Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 666666666666 овогт Ч-н А-д холбогдох эрүүгийн 201726030469 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.М /томилолтоор/, шүүгдэгч Ч.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .......................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгино” амралт сувиллын газрын 249 дугаартай өрөөнд иргэн П.Т-ийн нүдэн тус газар нь гараараа 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Ч.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Хишигжаргал руу утсаар ярихад “Сонгино” амралт сувиллын газарт байна гэсэн. Тэгэхээр нь би “Бөмбөгөр” худалдааны төвөөс нэг шил 0,5 литрийн Чингис архи болон Жанчивлан рашаан нэг шилийг аваад 18 цагийн үед очсон. Тэгээд авчирсан архиа уусан. Гэтэл Хишигжаргал намайг хөөсөн. Миний хамар луу цохисон. Тэгэхээр нь хажуу талын хүнээ цохиод харсан чинь Тунгалагийн нүдний доод талаас цус гарч байсан. Тэгээд намайг хоёр цагдаа ирээд намайг аваад явсан. Тэгээд Цагдаагийн газар хоносон, маргааш нь байцаалт авсан.

Би хохирогчийн эмчилгээний зардалд 1.220.000 төгрөг төлсөн, хохирол бүрэн төлөгдөж, хохирогч Тунгалаг нь гомдол саналгүй гэсэн байгаа. Би хохирогч Тунгалагийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030469 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч П.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байх “Сонгины” амралт сувиллын төвд үйлчлүүлэхээр хамаатны дүү болох Ц.Хишигжаргалын хамт ирсэн. Тэгээд тус амралтын газрын хоёр давхарт 249 дугаартай өрөөнд байрласан. Бид хоёр өдрийн хоолоо идчихээд өрөөндөө буцаж ирээд ор дэрээ янзлаад сонин сайхан яриад сууж байтал 16 цагт амралтын газраас жүүс өгнө гэхээр нь өрөөнөөсөө дөнгөж гарах үед Хишигжаргалын утас дугараад тэгээд Ч.А /анивчаа/ гэж дууддаг гэж Хишигжаргал хэлж байсан, хоорондоо утсаар ярьж байгаад салгасан. Хишигжаргал надад миний таньдаг анивчаа гэж хүн байдаг юм, ирнэ гээд байна тэгэхээр нь би юм уучихсан бол ирээд хэрэггүй гэж хэлчихлээ гэж байсан. Тэгээд 18 цагийн хоолонд орчихоод гадаа сууж байтал Хишигжаргалын утас дахин дугараад ярьж байснаа утсаа таслаад нөгөө анивчаа ярьлаа ойрхон явж байна хүрээд ирье гэнээ гэж хэлээд 5 орчим минутын дараа саарал өнгийн суудлын тэрэгнээс танихгүй 55-60 орчим насны эрэгтэй хүн саарал тортой зүйл бариад бууж ирээд Хишигжаргалтай хэсэг юм ярьж байгаад миний байсан 249 дугаартай өрөөнд орохоор болоод бид гурав хамт орсон.

Тэгээд тухайн хүн торон дотроосоо нэг шил 0,5 литрийн савалгаатай Чингис архи болон Жанчивлан нэртэй рашаан нэг шилийг гаргаж бид 3 хамт хувааж уусан. Тэгээд бид 3 нөгөө архиа ууж дуусгаад байж байтал гэнэт миний нүдрүү хүн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би нүдээ гараараа дарсан чинь миний нүднээс цус гарсан байхаар нь Хишигжаргалд хандан “би та хоёрт ямар буруу юм хийсэн юм бэ? Миний нүднээс цус гарч байна” гэж хэлээд өрөөнөөс гараад нэг давхрын шат руу буух үедээ жижүүрээ би зодуулчихлаа гээд орилсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг цохисон хүнийг аваад явсан.

Би тухайн үед Ч.А гэж хүнийг хөөсөн зүйл байхгүй, би тэр хүнийг танихгүй архи ууж байх үед бараг юм яриагүй зайл яв гэж хэлээгүй бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй байхад гэнэт л намайг цохиод авсан. Би Ч.Аээс эмчилгээний зардал гэж 2.0 сая төгрөг нэхэмжилсэн боловч Ч.А нь надад эмчилгээний зардал гэж нийт 1.220.000 төгрөг өгсөн. Би нийт 1.312.540 төгрөг эмчилгээнд зарцуулсан ба баримтуудаа бүгдийг нь хэрэгт хавсаргахаар өгсөн. Би түүнээс дахин мөнгө авахгүй ямар нэг гомдол санал байхгүй. Миний биеийн байдал одоо хэвийн болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14х/,

 

2. Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хамаатан Тунгалагтай ХУД-н 12-р хорооны нутаг дэвсгэрт байх Сонгины амралтын газар ирж амарсан. Хэрэг гардаг өдрийн 16 цагийн орчим Ч.А над руу утсаар яриад “чи хаана байна” гэж асуухаар нь би байгаа газраа хэлж өгсөн. Тэгсэн Ч.А надаас “би очиж болох уу” гэж асуухаар нь үгүй гэж хэлээгүй өөрийг нь хаана явж байгаа юм бэ гэж асуусан. ... 18 цагийн үед Тунгалаг бид хоёр амралтын газрын хашаанд сууж байхад саарал өнгийн машинаас Ч.А бууж ирсэн. Ирэхдээ саарал торон дотор 0,5 литрийн Хар чингис архи, савтай цэвэр ус барьсан байсан. Тэгээд Ч.А танай өрөөнд оръё гээд Тунгалаг бид гурав хамт дотогшоо өрөөнд орсон. Тэгээд түүний авчирсан архийг бид гурав хувааж уусан.

Архиа ууж дуусаж байх үед Ч.А надад хоноод явъя гэж хэлэхээр нь би дургүйцээд “хоёрхон ор байхад чи хаана унтах гээд байгаа юм, чи яв” гэж хэлсэн чинь өөдөөс нь хараад сууж байсан Тунгалагийг гараараа шууд л цохиод авсан. Тэгээд Тунгалаг нүдээ дараад босох үед нүднээс нь цус гоожиж байсан. Тунгалаг өрөөнөөс гараад “намайг хүн зодчихлоо” гээд орилсон. Удалгүй цагдаа ирээд Ч.Аийг бариад явсан. Тухайн үед Ч.А нилээн согтуу байсан ба зарим ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй нүүр нь улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

3. Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 4 сарын 13-нд ажиллаж байсан ба 19 цагийн орчим манай амралтын газрын амрагч эмэгтэй нүднээс нь цус гоожсон байдалтай 2 давхараас “би хүнд цохиулчихлаа” гээд хэлж байсан. Тунгалагийн амарч байсан 249 тоот өрөөнд хэрүүл, зодоон хийх чимээ сонсогдоогүй. Би 249 тоот өрөөнд орж шалгахад өрөөнд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нийт гурвуулаа архи уусан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,

 

4. Шинжээч эмч М.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 4 сарын 14-ний өдөр үзлэгээр П.Тийг үзэхэд баруун нүдний алим, баруун шүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.Тийн биед учирсан гайморын хөндий рүү 0,3 см гүн хэмжээтэй цөмөрсөн гэмтлийг тусгай багажаар тогтоодог юм. Уг багаж нь гайморын хөндий рүү цөмөрсөн гэмтлийг тогтоох ба томографийн зургаар харуулдаг. П.Т нь томографийн зураг авхуулаагүй байсан тул би гэмтлийн ил харагдах байдлаар нь үзлэг хийгээд дүгнэлтээ гаргасан. Зургаас харахад Тунгалагийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлт нь анх гарсан дүгнэлтээс өөрчлөгдөх боломжтой ба бусад шинжилгээнээс хамаарна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5088 тоот:

1. П.Т-н биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

 

6. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 563 тоот:

1. П.Т-н биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. П.Т-ийн баруун талын нүдний ухархайн доод хана 1,2х0,5 см хэмжээтэй хэсэгт дотогш гайморын хөндий рүү 0,3 см гүн хэмжээтэй цөмөрсөн шинэ хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 24-25х/,

 

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,

 

8. Шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 3 сарын 13-ны өдөр 18 цагийн орчим өөрийн найз Хишигжаргалыг эргэж очихоор ХУД-н 12-р хорооны нутаг дэвсгэрт байх Сонгино амралт сувиллын газар нэг шил 0,5 литрийн Чингис архи болон Жанчивлан рашаан нэг шилийг аваад очсон. Намайг очих үед Хишигжаргал тус амралтын газрын хашаанд сандал дээр танихгүй эмэгтэйтэй сууж байсан ба би Хишигжаргалаас авчирсан архиа өрөөнд чинь ороод хамт ууя гэж хэлээд амралтын байрны 2 дугаар давхарт байх 249 дугаарын өрөөнд гурвуулаа хамт орсон. Тэгээд бид 3 миний авчирсан архийг хувааж уугаад дуусах үед Хишигжаргал намайг одоо яв гээд байсан. Би уул нь хонох зорилготой очсон боловч яв гээд байсанд уур хүрээд миний баруун гар талд сууж байсан Тунгалагийг баруун гараараа нэг удаа нүд рүү нь цохисон. Гэнэт л уур хүрээд цохисон, архи уусан байсан болохоор л биеэ барьж чадаагүй байх. Тэгсэн чинь Тунгалаг босоод нүдээ дараад өрөөнөөс гарч яваад удалгүй орж ирсэн. Тэр үед Тунгалагийн нүднээс цус гарсан байсан. Удалгүй 2 цагдаа өрөөнд орж ирээд намайг аваад явсан. Тунгалагийн хэлсэн зүйл үнэн зөв байна. Би түүний нүдийг санаатай цохиё гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, 41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч П.Оюунсүрэн /хэргийн 18х/, Г.Буданхүү /хэргийн 19х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 43-44х, 50х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 45х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46х/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 47х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 48х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Аийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн орой 19:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгино” амралт сувиллын газрын 249 тоот өрөөнд иргэн П.Т-ийн нүдэн тус газар нь гараараа 1 удаа цохиж,  түүний биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан болох нь:  

- хохирогч П.Т-ийн: “...2017 оны 4 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байх “Сонгины” амралт сувиллын төвд хамаатны дүү болох Ц.Хишигжаргал, түүний найз Ч.А нарын хамт Ч.Аийн авчирсан ... нэг шил 0,5 литрийн савалгаатай Чингис архи болон Жанчивлан нэртэй рашаан нэг шилийг гаргаж бид 3 хамт хувааж уусан. Тэгээд бид 3 нөгөө архи ууж дуусгаад байж байтал гэнэт миний нүдрүү хүн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би нүдээ гараараа дарсан чинь миний нүднээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14х/,

- гэрч Ц.Хишигжаргалын: “...2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамаатан Тунгалагтай ХУД-н 12-р хорооны нутаг дэвсгэрт байх Сонгины амралтын газар ирж амарсан. Хэрэг гардаг өдрийн 16:00 цагийн орчим Ч.А над руу утсаар яриад “чи хаана байна” гэж асуухаар нь би байгаа газраа хэлж өгсөн. ... 18 цагийн үед Тунгалаг бид хоёр амралтын газрын хашаанд сууж байхад саарал өнгийн машинаас Ч.А бууж ирсэн. Ирэхдээ саарал торон дотор 0,5 литрийн Хар чингис архи, савтай цэвэр ус барьсан байсан. Тэгээд Ч.А “танай өрөөнд оръё” гээд Тунгалаг, бид гурав хамт дотогшоо өрөөнд орсон. Тэгээд түүний авчирсан архийг бид гурав хувааж уусан.

Архиа ууж дуусаж байх үед Ч.А надад “хоноод явъя” гэж хэлэхээр нь би дургүйцээд “хоёрхон ор байхад чи хаана унтах гээд байгаа юм, чи яв” гэж хэлсэн чинь өөдөөс нь хараад сууж байсан Тунгалагийг гараараа шууд л цохиод авсан. Тэгээд Тунгалаг нүдээ дараад босох үед нүднээс нь цус гоожиж байсан. Тунгалаг өрөөнөөс гараад “намайг хүн зодчихлоо” гээд орилсон. Удалгүй цагдаа ирээд Ч.Аийг бариад явсан. Тухайн үед Ч.А нилээн согтуу байсан ба зарим ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй, нүүр нь улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

- гэрч Г.Батжаргалын: “...Би 2017 оны 04 сарын 13-нд ажиллаж байсан ба 19:00 цагийн орчим манай амралтын газрын амрагч эмэгтэй нүднээс нь цус гоожсон байдалтай 2 давхараас “би хүнд цохиулчихлаа” гээд хэлж байсан. Би 249 тоот өрөөнд орж шалгахад өрөөнд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нийт гурвуулаа архи уусан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,

- шинжээч эмч М.Золжаргалын: “...Би 2017 оны 04 сарын 14-ний өдөр үзлэгээр П.Тийг үзэхэд баруун нүдний алим, баруун шүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5088 тоот /хэргийн 23х/, 563 тоот /хэргийн 24-25х/ дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-10х/, шүүгдэгч Ч.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Ч.А-ийн дээрх үйлдлийг “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин догшин авирлаж танхайрсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байхад 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль тус тус хүчингүй болж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн уг гэмт хэргийн хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох “догшин авирлаж үйлдэх”, мөн  “ганцаараа нийтийн хэв журам зөрчих, танхайрах” гэсэн ойлголтууд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгагдаагүй, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.  

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Энэ хэргийн хохирогч П.Т-ийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь шүүгдэгч Ч.А түүний нүдэн тус газар нь гараараа цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн /цохих/ улмаас  хор уршиг учирсан /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол/ байдал яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас  шүүгдэгч Ч.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгино” амралт сувиллын газрын 249 тоот өрөөнд иргэн П.Тийн нүдэн тус газар нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна. /хэргийн 76-77х/,

 

Иймд шүүгдэгч Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй хэдий ч түүний өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “...Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ч.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчим зөрчсөн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаар тодорхой зохицуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласан албан ёсны тайлбар байхгүй, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон /2002 оны ЭХ-ийн 181.2.1/ зүйлд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хууль хэрэглээний алдаатай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул шүүх Ч.Алтанцэгмидэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргасныг дээр дурьдсан үндэслэлээр шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.    

 

Гэмт хэргийн хохирол, хор уршигийн тухайд:

 

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн хохирогч П.Т нь: “ 2017 оны 04 сарын 13-ны өдөр Сонгино амралт сувилалд амрахаар очсон өдрөө 19:00 цагийн үед Ч.А гэдэг хүнд зодуулж, нүдэндээ гэмтэл авсан, 1.100.000 төгрөг хохирол барагдуулсанд тооцон авсан, мөн томографийн зургийн үнэ 120.000 төгрөг 2017 оны 04 сарын 18-нд хүлээн авсан, нийт 1.220.000 хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж, энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан /хэргийн 57х/  байх тул шүүгдэгч Ч.Аээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон тул  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчим, шаардлагад нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Ч.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүх, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Ч.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. ............ овогт Ч-ын Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ч.А нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД