Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00827

 

 

2023 10 17

130/ШШ2023/00827

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын 5 дугаар баг оршин суух хаягтай, одоо К  Улсын А хотод оршин сууж байгаа, К овогт Б.А.

Хариуцагч: А аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, И овогт Т.М

Нэхэмжлэлийн шаардлага: 3 тооны гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,

Хариуцагч Т.М,

Гэрч Д.Б,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т.М-д холбогдуулан 3 тооны гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие ар гэрийн гачигдал гарч эхнэрээ эмчлүүлэх шаардлага гарсан тул К  Улсад 2015 оны намар түр хугацаагаар гэр бүлийн хамт явсан ба би өөрийнхөө мал хөрөнгөө таньдаг ойрын төрлийн хүмүүст захиж явсан юм.

1.2.Би өөрийн хэдэн адуугаа Д.Б-д хариуцаж байхаар захиж явсан юм.  Уг нь, миний мал урд жилүүд ч гэсэн Д.Б-д байсан. Гэтэл миний төрсөн зээ болох Т.М нь 2016 оны хавар унагалах гэж байсан хээлтэй хээр алаг зүсний гүү, ижил хээр алаг зүсний 2 насны 2 гүү, бүгд 3 гүүг Д.Б-д  “А аваарай гэж хэлсэн...” гээд аваад явсан байна.

1.3.Миний бие К-аас жил бүр ирдэг бөгөөд ирсэн болгонд Т.М дүүгээс адуугаа нэхэж асуухад тэрээр “би авсан нь үнэн, гүүгээ сааж ашиглаж байгаа, танд мөнгө, эсхүл 100кг ноолуур өгнө, та явахаас өмнө би өөрөө хүргэж өгнө” гэж хэлдэг байсан.

1.4.Миний бие  энэ зун буюу 2023 оны зун К-аас ирээд дахин түүний гэрт нь очиж “өгнө гэж байсан ноолуураа өг, эсхүл гүүгээ өг“ гэж хэлэхэд Т.М нь “чи мартах болоогүй уу, одоо чамд өгөхгүй, чи шүүхэд хандаад олоод ав” гэх мэтээр хэл амаар доромжлоод явуулсанд маш их гомдолтой явлаа.

1.5.Хариуцагч Т.М нь нэхэмжлэгчийн унгалах гэж байсан хээлтэй хээр алаг зүсмийн гүү, ижил хээр алаг зүсмийн 2 насны хоёр гүү, нийт гурван гүүг Д.Б-д “эдгээр гурван адууг Б.А аваарай” гэж хэлсэн гээд худлаа хэлж Д.Б-ын адуунд байсан дээрх гурван толгой малыг аваад явсан байна. Орон нутгийн зах зээлийн ханшийг үндэслэн 3 гүүг нийт 3,300,000 төгрөгөөр үнэлж байгаа.

1.6.Иймд хариуцагч Т.М-аас 3 гүүний үнэ болох 3,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

2.Хариуцагч Т.М нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч Б.А бол миний төрсөн нагац ах бөгөөд түүний хүү болох А.Х нь аймгийн төвд амьдардаг байсан ба тэрээр 2013 оны 11 дүгээр сард манай гэрт ирээд надад “...би өвлийн идшиндээ адуу гаргах гэсэн  юм. Гэтэл надад 1 унагатай гүү байна., та надад цуувай гүү өгч оронд нь миний унагатай гүүг аваач ээ, тэгэхгүй бол надад өөр идэш олдохгүй байна” гэж гуйсан тул би зөвшөөрөөд, өөрийн хээр зүсмийн цуувай гүүгээ өгч явуулсан.

2.2.Харин түүний надад өгсөн унагатай гүүг 2014 оны 3 дугаар сард Д.Б-ын адуунаас бариулж аваад, өөрийнхөө адуун сүрэгтээ нийлүүлэн малласан. А.Х-ийн  надаас авсан гүүг Б сумын Х овогтой А гэх залуу аймгийн төв рүү хөтлөөд түүний гэр нь хүргэж өгч байсан ба нэхэмжлэгчийн хүү А.Х2021 оны 9 дүгээр сард өвчний улмаас нас барсан юм.

2.3.Нэхэмжлэгч Б.А-ын хүү талийгаач А.Х бид хоёрын дунд дээрх байдлаар худалдаа наймаа явагдсан бөгөөд түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн. Уг нь 11 жилийн хугацаанд нэг унагатай гүү  20-30 тооны адуу болж өссөн байх ёстой. Тийм байхад нэхэмжлэгч надаас 3 гүүний үнэ нэхэж байгааг нь ойлгохгүй байна.

2.4.Энэхүү асуудал нь 2013 онд болсон байдаг. Тус оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн төрсөн хүү нь надад “Д  гэх хүний адуунд миний энэ жилийн идэшний, аавын бэлэг болгож өгсөн унагатай гүү байгаа. Тэр гүү туранхай байгаа тул унагатай нь та авч тарган адуу өгөх үү” гэж хэлэхэд нь өөрийн адуунаасаа идэшний тарган адуу барьж өгсөн болно. Тухайн унагатай гүүг авахаас өмнө Д  гэх хүнд очиж уулзаж учир байдлаа хэлэхэд “тухайн гүү байгаа нь үнэн, гэхдээ та хоёр төрөл садан хүмүүс хоорондоо тохирсон бол надад хамаагүй, авч яваарай” гэж 10 жилийн өмнө хэлж байсан.

Д  нь Б-ын эцэг нь бөгөөд түүний хэлсэнд итгэж, нэхэмжлэгчийн төрсөн хүүд тарган адуу барьж өгсөн. Үүнийг манай сумын 5 дугаар багийн иргэн А-т хөтлүүлж, аймагт авч ирж Х-кийн идшинд өгсөн. Тэр талаарх нотлох баримт болон Солдат гэх хүний өгсөн тодорхойлолт нь байгаа.

2.6.Нэхэмжлэгч Б.А энэ зун манай гэрт ирсэн. Надад “Д-аас авсан адууны үнийг авахаар ирсэн” гэж хэлсэн. Хариу болгож “Танаас гүү аваагүй, таны хүүгээс авсан. Хүү тань нас бараагүй байхад яагаад нэхэж аваагүй вэ, 11 жил болж байна шүү дээ” гэж хэлэхэд уурлаад яваад өгсөн.

2.4.Иймд Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.Нэхэмжлэгчээс А аймгийн Б сумын Я 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5-212 дугаартай тодорхойлолт, Б сумын Үнэ ханш тодорхойлох ажлын хэсгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэ ханшны тодорхойлолт”, гэрч Д.Б-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б.А-ын Монгол Улсын Е серийн гадаад паспортын хуулбар зэрэг бичгийн  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас Х.А, Х.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч Т.М нь унгалах гэж байсан хээлтэй хээр алаг зүсмийн гүү, ижил хээр алаг зүсмийн 2 насны хоёр гүү, нийт гурван гүүг Д.Бд “эдгээр гурван адууг Б.А аваарай” гэж хэлсэн гээд худлаа хэлж Д.Б-ын адуунд байсан дээрх гурван толгой малыг аваад үнийг төлөөгүй тул орон нутгийн зах зээлийн ханшаар 3,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 гүүний үнийг гаргуулахаар шүүхэд хандаж байна.

8.Хариуцагч Т.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Б.А-ын хүү талийгаач А.Х бид хоёрын дунд дээрх байдлаар худалдаа наймаа явагдсан бөгөөд түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн. Уг нь 11 жилийн хугацаанд нэг унагатай гүү  20-30 тооны адуу болж өссөн байх ёстой. Тийм байхад нэхэмжлэгч надаас 3 гүүний үнэ нэхэж байгааг нь ойлгохгүй байна. Тухайн унагатай гүүг авахаас өмнө Д  гэх хүнд очиж уулзаж учир байдлаа хэлэхэд “тухайн гүү байгаа нь үнэн, гэхдээ та хоёр төрөл садан хүмүүс хоорондоо тохирсон бол надад хамаагүй, авч яваарай” гэж 10 жилийн өмнө хэлж байсан. Иймд Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

9.1.Нэхэмжлэгч Б.А нь “2015 оны намар К  Улс руу явахад өөрийн хэдэн адуугаа Д.Б-д хариуцаж байхаар захиж явсан. Гэтэл миний төрсөн зээ болох Т.М нь 2016 оны хавар унагдах гэж байсан хээлтэй хээр алаг зүсний гүү, ижил хээр алаг зүсний 2 насны 2 гүү, бүгд 3 гүүг Д.Б-д  “А аваарай гэж хэлсэн...” гээд аваад явсан байна. 

 9.2.Хариуцагч Т.М нь нэхэмжлэгчийн хүү А.Х-ийн  хүсэлтээр 2013 оны 11 дүгээр сард өөрийн хээр зүсмийн цуувай гүүг идшинд зориулан өгч, оронд нь  1 унагатай гүү авсан... унагатай гүүг 2014 оны 3 дугаар сард Д.Б-ын адуун сүргээс бариулж аваад, өөрийнхөө адуун сүрэгтээ нийлүүлэн малласан” гэж тайлбарласан.

9.3.Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Б мэдүүлэгтээ: “Хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед Б.А К  Улсад нүүгээгүй байсан. Т.М надтай ирж, уулзаж “Б.А-ын гүүг авахаар боллоо” гэж хэлсэн болохоор алаг гүү 10 настай, алаг унага, хээр алаг даага эм 3-ыг барьж өгсөн. Дараа нь тэр талаараа Б.А-ын өөрт нь хэлэхэд Т.М-тай адууны тооцоогоо өөрөө хийнэ” гэсэн байна.

9.4.Хариуцагчаас гаргаж өгсөн Х.А-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: 2013 оны 11 дүгээр сард А.Х гүү байна, тарган идэшний адуу өгсөн хүнд өгнө гэсэн. Тэгээд Т.М тарган гүү өгнө унагатай гүүг авсан, гүүг би аймагт хүргэж өгсөн. И-ы хашаанаас А.Х өөрөө ирж аваад явсан” гэсэн байна.

мөн Х.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.Х2013 оны 11 дүгээр сард Мектепханаас идэшний тарган гүү аваад оронд нь унагатай гүү өгсөн нь үнэн. Унагатай гүүг миний адуунд тавьсан гэсэн байна. 

9.5.Нэхэмжлэгч Б.А нь К  Улс руу 2015-2023 онуудад А аймгийн Ц боомтоор жил болгон орж ирж, гарч байсан нь түүний Монгол Улсын Е серийн гадаад паспортын бичилтээр тогтоогдож байна.

9.5.Б сумын Үнэ ханш тодорхойлох ажлын хэсгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэ ханшны тодорхойлолт”-оор А аймгийн Б сумын хэмжээнд нас бие гүйцсэн хээлтэй гүү 1,800,000 төгрөг, шүдлэн 1,000,000 төгрөг, унага 500,000 төгрөгийн тус тус үнэ ханштай гэсэн байна.

Энэ үнэ ханшны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Б.А хариуцагч Т.М-аас нэг гүү 1,800,000 төгрөг, дага 1,000,000 төгрөг, унага 500,000 төгрөг бүгд 3,300,000 төгрөг нэхэмжилсэн байна.

9.6.Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2013 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн хүү А.Х2013 оны 11 дүгээр сард хариуцагч Т.М-аас идэшний тарган гүү аваад оронд нь Д.Б-ын адуун сүрэгт байгаа Б.А-ын гэх адуунаас унагатай гүү өгснөөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн “арилжааны гэрээ” байгуулагдсан байна.

Энэхүү үйл баримтын талаар буюу гэрч Д.Б нь өөрийн адуун сүрэгт байгаа Б.А-ын гэх адуунаас унагатай гүү, даагыг Т.М-д барьж өгсөн талаар нэхэмжлэгч Б.Ат К  Улсад яваагүй (нүүгээгүй) байхад мэдэгдсэн болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

9.7.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн А аймгийн Б сумын Я 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5-212 дугаартай тодорхойлолтод: “Тус багийн бүртгэлтэй оршин суугч Б.А нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан мал болох бүгд 88 үүнээс адуу 6, үхэр 6, хонь 28, ямаа 48 мал тоолуулсан...” гэсэн боловч нэхэмжлэгчид хээлтэй гүү, даага тоолуулсан эсэх нь тодорхойгүй байна.

9.8.Нэхэмжлэгч Б.А нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хилээс гарч К  Улс руу явсан нь, мөн К-аас жил бүр ирж байсан нь түүний гадаад паспортад дарсан тэмдэглэгээгээр тус тус нотлогдож байгаа.

Харин түүний ирэх болгонд Т.М-аас гүүгээ нэхэж асуухад тэрээр “би авсан нь үнэн, гүүгээ сааж ашиглаж байгаа, танд мөнгө, эсхүл 100кг ноолуур өгнө, та явахаас өмнө би өөрөө хүргэж өгнө” гэж хэлдэг байсан гэх боловч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан эсэх нь, үнийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцсон эсэх нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

9.9.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаА эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн өнгөрөөсөн байна.

9.10.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар нэхэмжлэгчийн шаА эрх нь гэрч Д.Б-ын “...унагатай алаг гүү, алаг даага зэрэг 3 тооны адууг Т.М гэх хүн Б.А гэх хүнээс авсан гэхээр нь би түүнд барьж өгсөн. Нэхэмжлэгч Б.Ат К  Улсад яваагүй байхад энэ талаар түүнд хэлсэн...” гэж мэдэгдсэн өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

9.11.Гэрч Д.Б нь хэдэн онд байсныг санахгүй байгаа гэх боловч тухайн үед Б.А К  Улсад нүүгээгүй байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог ба нэхэмжлэгч Б.А нь хэзээ хэрхэн мөнгөө шардаж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй болно.

9.12.Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Т.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь хуульд нийцэж байна.  

10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Т.М-аас 3 гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч И овогт Т.М-аас 3 тооны гүүний үнэ 3,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К овогт Б-А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 (жаран долоон мянган долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК