Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2023/00639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26 320 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 320 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хариуцагч *******т 2021 оны 7 сараас эхлэн 19 790 000 төгрөгийг зээлдүүлсэн. ******* нь анх надтай уулзахдаа “М ” гэх компанид мөнгө хийж ашиг олж байгаа, чиний мөнгийг сарын дотор нэг нугалаад өгнө, их мөнгө байх тусмаа илүү ашиг олдог” гэж хэлээд намайг итгүүлж бусдаас мөнгө зээлдүүлэн авсан. Миний хувьд тухайн үед түүний хэлсэнд итгэсэн. Гэвч зээлж авсан мөнгөө өгөхгүй 1 жил гаруй хугацаа болсон тул *******тэй уулзаад үндсэн зээлд төлөх ёстой мөнгөн дүнг тогтоосон. Ингээд 2022 оны 9 сарын 13-ны өдөр бид хоёр нотариат дээр очиж “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу ******* нь үндсэн зээл болох 19 790 000 төгрөгийг 2022 оны 12 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах, мөн 4 сарын хүүнд тооцож сар бүр 1 075 000 төгрөг буюу 4 300 000 төгрөг төлөх ёстой байсан. ******* нь хүүнд төлөх ёстой 4 300 000 төгрөгийг төлсөн хэдий ч үндсэн зээл болох 19 790 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу ******* нь төлбөрөө төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд алданги төлөх үүрэгтэй. 2022 оны 12 сарын 27-ноос 2023 оны 3 сарын 13-ныг хүртэл 66 хоногийн 0,5 хувь нь  нэг өдрийн 98 950 төгрөг нийт 6 530 700 төгрөг болж байна. Иймд *******ээс үндсэн төлбөр 19 790 000 төгрөг, алданги 6 530 700 төгрөг буюу нийт 26 320 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Миний хувьд тухайн үед *******ийн хэлсний дагуу түүний өгсөн данс болох нөхөр ийнх нь данс руу шилжүүлсэн. Миний хувьд *******ийн ярьж хэлсний дагуу хүнээс хүүтэй мөнгө зээлж шилжүүлж байсан. *******ийг ирсэн бол алдангиас татгалзах бодолтой байсан. Гэхдээ одоо нэхэмжилж байгаа 26 320 700 төгрөгөөс алдангид тооцсон 6 530 700 төгрөгөөс татгалзаж байна. Миний хувьд 2022 оноос хойш *******ээс мөнгөө авах гэж хөөцөлдсөн. Одоо өгсөн үндсэн 19 790 000 төгрөгөө л авахад болно гэж тайлбарласан.  

  

2. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар,  2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 19 790 000 төгрөг, алданги 6 530 700 төгрөг, нийт 26 320 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж алданги 6 530 700 төгрөгөөс татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 19 790 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

  Миний бие *******т 2021 оны 7 сараас эхлэн 19 790 000 төгрөг зээлдүүлсэн. ******* анх надад итгэл үнэмшил төрөхөөр ярьж хэлж байсан учир би бусдаас хүүтэй мөнгө зээлж түүнд өгснөөс хойш удаа дараа шаардаж төлбөр төлөх талаар гэрээ хийсэн. ******* нь өгнө гэдэг. Миний хувьд *******т өгсөн үндсэн төлбөр 19 790 000 төгрөгөө нэхэмжилж алданги 6 530 700 төгрөгөөс татгалзаж байна гэж тайлбарласан.  

 

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:  “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” болон нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

- Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.******* нарын хооронд  2022 оны 7 сараас эхлэн 2022 оны 12 сарын 27-ныг хүртэл хугацаанд удаа дараа  зээлийн гэрээ байгуулагдсан байна.

        4. Талууд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  тооцоо нийлж, төлбөр барагдуулах  гэрээ байгуулжээ.

   Дээрх гэрээгээр зээлдүүлэгч Д.******* нь зээлдэгчид 19 790 000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны дотор төлж барагдуулах, мөн 4 сарын хүүнд сарын 1 075 000 төгрөг нийт 4 300 000 төгрөг төлөхөөр ...төлөх хугацааг хэтрүүлсэн хоног дутамд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцжээ.

   Талууд дээрх тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан байна.

   Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 26 320 700 төгрөгнөөс 19 790 000 төгрөгийг нэхэмжилж гэрээний дагуу тооцсон алданги 6 530 700 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа нь хуульд харшлахгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу өөрийн гаргаж буй нэхэмжлэлийг ихэсгэх, багасгаж, татгалзахыг хуулиар олгосон байдаг.

        5. Иймд хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19 790 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.  

        6. Хариуцагч Г.*******т 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг  гардуулсан байх ба 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан  нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх бөгөөд дээрх хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтын хамт ирүүлээгүй байна.

          Шүүх хариуцагч Г.*******т шүүх хуралдааны товийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түүний ******* дугаартай утсаар мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Г.******* нь Улаанбаатар хотод эмнэлэгт байна гэсэн боловч энэ талаар шүүхэд хүсэлт болон нотлох баримт ирүүлээгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульд заасан.

         Иймд хариуцагч Г.*******ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэн нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 553 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ийн төлбөл зохих 19 790 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 256 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 19 790 000 /арван ёсөн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 553 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 256 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА