Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/18 

 

К.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Б-д холбогдох эрүүгийн 2113000000031 дугаартай хэргийг хохирогч С.С, шүүгдэгч К.Б болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогч С.С, хяналтын прокурор М.Парида, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын  дүгээр багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч И  овогт Кын Б /РД:000000/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23.00 цагийн үед тус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.С-ы толгойн тус газарт, хэд хэдэн удаа гараараа цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолоор: 

“1. Шүүгдэгч И  овогт Кын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3- т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Б-д тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдал доордсон гэж үзэж байна.

Шүүгдэгч К.Б урьд иргэн Т.А гэгчтэй бүлэглэн 2018-оны 10 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газрын Ёлтын сав газрын "Шар гэр" хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинээс мод, 6 ширхэг 2 нойтон шинээс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693,694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 2.3-т зааснаар шүүгдэгч К.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед тус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.С-ы толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дахин холбогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулсан байна. Шүүх К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахдаа шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанаас үлдсэн хугацааг шууд хорих ялаар сольж байгаа нь үндэслэл муутай болсон байна. Хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэрэгт ял оногдуулах ёстой байсан. Ингэхдээ түүний холбогдсон 1913003510247 дугаартай эрүүгийн хэрэгт ял оногдуулах ажиллагаа хийх ёстой байтал тэнссэн 2 жилийн хугацаанаас үлдсэн хугацааг шууд хорих ялаар сольж шийтгэл хүлээлгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгээр ял оногдуулахдаа 1913003510247 дугаартай эрүүгийн хэргийн материалыг бүхэлдээ хянан үзэж тухайн гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг аль тохирохыг оногдуулах ёстой байсан. Анхан шатны шүүхээс 1913003510247 дугаартай эрүүгийн хэргийн материалыг судлахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанаас үлдсэн хугацааг шууд хорих ялаар сольж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж заасан. Анхан шатны шүүх 2 шийтгэх тогтоолоор 2 өөр төрлийн ял оногдуулсан ба хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 900 нэгжээр торгох ялыг 60 хоногийн хорих ял болгож өөрчлөн, түүний биеэр эдлэх ялд нэмж нэгтгэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал доордсон. К.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хороо арилгасан, гэмшсэн, эхнэртэйгээ эвлэрсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн үзээгүйд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч С.С-ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Нөхөр болох К.Б нь жолооч мэргэжилтэй ба том машинаар хөлсөөр явдаг байсан. К.Б нь өөрөө ямар нэгэн байдлаар мод бэлтгэх ажиллагаанд ч оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй байсан. хууль зүйн мэдлэг дутмаг байсны улмаас тухайн үед тэнцэх ял авч байсан байна.

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед ахуйн маргааны улмаас намайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байсан. Урьд өмнө нь ямар ч хэрүүл маргаан хийдэггүй хүн тухайн үед архидан согтуурсны улмаас ухаан санаагаа нь алдаж намайг зодсон. Б нь архи уудаггүй байсан ба тухайн өдөр л архи ууснаас болж надад гар хүргэж байсан. Би цагдаагийн газарт болсон асуудлын талаар ярихад шалгаж эхэлсэн. Нөхөр маань төлөв даруу зантай. хөдөлмөрийн чадвар алдсан тахир дутуу хүн учраас бусдад ямар нэгэн гэмгүй хүн байсан.

Шүүх нь түүнийг 1 жил 4 сарын хугацаанд ял шийтгүүлж байгаад гомдолтой байна. Би ч гэсэн бөөр болон зүрхний өвчтэй хүн. Хөдөө мал маллаж амьдардаг. Нөхөр маань хоригдсоноос болж би гэртээ ганцаараа үлдсэн. Би ганцаараа хэдэн тооны малдаа эзэн болж чадахгүй байдалд хүрлээ. Алтай суманд цаг агаар хүйтэрч, хүчтэй салхи салхилж, хаврын хавсаргаас гадна мал төллөж байгаа энэ үед ганцаараа үлдсэн надад үнэхээр хэцүү байна. Мал амьдрал бүрхэг болж байна. Мөн нөхрийн маань эрүүл мэндийн байдал нь хоригдсоноос болж улам дордож байгаа юм байна. Иймд нөхөрт маань оногдуулсан ялыг өөрчилж, хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 49 дугаартай шийтгэх тогтоолоор К.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900000 төгрөгөөр торгох ялыг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтыг журамлан шүүгдэгч К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 60 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч К.Б-д холбогдох хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцсэн.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаангүй учраас шүүгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг нэгтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч шүүгдэгч К.Бйн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг зааснаар улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлаж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээс тодорхой харагдаж байна.

Гэтэл шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх шийдвэрийг гаргахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэл түр завсарлуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх үед хавтаст хэрэгт шүүгдэгч К.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар болон үлдэгдэл ялын тооцоог гаргасан Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/306 дугаартай албан бичиг авагдсан байсан тул шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохоор шүүх хуралдааныг түр завсарлуулах шаардлагагүй байсан болно.

Анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааныг түр завсарлуулсан, шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна”, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч С.С, шүүгдэгч К.Б болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадалгаа, хохирогч С.С-ы мэдүүлгүүд, гэрч С.Т-гийн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар дүгнэлт, К.Б-н яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч К.Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23.00 цагийн үед, Баян-Өлгий аймгийн А сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрших өөрийн байшиндаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ахуйн хүрээний маргааны улмаас эхнэр С.С-ы толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт бүрэн тогтоогджээ.

Прокуророос К.Б-н дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа, мөн яллах дүгнэлт үйлдэж хэргийг зүйлчлэн шүүхэд шилжүүлэхдээ, түүнчлэн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Шүүгдэгч К.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.С-ы биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон боловч түүний уг үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго бүхий нөхцөл байдлуудыг хамааруулж ойлгох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эдгээр нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч К.Б-н хувьд тухайн цаг мөчид согтуугаар, эхнэр С.С-ы биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь ахуйн хүрээний, үл ялих маргаан, шалтгаанаас үүдэлтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго, шинжгүй байх тул түүний бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын агуулга нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд шүүгдэгч К.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Урьд өмнө Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Б-г бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Гэтэл К.Б нь тэнссэн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч К.Б-д холбогдох тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулсан нь хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна.

 

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай, хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, түүнд тусгагдсан хэргийн нөхцөл байдал, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн, уг шийтгэх тогтоолд шүүгдэгч нь учруулсан хохирлыг төлж барагдуулсныг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар тэмдэглэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг хөнгөрүүлэн өөрчилж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь ял оногдуулах нийтлэг журамд нийцнэ гэж дүгнэв. Харин түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх үндэслэлтэй байна.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоожээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас шүүгдэгчид оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдалд нийцнэ гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч К.Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан, түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэг жил, зургаан сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэмдэглэж байна.

4. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч К.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул хохирогч С.С-ы “нөхөрт маань хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх, түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайыпын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” тухай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр явуулсан шүүх хуралдааныг мөн өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар 3 дугаар сарын 30-ны өдрийн 08.00 цаг хүртэл “шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлага гарсан” гэх үндэслэлээр завсарлуулж, энэ хугацаанд шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг тодорхойлох баримтууд болон түүний урьд ял шийтгүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан нь тухайн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хэрэглээтэй холбоотой буюу хуульд заасанчлан бусад хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна гэж дүгнэв.

Шүүхийн дээрх үйл ажиллагаа нь прокурорын эсэргүүцэлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах буюу хэргийг төвлөрүүлэн шийдвэрлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа учраас “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар шүүгдэгч К.Б-н цагдан хоригдсон 56 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

“11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч К.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж өөрчлөн,

1 дэх заалтыг “Шүүгдэгч И  овогт Кын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-г дөрвөн зуун тавин /450/ нэгж буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар” гэснийг “нэг /1/ жилийн хугацаагаар” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял, дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэг /1/ жил зургаан /6/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэмдэглэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.С, шүүгдэгч К.Б болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бйн цагдан хоригдсон 56 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын

 

журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

 

                                                                                                            С.ӨМИРБЕК