Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Ш.Т нэхэмжлэлтэй

  

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 29.628.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад     

 

          Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч “А.К” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 29.628.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

         

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

           3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч А.К-ийн захирал Б.А 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ...., 0 хороо “Б.Г зуслангийн өөрийн өмчлөлийн зуслангийн газартаа 108 метр квадрат талбайтай байшин, 30 метр квадрат талбайтай террастай амины орон сууц бариулахаар болсон. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь болох 53.820.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө Б.А хувийн данс болох “Худалдаа хөгжлийн” банкны 000000 дугаартай дансанд шилжүүлсэн.

Ингээд мөнгөө шилжүүлсний дараа нэхэмжлэгчийн зүгээс Б.А барилга барих боломжгүй, надаас мөнгө авахдаа яаралтай гэж нэхэж авсан, манай барилгын зураг гараагүй байхад яагаад мөнгө яаралтай хэрэг болох болов гэж сэжиглэж мөнгийг өөр зүйлд үрсэн байж магадгүй гэж тооцож маргааш өдөр нь Б.А уулзаж танайхаар байшин бариулах боломжгүй боллоо мөнгөө буцааж авъя гэхэд "танай мөнгийг өөр айлын барилгын материалд шилжүүлсэн, нягтлан өвдсөн байгаа ажилдаа ирээгүй байна, одоохондоо мөнгө шилжүүлэх боломжгүй байна, гэхдээ удахгүй эргүүлээд удахгүй өгнө” гэж хэлснээс хойш утсаа авахаа больсон.

Түүнээс хойш аргагүйн эрхэнд А.К-ийн ажлын байр буюу ....., 9 хороо, “Х.х” оффисийн 5 дугаар давхарт очиход компанийн захирал Б.А байхгүй байсан бөгөөд компанийн нягтлан манайд мөнгө байхгүй, бартерын байр зарагдсаны дараа мөнгөтэй болно,тэрнээс өөрөөр өгөх боломжгүй” гэх тайлбарыг хэлсэн.

Гэтэл мөнгөө нэхэхэд хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 07/22 дугаартай Албан бичгээр 53.820.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлнө гэж хариу өгсөн боловч төлөөгүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус компаниас 24.192.000 төгрөгийн барилгын материалыг биетээр авсан учраас үлдэгдэл 29.628.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

        5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчээс Г.Н олгосон итгэмжлэл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримт, Ш.ТдА.К-аас ирүүлсэн албан бичиг, Нийслэлийн .... дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаартай Прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000000 дугаартай Шүүгчийн захирамж

      

         6.Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, А.К-ийн хуулийн этгээлийн гэрчилгээ

 

         7.Шүүхийн журмаар Аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа ахлах дэслагч Ц.Т илтгэх хуудас, Баяннол дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Б.Ганзоригийг тодорхойлолт

 ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нэхэмжлэлийн шаардах эрхээ үндэслэлээ “хариуцагч зуслангийн байр барина гэж урьдчилагаа төлбөр аваад байраа ч барихгүй, авсан төлбөрийн мөнгийн талд нь барилгын материал өгөөд үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгаа учраас шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

        3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу шүүгчийн туслах хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны товыг түүний 0000 дугаартай гар утсанд залгаж мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариуг өгч улмаар хариуцагчийн шүүхэд биечлэн ирж мэдүүлсэн хаягаар мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 76.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6 дахь хэсэгт заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцохоор хуульчилсан тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

             

        5.Нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч А.К-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 04 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ..... дүүрэг, 19 дүгээр хороо, “Б.г” зуслангийн газарт 108 метр квадрат талбайтай, 30 метр квадрат талбайтай террастай барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй, барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр, хууль тогтоомжид нийцүүлсэн батлагдсан зураг төслийн дагуу барьж хүлээлгэн өгөхөөр, ажлын урьдчилгаа хөлсөнд ажил гүйцэтгэгч 53.820.000 төгрөгийг шилжүүлэн авч харилцан тохиролцсон болох нь гэрээ, мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

      6.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

       7.Хэрэгт авагдсан баримтаар 000 регистрийн дугаартай, “А.К” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл хүнсний дэлгүүр, хүнсний бөөний худалдаа, барааны дэлгүүр, барилгын засвар хийх, газар тариалан, худалдааны зуучлал эрхлэх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.А болох нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

      8.Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний гол агуулга ажил гүйцэтгэгч өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч, хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

       10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн материалаар, нэхэмжлэгчийн санхүүлжилтээр зуслангийн байрыг барьж дуусгаад ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

        11.Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд хариуцагч ажлын хөлс төлснөөр шаардах эрх нь бий болж, нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлсөө бүрэн авах үүрэгтэй.

    

       12.Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Б.А 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд биечлэн ирж  “Нэхэмжлэл гардуулсан тухай” 4 дугаартай баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан, оршин суух хаягаа ... дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 00 дугаар байрны 72 тоотод оршин суудаг гэж тодорхойлж бичин нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй болно.

       13.Иймээс хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 53.820.000 төгрөгнөөс 24.192.000 төгрөгт барилгын материал биетээр өгч, үлдэгдэл 29.628.000 төгрөгийг өгөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгээгүй, шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй учир нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, захиалагчтай тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй ба Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид ажил хийхэд зориулж урьдчилгаа төлбөр төлсөн талаар хэн аль нь маргахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306.090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.К-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 29.628.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хиад боржигон овогт Ш.Т олгосугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306.090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.АРИУНАА