| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/00106/И |
| Дугаар | 181/ШШ2023/03574 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2023/03574
| 2023 11 10 | 181/ШШ2023/03574 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...., өөрийн байранд байрлах, В ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин байрладаг “М” ХХК /рд:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,533,474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баасанжав нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч В ХХК, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,533,474 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Хариуцагч Х.Батбаяр захиралтай М ХХК нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Шинэ баянзүрх сэкү дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 08 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд авсан барааны тооцоо нийлэхэд 23,140,574 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнээс хойш 5,607,100 төгрөгийг манайд төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 17,533,474 төгрөгийг төлөөгүй байна. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.
Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ... хөрөнгө, ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 17,533,474 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаярт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
3.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 245,618 төгрөг төлсөн баримт, Т.Мөнх-Очир, Б.Пүрэвжал нарт олгосон итгэмжлэл, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтууд зэргийг гаргаж өгсөн.
3.2.Хариуцагч талаас: А.Өлзийсайханд олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,533,474 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагч Х.Батбаярт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Батбаярыг сольж, М ХХК-ийг жинхэнэ хариуцагчаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасанд нийцнэ.
Нэхэмжлэгч В ХХК нь худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч М ХХК-ийн Шинэ баянзүрх сэкү 2 дэлгүүрт шингэн хүнс /ундаа, ус/ нийлүүлсэн боловч үнийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бол, хариуцагч Х.Батбаяр 2023.01.26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Витафик ХХК-ийн нэхэмжилж байгаа 17,533,474 төгрөгнөөс татан авалтын хөнгөлөлт болох 1,150,000 төгрөгийг хасуулах, хоёр хугацааны буцаалт болох 35,000 төгрөгийг хасуулаад үлдэгдэл мөнгийг шилжүүлэх боломжтой 2022 оны эхний улирлын хөнгөлөлт өгөөгүй дутуу өгснөөс дээрх төлбөрийг хоцроосон болно. Бидний хооронд гэрээ байхгүй татан авалт 5% өгнө гэсэн аман яриатай явж ирсэн” гэх үндэслэлээр маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.В ХХК нь М ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ-г амаар байгуулж, нийлүүлэгч В ХХК нь хүнсний чанар, стандартын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулагч М ХХК нь бараа бүтээгдэхүүнийг борлуулах, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцжээ.
1.1.Ийнхүү гэрээг бичгээр байгуулаагүй боловч В ХХК-иас М ХХК-ийн Шинэ баянзүрх сэкү 2 дэлгүүрт шингэн хүнсийг нийлүүлж, М ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг борлуулж, төлбөрийг төлж байсан болох нь зохигчийн тайлбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
2.1.Нэхэмжлэгч В ХХК нь 2022.04.05-ны өдрөөс 2022.05.14-ний өдрийг дуустал хугацаанд М ХХК-ийн Шинэ баянзүрх сэкү 2 дэлгүүрт шингэн хүнсийг нийлүүлж, талууд төлбөр тооцоог нийлж, М ХХК нь нийт 23,140,574 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын Тооцооны үлдэгдэлийн баталгаа 2 ширхэг, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-8, 58-67/
2.2.Нэхэмжлэгч дээрх Тооцооны үлдэгдэлийн баталгаагаар төлбөрийг баталгаажуулснаас хойш хариуцагчийг 5,607,100 төгрөгийг төлсөн гэж, үлдэх 17,533,474 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
2.3.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
2.4.Хариуцагч М ХХК нь Тооцооны үлдэгдэлийн баталгаа-гаар баталгаажуулсан шингэн хүнсний үнэ 17,533,474 төгрөгийн төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
3.Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаяр болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2021.02.26-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зарлагын 2022.04.15-ны өдрийн баримтаар нийт 2,214,070 төгрөгийн, 2022.05.05-ны өдрийн баримтаар нийт 8,908,000 төгрөгийн, 2022.05.14-ний өдрийн баримтаар нийт 645,760 төгрөгийн, 2022.04.05-ны өдрийн баримтаар нийт 2,334,640 төгрөгийн, 2022.04.09-ний өдрийн баримтаар нийт 2,260,390 төгрөгийн, 2022.04.16-ны өдрийн баримтаар нийт 928,130 төгрөгийн, 2022.04.19-ний өдрийн баримтаар нийт 3,002,840 төгрөгийн, 2022.04.30-ны өдрийн баримтаар нийт 1,839,600 төгрөгийн, 2022.04.30-ны өдрийн баримтаар нийт 348,300 төгрөгийн, мөн 2022.04.30-ны өдрийн баримтаар нийт 1,325,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус тус хариуцагч компанийн Шинэ баянзүрх сэкү 2 дэлгүүрт нийлүүлж хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна.
3.1.В ХХК нь М ХХК-тай худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.
3.2.Хэргийн 8 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа №... гэх баримтын ар талд гараар бичсэн “М ХХК хүсэлт гаргах нь Тус компани нь В ХХК-д 23,140,574 төгрөгний тооцоотой нь үнэн болно. төлбөрийн 8-р сард 10,000,000, 9-р сард 13,140,574-н төгрөгийг төлж барагдуулна. Захирал Х.Батбаяр 99187316” гэж бичигдэж гарын үсэг зурж, М ХХК-ийн санхүү гэсэн бичвэр бүхий тэмдэг дарагдсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт гэж тодорхойлсон бол уг баримтыг хариуцагч тал няцаагаагүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
3.3.Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаяр нь шүүхэд ...17,533,474 төгрөгнөөс татан авалтын хөнгөлөлт болох 1,150,000 төгрөгийг хасуулах, хоёр хугацааны буцаалт болох 35,000 төгрөгийг хасуулаад үлдэгдэл мөнгийг шилжүүлэх боломжтой 2022 оны эхний улирлын хөнгөлөлт өгөөгүй дутуу өгснөөс дээрх төлбөрийг хоцроосон болно. Бидний хооронд гэрээ байхгүй татан авалт 5% өгнө гэсэн аман яриатай явж ирсэн...гэж тайлбарласан боловч ямар байдлаар хэрхэн тохиролцсон болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
3.4.Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
4.Хариуцагч М ХХК нь В ХХК-ийн нийлүүлсэн шингэн хүнсний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, нийт 17,533,474 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул В ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 245,618 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 245,618 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 17,533,474 төгрөг гаргуулж В ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,618 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-аас 245,618 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ