| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2026/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
2026 01 06 2026/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2509000001596 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт *******
Монгол Улсын иргэн, ..............., эмэгтэй, дээд боловсролтой, .............., хувираа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ................. тоотод оршин суудаг ба .................. оршин суух хаягтай,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь өөрийн найз Маар дамжуулан түүний танил Э.Шээс “манай найз охин байгаа юм зээлийг нь чөлөөлж, ахиу зээл авах гэсэн юм” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Э.Шээс Хаан банкны ............ дугаарын данснаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 26,000,000 төгрөг шилжүүлсэнийг өөрийн Хаан банкны .......... дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь өөрийн найз Маар дамжуулан түүний танил Э.Шээс “манай найз охин байгаа юм зээлийг нь чөлөөлж, ахиу зээл авах гэсэн юм” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Э.Шээс Хаан банкны ..............дугаарын данснаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 26,000,000 төгрөг шилжүүлсэнийг өөрийн Хаан банкны ............. дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, залилсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 17,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 9,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн барагдуулж дуусна. Э.Шээс авсан мөнгийг С.Ц гэх нэртэй хүнээс зээл авсан байсан зээлээ төлөх гэж тэр хүн рүү шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
- хохирогч Э.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний зүс таних М нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр над руу залгаад манай найз охин байгаа юм зээлийг нь чөлөөлөөд нэмж ахиу зээл авах гэж байгаа юм тус болооч гэж ярьж байсан. Тухайн үед найз охин гэх О нь хүртэл өөрөө залгаж ярьж байсан. Ингээд би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Оийн Хаан банкны ........... тоот данснаас өөрийн Хаан банкны ................ тоот данснаас нийт 26,000,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. 2-3 хоногийн дараа сэжигтэй санагдаад урт цагааны урд талд байрлах гар утасны зээлийн төв дээр очтол М, О хоёр нь хоёулаа ажпаасаа гараад 7 хонож байна гэсэн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны хавьцаа байх ээжийг нь олж ярьж хэлсэн. Тэгээд ээж нь тухайн үед надад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш бараг 7 хоногийн дараа байх О өөрөө 9.000.000 төгрөг над руу шилжүүлсэн. Түүнээс хойш аав ээж нь хүртэл охиноо тоохоо байгаад, О ч гэсэн утсаа авахаа байгаад алга болсон. Урт цагааны урд талын “...................-ын А хаалгаар ороод 1 давхарт “.............”-т ажиллаж байсан. Мөнгө шилжүүлэхдээ ............ хороо ажил дээрээ байхдаа шилжүүлсэн... Одоогоор нийт 17,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 9.000.000 төгрөгийг өгөөгүй байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 13-р хуудас/,
- Э.Шийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсралт мессеж чатны зурвас бүхий гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
Э.Шийн мөнгө шилжүүлсэн интернэт банкны шилжүүлгийн баримт
/хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
-“........... ББСБ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/04970 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,
-*******с үлдэгдэл 9,000,000 төгрөгийг Э.Шийн эзэмшдэг Хаан банкны .............. тоот дансанд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн гүйлгээ бүхий дансны хуулга /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
-*******ын эзэмшдэг Хаан банкны ............... дугаарын, Голомт банкны .............. дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/,
-*******ийн зээл авсан гэх “................” ББСБ-ын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 25/1089 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Иймд шүүгдэгч *******ийн өөрийн найз Маар дамжуулан түүний танил хохирогч Э.Шээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 26,000,000 төгрөг шилжүүлсэнийг өөрийн Хаан банкны .............. дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, урьд өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн түүний орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Э.Шт учруулсан 26.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******ийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ