Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /РД: *******,

Хариуцагч: Д.*******, , нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Д.*******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч Д.Т*******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Д.*******, , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0044811 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] Д.*******, , нар нь Иргэн Д.Т*******аас гаргасан гомдол, мэдээллийн дагуу *******-ийн шатахуун түгээх станцаас 60,000 төгрөгийн шатахуун худалдан авахад 40,000 төгрөгийн баримт шивж, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй баримт олгосон гэх асуудлыг шалгаж, *******-г борлуулалтын үнийн дүн зөрүүтэй олгосон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу 13,055,968,958.35 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. ******* нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22/4215 дугаартай албан бичгээр нарын Шийтгэл оногдуулах тухай 0044811 дугаартай торгуулийг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт албан бичгээр[2], 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22/4225 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандан тус компанид холбогдуулан торгосон шийтгэлийн хуудсыг эргэн харж, торгуулийг хүчингүй болгох, татварын сүлжээнд үүсгэсэн өр төлбөртэй эсэх статусыг өөрчлөх болон тус компанийн зүгээс шатахуун худалдан авалт тутамд олгодог 3 хувийн урамшууллын системийг зогсоосон тухай албан бичгээр[3] тус тус хандсан боловч *******-д хариу ирүүлээгүй байна.

2.3.Улмаар *******-аас Д.*******, , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2.4. Тус шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/0270 дугаар захирамжаар[4] захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж торгох шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй, мөн нотлох ажиллагаа хийгээгүй, хууль буруу хэрэглэсэн тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.

Байцаагч ******* 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т*******ын гомдлыг хүлээн авсан атлаа 8 хоногийн дараа буюу 2022 оны 10 сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг нээхдээ *******-д биш ******* компанийн төлбөрийн баримт баталгаажуулаагүй, үнийн дүн зөрүүтэй баримт олгосон үйлдэлд зөрчлийн хэргийн дугаар авсан байдаг.

Өөрөөр хэлбэл үнийн дүн зөрүүтэй олгосон гэх бүртгэлийн ГХ-22430 гомдол, мэдээллийг шалгаад үүсгэсэн бөгөөд хохирогч Т*******аас мэдүүлэг авсны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна, мөн зүйлийн 6.12-т татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шалгана гэж заасан байхад Баянзүрх дүүрэг дээр байгаа и-баримтыг татаж авчраад Сонгинохайрхан дүүрэг дээр шалгаж, хольж хутгаж, манайд үндэслэлгүйгээр торгууль оногдуулсан.

Сонгинохайрхан дүүргийн татварын байцаагч нар нь и-баримтыг нь авч үзэлгүй, зөвхөн иргэний гомдлоор хэрэг үүсгээд, иргэний гомдлыг нягталж үзэлгүй, Баянзүрх дүүрэг дээр байгаа шатахуун түгээх станц юм уу, Сонгинохайрхан дүүрэг дээр байгаа шатахуун түгээх станц юм уу, хоёр и-баримт байгаа юм уу, нэг и-баримт байгаа юм уу гэж нягталж үзэлгүйгээр, хууль бусаар торгууль ногдуулж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

*******-ийн нийт гаргасан зөрчилд холбогдуулаад бүх нутаг дэвсгэрт гарсан үнийн дүн зөрүүтэй буюу 3 хувийн урамшуулал олгоод байгаа нь хууль зөрчсөн байна гэдэг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 3.1-д заасан төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэсний дагуу 15,000,000 төгрөгөөр торгоод, өнөөдрийн байдлаар манайх энэ зөрчлөө залруулаад үнийн дүнд нь тохирсон и-баримтыг олгодог болсон. Өөрөөр хэлбэл, гаргасан зөрчилдөө шийтгэлээ авчихсан гэж үзэж байгаа... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... нар баримтаа нарийн шалгаж тогтоолгүй, манай талд эрхийг маань эдлүүлэхгүй, ямар нэгэн байдлаар танилцуулаагүй байж хэрэг нээсэн гэж нэг удаа дуудсан болоод өндөр үнээр торгууль тавьсан.

Дээрээс нь борлуулалтын орлогын 20 хувь гээд 13 тэрбум төгрөгийн торгууль тавьж байгаа юм. Гэтэл энэ чинь ганцхан шатахуун түгээх станцаас авсан шатахууны баримт. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс *******-ийн 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зуун хэдэн шатахуун түгээх станцын тухайн сарын борлуулалтын орлогыг авч үзээд торгууль тавьсан.

Татварын ерөнхий газар нь өөрөө үүнийг шалгаад, борлуулалтын орлогыг нь тогтоох боломжгүй байна гэсэн.

Энэ зөрчлийн хэрэг нь анхнаасаа ******* ХХК дээр нээгээд явчихсан юм байна гэж би ойлгож байгаа. Манайх бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэл дээр ******* гэдэг албан ёсны нэртэй.

Их хэмжээний мөнгөн торгууль тавьчхаад бид нарт тайлбарлаж өгөөгүй, танилцуулаа ч үгүй, шууданд хийгээд л явуулсан байсан. Манай компанийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн татварын улсын гурван байцаагчийн шийтгэл эхнээсээ хууль зөрчөөд явчихсан юм байна, үндэслэлгүй юм байна гэж ойлгож байгаа... гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Татварын ерөнхий газар дээр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр торгуулсан нь ******* зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулсан явдал юм.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2 дээр үнийн дүнг зөрүүтэй олгосон бол өмнөх сарын борлуулалтын орлогын 20 хувиар торгоно гэж байгаа юм. 15,000,000 төгрөгөөр торгож байгаа нь борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол 15,000,000 төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу торгосон байгаа.

Тэгэхээр бид нар борлуулалтын орлогыг яагаад тодорхойлох боломжгүй гэж үзэхгүй вэ гэхээр тухайн сарын НӨАТ-ын тайлангаа татварын албанд өгөөд, тэр нь баталгаажсан, нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа тайланг шалгаад баталгаажсан учраас тухайн аж ахуйн нэгжийн борлуулалт тодорхой байна гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгч талаас юу гэж байна вэ гэхээр иргэн буруу бүртгүүлсэн учраас манай дээр зөрчил болчихлоо гэж тайлбарлаад байна. Үгүй юм. Ер нь бол баримтыг хэвлэж өгч байгаа үнийн дүн зөрүүтэй байгаа учраас энэ бол зөрчил гэдгийг манайхан тогтоогоод шийтгэсэн байна.

*******-ийн гүйцэтгэх захирал П******* гэдэг хүнээс татварын хэлтэс дээр тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөөч, иргэнд тухайн үед 1,800 төгрөгийн зөрүүтэй баримт олгосон гэдэг асуудлаас болж их хэмжээний мөнгөөр торгож байгаад гомдолтой байна гэсэн байдаг.

Зөрчлийн тухай хуульд мөнгөн дүнгээс зөрүүтэй олгосон бол гээд торгуулийн хэмжээг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Байцаагч сонгоод багасгах, ихэсгэх боломжийг хуульд огт заагаагүй. Хоёрдугаарт, зөвхөн тухайн салбар дээр торгосонгүй гэж хэлээд байна. Зөрчлийн тухай хуульд тухайн аж ахуйн нэгжийг торгоно гэж байгаа болохоос биш, тухайн аж ахуйн нэгжийн тэр салбарыг нь торгоно гэсэн заалт хуульд огт байхгүй. Татварын байцаагч нар энэ хуулийг хэрэгжүүлж ажилладаг.

Тийм учраас хуулийн заалтын дагуу бид нар арга хэмжээгээ авсан. Байцаагч нар зөрчлөөр маш олон асуудлыг шийдэж байдаг. Энэ нь хэцүү байна, энэ нь том аж ахуйн нэгж, энэ нь эрх мэдэлтэй хүнийх гээд бид нар тэрийг бууруулаад, бусдад давуу байдал олгох боломжгүй учраас бид хуулиа хэрэгжүүлээд, хуулийн хүрээнд арга хэмжээгээ аваад явсан... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Д.*******, , нараас дахин шинэ акт гарах хүртэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Шүүхээс зөрчлийн үйл баримтыг тодруулахаар гэрч Д.Т*******аас тайлбар авахад тэрээр ...Өмнөх авсан байсан шатахууныхаа баримтын үнийн дүнг холиод оруулсан юм шиг байна билээ. Тэр нь орохгүй болохоор шууд гомдол гаргасан..., тухайн өдөр 40,000 төгрөгийн баримтаа уншуулахдаа 60,000 төгрөг солиод бичсэн..., андуурал гарсан гэж хэлмээр байна..., урамшууллаа хадгалах уу, эсвэл шууд авах уу гээд сонголт гараад ирж байгаа. Өмнөх дээр нь бол урамшууллаа авчихъя гээд дандаа аваад байдаг байсан. Тухайн үед урамшууллаа үлдээгээд авсан..., 60,000 төгрөгөөр бензин авчхаад 3 хувиа хасаад хөнгөлөлтөө авахаар үнийн дүн нь 58.200 төгрөг болж байгаа юм... гэж мэдүүлсэн.

Гэтэл энэ үйл баримтад нараас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсаар *******-ийн шатахуун түгээх станцууд ...төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон... гэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2-т төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн *******-ийн зөрчил гаргасан тухай сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар тодорхойлсон үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн болох 13,055,968,958.35 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0045405 дугаартай шийтгэлийн хуудсаар энэхүү маргааны үйл баримтад дурдагдаж буй мөн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасны дагуу нэхэмжлэгч *******-ийг 15,000,000 төгрөгөөр торгосон, тус компаниас төлүүлэхээр шийдвэрлэсэн торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байна.

Дээрхээс үзвэл Татварын ерөнхий газрын улсын байцаагч болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нэг үйл баримтад Зөрчлийн тухай хуульд заасан өөр өөр зүйл заалтаар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасантай нийцээгүй.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0045405 дугаартай шийтгэлийн хуудасны талаар ...илт хууль бус, хууль зөрчсөн үйлдэл..энэ чинь бусдад давуу байдал олгох гэмт хэрэг болдог юм. Үүнийг прокурор зөвшөөрдөггүй, маш хатуу хянадаг асуудал. Бусдад давуу байдал олгож байна. Маш өндөр торгууль байхад түүнийг 15,000,000 төгрөг болгож бууруулж байна шүү дээ... өгсөн тайлбартаа холбогдуулан Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд..., 5.1.2-т тодорхой байх... зарчмыг баримтална, 77 дугаар зүйлийн 77.1-д Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна, 77.2-т Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны татварын хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагч нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын газар, хэлтсийн удирдлага доор тус тус ажиллана, 77.3-д Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1-д ... зөрчлийн хэргийг нэгтгэж шалгах ажиллагааг явуулж болно... хүрээнд дээрх хууль хэрэглээний зөрүүтэй давхардуулж шийтгэл оногдуулаад байгаа асуудлыг нягтлан шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Д.*******, , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан тул хариуцагчид шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргаагүй бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.*******, , нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Д.*******, , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0044811 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР