Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03308

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03308

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ч.Батчимэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

 Хариуцагч: Э

            Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүндийг сэргээж, уучлалт гуйлгуулах үндсэн, нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, өмгөөлөгч  Д.Д, хариуцагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А нар оролцов. /зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.  Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч А.Эт холбогдуулж нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүндийг сэргээж, уучлалт гуйлгуулах,  хариуцагч А.Э нь нэхэмжлэгчид холбогдуулж нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. 2022 оны  03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний нэр дээр хариуцагчаар 4 иргэний хэргийн нэхэмжлэл ирж, хариуцагчаар оролцсон. Тухайн хэргүүдэд А.Э нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож зарим хэргүүд шийдвэрлэгдсэн. А.Э нь миний хуучин гэр бүлийн харьцаатай байсан М.Б гэгчтэй хуйвалдан нэр бүхий иргэний нэр дээр нэхэмжлэл гарган явж байгаа. А.Э дээрх хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад олж авсан миний талаархи хувийн мэдээлэл болон эцэслэн шийдвэрлэгдээгүй, тогтоогдоогүй хэргүүдийг хийсэн тогтоогдсон, шийдэгдсэн мэтээр олон нийтэд төөрөгдүүлж, худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж миний нэр төр, алдар хүнд, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, миний ажил хэрэгтэй холбоотой нийтэлсэн нийтлэл дор “Ч.А гэгч хүнийг олохгүй, залилуулсан хохирогчид нилээн гарч ирсэн тул хувь чатаар надтай холбоо барина уу” гэсэн зар тавьж, улмаар миний бие энэ асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандан гомдол гаргаж шалгуулснаар А.Эт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.9, 15.1.7 болон ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөнд тооцон Өмгөөллийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2 дах хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. А.Э өмгөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-нд ..аймгийн .. сум дахь сум дундын шүүхийн 12 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болсон иргэн М.Жаны нэхэмжлэлтэй Ч.А надад холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг мэдсээр байж зориуд санаатайгаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж 5,000,000 төгрөг залилан авсан мэтээр нэмэгдүүлэн хандаж шүүх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. А.Э гэж өмгөөлөгчийг огт танихгүй. Амьдралаа авч яваа, амьдралын төлөө хичээн зүтгэж байгаа эмэгтэй, эх хүн, иргэний хувьд хүндэтгэж үзээч, та бүхний ажил амьдралд би ямар ч хохирол учруулаагүй, тайван ажлыг минь хийлгээч, үр хүүхдүүдийн минь төлөө намайг тайван орхиж өгөөч гэж хүсмээр байна. Өнөөдрийн хувьд би орох оронгүй, хүүхдүүдээ хөдөө явуулсан, хүнийхээ хувьд хүнд байдалтай байна. Миний бие хэнийг ч залилсан үйлдэл гаргаагүй, шүүхээс намайг гэм буруутай гэж үзсэн шийдвэр байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа шийдвэр байгаа.  Миний нэр, нэр төр, алдар хүндэд  халдсан үйлдэлд гомдолтой байна. Ажил хэргийн чанартай тавьсан миний пост дор Ч.А залилан хүн шүү, шүүх дээр явж байгаа, удахгүй мэдээлэл өгнө” гэх мэтчилэнгээр ор үндэслэлгүй зүйл бичиж миний нэр төрд халдсан. Иймд  Ч.А миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Аыг би танихгүй. 2009 оноос хойш иргэн М.Б, Ж.Жан, М.Эр, Т.Б нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Ч.А өөрөө тэрбум улавч хийнэ гэсэн пост тавьсаны дараа миний үйлчлүүлэгч М.Б “энэ хүн залилан хийсэн, наад мэдээлэл чинь худал шүү” гэж надад хэлэхэд би постынх нь дор наад мэдээлэл чинь худал, залилан, шүүх дээр явж байгаа гэж бичихэд өөр 5-6 хүн Ч.Ад залилуулсан шалтгаанаар над руу холбоо барьсан асуудал болсон. Би бусдад анхааруулах зорилгоор постод комент бичсэн. Тэрбум улавч хийх нь үнэн юм бол миний үйлчлүүлэгч Ж.Жанаас авсан 5,000,000 төгрөгөө төлөх хэрэгтэй. Ч.А нь н.М-г хүртэл залилан мэхэлсэн үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаж буй үйлдлээр миний 5 үйлчлүүлэгч хохирогч бөгөөд хохирсон. Нэхэмжлэгч одоо хүртэл хуурмаг үйлдлээ зогсоогоогүй, фейсбүкт 4-5 хаягтай, сүүлд 1000 ширхэг ном авна гэсэн постынхон дор н.С гэх хүн наад хүн залилан хийж байна худал зүйл гэж бичсэн байсан. 1 тэрбум улавч хийж чадна, чадахгүй гэсэн зүйл бичээгүй. Постынхон дор өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичихдээ энэ хүнийг залилангийн хүн шүү гэдгийг бусдад анхааруулсан. Гэвч гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэргүйгээр энэ хүнийг залилагч гэж бичсэн үйлдэлээ уучлалт гуйж болно. Миний хувьд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс явж байгаа ажил гэдгийг энэ хүн бас ойлгох хэрэгтэй гэв.

 3. Хариуцагч А.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оноос эхлэн Ч.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан 4 нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалж цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад оролцож явна. Ч.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх, эрх  эрх чөлөөгөө хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх,  хууль зүйн туслалцаа авах болоод Монгол улсын Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд нь дарам шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэснийг удаа дараа зөрчин үг хэлээр дайрч доромжлон миний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан үг хэл үйлдэл гарган Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд удаа дараа  буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээс мэдүүлэг авч байх үед бусдын дэргэд “мөнгөний төлөө явдаг, чамаас худал хэлж мөнгө авч байгаа, чи энэ хүнд өгөхөөс надад өг, өөр өмгөөлөгч олдохгүй байна уу, чи яах гэж энэ хүнийг хамгаалаад байгаан, харахаас хачин царайны амьтан” гэж, дараа нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримттай холбоотой баримт гаргахад шууд үг хэлээр доромжлон “бузар гартай чи, бузар хүн бүү хүр” хэмээн шүүхийн танхимд шүүх бүрэлдэхүүний өмнө үг хэлээр дайрч сануулга авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үеэр танхимд дээрх үг үйлдлээ давтан “хачин хүн өмгөөлөх эрхээ хасуулчихсан байж юу хийж яваан, би эрхийг нь хасуулсан, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчээ оролцуулсангүй худлаа хэллээ” хэмээн над руу дайрч давшлан ширээ балбан цохиж шүүгчээс мөн сануулга авсан. Хамгийн сүүлд энэ оны 02 дугаар сарын  28-ны өдрийн ... шүүх болон 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны хэргийн шүүх хурлын хүлээлгийн танхим, шүүх хуралд орох болон гарах үеэр чангаар орилон үйлчлүүлэгч, хариуцагч болоод бусад олон хүмүүсийн дэргэд үл хэлээр доромжлон “намайг эрэн сурвалжлагдаж байгаа, яагаад энд яваад байгаа юм” гэх мэтээр хуралд ортол тасралтгүй үглэн дайрч давшилах байдлаар үйлчлүүлэгч нарын өмнө удаа дараа миний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан үг хэл, үйлдэл гаргасан. Миний бие ямар байдлаар ажил хэргээ гүйцэтгэн ийнхүү шүүх хурлын ажиллагаанд оролцож явахдаа ийнхүү бузар хүн болтлоо, муухай хүн болсон болж эрэн сурвалжлагдсан нь ойлгомжгүй бөгөөд үйлчлүүлэгч нартай маань холбоотойг мэдэхээс цаашид Ч.Атай хувийн өс хонзон болоод холбоогүй, танихгүй. Энэ байдал нь миний сэтгэл санаанд асар их нөлөөлж миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол, хор уршиг бий болж ажил хэргийн байдлаар харьцдаг төрийн байгууллагын өмнө үндэслэлгүйгээр гутаасан тул А.Э миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйхыг Ч.Ад даалгаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч Ч.А шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  МӨХ-ны өмгөөлөгч хүн ийм үйлдлүүдийг гаргаж байгаад гайхаж байна. Энэ хүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж Холбооноос нь хариуцлага тооцсон.   Би хардах эрхийн дагуу эдгээр хүмүүс миний амь нас , нэр төрд халдсан үйлдлээ санаатайгаар мэдэн будилж ярьж байна гэж бодож байгаа. Би  шүүх хуралдааны танхимд тухайн үедээ уурлаж бухимдаад элдэв бусаар хэлсэн нь үнэн. Энэ үйлдэлдээ уучлалт гуйж болно гэв.

5. Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны №МТ-30 тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн М.Жаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн магадлал,  Хяналтын шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээт татгалзах тухай тогтоол,  Завхан аймгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн салбарын тэргүүний эмэгтэй гэх гарчигтай Ч.Аын тухай бичсэн нийтлэл, Төсөл хэрэгжүүлэгчийн товч анкет,  Ч.Аыг МУЗН-ийн тэргүүний ажилтан тэмдэгээр шагнасан үнэмлэх,  Тэргүүний замчин тэмдгийн үнэмлэх,  Алдарт эхийн 2 одонгийн үнэмлэх, Жуух бичиг, батламж, Хөдөлмөрийн дээд сургуулийн диплом, Батламжлах гэрчилгээ, Сертификат,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 183/ШШ2022/0.. Шийдвэр, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны тогтоол,

6. Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж,  Өмгөөллийн ... ХХН гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх Эрхийн гэрчилгээ, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэх, Тэргүүний өмгөөлөгч цол тэмдгээр шагнагдсан үнэмлэх, цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 1714 Хан-Уул дүүргийн Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол,  2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газар гаргаж байсан гомдлууд болон гомдлын хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн шүүхийн Ч.Аын нэхэмжлэлтэй М.Бод холбогдох хэргийн шүүхийн шийдвэр, ... дүүргийн шүүхийн гүйцэтгэх хуудас,        

7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр М.Б, Ч.У нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн байна.

                                                 

                                                ҮНДЭСЛЭХ нь:   

 

1. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлтэй. 

2. Нэхэмжлэгч нь “1 тэрбум улавч хийнэ гэсэн постын дор ямар ч үндэслэлгүйгээр намайг залилагч гэж миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрд халдсан тул уучлалт гуйлгах”

  3. Хариуцагч ”постон дор комент хэсэгт өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ  шүүхийн шийдвэргүйгээр энэ хүнийг залилагч гэсэн бичсэн үйлдэлдээ уучлалт гуйж болно”

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “шүүх хуралдааны танхимд олны дунд нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж бузар гартай, мөнгөний төлөө явдаг, үзлийн царайтай гэж шүүгч болон хэргийн оролцогчдын өмнө доромжилсон”

 5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт “шүүх хуралдаан дээр тухайн үедээ уурлаж бухимдаад элдэв бусаар хэлсэн үйлдэлдээ уучлалт гуйж болно” гэсэн үндэслэлээр зохигч өөрийн гаргасан үндсэн, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж, хэн аль нь тайлбараараа зөвшөөрч тайлбарласан байна.

6. Хэрэгт зохигч талаас ирүүлсэн дээрх баримтууд нь шүүхийн ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгчөөр хэн хэн нь оролцож байсанг нотлох бөгөөд шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн нэхэмжлэлтэй холбоотой тайлбар бичигдэж хэрэг шийдвэрлэгдсэн, талууд өөрсдийн хувийн байдлыг тодорхойлох зорилгоор шагнал урамшууллын гэрчилгээ, үнэмлэх, сертификатыг баримтаар ирүүлсэнд тус тус дүгнэлт өгөх шаардлагагүй. Эдгээр баримтууд тэдний хэн хэнийхээ нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйл баримтыг нотлохгүй тул үнэлж, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Шүүх хуралдаанд тайларласан талуудын тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдлийг хэн аль нь гаргасан нь тайлбараар тогтоогдсон тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харилцан уучлалт гуйхыг даалгах нь зүйтэй байна.

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-д Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: гээд 1.2-т хүний нэр төр, алдар хүнд,...-ийг хүндэтгэх гэж тунгагласан бөгөөд Иргэний эрх зүйгээр Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулсан.

 Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж буй нэг хэлбэр бөгөөд бүх эрхийг зөвхөн өөрийн нэрээр олж авдаг тул тухайн хүнээс өөр бусад этгээд хүний нэрийг олон нийтийн сүлжээгээр болон олны дунд төөрөгдөлд оруулах, халдах зэргээс иргэний эрх зүй хамгаалдаг байна.

 Нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ, алдар хүнд нь хүний нэр төртэй уялдаа холбоотой нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл тул бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, энэ үйлдлийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн иргэний шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүргийг иргэний эрх зүйгээр хүлээлгэдэг.

9. Иймд  нэхэмжлэгч Ч.А, хариуцагч А.Э нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж харилцан бие биенээсээ уучлалт гуйж, өөрсдийн бичсэн постоор дамжуулж залруулга хийхийг даалгах нь зүйтэй.

10. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж  нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, зохигч талуудаас уг төлбөрийг харилцан гаргуулж нэхэмжлэгч, хариуцагчид тус тус олгох нь зүйтэй.

11. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхийн 3 шийдвэр гаргаж өгөхөөс 2 шийдвэрийг баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч А.Э нь 1 шүүхийн шийдвэрийг баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсан, гэрчээр асуугдсан М.Б,Ч.У нар өөрсдийн маргаантай холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан нэр төр сэргээх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

12. Зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                           

                                                       

                                                            ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Аын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хариуцагч А.Эт үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч А.Эаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгосугай.

3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар харуцагч А.Эын  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйхыг нэхэмжлэгч Ч.Ад үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж нэхэмжлэгч Ч.Ааас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч А.Эт олгосугай.

5. Хариуцагч А.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 3 шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлтийн 1 шийдвэр гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                

                                   

                             

 

 

                                                            

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.КУЛЬДАНА

                                                   

                                                   ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ

 

                                                                                     Т.ГАНДИЙМАА