Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1314

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.10                                                Дугаар 1314                                     Улаанбаатар хот

 

 

 

“ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01313 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О, А.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 499 293.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч А.Б, Г.О нар нь “ХБ ” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1390011510 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 28 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зорилгоор байрны урьдчилгаа зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 08 дугаар сарын   09-ний өдөр зээлдэгч А.Б-ын ХБ  дахь 5001844126 дансанд 28 000 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5 595 020.72 төгрөг, зээлийн хүүнд 5 690 111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 088.99 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1390012953 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 524 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх, шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан 1390011510 тоот зээлийн гэрээний 5-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1390011510 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22 404 979 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хүү 6 811 146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273 366 төгрөг, нийт 29 489 491 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 9 802.28 төгрөгийг хасч багасгаж байна. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс тул нэхэмжлэлийн үнийн дүнг хувааж хариуцуулахгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “ХБ ” ХХК-д цалин барьцаалан 28 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс үндсэн зээл 5 595 020.72 төгрөг, хүү 5 690 111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 088.99 төгрөг төлөгдсөн байна. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын “ХБ ” ХХК-тай уулзахад              29 499 293.29 төгрөг болсон байна гэсэн. Уг нь бидний зээлийн нийт үлдсэн төлбөр          22 404 979 төгрөг. “ХБ ” ХХК-ийн 6 818 125 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ хариуцсан хүн нь өөрчлөгдсөнийг мэдээгүй, бидэнд бас мэдэгдээгүй. Банкны хариуцлагагүй байдал нөлөөлсөн тул хүүг хариуцахгүй гэж бодож байна. Тухайн мөнгийг байрны урьдчилгааны зориулалтаар авсан ч Жи тайм гэх сүлжээний бизнест өгөөд алдсан. Банкнаас авсан зээлээ төлөхгүй гэж маргахгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл             22 404 979 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бидний амьдралын бололцоог харгалзан үзэж 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б, Г.О нараас    29 489 491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 305 397.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 446.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус банкны зээлийг төлөхгүй гэж зугтсан зүйл байхгүй. Гэр нүүсэн боловч эдийн засагч н.Д-тай  байнгын холбоо тогтоож, учир байдлаа хэлсэн. Эдийн засагч ойлгож байна гэж хэлчээд эрэн сурвалжлуулж байсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний эх хувь дээр дансны хуулга ирээгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь хариуцагч Г.О, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 499 293.28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 22 404 979 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх боломжтой, харин хүү 6 818 125 төгрөгийн эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдан авах урьдчилгаа өгөх зориулалтаар жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж     дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нар нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

Хариуцагч нар нь сүүлд 5 170 000 төгрөг нэмж орж ирээгүй гэж татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Г.О, А.Б нарын хувьд дээрх гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээл хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, зээлийн үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч байгууллагаас зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ