Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02772 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 131 600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн биелэлтийг хангаагүйн улмаас учирсан хохиролд 131 108 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын зураг, төсөл боловсруулдаг Н ХХК нь М ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж, барилгын зураг төслийг боловсруулаад, актаар М ХХК-д хүлээлгэж өгсөн ба барилга ашиглалтад орсон. Зураг төсөл хийгдсэнээс хойш барилга баригдсан гэдэг нь хэрэгт байгаа барилгын ажил хийж гүйцэтгэсэн зураг төслөөр нотлогдож байна.

Гэтэл хариуцагч тал манай хийсэн зургийн дагуу барилга баригдаагүй, барилга архитектур, барилга бүтээцийн зураг алдаатай байсан гэдэг. Энэ хуучин байсан барилга ба нөхөн сэргээх зураг учраас барилга архитектур, барилга бүтээцийн зурагт алдаа гарах боломжгүй. Манай инженер, техникийн ажилтнууд газар дээр нь хэмжихэд М ХХК-ийн захирал нь инженер н.Ганзориг, н.Өлзийбат нарын хамт байсан. Иймд барилга архитектур, бүтээцийн зураг алдаа гарсан зүйл байхгүй. Цэвэр бохир ус, цахилгаан, сантехникийн зургууд хийгдээгүй байсан гэдэг. Энэ зургийг хийх нэн шаардлагатай холбогдох техникийн нөхцөлүүд болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч өгөөгүй. Бид архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр хариуцагчийн хүсэлтээр хэмжилт хийж, хэмжилтийн зургийн төслийг иж бүрнээр нь хийгээд улсаас тогтоосон норм дүрмийн дагуу үнэлээд өгсөн.

Техникийн даалгавар өгөөгүй байж манайхаас салхивч, цэвэр бохир ус, цахилгаан, сантехник, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зургуудыг нэхэх үндэслэлгүй. Хариуцагч нар хаана, ямар тоног төхөөрөмж суурилуулагдах талаар даалгавар бидэнд өгөөгүй атлаа барилгын зургийг манайхаас авсны дараа, уг зургаар барьсан барилгад өөрсдөө дур мэдэн тоног төхөөрөмж суулгачихаад таарахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй.

Манай компани анх шүүхэд гэрээт ажлын хөлс 19 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээгүйгээр ажилласан ажлын хөлс 54 281 600 төгрөг, нийт 74 131 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь “...цаашдаа танай компанитай хамтран ажиллах тул эдгээр зураг төслийг хийчих, зураг бэлэн болсны дараа зургаа үнэлээд, гэрээ хийе...” гэж бидний итгэл үнэмшлийг ашиглан ургамлын тосны үйлдвэрийн зураг, кэйк савлах цехийн зураг, түүхий эдийн агуулахын зураг, халаалтын зуухны зураг, нүүрсний саравч, гадна дулааны шугам сүлжээний зураг зэрэг зургуудыг хийлгэсэн.

Эдгээр зургуудын үнэ нэхэмжилсэн 54 281 600 төгрөгт багтана. Гадна дулааны шугам сүлжээний зургийг гэрч н.Алтанлантуу газар дээр нь өөрөө очиж ажиллаж, зурсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М ХХК нь Н ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 23 000 000 төгрөгийн зураг төсөл боловсруулах гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 1.1-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийн ажлыг боловсруулах ажлыг захиалагчийн өгсөн техник эдийн засгийн үндэслэл, зургийн даалгаврын дагуу 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж дуусгах, үр дүнг хүлээлгэн өгөх ба захиалагч нь захиалгат ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, энэхүү гэрээнд заасан журмын дагуу гүйцэтгэгчид ажлын хөлс төлөхөөр тохиролцсон.

Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр барилга хийц, барилга архитектур, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зураг үүрэг хүлээсэн боловч цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зургийн ажлыг хийж гүйцэтгээгүй учраас дээрх ажлыг “Ялгуун баян” ХХК, “Тэгш-Өргөө” ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн.

Мөн 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зураг, төсөл боловсруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгэгч нь зураг төслийг архитектур, төлөвлөлт, инженер техникийн орчин үеийн ололт, оновчтой шийдэл, дэвшилт технологийг хэрэглэн барилгын зураг төслийг зохиох талаар Монгол Улсад дагаж мөрдөж буй норм дүрэм, стандарт техникийн нөхцөлд чанд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, иж бүрэн зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулах үүрэгтэй байх бөгөөд гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүй.

 Н ХХК нь гэрээний 3.2-т зааснаар зураг төслийг экспертизийн албаар батлуулалгүйгээр тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажлын зураг төслийг хүлээлгэж өгсөн акт гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд дээрх акт нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр үйлдсэн болох экспертиз хийсэн он, сар, өдөр, экспертизийн хувийн дугаар зэрэг зүйлүүд тодорхойгүй байна. Хэдий актаар хүлээлгэж өгсөн гэдэг боловч уг актыг Н ХХК-ийн захирал Ш.Мөнгөн-Эрдэнэ нь М ХХК дээр өөрийн биеэр ирээд Барилга, хот байгуулалтын яаманд үйл ажиллагааны тайлан гаргаж өгөх шаардлагатай байна гэж хэлээд захирлаар гарын үсэг зуруулсан байдаг.

Дээрх акт дээр тамга байхгүй, ажлыг актаар хүлээж авсан зураг байхгүй. Үүнээс гадна Н ХХК нь хуучин барилгын зургийг сэргээн засварлаж хийх ёстой байсан ба хуучин үйлдвэрийн хэд хэдэн барилгуудыг шугаман туузаар холбосон технологийн дамжлагатай объект байсан. Объектын бодит хэмжээ барилга бүтээц, архитектурын хувьд зөрсөн байсан.

Өөрөөр хэлбэл, барилгын хэмжээнээс өөрөөр зурагдсан, барилга хоорондын зай өөр байсан. Энэ бол чанарын доголдолтой үүргийн гүйцэтгэл юм. Мөн нэхэмжлэгч тал гэрээнээс гадна ямар ажил хийсэн нь хэрэгт байхгүй, ямар ажил хийсэн гэдгээ нотлоогүй. Хэрэгт шинжээч томилуулсан бөгөөд шинжээч нь барилга бүтээц, барилга архитектуртай холбоотой хийж өгсөн зураг нь нийт гэрээний үнийн дүнгийн 61 хувь гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр зэрэг 60 000 000 төгрөгийн гэрээний 60 хувь бол 36 000 000 төгрөг. Бид нэхэмжлэгчид 40 000 000 төгрөг өгсөн тул гэрээнд тохиролцсон үнийг илүү төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 74 131 600 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2016 оны 6 дугаар сард гэрээнд зааснаар барилга бүтээц, барилга архитектурын зургийг хагас дутуу хүлээлгэж өгсөн ба бусад зургийг 3 жилийн дараа өгсөн. Бид энэ зургийг хүлээгээд барилгын ажлаа хийхгүй байх боломжгүй тул 2013 оны 8 дугаар сар өнгөрсний дараа Н ХХК нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод “Тэш-Өргөө” ХХК, “Ялгуун баян” ХХК, “Бьюлдингс текноложи” ХХК нартай гэрээ байгуулж, Н ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг гүйцэтгүүлсэн.

Бид 2013 оноос хойш тосны үйлдвэрийг барьсаар байгаад дуусгасан. Н ХХК-ийн зургаар барилгыг бариагүй. Яагаад Н ХХК-ийн зургаар барилгыг бариагүй гэхээр барилгын ажлыг эхлүүлээд 3 жилийн дараа буюу 2016 онд үйлдвэр ашиглалтад орж байсан. Энэ нь бид зургийг хэрэглээгүй гэдгийг нотолно. Мөн энэ зургийн дагуу бид тоног төхөөрөмж захиалах боломжгүй байсан. Алдаатай зураг байсан учир бид зургийн дагуу барилгын ажлыг хийгээгүй.

Иймд М ХХК нь “Тэш-Өргөө” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нийт 36 000 000 төгрөгийн гэрээ, “Ялгуун баян” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №20/13 тоот гэрээ, мөн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12017 тоот нийт 20 000 000 төгрөгийн гэрээ, “Бьюлдингс техноложи” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 3 дугаар сард зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан ажлын хөлсөнд нийт 14 000 000 төгрөг төлсөн буюу нийт төлсөн 70 883 000 төгрөг, Н ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хуучин барилгын хэмжээг буруу авч, түүний дагуу буруу хэмжээтэй зураг төсөл боловсруулсан, гүйцэтгэлийн ажил чанар байдлын доголдол гарсан тул гэрээний төлбөрт төлсөн 40 150 000 төгрөг, гэрээний 7.1-д зааснаар ногдуулсан алданги 20 075 000 төгрөг, нийт 131 108 000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Ялгуун баян” ХХК, “Тэш-Өргөө” ХХК-иудаар зураг төсөл хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна гэжээ. 2013-2016 он хүртэл биднийг зургаа гүйцэтгээгүй байж байгаад 2016 онд өгсөн гэж байгаа нь худал. 2013 оноос хойш 2016 он хүртэл сар бүр утсаар ярьж, уулзаж, ярилцсаар байгаад архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр зураг зуруулсан. Ер нь архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаас хойш барилга архитектурын зураг, өрөө хоорондын зураг хийгддэг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2016 онд л М ХХК манай компанид гаргаж өгсөн. Барилгын зураг хийхэд нэн шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байж хэмжилтийн зургийн дагуу барилгаа барьчихаад манайхаас хохирол нэхэх нь үндэслэлгүй.

Манайхаар зуруулна гэж тохироогүй, хийлгэхгүй гэж байсан зургийг өөр бусад компаниудаар зуруулсан байсан. Үнэхээр хийж гүйцэтгэсэн зураг чанарын доголдолтой байсан бол хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрх нь М ХХК-д байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Бид нар харин араас нь хөөцөлдөж техникийн нөхцөлөө өгөөч, зургийг чинь зурчихлаа хүлээж аваач гэж актаа бэлдчихээд байдаг.

Гэтэл хариуцагч хүлээж авдаггүй. Хариуцагч барилгаа барихад зураг нь шаардлага хангахгүй байсан бол төлбөрийг чинь төлөхгүй гэж хэлээд гомдлын шаардлагаа гаргаад тухайн ажлыг өөр компаниудаар гүйцэтгэх боломж байсан. Шүүхэд нэхэмжлэл манайхыг гаргасны дараа янз бүрийн шалтаг хэлж байж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Мөн энэ хэрэгт шинжээч томилуулж дүгнэлт гаргасан. Шинжээч Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг барилгын тухай хуульд заасан стандарт, норм дүрмийг хангасан зураг гэж дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгө нь инженерийн шугам сүлжээний зургийн төлбөр байх бөгөөд анхнаасаа М ХХК-тай инженерийн шугам сүлжээний зургийг хийхгүй гэж тохирсон. Харин М ХХК нь гадна дулаан, цэвэр бохир усны зургийг “Тэш-Өргөө” ХХК-иар хийлгэнэ гэж тохирсон байсан.

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цахилгааны зургийг аль компаниар хийлгэх вэ, цахилгааны компани олж, цэвэр бохир ус, гадна цахилгаан, дулааны зургийг хийлгэнэ гэж байсан. Гэтэл 2013 онд ийм гэрээ хийсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хамгийн анх барилга архитектур, барилга бүтээцийн зураг орж ирж байж цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний зураг дараа нь хийгддэг.

Бидний зурсан барилга архитектур, барилга бүтээцийн зургийг авч барилгаа сэргээн засчихаад, дараа нь цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээний холболтын зургийг хэрхэн хийх талаар бидэнтэй 2016 онд ярьж байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М ХХК-иас 74 131 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэл, хариуцагчийн 131 108 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764 550 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компани "Майнд Теч" ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдах "Майнд Теч" ХХК-ийн тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан.

Уг гэрээнд тусгагдсан ажлуудаас Барилга Архитектур, Барилга Бүтээц хэсгийн зураг төслүүдийг гэрээний хугацаанд хийж дуусгасан бөгөөд зураг төслүүдийг /Халаалт салхивч, Цэвэр бохир ус, Цахилгаан хангамж, Хүчит төхөөрөмж, Холбоо дохиолол/ гүйцэтгэх гэсэн боловч захиалагчийн зүгээс бидэнд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөлгүй 2016 оны 5 дугаар сарыг хүртэл хүлээлгэж гэрээний үүргээ биелүүлээгүй учраас бид хийгдэж дууссан ажлуудыг актаар хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэх шаардлага тавьсан.

Ингээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзаж гэрээнд тусгагдсанаас гадна дараа нь гэрээ хийнэ гэж залилж хийлгэсэн ажлуудын / ургамлын тосны үйлдвэр, кейк савлах цех, түүхий эдийн агуулах, нүүрсний саравч г.м / БА, ББ хэсгүүдийн зураг төслүүдийг тус тус актаар хүлээлгэж өгсөн, мөн дээрх барилгуудын БА-ын хэсгийн зураг төслийг өөр компаниар хийлгэнэ гэж файл хэлбэрээр 2013 оны 7 дугаар сард авч байсан.

Хүлээлгэж өгсөн зураг төслүүдийн талаар асуухад тэд өөр компаниудаар хийлгэсэн тухайгаа хэлж байсан бөгөөд энэ тухай тэмдэглэл ч байгаа. Бид гэрээгээр болон дараа гэрээлнэ гэж хууртагдаж гүйцэтгэсэн ажлуудын Барилга Архитектур, Барилга Бүтээц хэсгийн зураг төслийн нийт үнэ болох 74 131 600 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй үндэслэлээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ. гүйцэтгэсэн ажлын зургууд, зураг хүлээлцсэн акт, фото зургууд зэрэг өөрт байгаа бүхий л нотлох баримтуудаа бүрдүүлж өгсөн.

Манай компанийн гүйцэтгэсэн зургийн дагуу "Майнд Теч" ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдаагүйн улмаас маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74 131 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 131 108 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулагдсан ба ажил гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч нь 37 000 000 төгрөгийн хөлс төлөх, мөн 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулагдсан ба ажил гүйцэтгэгч нь тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн зуухны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч нь 23 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 4-14/

Нэхэмжлэгч нь дээрх 2 бичгийн гэрээнээс гадна амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилга /шахах үйлдвэр/, кейк савлах, агуулах, халаалтын зуух, уурын бойлер, нүүрсний саравч гэх ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, хийсэн ажлын хөлс 54 281 600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч амаар гэрээ байгуулаагүй, хүлээлгэн өгсөн гэх ажлууд нь бичгийн 2 гэрээний зүйл болно гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нотолгооны хуваарилалтын үүргийг буруу хийсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн гэх 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хийсэн ажлын жагсаалт бүхий М ХХК-ийн тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажлын зураг төслийг хүлээлгэж өгсөн акт” болон фото зургуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. /1хх 16-17,67-75/

Уг ажил хүлээлцсэн гэх баримтаар захиргаа аж ахуйн барилга, барааны агуулах, нөөцийн үр тарианы агуулах /элеватор/-ын барилга /сэргээн засварлах/, үр тарианы бетонон силос /сэргээн засварлах/, үр тарианы урьдчилан цэвэрлэх цех /сэргээн засварлах/, тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилга /шахах үйлдвэр/, кейк савлах, агуулах, халаалтын зуух, уурын бойлер, нүүрсний саравч зэрэг 10 ажлыг нэрлэн заасан байна. Энэ 10 ажлыг бичгээр байгуулсан 2 гэрээний зүйлтэй харьцуулан дүгнэвэл жагсаалтын 5-10 дэх хэсэгт заасан ажил нь бичгийн гэрээний зүйлд хамаарсан эсэх нь эргэлзээтэй, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардагдахаар байна. /1хх 92-93, 98, 100, 102/

 

Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээч С.Одон, Р.Лхагважав, Ч.Тунгалаг нарыг томилж, эдгээрийн шинжээчийн дүгнэлтүүдийг хариуцагч эс зөвшөөрч, бодит байдал, зураг төсөл болон зургийн обьектын хэмжээ хоёр зөрүүтэй байна гэсэн агуулгаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. /1хх 98, 100, 102, 183, 190, 193-194/

Мөн нэхэмжлэгч нь амаар байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс шаардаж байгаа ба талууд хөлсний талаар тохиролцоогүй тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээ зэргийг тодорхойлсон эсэхийг шүүх тодруулах байжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 608 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА   

           

                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                 

                                                                                  Д.ЦОГТСАЙХАН