Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/17 

 

Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Т-д холбогдох эрүүгийн 2013000220036 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Серикжан, Хяналтын прокурор Х.Өрен, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын .. дүгээр баг, Б гол хэмээх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шеруши төлек овогт Дөкейн Т /РД: 000000/ нь Баян-Өлгий аймгийн Б сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр, “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлж, 5292 БӨА улсын дугаартай “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэн, 200000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Шеруши төлек кадир овогт Дөкейн Тйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.

 

Шүүгдэгч Д.Т-ндавж заалдах гомдолд: “1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс нь шүүгдэгч Д.Т-йг анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэх талаар санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 3 дахь хэсэгт,мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялыг хөнгөрүүлэхээр тус тус заасан байна. Шүүгдэгч Д.Т-гийн хувьд хуульд заасан урьдач нөхцөлүүд хангагдсан- байхад шүүхээс шүүгдэгч Д.Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид Д.Т-д ял оногдуулахгүйгээр хоёр жил хүртэл хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “...анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гаргуулан, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Үүнд:

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баян- Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газар бэлчээрээс хохирогч Т.А-гийн 2 тооны эр ямааг хулгайлж, нядлаад иргэн Б.Сулушашид 150000 төгрөгөөр худалдаж, ашиг орлого олсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...шүүгдэгч Д.Т-н энэ гэмт хэргийн улмаас олсон орлого болох 150000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж түүнд оногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж, улсын орлого болгох хууль зүйн хувьд боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Д.Т нь төлсөн учир гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт  этгээдээс хурааж улсын төсөвт оруулах нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлж нядлан, мах, арьс шийрийг тус аймгийн Өлгий сум руу тээврийн хэрэгслээр зөөн тээвэрлэж, бусдад худалдан борлуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Т-н дээрх үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны зарчмыг хангасан байна. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг удирдлага болгож, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийг найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөр барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “Д.Т-д ял оногдуулахгүйгээр хоёр жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Харин прокурорын эсэргүүцэлд “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх” гэж заасан үндэслэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь, шүүгдэгч Д.Т хулгайлж авсан хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг нядалж, улмаар мах, арьсыг нь 150.000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь түүний яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Сулушашийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.А-д 2 тооны сэрх ямааны үнийг төлж, хохирол төлбөрийг барагдуулснаас үл хамааран түүний хулгайлж авсан бусдын өмчлөлийн малын мах, арьсыг худалдан борлуулж, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан 150.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж /шууд/ олсон эд хөрөнгөнөөс олсон орлого гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнийг мөн зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирол нөхөн төлөгдсөн тул улсын төсөвт шилжүүлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Энэ талаар анхан шатны шүүх “Д.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж дахиж түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулах хууль зүйн хувьд боломжгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 150.000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэн, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Хуульд зааснаар шүүгдэгч Д.Т-н цагдан хоригдсон 45 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого 150.000.00 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-н цагдан хоригдсон 45 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

 

                                                                                                С.ӨМИРБЕК