2023 оны 10 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2023/03479 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: ТЗ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Б.Г хариуцагч ТЗд холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1 Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Замын даргын тушаалаар Худалдааны албаны орлогч даргаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хууль, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн гүйцэтгэж ирсэн. Принтерийн хорны худалдан авалттай холбоотой асуудлаар намайг ажлаас чөлөөлсөн. Худалдан авалт нь өөрөө асуудалтай байсныг тухайн үед н.Т, н.Эр нарт хэлж байсан. Тухайн ажилтай холбоотой нарийн бичгийн дарга ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, компаниуд руу явуулах мэдэгдэл, зөвлөмжийг явуулаагүй. Үүнтэй холбоотой хурлаар гаргасан мэдэгдэл, зөвлөмжийг хугацаанд нь явуулаагүй гэсэн гомдол гарсан. Дотоод аудит хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар принтерийн хор, бичгийн цаас, бичгийн хэрэгсэл худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжид Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэхийг шалгаж тендерт оролцогч нарт албан бичгээр мэдэгдээгүй, нарийн бичгийн дарга О.С ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээгүй гэж дүгнэсэн. Би Худалдааны албаны орлогч дарга, Худалдааны албаны дарга н.А даргын гарын үсэгтэй гарсан албан бичгийг холбогдох компаниудад явуулах нь нарийн бичгийн дарга О.Сгийн хийх ажил. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Дотоод аудит хийсэн тайланг хэлэлцээд намайг зөрчил гаргасан тендерийн хорооны нарийн бичгийг солих талаар хороог хуралдуулж шийдвэр гаргаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хаалттай сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тус хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуульд заасан мэдэгдэж бичгээр тайлбар авах ажиллагаа хийгдээгүй. Өнөөдрийг хүртэл би ажилгүй явж байна. Иймд ТЗын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэв. 2. Хариуцагч ТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.Ж нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Худалдааны албанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж Б.Гт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авах саналыг Замын удирдлагад хүргүүлэх шийдвэр гаргасан. Замын дарга “Худалдааны албаны орлогч дарга Б.Г нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ээлжит бус шалгалтаар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргиг ноцтой зөрчсөн” тул сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэн түүнийг албан тушаал бууруулж, ажлын байраар хангах асуудлыг Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн. Б.Г нь дээрх тушаал Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд гомдлын шаардлагыг хангаж, ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Худалдааны албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлтэй гэж гаргасан. Тус нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр Б.Гт Авто тээвэр үйлчилгээний төвийн засвар үйлчилгээ хариуцсан орлогч дарга, Дархан худалдааны төвийн даргын ажлын байрыг тус тус санал болгосноор Авто тээвэр үйлчилгээний төвийн засвар, үйлчилгээ хариуцсан орлогч даргын албан тушаалыг хүлээн зөвшөөрч, ажилд орох өргөдөл гаргасан. Б.Гийн өргөдлийг үндэслэн Монгол улсын Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр Б.Г нь барилгын материалын худалдаа, аялал жуулчлал, кофе шоп, гадаад худалдаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй Бурхант бүст нуур ХХК-ийн захирлаар бүртгэлтэй байгаа нь дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэж заасан нь түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал үүсэхээр байна, мөн тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн хариу ирүүлсэн. Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичгээр нийтийн албан тушаалд тэнцээгүй тул Улаанбаатар худалдааны төвийн худалдааны мэргэжилтний албан тушаал санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасны дагуу сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Замын даргын тушаал 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шалгалтын тайланг үндэслэн гарсан. Тушаал үндэслэлтэй гарсан гэв. 3. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 26 Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрэлсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, 4. Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Дотоод хяналт шалгалтын албанаас ТЗ-ийн замын даргад хүргүүлсэн илтгэх хуудас, Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Худалдааны албанаас Хүний нөөцийн албанд хүргүүлсэн албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албанаас Б.Гт ажлыг байр санал болгосон албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын албан бичиг, УБТЗХНН-ийн даргад Худалдааны албаны дарга Б.А, нарийн бичгийн дарга О.С нарын гаргасан гомдол, ажилтны дэлгэрэнгүй анкет, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, УБТЗХНН-ийн даргад Үнэлгээний хорооноос хүргүүлсэн зөвлөмж, дүгнэлт, УБТЗХНН-ээс Монгол улсын Сангийн яаманд хүргүүлсэн хүсэлт, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №56 хурлын тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, ...ХХК-ний гомдол Сангийн яамны албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Төвөлөгөөт бус шалгалтын удирдамж, ...-ийн даргын Үнэлгээний хороо байгуулах тухай албан бичиг, Б.Аын Ажлын байрны тодорхойлолт, 5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн журам, цалингийн дэлгэрэнгүй баримт, ...-ийн албан хэрэг хөтлөх журам, дүрэм буюу Орос Монголын хэлэлцээр, хариуцагчийн хүсэлтээр О.Сг гэрчээр асууж мэдүүлэг авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, баримтыг шүүх бүрдүүлсэн байна. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. 2. Нэхэмжлэгч “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хаалттай сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн тэмдэглэлийг үндэслэн Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Замын даргын тушаалыг байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлээр ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 3. Хариуцагч “Дотоод аудит хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тайланг үндэслэн Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн. 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 4.1.1 ТЗын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ..тушаалаар Б.Гийг Худалдааны албаны орлогч даргаар авч, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээ байгуулсан. ТЗын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, хувь нийлүүлсэн нийгэмлэг, ... дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Х 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Худалдааны албаны орлогч дарга Б.Гийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ээлжит бус шалгалтаар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн ... дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, Маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 26 тэмдэглэлээр Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж комисс дүгнэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож, талууд энэ үйл баримтад маргаагүй байна. 4.1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан. ТЗын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ..тушаалаар принтерийн хор, бичгийн цаас, бичгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт явуулах Үнэлгээний хороог байгуулж Үнэлгээний хорооны даргаар Б.Г томилогдсон, Монгол улсын Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр тендерт оролцогч ..-нд тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчид хандах албан бичиг хүргүүлж, Эй би Өү ХХК 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ...-ын Дотоод аудит хяналт шалгалтын албанд гомдол гаргаж, ... даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр баталсан Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжаар хяналт шалгалт явуулах байцаагч нарыг томилсон байна. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлангаар Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгүүдийг Үнэлгээний хорооны дарга Б.Г болон нарийн бичгийн дарга О.С нар хүлээн авсан боловч тендерт оролцогч нарт албан бичгээр мэдэгдээгүй, Замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-359 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.12.2 сонгон шалгаруулах комисс болон ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомж бүрдүүлсэн баримтуудыг гишүүдэд танилцуулах, мэдээллээр хангах гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар албаны дарга Б.Ат Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.1-ээр хаалттай сануулах сахилгын шийтгэл, орлогч дарга Б.Гийг зөрчил гаргасан тендерийн хорооны нарийн бичгийг солих талаар хороог хуралдуулж шийдвэр гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.1-ээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах, худалдаа тендерийн мэргэжилтэн О.Сг 2021 оны Сангийн яамны сайдын 103 тоот тушаалаар нарийн бичгийн хийх ажлыг тодорхой заасан байхад би эсрэг саналтай байсан гээд оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-өөр албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..тушаалаар ажилтан Б.Гийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг үндэслэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ээлжит бус шалгалтаар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг зааж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Худалдааны албаны мэдэлд шилжүүлсэн байна. 4.1.3. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлаар Худалдааны албанд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг авч хэлэлцэн ажилтан Б.Гийг зөрчил гаргасан тендерийн хорооны нарийн бичгийг солих талаар хороог хуралдуулж шийдвэр гаргаагүй гэх үндэслэлээр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.1-д зааснаар хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байхад тушаалын үндэслэлд үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанг үндэслэлгүй гэж үзэв. Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хөдөлмөрийн Дотоод журмын 14.1-т Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Төмөр замын нийтлэг дүрэм, дотоод журам, хэм хэмжээ болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, Мөн дотоод журмын 14.2-т Сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэлийг ногдуулахаар тус тус заасан байна. 4.1.4. Ажил олгогчоос Б.Гт сахилгын шийтгэл оногдуулахдаа дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан сахилгын зөрчилд тооцох зөрчлийг гаргасан эсхийг тогтоогоогүй, тушаалд дурдсан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, удирдлагыг буруу мэдээллээр хангасан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг ноцтой зөрчсөн гэх зөрчлийг баримтаар тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах, Дотоод журмын 8.1.3, 8.1.7, хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан ажил үүрэг болон гаргасан зөрчилтэй нь холбогдуулан ажилтнаар тодорхойлолт бичүүлж, тайлбар авах, шаардлагатай мэдээлэл лавлагаа авах гэснийг зөрчсөн, тушаалын үндэслэл баримтаар тогтоогдоогүй, тушаалын үндэслэл болсон зөрчлийг Дотоод аудит хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар тогтоогоогүй тул ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан. 5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Г хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүрэг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул ТЗын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Худалдааны албаны орлогч даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны 219 хонгийг /6,108,344:3=2,036,115:21=96,957/ нэг өдрийн цалин 96,957 төгрөгөөр тооцож олговорт 21,233,583 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй. 6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч ТЗаас 264,118 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ТЗын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ..Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Гийг Худалдааны албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч ТЗаас 21,233,583 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ТЗаас 264,118 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА | | |