| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/03168/И |
| Дугаар | 102/ШШ2023/03402 |
| Огноо | 2023-09-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/03402
| 2023 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/03402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.
Нэхэмжлэгч: Б.
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо ШГГ
Гуравдагч этгээд: К ХК
Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч төлөөлөгч И.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. /нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Х, Н.Б нар нь хариуцагч НШШГГт холбогдох Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Б.Х, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...тоот шийдвэрээр У ХХК, Б.Х, Н.Б бид 146,070,709 төгрөгийг К ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн. Дээрх төлбөрийн үүргийн дагуу НШШГГазрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №4-... тоот мэдэгдлээр нэхэмжлэгч бидний өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй ...од байрлах 97 мкв 3 өрөө орон сууцыг 288,061,802 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, ... дугаарт бүртгэлтэй ..од байрлах 320 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах ... тоот дугаартай 699 мкв газрыг 301,760,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бидэнд танилцуулсан ба үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн https://www2.1212.mn/ сайтаас 2023 оны 05 дугаар сарын байдлаар Баянгол болон Чингэлтэй дүүргийн шинэ орон сууцны бодит үнэ дунджаар 1 мкв нь 3,5 сая төгрөг байна. Үүнийг 97 мкв-аар үржүүлэхэд 339,500,000 төгрөгийн бодит ханштай хэмээн тогтоожээ. Харин дээрх хувийн сууцны хэмжээ болох 320 мкв-аар үржүүлэхэд 1,120,000,000 үнэлгээ гарч байна. Ашид билгүүн ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж Ашид билгүүн ХХК-ийн дээрх үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар ...шийдвэрээр У ХХК, Б.Х, Н.Б нараас 146,070,709 төгрөгийг гаргуулж К ХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч У ХХК, Б.Х, Н.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байршилтай 978 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байршилтай 320 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын 1500801224 дугаартай 699 мкв талбайтай газрыг тус тус битүүмжлэн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчдийн тус хөрөнгүүдийг нийт 1 тэрбум 100,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, хөрөнгийг үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Ж.У, Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ч.Ж нарыг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход ... хаягт байршилтай орон сууцыг 288,061,802 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо Хувьсгалчдын .. дугаар гудамжны ...тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, газрыг 301,760,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч нарт 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4-149/11271, 4-149/11386 тоот албан бичгүүдээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан эрх үүргийг тайлбарлан тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгчид хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У ХХК нь 2018 оны 05 дугаар сард Кнаас 67,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй явсаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 353 шийдвэр гарсан. Шийдвэрээр хариуцагч нараас 145,557,639 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Шийдвэрийг биелүүлээгүй тул хүсэлт гаргаж Шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Гэтэл төлбөр төлөгч нар цаг хугацаа хожих байдлаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээнд гомдол гаргасан. Гомдолд хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхой бус 1,020,000,000 төгрөгөөр үнэлгээ гарсан гэсэн нь ойлгомжгүй нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 07, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ..., №04-149/11386 Төлбөр төлөгч У ХХК, Б.Х, Н.Б нар хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийнй анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар ...Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,
5. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийнй анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар ...Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар .. Шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн дугаар102/ШЗ2022/... Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.Х, Н.Б нарын өмчлөлийн орон сууны Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, У ХХК-аас НШШГГт хүргүүлсэн үнийн санал өгөх тухай албан бичиг, Капитран ХК-наас хүргүүлсэн шинжээч томилох тухай хүсэлт, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирлын шинжээчээр үнэлгээчин Ж.Уртнасанг томилсон тушаал, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдрийн огноотой төлбөр төлөгч У, Б.Х, Н.Б нарт хөрөнгийн үнэлгээг мэдэгдэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
6. Шүүхээс Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр К ХК-ийг оролцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн, үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй гэсэн үндэслэлээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох
3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хууль заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар ...шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К ХК-ийн хариуцагч У ХХК, Б.Х, Н.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,557,639 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 24-ийн өдрийн дотор төлж барагдуулах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан талууд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, төлбөр авагчийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ... тогтоолоор үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр орон сууц, хувийн сууц гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж эд хөрөнгийг хураан битүүмжилж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцож үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч талууд үнийн саналд тохиролцоогүй тул 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Ашид билгүүн ХХК-ийг орон сууц, хувийн сууц, газрын үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн, мөн хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, энэ үйл баримтад талууд маргаагүй.
4.2. Шинжээчийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр ... тоот хаягт байршилтай 320 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын ...дугаартай 699 мкв талбайтай газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 301,760,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтээр ... тоотод байрлах 97 мкв 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 288,061,802 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлтийг төлбөр төлөгч У ХХК, Б.Х, Н.Б нарт 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №... тоот мэдэгдэх тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Ашид билгүүн ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Тус Хөрөнгө үнэлгээний компаниуд нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
5. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.
6. Иймд хариуцагч НШШГГт холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Х, Н.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 102/ШЗ2023/.... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Х, Н.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 102/ШЗ2023/11793 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА