Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 212

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Л.Наранжаргал, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалд холбогдох эрүүгийн 201719000367 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Төв аймгийн Баянхангай суманд 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баянхангай сум, Найрамдал 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЫ80110872 дугаарын регистртэй, Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргал

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Л.Наранжаргал нь Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Сэнстэй худаг” гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө иргэн Д.Одсүрэнгийн алдуул 80 тооны хонь, 20 тооны ямааг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Л.Наранжаргалын:

Төв орчихоод буцах замдаа хонио эргүүлсэн чинь ногоон будагтай хонь, ямаа манай хонинд нийлчихсэн байсан. Тэгээд орой болоход хүн сурж ирэхгүй болохоор нь би зарчихсан гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Одсүрэнгийн:

“...Би Төв аймгийн Баянхангай суманд мал малладаг хүн. 2017 оны 05 сарын 09-ний өдөр гадаа шороон шуурга тавьж байгаад орой бороо орсон болохоор энэ өдөр малаа бүртгэж чадаагүй хотлуулсан. Тэгээд 2017 оны 05 сарын 20-ны өдөр хонио бүртгэхэд манай хонь дутуу зүсээр цагаан сүүлтэй хар сувхай эм хонь байхгүй байсан. Тэгэхээр нь хонио тоолж үзэхэд манай хониноос 80 тооны хонь, 20 тооны ямаа дутсан. 2017 оны 05 сарын 19-ний өдөр би хонь бэлчээрлэж байсан газрын ойр хавиар хайгаад олоогүй орой болсон байсан. Тэгээд 2017 оны 05 сарын 21-ний өдөр мөн ойр хавийн айлуудын хонь шүүж үзэхэд манай хонь олодоогүй. Намайг хонь шүүгээд явж байхад Баянхангай сумын малчин Л.Наранжаргал би танай хонийг яаж мэддэг юм гээд ер хавьтуулахгүй сэжигтэй байсан ба Л.Наранжаргалын хонь бол манай хоньтой 2017 оны 05 сарын 19-ний өдөр шороо шуурахаас өмнө их ойрхон бэлчээрлэж байсан учир Л.Наранжаргалын хоньтойл нийлсэн байх гэж би бодож байсан ба одоо Л.Наранжаргал нь манай хонийг зарсан болохоо хүлээж миний үнэлгээгээр тогтоогдсон 7 800 000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч С.Гэрэлцэцэгийн:

“...Би өөоийн төрсөн хүү Д.Одсүрэнгийн хамтаар Төв аймгийн Баянхангай сумын “Жавхаагийн худаг” гэх газар мал маллаж амьдардаг. Тэгтэл 2017 оны 05 сарын 19-ний өдөр шороо шуурсан ба тэр үед манай хонь хоёр хэсэг тасарчихсан байсан. Тэгээд шороогоор шуураад шөнөдөө бороо орсон учир хонио бүртгэж амжаагүй ба маргааш өглөө нь хонио хартал манай хонь цөөхөн болчихсон байсан. Тэгэхээр нь тоолоход 80 тооны хонь 20 тооны ямаа дутсан. Тэгээд манай хүү Д.Одсүрэн ойр хавиар хайгаад олоогүй ба Баянхангай сумын ирсэн Л.Наранжаргал нь манай хонийг өөрийнх хонинд нийлэхээр нь шөнө дөө ачуулсан гэж Д.Одсүрэнгээс сонссон...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Д.Анхжаргалын:

“...Би 2017 оны 05-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байж байтал орой 21 цаг өнгөрч байхад Наранжаргал над руу залгаад хонь зармаар байна. Эмээлт зах руу зармаар байна. Эмээлттэй ойрхон газар аваачиж байгаад зармаар байна чи машин олоод хүрээд ир гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би энэ орой юу яриад байгаа юм бэ хулгай зэлгийн юм биш биздээ гэж асуусан чинь тийм юм байхгүй гэсэн. Тэгэхээр нь би за унаа олоод очихыг бодно гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би ачааны машин олох гээд ганц нэг хүнтэй утсаар ярихад ачааны машин олдохгүй байхаар нь би Драгон орж байгаад Архангай явж байгаа машинд суугаад Атрын гуанзан дээр очоод Л.Наранжаргал руу залгаад ирж ав гэж хэлээд Л.Наранжаргал намайг ирж авсан. Тэгээд Л.Наранжаргалынд очтол Л.Наранжаргалынд ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд Л.Наранжаргалаас яагаад орой ачих гээд байгаа юм бэ гэхэд мөнгөний хэрэг байна өдөр мал харах хүнгүй завгүй тул ачиж байна гэж хэлээд Л.Наранжаргал хонины хашааруугаа машиныхаа гэрлийг тусгаад бид хоёр хашаа руу нь орсон. Тэгээд Л.Наранжаргал надад зарах гэж байгаа хонинуудаа ногоон будгаар тэмдэглэсэн байгаа зарахгүй хонинуудаа будаагүй байгаа будагтай хонинуудыг нь ачина гэж хоёр давхарлаад 55 тооны хонь ачисан. Тэгээд Эмээлт захад ойрхон байдаг Алтанбулаг сумын малчин Бямбатай утсаар яриад хонинд нь аваачиж тавьхаар болоод Бямбынд аваачиж хонио буулгасан. Тэгээд Бямбад удахгүй Эмээлт рүү аваачаад зарчих юм танай хонинд нэг, хоёр хоног л болох байх гэж хэлсэн. Тэгээд Наранжаргал бид хоёр буцаад Наранжаргалынд очоод 25 хонь ачисан. Мөн 20 ямаа ачаад Бямбынд аваачиж тавиад Л.Наранжаргал намайг хот руу хүргэж өгөөд өөрөө гэррүүгээ буцсан. Тэгээд би Улаанбаатар хотод гэртэй байж байтал Л.Наранжаргал намайг хонио зармаар байна ченж олоод өг гэсэн. Тэгэхээр нь би интернет рүү орж зар хайж байгаад нэг ченжийн дугаар олоод Л.Наранжаргалд өгсөн. Өөр зүйл болоогүй...” /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Д.Энхцэцэгийн:

“...96-тай дугаараас залгаад 80 хонь, 20 ямаа зарна ирээд авах боломж байна уу гэж эрэгтэй хүн утсаар ярьсан. Тэгэхээр нь би хаана байгаа юм бэ тарга хүч нь хэр бэ, хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь нөгөө эрэгтэй хүн Төв аймгийн Алтанбулаг сумын Бяцхан хөндлөн гэх газар байна Эмээлт захаас 10 км зайтай л байдаг юм тарга хүч сайн бүгд сувиа хонь, ямаанууд байна үнийг нь ирэхээр чинь тохиролцоё гэж ярьсан. Тэгэхээр нь би очиж авахаар болж мал зардаг хашаандаа өөрийн нөхөр хүүхдээ үлдээчихээд Эмээлтэд хөлсөөр ажил хийж байсан хоёр залууг хөлсийг нь өгье ойрхон газраас мал туугаад өгөөч ээ гээд хоёр залуу хөлслөөд Төв аймгийн Алтанбулаг сумын Бяцхан хөндлөн гэх газар очисон. Намайг очиход 80 тооны хонь, 20 тооны ямааг ялгаад хашаанд хийж байсан ба хоёр эрэгтэй хүн байсан нэг нь өөрийгөө Наранжаргал гэж танилцуулсан. Тэгээд би тэр Наранжаргал гэх залуутай тохиролцож байгаад нэг хонийг нь 70000 төгрөгөөр нийт 80 хонийг 5600000 төгрөгөөр, нэг ямааг нь 65000 төгрөгөөр нийт 20 ямааг 1300000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд Наранжаргалаас гарал үүслийн бичиг авна гэтэл би Төв аймгийн Баянхангай сумынх эндээс хол учир бичиг авч чадсангүй та бүр болохгүй бол над руу утсаар яриарай гэж хэлсэн. Тэгээд би хөлсөлсөн залуучуудаараа хонио туулгаад Эмээлт захад байдаг хашаандаа авчирсан. Тэгээд би тэр хонинуудыг Эмээлт захын амьд мал зардаг хашаанд аваачиж зарсан. Өөр зүйл болоогүй...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.5. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч В.Бямбабатын:

“...Би 2017 оны 05-р сарын 19-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Бяцхан хөндлөн гэх газар байдаг гэртэй унтаж байтал миний танил Д.Анхжаргал над руу залгаад хаана байгаа юм бэ манай хүргэн Л.Наранжаргал хонь зарах ажилтай болчихоод Эмээлттэй ойрхон айлд 100 гаран бог мал тавимаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд унтаж байтал шөнө Д.Анхжаргал, Л.Наранжаргал хоёр 13-13 төв улсын дугаартай Бонго маркийн автомашинтай ирсэн ба манай хонины хашаанд 55 хонь буулгасан би хүний юм тоолж авна гээд тоолж авсан юм. Тэгээд тэр хоёр үлдсэн хонинуудаа авчирна гээд явсан. Тэгээд буцаад унтсан ба өглөө 06 цаг өнгөрч байхад тэр хоёр буцаад ирсэн ба 25 хонь, 20 ямаа авчирсан. Дандаа сувиа хонь, ямаанууд байсан. Тэгээд тэр хоёр авчирсан хонь ямаагаа буулгачихаад Улаанбаатар хот орно гээд яваад өгсөн. Тэгээд тухайн өдрийн 17 цагийн орчим Л.Наранжаргал ганцаараа ирсэн ба Л.Наранжаргал ирээд ченж дуудаад шөнө авчирсан хонь ямаагаа бүгдийг нь зарсан. Ченж нь эмэгтэй хүн байсан ба тэр хонинуудыг худалдаж аваад хоёр эрэгтэй хүнээр туулгаад аваад явсан. Хэдэн төгрөгөөр яаж зарсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд Л.Наранжаргал яваад өгсөн өөр зүйл болоогүй...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.6. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Л.Наранжаргалын:

“...Би Төв аймгийн Баянхангай суманд өөрийн малаа малладаг малчин хүн. 2017 оны 05-р сарын 19-ний өдөр би сумын төв орчихоод 19 цагийн үед Сэнстэй худаг гэх газар байдаг гэртэй харих замаараа хонио гэррүүгээ эргүүлсэн юм. Тэгтэл манай хонинд олон тооны хонь, цөөхөн тооны ямаа нийлсэн байсан. Хонь нь ногоон будагтай хонинууд байсан. Тэгээд би хариад байж байтал хонинууд маань өөрсдөө гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болсон. Манай хонинд нийлсэн хонинуудыг ямар ч хүн сурж ирэхгүй байсан ба тэгэхээр нь би өөрийн эхнэр Нямбаярын төрсөн ах Д.Анхжаргал руу залгаад чи хаана байна би 80 гаран тооны хонь, 20 гаран тооны ямаа зарах ажилтай болчихлоо, өнөөдөртэй хонио зөөчихмөөр байна. Тэгэхгүй бол ойрд ерөөсөө зав алга байна. Эмээлт зах руу ойртуулж байгаад зармаар байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Анхжаргал би Улаанбаатар хотод байна энэ хар шөнөөр юу яриад байгаа юм бэ гээд байхаар нь би чи хүрээд ирээ надад ганц удаа тус болчих, би түлшийг нь мөн дээр нь мөнгө өгье гэж хэлсэн. Тэгтэл Д.Анхжаргал арай хулгай зэлгийн юм биш биздээ гэхээр нь би үгүй ээ тийм ямар ч юм байхгүй гэж хэлсэн чинь Д.Анхжаргал за за одоо яваад очлоо гэж хэлсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Д.Анхжаргал Улаанбаатар хотоос замын унаагаар ирээд Атрын гуанзан дээр байна ирээд авчих гэсэн. Тэгээд би гуанзан дээр очиход Д.Анхжаргал зам дээр зогсож байсан ба Улаанбаатар хотоос ирэхдээ ачааны машин олдсонгүй замын унаагаар ирлээ гэж байсан. Тэгээд бид хоёр манай гэрт ирээд миний эзэмшлийн 13-13 ТӨВ улсын дугаартай Бонго жи-2 маркийн автомашинд манай хонинд нийлчихсэн байсан хонь ачисан ба ачааныхаа голоор тасалгаа хийж байгаад хоёр давхарлаж байгаад 55 хонь ачисан. Тэгээд бид хоёр Алтанбулаг сум руу Бямба гэх залуугийн хонинд түр тавьхаар болоод Бямбынх руу хөдөлсөн. Бямбынд 03:00 цагийн үед очиж хонио буулгачихаад буцаад би Анхжаргалтай хамт яваад үлдсэн 25 хонь, 20 ямааг ачаад Алтабулаг сум руу хөдөлсөн. Тэгээд би сүүлд ачисан хонь ямаануудаа дахиад Бямбынд аваачиж буулгачихаад Анхжаргалыг Улаанбаатар хот руу хүргэж өгөөд өглөө 08 цагт гэртээ ирсэн. Гэртэй ирээд унтаж байгаад сумын төвөөс эхнэрээ гэртэй авчирчихаад хэсэг унтаж байгаад 15 цагийн үед сэрээд эхнэртэй малаа харж байгаарай гээд би Бямбынд очисон. Тэгээд Д.Анхжаргалаас хонинуудаа өнөөдөр зарчихмаар байна таньдаг ченж байна уу гээд асуусан чинь Д.Анхжаргал зараас нэг ченжийн дугаар олоод надад өгсөн . Тэгэхээр нь би тэр дугаар луу нь ярьсан чинь за одоо очилоо гээд нэг цагийн дараа хоёр эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн суудлын жижиг цагаан өнгийн автомашинтай ирээд хонь, ямааг үзэж харж байгаад авахаар болсон. Тэгээд би нэг хонийг нь 70000 төгрөгөөр бүгдийг нь 5600000 төгрөгөөр, нэг ямааг 65000 төгрөөг бүгдийг нь 1300000 төгрөгөөр тус тус зарсан ба тэр хоёр эрэгтэй хүн тэр миний зарсан хонинуудыг туугаад явсан. Тэгээд би тэр хонинуудыг зарчихаад гэртэй ирсэн. Тэгээд 2017 оны 05-р сарын 21-ний өдөр гэртэй байж байтал Баянхангай сумын иргэн Д.Одсүрэн манайд ирээд ногоон будагтай 80 гаран тооны хонь, 20 гаран тооны ямаа харсан уу гээд сурсан. Тэр үед би дотроо манай хонинд нийлсэн байсан хонинууд Д.Одсүрэнгийн хонь байсан юм байна гэдгийг мэдсэн...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Эд зүйлийн үнэлгээ: 80 тооны хонь 6.400.000, 20 тооны ямаа 1.400.000 төгрөг нийт 7.800.000 төгрөг гэх /хх-ийн 20 дугаар хуудас/,

3.2. 2017 оны 06 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол: Л.Наранжаргалын эзэмшлийн 13-13 ТӨВ улсын дугаартай “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,

3.3. Эд зүйлийн үнэлгээ: 13-13 ТӨВ улсын дугаартай “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгсэл 1.500.000 төгрөгний үнэ бүхий /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

3.4. Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: “Л.Наранжаргал нь урьд ял шийтгэлгүй” гэх /хх-ийн 47 дугаар хуудас/,

3.5. Хохирогч Д.Одсүрэнгийн өргөдөл “...Хохирол, гомдол саналгүй...” гэх /хх-ийн 50 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

Шүүгдэгч Л.Наранжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Сэнстэй худаг” гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн алдуул 80 тооны хонь, 20 тооны ямааг завшиж, 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Д.Одсүрэнгийн ...Л.Наранжаргалын хонь бол манай хоньтой 2017 оны 05 сарын 19-ний өдөр шороо шуурахаас өмнө их ойрхон бэлчээрлэж байсан..., ...одоо Л.Наранжаргал нь манай хонийг зарсан болохоо хүлээж миний үнэлгээгээр тогтоогдсон 7.800.000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...,

гэрч С.Гэрэлцэцэгийн ...тоолоход 80 тооны хонь 20 тооны ямаа дутсан..., ...Л.Наранжаргал нь манай хонийг өөрийнх хонинд нийлэхээр нь шөнө дөө ачуулсан гэж Д.Одсүрэнгээс сонссон...,

гэрч Д.Анхжаргалын ...Би 2017 оны 05-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байж байтал орой 21 цаг өнгөрч байхад Наранжаргал над руу залгаад хонь зармаар байна..., ...чи машин олоод хүрээд ир гэж утсаар ярьсан..., ...Тэгээд Л.Наранжаргал надад зарах гэж байгаа хонинуудаа ногоон будгаар тэмдэглэсэн байгаа зарахгүй хонинуудаа будаагүй байгаа будагтай хонинуудыг нь ачина..., ...Л.Наранжаргал намайг хонио зармаар байна ченж олоод өг гэсэн...,

гэрч Д.Энхцэцэгийн ...96-тай дугаараас залгаад 80 хонь, 20 ямаа зарна ирээд авах боломж байна уу гэж эрэгтэй хүн утсаар ярьсан..., ...Намайг очиход 80 тооны хонь, 20 тооны ямааг ялгаад хашаанд хийж байсан ба хоёр эрэгтэй хүн байсан нэг нь өөрийгөө Наранжаргал гэж танилцуулсан..., ...Наранжаргалаас гарал үүслийн бичиг авна гэтэл би Төв аймгийн Баянхангай сумынх эндээс хол учир бичиг авч чадсангүй та бүр болохгүй бол над руу утсаар яриарай гэж хэлсэн...,

гэрч В.Бямбабатын ...унтаж байтал шөнө Д.Анхжаргал, Л.Наранжаргал хоёр 13-13 төв улсын дугаартай Бонго маркийн автомашинтай ирсэн ба манай хонины хашаанд 55 хонь буулгасан..., ...өглөө 06 цаг өнгөрч байхад тэр хоёр буцаад ирсэн ба 25 хонь, 20 ямаа авчирсан..., ...Л.Наранжаргал ирээд ченж дуудаад шөнө авчирсан хонь ямаагаа бүгдийг нь зарсан...,

сэжигтэн Л.Наранжаргалын ...манай хонинд олон тооны хонь, цөөхөн тооны ямаа нийлсэн байсан. Хонь нь ногоон будагтай хонинууд байсан..., ...Д.Анхжаргал руу залгаад чи хаана байна би 80 гаран тооны хонь, 20 гаран тооны ямаа зарах ажилтай болчихлоо, өнөөдөртэй хонио зөөчихмөөр байна..., ...би нэг хонийг нь 70000 төгрөгөөр бүгдийг нь 5600000 төгрөгөөр, нэг ямааг 65000 төгрөөг бүгдийг нь 1300000 төгрөгөөр тус тус зарсан..., ...манай хонинд нийлсэн байсан хонинууд Д.Одсүрэнгийн хонь байсан юм байна гэдгийг мэдсэн... гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Наранжаргалын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Иймд шүүгдэгч Л.Наранжаргалыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

               Гэвч шүүгдэгч Л.Наранжаргалын холбогдсон гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,

мөн хохирогч Д.Одсүрэнгийн шүүхэд ирүүлсэн ...Л.Наранжаргалтай сайн дураараа эвлэрсэн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) чөлөөлөх боломжтой гэж шүүх үзэж байгаа болно.

 

Шүүгдэгч Л.Наранжаргал цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалын эзэмшлийн цэнхэр өнгийн “Бонго Жи-2” маркийн 13-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,

36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2.1 дэх хэсэгт

заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201719000367 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргал цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалын эзэмшлийн цэнхэр өнгийн “Бонго Жи-2” маркийн 13-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН