| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/02018/И |
| Дугаар | 102/ШШ2023/03029 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2023/03029
| 2023 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2023/03029 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.
Хариуцагч: Ю ХХК
Хариуцагч: З
24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Но, хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Ю ХХК, Х.З нарт холбогдуулж газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Но шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зуслангийн газар авах бодолтой хайж байгаад Х.З гэх хүний зарын дагуу холбогдож уулзсан. Х.З нь Ю-ийн захирал бөгөөд Гачууртын амралтын хажууд хаус хотхоны төсөл хийж байгаа түүнээсээ 10 айлын газар худалдана, уг газар нь компаний нэр дээр байдаг гэж хэлсэн тул 1 айлын газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр 10,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, үлдэх 5,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус Х.Зйн дансанд шилжүүлсэн. Гэтэл Х.З дахин нэг газар нэмээд авчих би тог, усыг нь шийдэж өгнө гэж тохирсоны дагуу дахин нэг айлын газар худалдан авч төлбөр 10,000,000 төгрөгийг Х.Зйн Хаан банк дахь дансанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл Х.З өнөөдрийг хүртэл хоёр газраа шилжүүлж өгөөгүй, сүүлдээ утсаа авахаа больсон тул шүүхэд хандсан. Бид утсаар холбогдох үед гэрээнээс татгалзаж мөнгөө авья гэхэд Х.З зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг шилжүүлж өгөөгүй. Иймд харуицагч Ю ХХК, Х.З нараас 20,000,000 төгрөгийг, гэрээний 5.2-т зааснаар торгууль 4,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
2. Хариуцагч Ю ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ю ХХК болон нэхэмжлэгч Ц.Ц нарын хооронд Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.5-д газар эзэмших эрхийн гэрчилгээ зохих шатны засаг даргын захирамж гарсан тохиолдолд худалдан авагч талд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцов гэж заасан ба гэрээний шинжийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд “гэрээг тайлбарлах” гэж заасныг удирдлага болгон тайлбарлавал энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 269 дүгээр зүйлд заасан Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ юм. Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд тодорхой нэгэн үйл явдал болохоос өмнө байгуулагдсан байх, гэрээ хүчин төгөлдөр байхад нийтлэг зарчмын дагуу ирээдүйд байгуулах гэрээний үндсэн агуулгыг хэдийнэ тохирсон байх гэсэн хоёр ерөнхий шаардлага тавигддаг. Хариуцагч Ю ХХК-нд газрыг эзэмшүүлдэг Засаг даргын захирамж гарах үйл явдал болсоны дараагаар нэхэмжлэгч талд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд нэмээд ирээдүйд байгуулах гэрээний үндсэн нөхцөл болох үнэ, газрын хэмжээ, байршил зэргийг урьдчилан тохиролцсон. Тухайн худалдах газрын эзэмшигч нь Ю ХХК биш бөгөөд тухайн газрын гуравдагч этгээдээс худалдан авч амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж зураг төсөл хийгдсэн гэдгийг мэдэж байсан. Тиймдээ ч талууд Газар худалдах, худалдан авах гэрээний 3.5 дахь хэсгийг харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч компаний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гармагц нэхэмжлэгч талд гэрээгээр эзэмшлийг шилжүүлэх үүрэг буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үндсэн нөхцөл хэвээр хадгалагдаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан Газар худалдах худалдан авах гэрээний 3.1-т зааснаар гэрээний үнэ 10,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Харин иргэн Х.Зд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хуулийн этгээдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг төлнө, торгуулийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагч Х.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчээс газрын төлбөр 10,000,000 төгрөгийг амаар тохирч шилжүүлж авсан нь үнэн. Мөнгөө буцааж авах талаар утсаар мэдэгдсэн. Шилжүүлж авсан 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин торгууль 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч Х.Зйг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосон тухай албан бичиг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлээс 22,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь “Х.Зтэй тохирч 10,000,000 төгрөг, компанитай гэрээ байгуулж 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч гэрээгээр тохирсон газраа шилжүүлж өгөөгүй. Гэрээгээ больж мөнгө авья гэхэд зөвшөөрсөн боловч мөнгөө өгөөгүй. Гэрээгээр Х.З торгууль төлөх ёстой. Хариуцагч нараас 24,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Ю ХХК, хариуцагч Х.З нар тус тусын шилжүүлж авсан 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, торгууль төлөхгүй” хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийн татгалзлаа тайлбарласан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ю ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо шар хоолойн ам 600 мкв газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авах, гэрээний үнэ 10,000,000 төгрөгийг Х.Зйн Хаан банк дахь 5115044715 дансанд гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлхээр тохирч нэхэмжлэгчээс төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Х.З нар тохиролцож мөн хаягт дээрх хэмжээний газрыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хариуцагч Х.Зйн Хаан банк дахь дансанд 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч гэрээ хэрэгжээгүйгээс гэрээнээс татгалзаж, хариуцагч 20,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохирсон болох үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож, энэ үйл баримтад хэн аль нь маргаагүй, хариуцагч нар тус бүр өөрсдийн шилжүүлж авсан 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбарласан байна.
4.1.2 Нэхэмжлэгч нь “хариуцагч Ю ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлагдсан тул гэрээний 5.2-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 20 хувиар торгуулийг тооцож төлөх үүрэгтэй, Х.Зтэй мөн гэрээ байгуулагдсан тул 10,000,000 төгрөгний торгуулийг адилхан төлөх ёстой” гэсэн үндэслэлээр торгуулийг хариуцагч нараас шаардсан.
Ц.Ц, хариуцагч Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “худалдагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгуулийг тооцож худалдан авагч талд төлөх үүрэг хүлээсэн тул хариуцагч Ю ХХК-ийн торгууль төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.3 хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Х.З нарын хооронд торгууль төлөх талаар бичгээр гэрээ хийгдээгүй тул торгууль төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, хуулийн энэ шаардлагаар нэхэмжлэгч торгууль нэхэмжлэх эрхгүй байна.
5. Иймд хариуцагч Ю ХХК-наас 10,000,000 төгрөг, торгууль 2,000,000 төгрөгний хамт 12,000,000 төгрөг, хариуцагч Х.Зүчээс 10,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Ю ХХК-иас 12,000,000 төгрөг, хариуцагч Х.Зүчээс 10,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгож, үлдэх 2,000,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-наас 206,950 төгрөг, хариуцагч Х.Зүчээс 56,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА