Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/0003/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн 2518000000851 дугаартай хэргийг 2025 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, концертмейстэр мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17/1-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт******* Төгөлдөр /регистрийн дугаар:*******/

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17/1 дүгээр байрны гадаа машин дотор Ж.Батмөнхтэй архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа “машинд шүлсээ хаясан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохиж, хохирогч Ж.Батмөнхийн эрүүл мэндэд зүүн нүдний алим, баруун, зүүн хацарт цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Зөрчлийн талаар ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01),

Хохирогч Ж.Батмөнхийн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй нэг шил Хараа гэх нэртэй архи, нэг ширхэг талх, 2 элэгний нухаш, бууз, сүү аваад буцаад гэртээ харих гээд дэлгүүрээс гараад явж байхад араас нэг үл таних залуу дагаж ирээд хоёулаа наад архийг чинь миний машинд суугаад хувааж ууя гэсэн, тэгээд би зөвшөөрөөд бид хоёр Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг МБМ зочид буудлын ард талд байх 9 давхар шар байрны авто машины зогсоолд байсан Төгөлдөр гэх залуугийн 4955 УНИ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд миний нэг шил архийг хувааж уугаад бид хоёр хоорондоо танилцахад намайг Төгөлдөр гэдэг гэж байсан тэгээд бид хоёр ойр зуур юм ярьж сууж байгаад архи дуусаад би гэртээ харих гээд буух гэтэл тухайн Төгөлдөр гэх залуу машиныхаа хаалгыг түгжээд хоолой хэсгээс багалзуурдаад миний нүүрэн тус хэсэгт 3-4 удаа цохисон, тэгэхээр нь би машины хаалга онгойлгоод буугаад явах гэтэл хоёр нүд хавдаад юм харж чадахгүй байсан болохоор төрсөн дүү Сайнжавыг дуудсан. Тэгсэн Төгөлдөр гэх залуу надад юу ч хэлэлгүй тухайн 9 давхар байр луу яваад орчихсон. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд их согтолттой байсан тул санахгүй байна. ...гэнэт л намайг хоолойноос багалзуурдаж аваад дарж байгаад миний нүүрэн тус хэсэгт 3-4 удаа цохичихсон, ... Төгөлдөр надад 3,000,000 төгрөг өгөхөөр болоод бид хоорондоо тохиролцсон байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10),

Шүүгдэгч *******ийн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17/1-52 тоот гэртээ төрсөн өдрөө найз, эхнэр Сайханзаяатай тэмдэглэж нэг шил вино уучхаад байрны 1 давхарт байрлах дэлгүүр орж пиво авах гэсэн боловч мөнгө хүрэхгүй болохоор нь гараад зогсож байтал дэлгүүрт таарсан нэг үл таних ах гал асуухаар нь галаа өгсөн, тэгсэн тэр ах надад тамхи өгөөд тамхи татаж байхад бид хоёр танилцаад юу хийж байгаа гэхээр нь төрсөн өдөр болоо л явж байна гэхэд нөгөө өө тэгвэл ахад нь нэг шил архи эндээс 1-2 татах юм уу гэхээр нь би зөвшөөрөөд манай байрны автомашины зогсоолд байх эвдэрсэн машиндаа сууж ууя гээд бид хоёр миний эзэмшлийн 49-55 УНИ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлд суугаад ахын ганц шил юмыг хувааж уугаад сууж байхад нөгөө Батмөнх гэх ах машинд шүлсээ, тамхины үнсээ хаяад байхаар жаахан уур хүрээд тамхины үнсний сав өгтөл тагийг нь хугалаад хаячихаар нь нөгөө ах хүүг жаахан эвгүй зан араншинтай хүн байна гэж бодоод хоёулаа больё, та гэрлүүгээ яв, би гэртээ амарлаа гэтэл буухгүй байхаар нь би машинаас нөгөө талаар нь очоод буулгах гээд нэлээд хэд татахад миний зүүн нүд хэсэгт нэг удаа гараараа цохихоор нь миний уур хүрээд Батмөнх ахын нүүрэн тус 3- 4 удаа цохиод машинаас татаж буулгаад дэлгүүрээс авч гарч ирсэн тортой талх, элэгний нухаш зэргийн юмтай зүйлийг нь хажууд нь тавьж үлдээгээд гэртээ орчихсон. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр утас алга болчихлоо чиний машинд байгаа гэхээр нь би утсыг нь машинаас хайж байгаад олж өгөөд намайг уучлаарай эмчилгээний зардлыг нь төлж өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 38),

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн  2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрийн 1122 дугаартай: “...Ж.Батмөнхийн биед зүүн нүдний алим, баруун, зүүн хацарт цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20),

 Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 21 дүгээр тал) болон бичгийн бусад нотлох баримт цугларсан байна. болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ж.Батмөнх гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ж.Батмөнхөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн даатгалын сангаас гарсан зардал 55,566 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч *******т улсын яллагчтай тохиролцсон торгох ялын хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД