Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1332

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.17                                                Дугаар 1332                                     Ул   аанбаатар хот

 

 

“ИТ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ИТ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г ” ХХК-д холбогдох,

 

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг, алданги 4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тайлан үйлчилгээг үзүүлэхээр тохирсон болно. Талууд гэрээний нийт төлбөрийг 10 400 000 төгрөгөөр тохиролцож уг мөнгөнөөс “Г ” ХХК 2 000 000 төгрөг өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Г ” ХХК-с санхүүгийн тайлан баримтуудыг хүлээлгэн өгөхийг хүссэн хүсэлт гаргаж, хүсэлт болон гэрээний үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр санхүүгийн баримтыг хүлээлгэн өгч манай байгууллага 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр акт үйлдсэн. Иймд манай компани үлдэгдэл төлбөр болох 8 400 000 төгрөгийг “Г ” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын байгуулсан гэрээн дээр алданги тусгаж өгсөн. Алдангийн нийт хэмжээ нь Иргэний хуулийн дагуу үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 4 200 000 төгрөг болж байна. Иймд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг түүний алданги 4 200 000 төгрөг. Нийт 12 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар “Г ” ХХК-иас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт      12 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ИТ ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ИТ ” ХХК нь хариуцагч болох “Г ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагч “Г ” ХХК бус хариуцагчийн гүйцэтгэх захирал иргэн Г.Ц-т гаргаж буй мэтээр түүний оршин суугаа газрын хаягаар нэхэмжлэлийг гаргасан байхад шүүхээс тус хаягаар шүүхийн ажиллагааг явуулсан байдаг. Мөн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байгаа талаар эмчийн магадлагаа болон хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүх үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хүлээж аваагүй. Дүүргийн эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоонд орохын тулд өрхийн эрүүл мэндийн төвөөс дотоод сүлжээгээр дамжуулан дүүргийн эрүүл мэндийн төвд эмчийн үзлэг, эмчилгээ оношлогооны цаг авдаг болсон бөгөөд үүний дагуу өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг өнгөртөл эмчийн цаг дууссан тул дараа өдрөөр дүүргийн эрүүл мэндийн төвд оношлогоо хийлгэхээр болж арга буюу өрхийн эмнэлгээс эмчийн магадлагаа авч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцлөө илэрхийлсэн. Гэтэл хүсэлтэд хавсаргасан эмчийн магадлагааг өрхийн эмнэлгээс авсан гэх үндэслэлээр хүлээж авалгүй хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эрхийг тэгш хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зохих ёсоор хангаагүй нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ИТ ” ХХК нь хариуцагч “Г ” ХХК-д холбогдуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг, алданги             4 200 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр үйлчилгээний төлбөрийг 10 400 000 төгрөгөөр тохиролцож, графикийн дагуу гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үйлчилгээ үзүүлэгчийн хийсэн ажлыг захиалагч байгууллага нь хүлээн авсан мөн төлбөрийг “2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх болно” гэх баталгаа гарган Г.Ц гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 10-13/

Анхан шатны шүүх тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагч “Г ” ХХК-иас нийт 12 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ИТ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардан авч эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцсан байна. Түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Э-т итгэмжлэл олгосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоосон хугацаанд тайлбар гаргах, татгалзаж байгаа бол үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийн оролцогчдын эрхийг тэгш хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ