| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00710/И |
| Дугаар | 130/ШШ2023/00852 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2023/00852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр баг А голд оршин суудаг, И овогт Б.Х;
Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр баг А голд оршин суудаг, И овогт Н.Г;
Нэхэмжлэлийн шаардлага: Малын бэлчээрийн газарт барьсан өвөлжөөний байшинг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,
Хариуцагч: Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Н.Г-ад холбогдуулан малын бэлчээрийн газар барьсан өвөлжөөний байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний өвөлжөө Б сумын 4 дүгээр багийн А голын хойд хөндий /ХД/ гэдэг газар байдаг бөгөөд гэр бүлийн хэрэгцээний гэж 60 жилийн хугацаагаар 00000 дугаартай эзэмших гэрчилгээг сумын Засаг даргын 2005 оны захирамжаар олгосон.
1.2.Хөдөө мал дээр мал маллан амьдардаг малчин иргэдийн малын бэлчээр, мал маллах хүрээг харгалзаж багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн иргэн малчдын өвөлжөөнөөс гадна хааш хаашаа 500 метр газрыг тус малын бэлчээрийн эзэмшил газар гэж шийдвэрлэсэн байдаг.
1.3.Гэтэл энэ шийдвэрийг Н.Г нь мэдсээр байж дур мэдэн 2-3 өрөө бүхий өвлийн сууц мэт байшинг миний өвлийн сууц гэр бүлийн эзэмшил газраас 50 метр зайтай барьчхаад уг газар, байшинг зарна” гээд зар тавьсан байна. Уг байшин газарт зөвшөөрөл аваагүй бөгөөд миний бэлчээрийг сүйтгэх гэж зориуд энэ байшинг барьсан гэж үзэж байна.
1.4.Н.Г нь тус 4 дүгээр багт урд хөндийн “далд” гэдэг газар өвөлжөө, хашаа газартай болохоор ашиг хонжоо хайж энэ байрыг миний бэлчээрээр ашигладаг газарт багтааж барьсан байна.
Иймд Н.Г-ын өвөлжөөний байшинг миний малын бэлчээрийн газраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие насаараа Б сумын 4 дүгээр багт мал маллаж амьдарч ирсэн ба бид хэдэн үеэрээ энэ нутагт нутаглаж ирсэн. Харин 4-р багийн “И” гэх газарт Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/134 дугаартай захирамжаар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа юм.
2.2.Миний өвөлжөөний дээрх газар бол Б.Х-ы өвөлжөөнөөс барагцаагаар 1км орчим газар байгаа ба түүний өвөлжөөний газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байгаа болно.
2.3.Ингэснээр Б.Х-ны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй ба бэлчээрийн газрыг Газрын тухай хууль тогтоомжид зааснаар тэнд газар эзэмшиж байгаа иргэд бид дундаа хамтран эзэмших эрхтэй гэж ойлгож байна.
2.4.Айлуудын хамтран эзэмших ёстой газраас хэн нэгэн хүн намайг албадан нүүлгэхээр шаардлага гаргах ёсгүй гэж үзэж байна. Дээрх эзэмшлийн газарт би малын хашаа хороо барьж, өвлийн сууцны зориулалттай байшин барьж эзэмшиж байгаа болно.
2.5.Миний бие иргэн Б.Х-ны эрх ашиг, сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.6.Иймд Б.Х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Х-ны Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр олгосон №00000 дугаартай “Гэр бүхий хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Б аймгийн Б сумын Газрын даамал Б.Б-ийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон №00000дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №080000дугаартай “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”, Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/134 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн барьсан хашаа хорооны газарт үзлэг хийсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Үзлэг хийсэн тэмдэглэл”, маргаан бүхий газрын үзлэгийн схем зураг болон маргаан бүхий газар, тухайн газарт барьсан үл хөдлөх хөрөнгүүдийг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч Б.Х дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хөдөө мал дээр мал маллан амьдардаг малчин иргэдийн малын бэлчээр, мал маллах хүрээг харгалзаж багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн иргэн малчдын өвөлжөөнөөс гадна хааш хаашаа 500 метр газрыг тус малын бэлчээрийн эзэмшил газар гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ шийдвэрийг Н.Г нь мэдсээр байж дур мэдэн 2-3 өрөө бүхий өвлийн сууц мэт байшинг миний өвлийн сууц гэр бүлийн эзэмшил газраас 50 метр зайтай барьчхаад уг газар, байшинг зарна” гээд зар тавьсан байна. Уг байшин газарт зөвшөөрөл аваагүй бөгөөд миний бэлчээрийг сүйтгэх гэж зориуд энэ байшинг барьсан гэж үзэж түүнийг албадан нүүлгэхээр шүүхэд хандсан болно.
8.Хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Миний бие иргэн Б.Х-ны эрх ашиг, сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.Х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
9.1.Нэхэмжлэгч Б.Х-д Б аймгийн Б сумын 4 дүгээр баг хойд хөндий /хд/ гэдэг газарт байршилтай нэгж талбарын 000000 дугаар бүхий 700 м.кв м2 (га) газрыг 60 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн нь 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон №00000 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна.
9.2.Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/134 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 4 дүгээр багийн иргэд болох (хариуцагч) И овогт Н-Г-ад Б багийн И гэх газраас 700 м.кв газар,...тус тус өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
9.3.Энэхүү Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/134 дугаартай захирамжийг үндэслэн иргэн (хариуцагч) Н.Гад Б аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах, нэгж талбарын 00000 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн Э-0204000090 дугаарт бүртгэж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №00000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон ба тухай газрын кадастрыг зургаар баталгаажуулсан байна.
9.4.Мөн хариуцагч Н.Г нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №080000 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Б сумын Газрын албаны мэргэжилтэнтэй байгуулсан байна.
9.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхээс хийсэн газрын үзлэгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл болон Газрын үзлэгийн үеийн схем зургаар: хариуцагч Н.Г-ын өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа газар болон баригдсан объектуудын талаар танилцуулахад 6х6 м.кв байшин, модоор барьсан хашаа, бие засах газар зэргийг барьж ашиглаж байгаа. Эдгээр объект байршсан газрын нийт талбайн хэмжээ 700.0 м.кв. Үүнээс: байшингийн талбайн хэмжээ 36.0 м.кв, модоор (хус модоор) барьсан малын хашааны нийт талбайн хэмжээ 94,0 м.кв байна. Харин хариуцагчийн барьсан бие засах газрын талбайн хэмжээ 3,0 м.кв ба хариуцагчийн эзэмшил газарт ороогүй тусдаа урагшаа барьсан байна.
Нэхэмжлэгч Б.Х-ны модоор (хус модоор) барьсан малын хашааны талбайн хэмжээ 79.0 м.кв, байв өөр ямар нэгэн объект байхгүй байв.
Хариуцагч Н.Г болон нэхэмжлэгч Б.Х нарын эзэмшил газрын хоорондын зай 228.2 метр байсан ба үүгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшил газар нь давхцаагүй болох нь нотлогдож байна.
9.6.Иймд эдгэр нотлох баримтаар маргаан бүхий газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өвөлжөөний газар байна.
Мөн нэхэмжлэгч Б.Х хариуцагч Н.Г нарын эзэмшил газрын хоорондын зай 228.2 метр болох нь нотлогдож байгаа ба хариуцагч Н.Г зөвшөөрөлгүй өвөлжөө барьсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
9.7.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг” ойлгоно гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан байна.
Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ”.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч бэлчээрийн зориулалттай газартай болохыг нотлох баримт байхгүй байна.
Мөн болзол гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Х-д бэлчээр ашиглуулсан тухай нотлох баримт байхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн малын бэлчээрийн зориулалттай газарт хариуцагч Н.Г зөвшөөрөлгүй дур мэдэн байшин барьсан гэдэг нь нотлогдохгүй байна.
10.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан боловч хариуцагч Н.Г нь нэхэмжлэгчийн малын бэлчээрийн газарт өвөлжөөний байшин барьсан гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Г-ад холбогдуулан гаргасан “Малын бэлчээрийн газарт барьсан өвөлжөөний байшинг албадан нүүлгэх”-ийг хүссэн нэхэмжлэгч Б.Х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК