| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02389/И |
| Дугаар | 102/ШШ2023/03250 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/03250
2023 оны 09 сарын 14 өдөр 102/ШШ2023/03250 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.А.К ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага 8.316.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А.К ХХК, хариуцагч С ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 8.316.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Б.А.К ХХК өөрийн байрны сул өрөөнүүдээ бусад компаниудад түрээслүүлдэг.
Хариуцагч С ХХК 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн манай 000 тоот өрөөг албан тасалгаа, үйлчилгээний зориулалтаар нэг сарын 528.000 төгрөгийг, сар болгоны 05-ны өдрийн дотор төлбөр төлөхөөр, нэг жилийн гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч 2021 оны 12 дугаар сараас эхлэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрөө төлөөгүй.
Бид удаа дараа утасдаж мөн төлбөрийн нэхэмжлэхээ өгсөн боловч ямар ч арга хэмжээ аваагүй.
Бидэнд хэлэхдээ төлнө гэдэг боловч ирж уулзаарай гэж удаа дараа хэлэхэд ирээгүй.
Сая 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн байранд хариуцагч ирээд дотор нь байгаа өөрийн эд зүйлээ авч явсан бичиг бичиж өгснийг би мартаад ирсэн байна.
Одоо хүн авчирч ирж байгаа боловч хурлаас өмнө амжиж ирсэнгүй.
Иймээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6.336.000 төгрөгнөөс хариуцагчийн түрээсэнд төлсөн 792.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 5.544.000 төгрөгийг гэрээнд заасан алданги 2.772.000 төгрөг нийт 8.136.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И.Б олгосон итгэмжлэл, Б.А.К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, С ХХК-ийн ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ..... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0000000 дугаартай Шийдвэр
6.Шүүхийн журмаар хариуцагчийг албадан ирүүлэх Цагдаагийн еранхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч цолтой У.Т ирүүлсэн илтгэх хуудас, .....дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ зөрчиж мөн түрээсийн төлбөрийг төлнө гэдэг хариуг өгдөг боловч төлөхгүй байж байгаад сая 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн бичгээ өгөөд эд зүйлээ аваад явсан гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу шүүгчийн туслах хариуцагч П.Г удаа дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тус шүүхэд хүрэлцэн ирж товтой танилцан гарын үсгээ зурж мөн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг түүний 00000 дугаартай гар утсанд залгаж мэдэгдэхэд хариуцагч өөрийн биеэр хүрэлцэн ирж Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас дээр гарын үсгээ зуран баталгаажууулж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.А.К ХХК, хариуцагч С ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, ..... дүүрэг, Б.К-ийн төв байрны 4 дүгээр давхарын 411 тоот өрөөг албан тасалгаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж, түрээслэхээр, сарын түрээсэнд 525.000 төгрөгийг төлөхөөр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, биелэлтийг улирал, жил тутамд дүгнэж шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж проткол акт үйлдэхээр харилцан тохиролцжээ.
6.Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Мөн хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч талбайгаа түрээслүүлж, хариуцагч түрээсийн төлбөрт 2020 оны 5-7 дугаар саруудын хооронд 792.000 төгрөгийг төлсөн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байна.
8.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрийн биеэр гардаж хүлээн авсан боловч хуульд заасан журмын дагуу шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түрээсийн гэрээний хугацаа дууссаж үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
9.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.
Түрээсийн төлбөрийг тооцоолоход:
-Нэг сарын түрээсийн төлбөр 528.000 төгрөг
-2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 12 / сар/ х 528.000 төгрөг /нэг сарын төлбөр/ = 6.336.000 төгрөг
Үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн түрээсийн төлбөрт төлсөн 792.000 төгрөгийг хасахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул 6.336.000 төгрөг 792.000 төгрөг = 5.544.000 төгрөг, алданги 2.772.000 төгрөгийг нэмээд 8.316.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.
11.Хариуцагчийн төлөөлөгч П.Г нэхэмжлэлийг гардан авахдаа ..... дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг гэж тодорхойлж бичсэн боловч тухайн оршин суух газрынхаа тодорхойлолт, мэдээлэлийг ирүүлээгүй мөн 2023 оэы 06 дугаар сарын 21-ны өдөр шүүгчийн туслахтай утсаар ярихдаа одоо байгаа хаяг .... хаягтаа бүртгэлтэй байгаа гэсэн хариуг өгсөн тул шүүх ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00000 дугаартай Шийдвэр, .... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 000000 регистрийн дугаартай, Д.Г .... дүүрэг, 00 дүгээр хороо, ....хотхоны 00-А дугаар байрны 000 тоотод оршин суудаг болохыг тогтоосон албан бичиг зэрэг бичгийн баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 148.006 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 8.316.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А.К ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.006 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 148.006 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА