Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 202

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч С.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овгийн Содномын Өлзийжаргалд холбогдох эрүүгийн 201719000377 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1973 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номтын 1 дүгээр байр, 13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НК73072815 дугаарын регистртэй, Харчин овгийн Содномын Өлзийжаргал

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч С.Өлзийжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр байрны 14 тоотод Ч.Ганцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

            1.1. Шүүгдэгч С.Өлзийжаргалын:

Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Ганцэцэгийн:

“...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед би хажууайл Өлзийжаргалын гэрээс цэвэр ус авах гэсэн юм. Тэгтэл Өлзийжаргал архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан ба манай гэрт ус өгөхгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би улсаас үнэгүй тавьж өгсөн усыг би авахгүй яадаг юм, надаас айлууд ус нэхээд байна гэж хэлээд би гэртээ байж байсан. Тэгтэл Өлзийжаргал манай гэрт орж ирээд чамд би ус өгөхгүй за юу гэж хэлээд маний зүүн талаас үсдээд чирсэн. Өлзийжаргал нь намайг нэг удаа үсдэж чирсэн. Харин өөр зодож цохьсон асуудал байхгүй. Өвөл манай гэр шатаад манай төрсөн ах Галдан гэртээ шатаж нас барсан. Тэгээд манайх гэртээ засвар хийж дахин цэвэр ус авах гэж байгаад ийм хэрэг гарсан. Ер нь Өлзийжаргал ус өгөхгүй гээд 2016 оны өвөл бас хэрүүл хийж байсан. Өлзийжаргал нь цэвэр ус манай гэрт өгөхгүй гэдэг юм. Яагаад манайд ус өгөхгүй гээд байгааг асуухаар удаа дараа ус өгсөнөөс болж усны хоолой хөлдөж манай гэрт ус алдсан тийм болохоор ус өгөхгүй гэдэг. Би цаанаас нийтийн байранд тавьж өгсөн ус Өлзийжаргалын гэрээс авах гэж 2-3 удаа урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан. Манайх нийтийн байранд байдаг болохоор улсаас ганц айлд нь цэвэр ус тавиад тэр айлаасаа бид нар салаалж авдаг юм...” /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч С.Өлзийжаргалын:

“...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би найз нартайгаа нийлж архи уусан юм. Тэгээд өдөр 13 цагийн үед л гэртээ орсон байх. Тэгтэл манай хажуу талын айлын Ганцэцэг гэх эгч манай гэрээс цэвэр ус авна гэж орж ирэхээр нь би уурлаад ус өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл надтай улсаас тавьж өгсөн үнэгүй усыг авалгүй яадаг юм гэж хэрэлдээд манай гэрээс гарахаар нь миний уур хүрээд хойноос нь гэрт нь ороод хэрэлдээд нэг удаа үснээс нь зулгайсан нь үнэн. Өөр асуудад болоогүй. Манай хажуу талд Галдан гэж настай хүн байсан юм. Бид нар нэг байранд олон жил болсон ба өвөөг бие нь өвдөхөөр ээлжилж орж хоол унд өгдөг байсан. Тэгтэл 2016 онд Галдан өвөө харваж бие нь муудаад хэвтэрт ороод төрсөн дүү нь гээд Ганцэцэг гэх эгч ирж сахиж байсан. Тэрнээс хойш таньдаг болсон юм. Ганцэцэг гэх эгчтэй би цэвэр ус өгөхгүй яагаад гэвэл газраас явсан шугам хөлдөхөөр ганц манайх янзлуулдаг, бас Ганцэцэг гэх эгч ирсэнээс хойш манай байранд архидаж байшингийн урьд хойно гарч шээж баагаад дийлдэхгүй байр тойроод архи, пивоны шил бйадаг. Тэрийг хэлж би бас Ганцэцэг эгчтэй хэрэлдэж байсан. Би угаасаа цэвэр ус өгөхгүй гэж боддог. Харин би архи уусан үедээ Ганцэцэг эгчийн үснээс нь зйлгайсан миний буруу. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

2.3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот дүгнэлтэд:

1. Ч.Ганцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,

2.5. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Фрэндшип Наран” Оношлогооны төвийн “Олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ”-ний дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгч С.Өлзийжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Содном овогтой Өлзийжаргал нь тус багт оршин суудаг болохыг” тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Өлзийжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

3.2. Хохирогч Ч.Ганцэцэгийн хохирлын баримтууд /хх-ийн 39, 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч С.Өлзийжаргал нь согтуугаар, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр байрны 14 тоотод Ч.Ганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь  

 хохирогч Ч.Ганцэцэгийн ...Өлзийжаргал манай гэрт орж ирээд чамд би ус өгөхгүй за юу гэж хэлээд миний зүүн талаас үсдээд чирсэн... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

сэжигтэн, яллагдагч С.Өлзийжаргалын ...миний уур хүрээд хойноос нь гэрт нь ороод хэрэлдээд нэг удаа үснээс нь зулгайсан нь үнэн... /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 301, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Фрэндшип Наран” Оношлогооны төвийн “Олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ”-ний дүгнэлт /хх-ийн 16, 18 дугаар хуудас/ болон хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Өлзийжаргалд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч С.Өлзийжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч С.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ...согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул баривчлах ял оногдуулах нь зүйтэй... гэсэн ялын шүүмж явуулж байгаа ч хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “мансуурсан буюу согтуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байдаг ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өлзийжаргалд ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

 

Шүүгдэгч С.Өлзийжаргал цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286 дугаар зүйлийн 286.1., 290 дүгээр зүйлийн 290.3.,

295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Содномын Өлзийжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овгийн Содномын Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч Харчин овгийн Содномын Өлзийжаргал цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Харчин овгийн Содномын Өлзийжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН