Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/03265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБП

Хариуцагч: ТГЦ.

243,163,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТБП нь хариуцагч ТГЦ-нд холбогдуулж гэрээний үлдэгдэл төлбөр 95,010,900 төгрөг, алданги 148,000,000 төгрөг, нотариатын зардал 153,000 төгрөг нийт 243,163,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч ТБП шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани өөрийн хэрэгжүүлж буй ...нд байрлах орон сууцны ...төслийн 1 дүгээр ээлжийн орон сууцны 4 барилгад тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ТГЦ-тай №...тоот I ээлжийн орон сууцны 4 барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажлыг орон сууцын 1 блок барилгын 1,838,76 мкв талбайд 185,000,000 төгрөгөөр буюу нийт 4 блок барилгын 7,355.04 мкв талбайд 740,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба уг ажлын хөлс, материалын зардал болон бусад бүх зардлууд багтсан. Бид 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 30% болох 222,000,000 төгрөгөөс 4 блок барилгын хөөсөнцөр болон тортой хар замаскны ажилд 146,736,240 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлснээс 51.725.340 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 95,010,900 төгрөгний ажил хийгдээгүй. Гэрээний дагуу харилцан тохиролцсон тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил нь хөөсөнцөр болон тортой хар замаскны ажил, чулуун хар замаск болон эмульсны ажлуудаас тус тус бүрдэнэ. Үүнээс гүйцэтгэгч компани нь зөвхөн хөөсөнцөр хавтан наах, хадах ажилбарыг хагас дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд бид 1 мкв талбайд материалтайгаар бүрэн гүйцэтгэх ажлын нэгж үнэлгээг 50,000 төгрөг байхаар тохирсон. Өөрөөр хэлбэл гэрээний нийт үнийн дүн болон төлбөрийн хуваарийг тус 50,000 төгрөгийн материал багтсан нэгж үнэлгээнд үндэслэн тооцоолж гаргасан бөгөөд ТГЦ ХХК-наас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн мэйл хаягаар тус задаргааг боловсруулж, хавсарган ирүүлсэн. Эндээс үзвэл 1 блок барилгын 1,838.76 мкв талбайд хөөсөнцөр хавтан наах, хадах ажилбар /материал багтсан/-ын нийт үнийн дүн 91,938,000 төгрөг болно. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 4 блок барилгад нийт 1451,45 мкв талбай буюу бодит гүйцэтгэл, түүний чанар нь дунджаар 70 хувьтай болох талаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд харилцан акт үйлдсэн. Ковидын үед гэрээ байгуулагдсан бөгөөд ковидын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ТГЦ нь гэрээнд заасан ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон буюу гэрээний нийт үнийн дүн нь ажиллах хүчний зардал, материалын зардал болон бусад бүх зардлыг багтаасан дүн болно. Ажил гүйцэтгэгч нь хуанлийн 60 хоногт буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээсэн боловч ажлаа 2021 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн зогсоосон тул гэрээг цуцалсан хугацаа хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаа болох 113 өдрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 688,274,660 төгрөгийн 0,2 хувь буюу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 148,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан. 1451 мкв талбайд ажил гүйцэтгэсэн гэдэгт хоёр тал маргадаггүй. Иймд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 95,010,900 төгрөг, алданги 148,000,000 төгрөг, нотариатын зардал 153,000 төгрөг, нийт 243,163,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ТГЦ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ...төслийн 1 дүгээр ээлжийн К3, К4, К5, К6 блок барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дуулаалга, заслын ажил гүйцэтгэх ...тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, урьдчилгаа 146,736,240 төгрөгийг хүлээн авсан. Гэрээ байгуулагдсанд маргахгүй. Санхүүжилт орсноор 112,999,000 төгрөгийн бараа материал худалдан авч захиалгын талбайд зохих бүртгэл хийлгэн К2 блокын зоорийн давхарт оруулсан. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хоёр тал тохиролцож ажлыг эхлүүлсэн. Энэ өдрөөс эхлэн талбай дээр ажиллаж К3 блок барилгын 25,08 мкв ханын дулаалга, К4 блок барилгын 264,24 мкв ханын дулаалга, К5 блок барилгын 396,6 мкв ханын дулаалга, К6 блок барилгын 765,56 мкв ханын дулаалгын нийт 1451,48 мкв талбайн ажлыг хийж гүйцэтгэн зохих журмын дагуу хоёр талын инженерүүд хүлээлцсэн. Талбайн мкв шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон. Ажил хийсэн үнийн дүнгийн зөрүү, урьдчилгаа төлбөрийн зөрүүнд 12,429,044 төгрөгийг төлөхөд хариуцагчийн зүгээс татгалзахгүй. Бараа материалын үлдэгдэл 23,915,000 төгрөгийн бараа нэхэмжлэгчийн агуулахад үлдсэн. 110,392,200 төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн. Тухайн үед корона вирусын цар тахлаас шалтгаалан бараа материал түүхий эдийн үнэ огцом өсөж хомсдол үүссэн, БНХАУлс хилээ бүрэн хаасан үе байсан бөгөөд үүнээс шалтгаалж манай ажил доголдож энэ талаар тухай цаг бүр имэйл, албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Монгол улс дотооддоо 2021 оны 11 дүгээр сард алдсан тул гэрээ хэрэгжих байдал хүндэрсэн. Хоёр тал үнэлгээн дээр нэгдэж чадаагүй тул шинжээч томилуулсан. Цаг үеий нөхцөл байдлаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тул алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Нотариатын зардал нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал тул төлөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн I Ээлжийн орон сууцны 4 барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, ажлын байр хүлээлгэн өгсөн акт, ажлын заавар, 2021-12-29 огноотой Тагт хөөсөн фасадны ажлын явц хавсралтын нотариатын хөлс төлсөн баримт,

4. Хариуцагчаас ТГЦ-ийн 2022.03.03, 2022.03.11, 2022.03.18-ны өдрийн гэрээ дүгнэх болон хариу хүргүүлэх тухай албан бичиг, кассын орлогын ордер, бараа материал худалдан авсан

5. Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлт гаргасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр компаний санхүүгийн хэлтсийн дарга Б.Н-ийн ажлын цахим хаягт үзлэг хийж баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТБП-ны нэхэмжлэлээс 24,936,240 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, үлдэх 218,227,660 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 146,736,240 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлснээс 51.725.340 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 95,010,900 төгрөгний ажил хийгдээгүй. Бодит гүйцэтгэл 1451,45 мкв талбайд хийсэн ажил дунджаар 70 хувьтайг зөвшөөрч талууд акт үйлдсэн. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг алданги, зардалын хамт гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, хоёр тал 1451,45 мкв талбайн хэмжээнд маргахгүй, гэрээ байгуулагдсан үед БНХАУ хилээ хаасан, цар тахлаас шалтгаалан бараа материал түүхий эдийн үнэ огцом өсөж хомсдол үүссэн зэргээс шалтгаалж гэрээ цуцлагдсан. Гүйцэтгэл 110,392,200 төгрөг, бараа материалын үлдэгдэл 23,915,000 төгрөг нийт 134,307,200 төгрөгийн гүйцэтгэлтэй гэж үзэж урьдчилгаа төлбөрийн зөрүү 12,429,040 төгрөг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Зохигчийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №...тоот I ээлжийн орон сууцны 4 барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 4 блок барилгын 7,355.04 мкв талбайд 740,000,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, захиалагчаас 146,736,240 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн, гүйцэтгэгч 1451,45 мкв талбайд ажил үүргийг хийж гүйцэтгэн талууд актаар хүлээлцсэн болох нь баримтаар тогтоогдсон, хэн аль нь гэрээ цуцлагдсан болоод хийсэн ажлын 1451,45 мкв талбайн хэмжээнд маргаагүй байна.

4.1.2. Нэхэмжлэгч нь 1 мкв талбайд материалтайгаа бүрэн гүйцэтгэх ажлын нэгж үнэлгээг 50,000 төгрөг байхаар тохиролцсон, ажил гүйцэтгэгч ТГЦ ХХК 51,725,340 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан шилжүүлсэн төлбөрөөс зөрүү 95,010,900 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Хөрөнгийн Үнэлгээий Төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр ...барилгын тагтны хэсгийн гадна фасадны ажилд ТГЦ-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 1451,18 мкв талбайд хийгдсэн ажилд 77,608,700 төгрөгний бариал материал орсон, тус ажилд нийт 121,800 төгрөгний өртөг шингэж, үүнээс ТБП-ийн агуулахад Тэнгэлийн гэрэлт цамхаг ХХК-ийн үлдсэн бараа материалын өнөөгийн зах зээлийн үнэ 21,430,800 төгрөг, 1451,48 мкв талбайд хийж гүйцэтгэхэд зарцуулсан ажилчдын хөлсний үнэлгээ 22,759,100 төгрөг болохыг тодорхойлж дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд зохигч хэн аль нь маргаагүй тул хэргийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Ажил гүйцэтгэгч ТГЦ ХХК-аас 1451,18 мкв талбайд хийж гүйцэтгэхэд зарцуулсан нийт өртөг 121,800,000 төгрөг тул захиалагчийн шилжүүлсэн 146,736,240 төгрөгнөөс хасч үлдэх 24,936,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ТБП-нд олгох нь зүйтэй.

4.1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажил гүйцэтгэгч ТБП ажлыг хаунлийн 60 хоног буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэж дуусгахаар гэрээ байгуулагдсан боловч хамтран ажил эхлүүлэх шалтгалт хийсэн комиссын шийдвэрээр хоёр талын комисс хамтран үзлэг хийж ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргаж гүйцэтгэгч ажлыг эхлүүсэн болох нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлын байр хүлээлгэн өгсөн акт, Ажил эхлүүлэх зөвшөөрөл, Ажлын заавар гэсэн баримтаар тогтоогдож байна. /хх-19, 20, 21/

ТГЦ-ийн гүйцэтгэсэн хөөсөнцөр хавтан хадах, наах ажилбарын гүйцэтгэл 4 блок барилгад нийт 1451,45 мкв талбай, гүйцэтгэл 70 хувьтай болох талаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд харилцан акт үйлдэж хавсралтаар баталгаажуулан, хоёр талын инженерүүд хүлээлцсэн байна.

Хэдийгээр гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 25-ныг хүртэл 60 хоногийн хугацаагаар байгуулагдсан боловч гэрээний хугацаа хойшилж захиалагчаас гүйцэтгэгчид ажлын талбайг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлцэж, 09 дүгээр сарын 24-ний өдөр гүйцэтгэгчээс ажлыг эхлүүлж хоёр тал актаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлцэж акт үйлдсэн зэргээс дүгнэхэд гэрээний хугацааг хоёр тал тохиролцон сунгасан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 2021 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн зогсоосон тул гэрээг цуцалсан хугацаа хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа болох нийт 113 өдрийн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 688,274,660 төгрөгийн 0,2 хувь буюу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох нийт 148,000,000 төгрөгийн алданги шаардсан боловч захиалагч, гүйцэтгэгч тохиролцон 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажлыг эхлүүлсэн, энэ хугацаагаар гэрээ сунгагдаж 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд актаар ажлыг хүлээлцсэн, шүүх хуралдаанд хариуцагч Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалж БНХАУ хилээ хаасан үүнтэй холбоотой бараа материал түүхий эдийн үнэ огцом өсөн хомсдол үүссэнээс болж ажил доголдсон гэсэн тайлбар, тухайн цаг үе дэлхий нийтээр хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотой улс орнуудын хил гааль тухайлбал БНХАУ хилээ хаасан, дотооддоо барааны хомсдолд орсон, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 259 тогтоолоор Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал сунгасан ба тухайн хугацааг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цуцалсан, энэ үед хилийн хориг цуцлагдаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон бөгөөд эдгээр байдал нь гэрээний хугацаа хойшлох, гэрээ цуцлагдах үндэслэл болсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 23 дугаар зүйлийн 23.1-т Давагдашгүй хүчин зүйл гэдэгт төрийн эрх бүхий байгууллагын хорио цээр тогтоосон шийдвэр буюу талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно, 23.3-т талуудын аль нэг нь энэхүү зүйлийн 23.1-д заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд, давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа сунгагдана, 23.4-т Давагдашгүй хүчин зүйл 1 сараас дээш хугацаагаар үргэлжлэх тохиолдолд аль нэг тал гэрээ цуцлах санал гаргах эрхтэй гэж тохиролцон гэрээ байгуулагдсан тул хариуцагчийг хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай гэж дүгнэн алданги тооцох үндэслэлгүй байна.

4.1.4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргасан нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн 153,000 төгрөгийг зардалд тооцон нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хуулийн шаардлага ханган ирүүлэх нь хэргийн оролцогчийн үүрэг тул уг төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч ТГЦ-наас 24,936,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБП-нд олгож, үлдэх 218,227,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн хөлс 3.000.000 төгрөгний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар зохигчоор адил тэнцүү хуваан нөхөн төлүүлэх нь зүйтэй тул тус бүрээс нь 1.500.000 төгрөг гаргуулж шинжээчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ТГЦ-наас 24,936,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБП-нд олгож, үлдэх 218,227,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,373,770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТГЦ-наас 282,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБП-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБП-наас 1.500.000 төгрөг, хариуцагч ТГЦ-наас 1.500.000 төгрөг гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА