Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: *******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч А.ээс А.ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр С.*******ийг бүртгэсэн Ү-******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч А. нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр -тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ[1] байгуулан захиалгын гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулжээ.[2]

2.2. Нэхэмжлэгч А. нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт хандан Орон сууцны анх удаа гэрчилгээ авах тухай хүсэлт[3] гаргаж, хүсэлтийн хамтран эзэмшигчээр гэх хэсэгт овогтой ******* -ийг тэмдэглэжээ.

2.3. Мөн нэхэмжлэгч А. нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[4] гаргаж, тус мэдүүлгийн Хамтран өмчлөгчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар гэх хэсэгт Боржигон овогт ийн ******* ******* гэж гараар бичжээ.

2.4.Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4-р байрны ******* хаягт байрлалтай 85,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн А., С.******* нарын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мэдүүлэгт хамтран өмчлөгчөөр С.*******ийг бүртгүүлэх тухай өргөдөл, захиалагч А. нь захиалгын гэрээний дагуу -д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тухай тодорхойлолт, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ зэрэг баримт хавсарган ирүүлснийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн А., С.******* нарын өмчлөлд бүртгэж[5], Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[6] олгосон байна.

2.5. Нэхэмжлэгч А. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 7/2781 дугаартай албан бичигт[7] дурдагддаг бөгөөд уг албан бичигт шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шүүхийн байгууллагад хандах эрхтэй талаар дурджээ.

2.6. Улмаар А.ээс Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр С.*******ийг бүртгэсэн Ү-******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан.

2.7.Тус шүүхээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3825 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... нь 2017 оны 04 сарын 05-ны өдөр маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 8-р хороо Улаанхуаранд байрлах Энхтайваны өргөн чөлөөний гудамж 4-р байрны С блок, ******* хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 85,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг -д орон сууц захиалгын гэрээ хийж худалдаж авсан. Энэ гэрээг хийснээс хойш нь гэрээний дагуу 101,204,000 төгрөгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан. Үлдэгдлийг улсын бүртгэл хийгдэх цаг хугацаа буюу 2018 оны 09 сарын 17-ны өдөр Централ капитал банк бус санхүүгийн байгууллагатай орон сууцны зээлийн гэрээ байгуулж зээл авсан ба өнөөдрийн байдлаар зээлээ бүрэн төлж дууссан.

******* нь тухайн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхгүй бол ална гэж ийг айлган сүрдүүлж, дарамт шахалтад орсны улмаас *******ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг бичиж өгсөн.

Гэтэл улсын бүртгэгч мэдүүлэг болон мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийг хүлээж аваад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй бол хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасныг зөрчиж, мэдүүлгийг хүлээн авч, мэдүүлэг болон хүсэлтэд дурдагдсан овогтой *******ийн мэдээлэл нь энэ талаар хийсэн гэрээ хэлцэл, бусад гэрээ, -аас ирүүлсэн албан бичигт мэдээлэл нь зөрүүтэй байх бөгөөд үндэслэл бүхий бүртгэл болоогүй гэж үзэж байгаа.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар тухайн хамтран өмчлөгч *******ийн өмчлөх эрхтэй болохыг баттай нотлох баримт байхгүй байхад хүлээн авч, улсын бүртгэл хөтөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа.

Улсын бүртгэл, бүртгэл хөтлөхдөө *******ийг ямар гэрээ, хэлцэл, баримт бичигт үндэслэн түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь тодорхойгүй байхаас гадна дээрх баримт мэдээллийг бүрэн шалгаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд тус улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 5.3-т энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэл бүртгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд *******ийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлавал эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн, тодруулбал 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслээд эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг. Ингэж бүртгэхэд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг төлнө гээд тухайн мэдүүлэг гаргаж байгаа этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг.

Тухайн үедээ мэдүүлэг гаргаад, нотлох баримтаа хангалттай өгөөд тухайн гаргаж өгч байгаа нотлох баримтыг мэдүүлэг гаргагч өөрөө хариуцахыг хуульчилсан байдаг. Улсын бүртгэгч уг улсын бүртгэлийн эрхийг хөтлөхдөө тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлаад тухайн бүртгэлээ хийсэн байдаг.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээг өөрөө хийсэн боловч тухайн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүнээ өөрөө хүсэлтээрээ, мэдүүлгээрээ хамтран өмчлөгчөөр оруулж ирэхэд нотлох баримтаа бүрдүүлж өгөөд, хүсэл сонирхол нь тухайн үедээ энэ орон сууцны өмчлөгчөөр *******ийг бүртгүүлэх хүсэл зоригоо өөрөө илэрхийлж бүртгүүлсэн байгаа.

Нэгэнт тухайн улсын бүртгэлийг хийлгэхэд хуульд заасан хангалттай нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн байхад улсын бүртгэл үүнээс татгалзах эрх байхгүй.

Тухайн маргаан бүхий орон сууцыг бүртгүүлэхэд бүрдүүлсэн бүх нотлох баримтын хувьд хуульд заасан нотлох баримтыг хангалттай авч бүртгэсэн бүртгэл учраас энэ бүртгэлийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар пропертиз компаниас албан бичиг аваад, байрныхаа ордерыг гаргуулаад, хоёулаа нийлээд мөнгөө төлчихсөн хүмүүс учраас хамтрагчаар *******ийг оруулаад гэрчилгээгээ авчихсан.

Улсын бүртгэл дээр бүртгэл нь ороод, анхан шатны шүүх дээр ном журмаараа явж байхад хэргийг будилаантуулаад, захиргааны хэргийн шүүх болгоод, өмчлөгч биш болгоод, нэг ч төгрөг өгөөгүй юм шиг хандаад байх юм. Мөнгө төгрөг төлсөн баримтууд нь байгаа, банк бусад нь мөнгө төлөөд, хамт амьдраад хамаг юмаа болгуулаад ингээд явж байсан мөртлөө ******* нэг ч төгрөг төлөөгүй, би өөрөө 100 хувь төлөөд авчихсан юм гээд байх юм. Хэн хэн нь мөнгө өгсөн. Тийм учраас надад ноогдох хувийг олгоод өгөөч, илүү юм хэрэггүй гэж байгаа юм... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Харин энэхүү шийдвэрийг бичихдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хувьд эмзэг мэдээлэл байж болох зүйлийг тодруулан бичилгүйгээр зөвхөн хариуцагч байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн эсэхийг дүгнэсэн болно.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны гол үйл баримтыг ... Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах үед гуравдагч этгээд С.******* Солонгосоос холбогдон ...тухайн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхгүй бол ална гэж... айлган сүрдүүлж, дарамт шахалтад орсны улмаас хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг бичиж өгсөн. Гэтэл улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан... гэж шүүхэд хандан маргасан.

4.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана, 7.4-т Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно, 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй... гэжээ.

4.5. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх... үүргээ биелүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн 1271776 дугаар мэдүүлэг болох маягтыг бөглөхдөө Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.******* /*******/-ийн нэрийг оруулан бичиж тэмдэглэн.

4.6. Уг мэдүүлгийнхээ хавсралтад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Бүртгэлийн газарт орон сууцны анх удаа гэрчилгээ авах тухай хүсэлтдээ хамтран эзэмшигчээр овогтой ******* -ийг нэрийг оруулах тухай өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн төлбөр төлсөн баримт, -тай байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, уг гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох тухай тодорхойлолт, барилгын хаягийг Улаанхуаран /13302/, Энхтайваны өргөн чөлөө 4 гэсэн дугаартай болох тодорхойлолт, хаяг байршлын зураг, байрны ерөнхий болон эскиз зураг зэргийг баримтаар гаргаж өгсөн байна[8].

4.7. Эрхийн улсын бүртгэгчээс мэдүүлэг гаргагчийн маягт, түүнд хавсаргасан баримтын бүрдүүлбэр хангагдсан гэж үзэн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр А., С.******* нарын хоёр иргэний өмчөөр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэн, 000678398 дугаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйлдэл нь үндэслэл бүхий болжээ.

4.8. Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр өмчлөгчийн нэрийг бичиж тэмдэглэх талаар холбогдох хууль болон хэм хэмжээ тогтоосон актад тусгайлан зааж өгсөн хориглох заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий бүртгэлийн бүртгэсэн бүртгэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл А.ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж улсын бүртгэгчийг буруутгах өчүүхэн сэдэл олдсонгүй.

4.9. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үе шатанд гуравдагч этгээд С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх эрхийн улсын бүртгэлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч этгээд биш гэж татгалзаагүй.

4.10. Мөн түүнийг ...хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхдээ нэхэмжлэгч А. руу Бүгд Найрамдах Солонгос Улсаас холбогдон ...тухайн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхгүй бол ална гэж... айлган сүрдүүлж, дарамт шахалтад оруулсан, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан... болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр одоогоор алга байна.

4.11. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтэн дүгнээд нэхэмжлэгч А.ийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1271776 дугаартай мэдүүлгийг гаргахдаа бусдын дарамт шахалтад орж, айлган сүрдүүлгийн улмаас Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.*******ийг Ү-******* бүртгэлд бүртгүүлсэн гэх үйл баримт нотлогдохгүй байх тул иргэн А.ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.12. Харин маргаан бүхий орон сууцны мөнгөн эх үүсвэртэй холбоотой асуудлаар болон нэхэмжлэгч А. нь тус хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татагдсан С.*******ийн байнгын дарамт, бие махбодын болон сэтгэл санааны дарамт шахалт, зодож дарамталж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг С.*******ийн нэр дээр шилжүүлж өгөх, хариуд нь А.д ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэхгүй, мессеж бичихгүй байхаар тохиролцоо хийсэн... гэх үйл баримтыг холбогдох чиг үүргийн байгууллагад хандан шалгаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4-р байр, С блок, ******* байрлалтай 85,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр С.*******ийг бүртгэсэн Ү-******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР