| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/329 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/329
| 2025/ШЦТ/329 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ал,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, И овогт Пйн Нд холбогдох 2513000000430 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лорын тасагт Эрүү, нүүрний мэс заслын их эмчээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ баг, Яармаг-1 дүгээр гудамжны 213 тоотод оршин суудаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, И ургийн овгийн Пйн Н, регистрийн дугаар:РД:БА92061913
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2025 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” пабад хохирогч З.Отай маргалдаж улмаар архины хундаганы хэлтэрхийгээр хохирогч З.Огийн биед зүүн шуунд шарх, цус хуралт, баруун 4 дүгээр хуруунд шарх, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч П.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.
2. Шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” пабад хохирогч З.Отай маргалдаж, түүнийг архины хундагаар цохих үед хохирогч З.О гараараа хаасны улмаас шилэн хундага хагарч, хохирогч З.Огийн эрүүл мэндэд зүүн шуунд шарх, цус хуралт, баруун 4 дүгээр хуруунд шарх, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч З.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Тухайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед гэрээс гараад багш нарын баярыг тохилдуулан Рухия гэх найзын хамт Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав" пабд ирээд би 2 ширхэг лаазтай “Сэнгүр” нэртэй пиво, найз маань 1 ширхэг ундаа авч, бид хоёр тэрийг уугаад ярилцаад сууж байхад миний ууж байсан пиво дууссан. Тэгээд манай найз дахиад пиво захиалах гээд ресепшин дээр очиж захиалга өгөөд буцаад ширээ руу ирж байхад нэг залуу тааралдаж, манай найзтай мэндлээд манай найзыг дагаад миний сууж байсан ширээний хажууд ирээд надтай бас мэндлээд манай ширээнд суусан. Тэгээд сууж байтал нөгөө залуугийн хажууд нь байсан хоёр залуу бас манай ширээнд ирж суусан. Тэгээд бид нар бүгдээрээ хоорондоо ярилцаад сууж байхад миний эсрэг талын буланд сууж байсан Пийн Н гэх залуу казак хэлээр “хажууд байгаа хоёр залууд “..энэ нөгөө цагдаа нөхрөө алсан архичин авгай...” гэж хэлэхээр нь би ойлгож, П.Нд сая ярьсан зүйлээ дахиад хэлээч гэхэд /давтаж/ “энэ нөгөө цагдаа нөхрөө алсан авгай шүү дээ” гэж хэлэхээр нь би уурлаж ууж байсан пивоо түүний нүүр рүү цацахад Н шууд босож ирээд урд байсан хундагаа цохиход /хундага нь хагарч/ миний гарын шуу хэсэгт онох шиг болсон. Тэгээд гайгүй байх гэж бодоод Цамбагарав пабны гадна гарахад найз Рухия таны гараас цус гарч байна, цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй бол болохгүй гэхээр нь ирээд мэдэгдсэн. Би тэр залуугийн “нөхрөө алсан” гэж хэлсэнд маш их гомдолтой байна. Миний гарт үүссэн гэмтэл П.Н гэх залуу ширээн дээр байсан хундагыг авч намайг цохих гэхэд би өөрийгөө хамгаалахад миний гарын шуу хэсгийг цохисноос болж үүссэн. Тухайн үед гэмтэл авсныг би мэдээгүй баарны гадаа гарахад цус гараад тогтохгүй болохоор нь цагдаад ирээд гомдол гаргахад эрүүлжүүлэхийн эмч нар гарч ирээд түргэн тусламж дуудаж яаралтай тусламжийн газарт очиж оёдол тавиулсан. Би тэр залууг огт танихгүй. Ямар ч байсан намайг цагдаа хүний эхнэр гэдгийг мэддэг юм байна. “...Нэхэмжлэх болон нөхөн төлүүлэх хохирол байхгүй, ...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 59 дэх тал/,
Гэрч Х.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эсрэг баруун талд сууж байсан эмэгтэй Н хоёр хоорондоо халамжийн талаар маргаан үүсгэж улмаар нөгөө эмэгтэй “чиний аав Павелийг танина, танай аав халамжид байхад их юм хийж байсан шүү” гэсэн утгатай юм яриад байсан. Тэгж байхад П.Н танай хадам аавыг чинь би сайн танина, танай талийгаач нөхөр Эрдэнэшагай цагдаа байсан, бид хоёр цагтаа сайн найзууд байсан гэж яриад сууж байсан. Тэгээд нөгөө халамжийн асуудлаас болж нөгөө хоёр маргалдаж байхад нөгөө эмэгтэй нэг юманд уурлаж ууж байсан шар айргийг П.Нгийн нүүрэнд цацсан. Тэгэхэд П.Н пиво ууж байсан шилтэй хундагаар нөгөө эмэгтэйг цохиход нөгөө эмэгтэй зүүн гараараа хамгаалахад хундага хагарч шуу хэсэгт нь оносон. Тэгээд нөгөө эмэгтэй шууд гараад явахаар нь би бас дагаж араас нь хамт гарахад нөгөө эмэгтэйгийн зүүн гарын шуу хэсгээс цус гарч тогтохгүй байхаар нь салпетка өгөөд цусыг дарах гэсэн боловч бүр хүчтэй гараад болохгүй байхаар нь хажууд нь байгаа эмэгтэй цагдаагийн газарт очихгүй бол болохгүй гэж дагуулаад явсан. Нөгөө эмэгтэй П.Н руу халамжийн талаар юм ярьж байсан. Тэрнээс болоод П.Н чи миний аавын талаар юм ярьсан гэж маргалдаад сууж байхад нөгөө эмэгтэй ууж байсан шар айргийг П.Нгийн нүүр рүү цацсан. Тэгэхэд П.Н зөрүүлээд нөгөө эмэгтэйн зүүн талын гар тус газарт нь шилтэй хундагаар цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
- Гэрч С.Хуатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед найз болох Х.Ержаны /95116029/-ны хамт Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” нэртэй пабд очсон.Тэгэхэд Х.Ержаны таньдаг П.Н гэх залуу ганцаараа ширээнд пиво уугаад сууж байсан тул мэндлээд хажууд нь суусан. Тэгээд бид гурав пиво уугаад сууж байтал бид нарын хажууд сууж байсан П.Н гэх залуу булан хэсэгт сууж байсан хоёр эмэгтэйгийн ширээнд очиж тэд нартай юм яриад сууж байснаа бид хоёрыг дуудахаар нь найз Ержан бид хоёр тэр хоёр эмэгтэй сууж байсан ширээнд очиж суугаад хоорондоо ярилцаад суусан. Удалгүй П.Н болон түүний эсрэг талд нь сууж байгаа эмэгтэй хоёр халамжийн талаар маргалдаж улмаар тэр эмэгтэй “танай аав Павел халамжид байхад зөндөө юм хийж байсан шүү” гэхэд Н нөгөө эмэгтэй руу та зүгээр зайл манай аавын юу хийж байсан нь танд хамаагүй гэхэд нөгөө эмэгтэй босож ирээд ууж байсан /шингэн/ зүйлийг П.Нгийн нүүрэнд цацсан, тэгэхэд П.Н урдаа байсан шилтэй хундагыг ширээн дээр цохиход нөгөө хундага хагарсан, хагарсан хундагыг аваад нөгөө эмэгтэйг цохих гээд дайрахад нөгөө эмэгтэй толгойгоо хамгаалах шиг болсон. Тэр үед П.Нгийн гарт байсан шилэн хундаганы хэлтэрхий нь нөгөө эмэгтэйн гарыг зүсчих шиг болсон. Нэг секундын дотор бүх юм болчихсон. Тэгээд тэр эмэгтэй гараад явахад араас нь Ержан хамт гарсан. Хэсэг хугацааны дараа Ержан ирээд П.Н руу “чи тэнэг юм уу тэр эмэгтэйн гарыг зүссэн байна, цус алдаад цагдаа руу явчихлаа гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй П.Н руу халамжийн талаар юм ярьж байсан. Тэгэхэд П.Н “чи муу авгай нөхрөө өөрөө алсан биз дээ гэж хэлсэн нь үнэн, тэрнээс болж П.Н руу ууж байсан шар айргийг цацахад П.Н зөрүүлээд хундагыг ширээнд цохиж хагалсан хэлтэрхий хэсгээр нь нөгөө эмэгтэйн гарыг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Гэрч Д.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 22 цагийн үед хамт ажилладаг найз О над руу залгаж найз нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь гэрээс гараад яваад очиход Гурван-Эрдэнэ төвийн зогсоолд машины хажууд байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгөх гэхэд хоёулаа Цамбагарав ороод ярилцаж байгаад явах уу гэхээр нь дагуулж очоод Од 1 ширхэг пиво авч өгөөд өөрөө нэг ширхэг ус аваад бид хоёр ярилцаад сууж байтал манай ширээний хажууд нэлээн согтуу П.Н гэх залуу /10 жилд хамт суралцаж байсан/ гартаа шилтэй аяга бариад манай ширээнд ирээд суусан. Тэгээд бид гурав ярилцаад сууж байхад П.Н, О хоёр хоорондоо халамжийн талаар ярилцаад сууж байснаа хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би 00 руу явчаад ирэхэд О П.Нгийн нүүр рүү ууж байсан усаа цацсан. Тэгэхэд Н пивотой шилэн хундагаа шидэх шиг болсон. Нэг мэдэхэд Огийн зүүн талын шуу хэсгээр цус гараад эхлэхээр нь шууд цагдаагийн газарт дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч С.Кийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн БӨА0725/782 дугаартай “...З.Огийн биед зүүн шуунд шарх, цус хуралт, баруун 4-р хуруунд шарх, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шуунд шарх, цус хуралт, баруун 4-р хуруунд үүссэн шарх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн, бусад баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн алганд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Шүүгдэгч П.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тухайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны орой Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав паб” дотор ганцаараа пиво уугаад сууж байхад гаднаас таньдаг С.Хуат, Х.Ержан хоёр орж ирсэн. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад сууж байхад бид нарын хойно сууж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь таньдаг эмэгтэй байсан тул очоод мэндлээд зогсож байхад суучих хэдүүлээ хамт сууя гэхээр нь хоёр найзыгаа дуудаж хэдүүлээ хоорондоо юм яриад сууж байсан. Миний эсрэг талд сууж байсан эмэгтэй манай аав Павель гэдэг хүний талаар янз бүрийн юм яриад эхлэхээр нь тэрнээс болж бид хоёрын дунд үл ойлголцох асуудал гарсан. Тэгээд нөгөө эмэгтэй шууд ууж байсан “шингэн зүйлээ” миний нүүр рүү цацчихаар нь би уурлаж шар айраг ууж байсан хундагыг барьж аваад тухайн хундага барьж байсан гараараа З.Ог айлгах зорилгоор аягатай гараа далайлгахад З.О гараа өргөж өөрийгөө хамгаалахад миний барьж байсан аяга түүний зүүн талын гарын шуу хэсэгт хүрч биед нь гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /XX-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч П.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч З.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч З.О нь ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн хохирогч З.Огийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчлүүлсэн зардал 113.022 төгрөгийг шүүгдэгч П.Н бүрэн төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Иймд шүүгдэгч П.Нг энэ шийтгэх тогтоолоор хохирогч болон иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 59 дэх тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч П.Нгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч П.Нд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч П.Нгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ии овогт Пийн Нйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Нд сануулсугай.
4. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б