Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03520

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2023/03520 Улаанбаатар хот

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б

 Хариуцагч: Э

             Ниссан террано маркийн автомашиныг буцаан гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов. /нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул  оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв./

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Ч.Эд холбогдуулж ниссан террано автомашиныг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Ч.Э Цагдаагийн 102-т ажиллаж байхдаа 2005 онд итгэл үзүүлэх байдлаар Н маркийн автомашиныг худалдаж авсан. Төлбөрийг Д аймгийн хилээр динозааврын өндөг гаргасан удахгүй мөнгө нь орж ирэхээр төлбөрийг хийнэ гэж хэлсэн. Энэ хугацаанаас хойш 4 сарын дараа 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Худалдах үед ниссан террано маркийн автомашин хэний нэр дээр байсанг санахгүй байна. Өөр хүний нэр дээр эзэмшил байсанг миний нэр дээр итгэмжлэл хийж Ч.Эд худалдсан. Машины улсын дугаарыг мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд Ч.Э мөнгөө өгөөгүй, хаяг болон өөрөө хаана байгаа нь тодорхойгүй, дам сургаар тэтгэвэртээ гарсан гэж сонсож байсан. 2022 онд цагдаад хандах хүртлээ машины төлбөрийг нэхэж байгаагүй, уулзаагүй. Хүний машиныг авсан нь үнэн бол өгөх нь үнэн. Хариуцагчийн өмгөөлөгч юу болсонг мэдэхгүй байж өмгөөлөгчийн хэлдэг хэдэн үгээ хэлээд байх шиг байна. Хариуцагч өөрөө хөөн хэлэлцэх хугацааг дуустал алга болсон.  Хариуцагч Ч.Эгээс  Ниссан террано маркийн автомашиныг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй, худал гүтгэлэг гэж үзэж байна. Миний бие 2011 онд Цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан. С.Бгаас 5,000,000 төгрөгөөр хуучин машин худалдан аваад 8 жил гаруй цагдаагийн байгууллагад ажиллаж байсан тул намайг ажлаа хийж байсанг мэдэж байсан. Бидний хооронд ямар ч төлбөр байхгүй. 2005 онд Япон улсад 1991 онд үйлдвэрлэсэн  ниссан террано маркийн хуучин автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдана гэхээр нь үнэ тохирч тэр өдрөө 3,000,000 төгрөг авсан. Хэд хоногийн дараа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь үлдэх 2,000,000 төгрөгийг өгч тооцоо  дуусгасан. Үүнээс хойш олон удаа тааралдаж, уулзаж явсан. 18 жилийн дараа гүтгэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэний нэр дээр байсан нь тодорхойгүй, дугаар тодорхойгүй машин яриад байна. Гомдлыг шалгаад Цагдаагийн газраас гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон.  Машин үйлдвэрлэгээд 32 жил болсон. Ашиглалтын хугацаа дуусаж одоо хаана байгаа нь тодорхойгүй. Хэргийн хөөн хэлэлцэх ерөнхий 10 жил, гэрээний 3 жилийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай дугаар  Прокурорын тогтоол,

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраас лавлагаа авсан байна.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 2. Нэхэмжлэгч нь “2005 онд хэний нэр дээр эзэмшил нь байсанг санахгүй байна. Ниссан террано маркийн машиныг худалдсан боловч төлбөрөө төлөөгүй, машиныг буцаан гаргуулна” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь “2005 онд ниссан террано маркийн автомашиныг  5,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч С.Бгаас 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн ниссан террано маркийн автомашин  худалдан авсан үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчаас биет байдлаар буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр Ч.Эгийн нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл бүртгэлгүй  болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.1.2. Шүүх хуралдаанд зохигч хэн аль нь 2005 онд машин худалдсан үйл баримт, нэхэмжлэгчээс өнгөрсөн хугацаанд тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах, бусад хэлбэрээр талууд тохиролцсон тохиролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарласан тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буруутай байна.

4.1.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна. 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульчилсан.

Нэхэмжлэгчээс хуульд заасан дээрх хугацаанд гэрээтэй холбоотой асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй,  тэдний хооронд уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дуусгавар болжээ.

5. Иймд хариуцагч Ч.Эд холбогдох Ниссан террано маркийн автомашиныг буцаан гаргуулах нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 102/ШЗ2023/14771 Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:    

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч  Ч.Эд холбогдох ... маркийн автомашиныг буцаан гаргуулах нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

          3. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 102/ШЗ2023/14771 Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА