөлсийг буцаан олгохгүй. Энэ гэрээнд тохиролцсон гэрээний үнийн нийт дүн нь татварын дараахь дүн болно.” гэж зааж тохиролцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодорхойлон зааж өгсөн.

4.7.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Быг гэрээний үүргээ зохих ёсоор, чанартай, бүрэн биелүүлээгүй тул 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18/21 тоот “Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх” гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, уг гэрээний дагуу хариуцагчид өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авах эрхтэй гэх үндэслэлээр гэрээг цуцлах шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дууссаны дараа буюу 2019 оны 3 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцлах талаар мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан учир шүүхээр гэрээг цуцлуулах үндэслэлгүй, гэрээг нэхэмжлэгч талаас цуцалсанд өөрийгөө буруугүй гэж маргасан.

4.8.Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 600 дугаар дүгнэлтээр ...2019 оны 02-р сарын 11-ний өдөр байгуулсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгч Б.Б нь нийт 2,490,000 төгрөгний ажлын хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байна. гэжээ./хх-76-88/

4.9.Шинжээчийн дүгнэлт гаргасан үнэлгээчин Ж.Уртнасангаас тайлбар авахад: “...хариуцагч Б.Бтай мэргэжил нэг хүмүүсээс ямар хэмжээний цаг, хөлс зарцуулах вэ гэж 6 хүнээс судалгаа авсан, Шүүгчийн захирамжийн дагуу ажлын зах зээлийн үнэлгээг л гаргасан болохоос би шүүгчийн дотоод үйл ажиллагаанд оролцоогүй. Хуульчийн мэргэжлийн ажиллагаа хөрөнгө биш, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.2-т заасан байдлыг үнэлээгүй, Өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадварыг үнэлээгүй, Олон улсын стандартын 220-той уялдсан манай Хөрөнгийн үнэлгээний хууль байгаа түүнтэй уялдуулж үнэлгээ хийсэн. Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт мэргэжлийн зөвлөлийн тогтоолд Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хийсэн ажил нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартаар зохицуулсан үнэлгээний зүйл биш гэсэн нь буруу тайлбарласан, хэтэрхий нэг талыг барьсан юм хийсэн шиг байна. хариуцагч Б.Бтай хуйвалдаж миний төлөө асуудал гаргасан байх гэж үзэж байна. гэжээ./хх-157-162/

4.10.Хариуцагч талаас шүүхэд өгсөн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт Мэргэжлийн зөвлөлийн 292/009/2023 тоот “Өмгөөлөгч Б.Бын гомдлыг шийдвэрлэсэн тухай” тогтоолоор ...тус хөрөнгийн үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасангаас 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тайлбар авч, холбогдох мэдээллийг судалж үзээд ...нотлох баримтыг шинжлэн судлаад хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын 5.1.2, 5.5.2 заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу ажил хийгдсэн эсэхийг тодорхойлох, зарцуулсан цаг хугацааг тодорхойлох, үнэ хөлсний асуудал нь  Хөрөнгийн үнэлгээ тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартаар зохицуулсан хөрөнгийн үнэлгээний зүйл биш, хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох үйл ажиллагаа биш болохыг дурдсугай.

2.Хөрөнгийн үнэлгээ тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад хамаарахгүй зүйлийг үнэлсэн тухай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгон шийдвэрлэсүгэй.

3.Институт Мэргэжлийн зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 256,000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний төв ХХК төлөхийг даалгасугай.

4.Үнэлгээчин Ж.Уртнасанд үнэлгээчний ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг Ёс зүйн зөвлөлд шилжүүлсүгэй.

5.Мэргэжлийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах, шийдьэрийг холбогдох талуудад хүргүүлэхийг мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргад үүрэг болгосугай. Хувийг Сангийн яам, өмгөөлөгч Б.Б, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д гэжээ./хх-149-152/

4.11.Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн; тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар зохицуулсан.

4.12.Мөн хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар Хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр зохицуулсанд нэхэмжлэгч Д.Тын хариуцагч Б.Бд хандаж “Би уг шүүх хурлын дараа хариуцагч Б.Бд хандаж гэрээний үүргээ мэргэжлийн өмгөөлөгчийн түвшинд зохих ёсоор, чанартай гүйцэтгэж, хариуцлагатай хандаж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж чадахгүй бол өмгөөлүүлэхээсээ татгалзаж байгаагаа түүнд албан ёсоор хэлж, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөрт өгсөн 8,000,000 төгрөгөө буцааж авах талаар хэлсэн...” гэж нэхэмжлэлд бичигдсэн нь хуульд заасан хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

4.13.Хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Ийнхүү мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд шүүх дүгнэлтийг өгнө. Иймээс хэргийн оролцогч талуудын хэн алин “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас хойш Д.Т нь Б.Бд гэрээнээс татгалзаж, төлсөн хөлсөө буцаан авах талаар мэдэгдсэн” гэж тайлбарласан тул 2019 оны 3 дугаар сарын сүүлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

4.14.Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай учир зохигч талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болсон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн болно.

4.15.Дээрхээс дүгнэхэд, гэрээг цуцлуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

4.16.Түүнчлэн гэрээний 5.2-т ...Гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар болон үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн хөлсийг буцаан олгохгүй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Т нь “...давахын шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Б нь хэргийнхээ талаар мэтгэлцэх хэмжээний бүрэн ойлголтгүй, хэргийн материалаа бүрэн гүйцэд уншиж, танилцаагүй байгаа нь илт мэдэгдэж байсан бөгөөд шүүх хурал дээр намайг өмгөөлж хоёрхон өгүүлбэр хэлснээс өөрөөр ямар нэгэн хууль, зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ надад огт үзүүлээгүй, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж оролцоогүй” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ нэхэмжлэгчийг хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

4.17.Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ нь үйлчлүүлэгч Д.Тын санаачилгаар цуцлагдсан байх тул өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан олгохгүй гэж зааснаар нэхэмжлэгч уг өмгөөллийн хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,200 төгрөгийг улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд холбогдуулан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, гэрээний үүрэгт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ