| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2026/0071/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/98 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/98
2026 01 07 2026/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, хохирогч Б.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 2406002231402 дугаартай, 194/2026/0071/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал үгүй,
Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Н.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дүгээр байрны ххх тоот 96 м.кв, 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшлийнх хэмээн хуурамч гэрчилгээ үзүүлэн зарж, хохирогч Б.Уаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл урьдчилгаанд 25.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1.800.000 төгрөг буюу нийт 23 удаагийн гүйлгээгээр 41.400.000 төгрөг, нийт 66.400.000 төгрөгийг тус тус ххх банкны ххх тоот дугаартай дансаар шилжүүлэн авсан буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын дундуур хүртэл Н надтай утсаар холбогдсон, яаж танилцсан юм бэ гэхээр тухайн үед би 8 дугаар сараас авахуулаад байр хайгаад явж байсан. Манай ажлын газрын хүн манай найзын эхнэр урьдчилгаа аваад байр зардаг гэж санал болгосон. Тэрний дагуу би Нтэй холбогдоод надад 3 байр санал болгосон, үүнээс нэг байр нь ххх дүүрэг, нэг нь ххх төвд, нэг нь гэмтлийн эмнэлгийн тэнд гээд 3 байр санал болгосон. ххх байгаа байрыг үзэхээр нэг өдөр цаг товлоод очиж үзсэн. Би надад байгаа бэлэн мөнгө 25,000,000 төгрөг байна. Тэрнээс илүү би урьдчилгаа төлж чадахгүй, чи намайг эзэнтэй нь холбогдоод уулзуулчих гэхэд гадаад явсан гэсэн. Тэр хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгаа юм гээд надад нотариатаар батлуулсан байрны гэрчилгээ болон нэлээн хэдэн бичиг баримт үзүүлсэн. Тухайн баримт бичигтэй танилцаад эхний ээлжинд би урьдчилгаагаа өгөөд гэрээ хийхээс өмнө эзэнтэй нь уулзъя гэхэд за гээд тохирсон. Байрны эзнийг Б гэдэг надад танилцуулсан. Та урьдчилгаагаа энэ хүний дансанд хийчих гэсэн. Тэгээд бид хоёр гэрээ хийхээр болоод сар болгон 1.800.000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 10 хэдний өдөр байрны түрээс өгөхгүй байна гээд надад нэг хүн залгаад гэнэт орж ирсэн. Тэр үедээ л би залилуулснаа мэдсэн. Н руу залгасан утсаа авахгүй, тэгээд 2 цагийн дараа надруу ххх дүүргийн цагдаагийн хэлтсээс залгаад Н гэдэг хүн өөрийг чинь залилсан гээд хэргээ хүлээхээр ирсэн байна гэсэн. 2023 оны 12 дугаар сараас хойш би тэр байрандаа түрээсийн гэрээ хийгээд түрээсэлж амьдарч байгаа. Шууд учирсан хохирол 66.400.000 төгрөг, гал тогооны шкаф, вакум цонх хийлгэсэн 9.000.000 төгрөг, нийт 75.400.000 төгрөгөөр хохирсон. Үүнээс 5.000.000 төгрөг төлсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хохирогч Б.Нгийн гаргасан өргөдөл. /хх-ийн 14-15 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Уийн: 2021 оны 10 дугаар сарын үед би байр авахаар судалж байтал надтай цуг ажилладаг Б манай нэг найз орон сууц зуучилж зардаг гээд Н гэх эмэгтэйг надад танилцуулсан. Тухайн хүнтэй би утсаар нь холбогдож уулзсан. Н нь надад 3 орон сууц байгаа кино үйлдвэрт 1 байр гэмтэлд, 1 байр, 13 дугаар хороололд, 1 байр байгаа гэсэн. Би ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дугаар хороолол ххх дүгээр байрны ххх тоотод байдаг байрыг нь үзэж байгаад авахаар болсон. Уг байр нь 96 м.кв 3 өрөө байр байсан. Тухайн байрыг надад 1м.кв 1,100,000 төгрөгөнд зарна, уг орон сууцыг Н нь энэ байр надтай цуг ажилладаг хүний нэр дээр байгаа гэхээр нь би ямар учраас хямдхан байгаа талаар асуухад уг байрны суурийг манай цуг ажилладаг ах тавьсан юм, тэгээд л тал хөлсөндөө энэ байрыг бартераар авсан гэж хэлсэн. Би тухайн байрны гэрчилгээг үзэх гэхэд надад 000693306 дугаартай, Ү-22458679454 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг үзүүлсэн. Уг гэрчилгээ нь Б.Б гэх хүний нэр дээр байсан. Би орон сууцны гэрчилгээг үзчихээд тухайн орон сууцыг урьдчилгаа өгөөд зээлээр авах болсон, мөнгөө төлж дууссаны дараа нэрийг шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөгийг ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ххх банкны салбарт байхдаа Б.Б гэх хүний ххх банкны ххх дугаартай данс руу шилжүүлж өгөөд тэр өдрөө байрандаа орсон. Байрандаа амьдарч байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын данс руу ххх дүүргийн нутаг дэвсгэр ххх банкны их тойруугийн салбарт байхдаа 6,000,000 төгрөгөөр 1 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлж урьдчилгаа 25,000,000 төгрөг өгөөд ххх дүүргийн нутаг дэвсгэр ххх дугаар хороо ххх дугаар байрны ххх тоот ээжийнхээ гэрт байхдаа Н дуудаад орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хийхээр ирэхдээ Бын зөвшөөрлөөр Н ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дугаар хороолол ххх дүгээр байрны ххх тоот орон сууцыг захиран зарцуулах, зарж борлуулах тухай итгэмжлэл авч ирсэн. Би Нтэй гэрээ хийгээд сар болгон 1,800,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Түүнээс хойш би уг байранд 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Нгийн данс руу нийт 23 удаагийн гүйлгээгээр 41,400,000 төгрөгийг төлсөн байна. Тэгтэл өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч байхад надруу танихгүй ххх дугаараас залгаад танайх яагаад байрны түрээсээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуухаар нь би энэ байрыг худалдаж авсан шүү дээ гэхэд тухайн хүн нь юу яриад байгаа юм бэ, би 2 жилийн өмнө наад байрыг Нд түрээсэлсэн гэсэн. Би гайхаад Н рүү залгасан боловч утсаа авахгүй байж байтал ххх дүүргийн цагдаагийн ххх дүгээр хэлтсээс залгаж Н гэдэг хүн таныг залилсан гээд ирчихсэн байна гэх мэдүүлэг. /хх-18-19 дүгээр тал/,
2.3. Хохирогч Б.Нийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дугаартай данс, ххх банкны ххх тоот дугаартай данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн мэмдэглэл. /хх-ийн 78-79 дүгээр тал/,
2.4. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ /хх-21-23/,
2.5. Б.Уийн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгууд. /хх-24-27, 29-62 дугаар талд/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: шүүгдэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 407 дугаар ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн өгсөн баримт, яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээ: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй, шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримтыг шинжлэн судлав.
3.3.Хохирогч болон шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Сүхчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:...өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Н.Н нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч талд нийт 66.400.000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд шүүгдэгчийн талаас хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Үлдэгдэл хохирол болох 61.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс 9.000.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн гэдэг. Хохирогч дээрх зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:... Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар тусгайлан гаргах саналгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруудаа маргахгүй байгаа, шүүхийн шийдвэрт тусгах нийт хохирлын хэмжээнд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчоос нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх талаар улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.
Хохирогч Б.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:...хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Н.Н нь “... гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Н нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дүгээр байрны ххх тоот 96 м.кв, 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшлийнх хэмээн хуурамч гэрчилгээ үзүүлэн зарж, хохирогч Б.Уаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд урьдчилгаанд 25.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1.800.000 төгрөг буюу нийт 23 удаагийн гүйлгээгээр 41.400.000 төгрөг, нийт 66.400.000 төгрөгийг тус тус ххх банкны ххх тоот дугаартай дансаар шилжүүлэн авсан буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хохирогч Б.Нгийн гаргасан өргөдөл. /хх-ийн 14-15 дугаар тал/,
- Хохирогч Б.Уийн:...2021 оны 10 дугаар сарын үед би байр авахаар судалж байтал надтай цуг ажилладаг Б манай нэг найз орон сууц зуучилж зардаг гээд Н гэх эмэгтэйг надад танилцуулсан. Тухайн хүнтэй би утсаар нь холбогдож уулзсан. Н нь надад 3 орон сууц байгаа кино үйлдвэрт 1 байр гэмтэлд, 1 байр, ххх дугаар хороололд, 1 байр байгаа гэсэн. Би ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дугаар хороолол ххх дүгээр байрны ххх тоотод байдаг байрыг нь үзэж байгаад авахаар болсон. Уг байр нь 96 м.кв 3 өрөө байр байсан. Тухайн байрыг надад 1м.кв 1,100,000 төгрөгөнд зарна, уг орон сууцыг Н нь энэ байр надтай цуг ажилладаг хүний нэр дээр байгаа гэхээр нь би ямар учраас хямдхан байгаа талаар асуухад уг байрны суурийг манай цуг ажилладаг ах тавьсан юм, тэгээд л тал хөлсөндөө энэ байрыг бартераар авсан гэж хэлсэн. Би тухайн байрны гэрчилгээг үзэх гэхэд надад ххх дугаартай, ххх улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг үзүүлсэн. Уг гэрчилгээ нь Б.Б гэх хүний нэр дээр байсан. Би орон сууцны гэрчилгээг үзчихээд тухайн орон сууцыг урьдчилгаа өгөөд зээлээр авах болсон, мөнгөө төлж дууссаны дараа нэрийг шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөгийг ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ххх банкны салбарт байхдаа Б.Б гэх хүний ххх банкны ххх дугаартай данс руу шилжүүлж өгөөд тэр өдрөө байрандаа орсон. Байрандаа амьдарч байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийн эзэмшлийн ххх банкны ххх дугаарын данс руу ххх дүүргийн нутаг дэвсгэр ххх банкны их тойруугийн салбарт байхдаа 6,000,000 төгрөгөөр 1 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлж урьдчилгаа 25,000,000 төгрөг өгөөд ххх дүүргийн нутаг дэвсгэр ххх дугаар хороо ххх дугаар байрны ххх тоот ээжийнхээ гэрт байхдаа Нг дуудаад орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хийхээр ирэхдээ Бын зөвшөөрлөөр Н ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх дугаар хороолол ххх дүгээр байрны ххх тоот орон сууцыг захиран зарцуулах, зарж борлуулах тухай итгэмжлэл авч ирсэн. Би Нтэй гэрээ хийгээд сар болгон 1,800,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Түүнээс хойш би уг байранд 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Нийн данс руу нийт 23 удаагийн гүйлгээгээр 41,400,000 төгрөгийг төлсөн байна. Тэгтэл өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч байхад надруу танихгүй /90083879/ дугаараас залгаад танайх яагаад байрны түрээсээ төлөхгүй байгаа юм бэ гэж асуухаар нь би энэ байрыг худалдаж авсан шүү дээ гэхэд тухайн хүн нь юу яриад байгаа юм бэ, би 2 жилийн өмнө наад байрыг Нд түрээсэлсэн гэсэн. Би гайхаад Н рүү залгасан боловч утсаа авахгүй байж байтал Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс залгаж Н гэдэг хүн таныг залилсан гээд ирчихсэн байна гэх мэдүүлэг. /хх-18-19 дүгээр тал/,
- Хохирогч Б.Угийн эзэмшлийн ххх банкны ххх тоот дугаартай данс, ххх банкны ххх тоот дугаартай данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн мэмдэглэл. /хх-ийн 78-79 дүгээр тал/,
- 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ /хх-21-23/,
- Б.Уийн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгууд. /хх-24-27, 29-62 дугаар талд/, болон хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч мөнгөө бусдад өгч залилуулсныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь хохирогчоос “байр зарна “ гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж улмаар уг хуурамч бичиг баримтаа хохирогчид үзүүлж 2021.12.31-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчоос 23 удаагийн үйлдлээр 41,400,400 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулж байгаа Н.Нийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, дансны хууллга, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Н “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уд 70,400,000 /далан сая дөрвөн зуун мянган/ төгрөгний хохирол учруулсан байх тул шүүгдэгч Н.Нгээс 70,400,000 /далан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас:
Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Хэрэг үйлдэгдээд 4 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээд дээрх ялын саналыг гаргасан. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Анхны саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:
Шүүгдэгч өөрөө хэргээ илчлэн ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Прокурорын тоо бүртгэл нэг программтай, цагдаа бас нэг программтай байхад яагаад нэгтгээгүй гэдгийг ойлгохгүй байна. Ингээд анхаарч хараагүй нь улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож, хууль хэрэглээнд хүндрэл учирч байна. эхлээд 35.000.000 төгрөг аваад, дараа нь 66.000.000 төгрөг болсон. Хохирлыг төлөх боломж байгаа, эдгээр нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Уаас:
Ээж, аавтай нь тохиролцсон гэж байна. 5 дугаар сард ноос, ноолуур гарах үеэр хохирлыг барагдуулъя гэсэн санал хэлсэн болохоос гэрээ хийж тохиролцсон асуудал байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Шүүгдэгч Н.Нгээс: хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Нд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Н.Нийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 15 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийг нь эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Нг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Н.Нгийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийнм 2.2-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 15 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сар, 15 /арван тав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арван/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Нгээс 70,400,000 /далан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уд олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Н.Нгийн эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэх тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.