Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 159/ШШ2023/0037

 

                                                                                             

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захиралд холбогдох “Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захирал ******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай” А/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... ******* Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захиралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захирал ******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай” А/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захирал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* гаргасан “Сэлэнгэ аймгийн “Цагаан эрэг тохижилт үйлчилгээ”-ний ОНӨААТҮГазрын захирал ******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай” А/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР