Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

  С.Б  Ж.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б, Ж.Е нарт  холбогдох эрүүгийн 2113000510034 дугаартай хэргийг шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.Е болон түүний өмгөөлөгч Т.Костёр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, хяналтын прокурор М.Парида, орчуулагч А.Ахмерей, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч Ж.Е, түүний өмгөөлөгч Т.Костёр нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1984 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүнтэй, ээжийн хамт Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 125 дугаар 125.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сараар баривчлах ял, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалт, 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Ш овогт Сын Б /РД:0000/,

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 хүнтэй, ээж, бэр эгч, дүү нарын хамт Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Ш овогт Жы Е /РД:БЮ00000/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ө-ыг хавирч унагаан, хэтэвчтэй 500.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш овогт Сын Б, Ш овогт Жы Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад 4 /дөрөв/ жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Е-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял, Ж.Е-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдолд: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн С.Б-ад санал болгосон 5 жилийн хорих ялыг 2 жил болгон багасгаж өгөх талаар санал дүгнэлт гаргасан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүх ял оногдуулахдаа зөвхөн дор дурдсан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, ...56.1.12-т “...ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн” гэж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт "Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно..." гэж тус тус заасан байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилсан байна. Сүүлд батлагдсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлалаас үзвэл хууль тогтоогчоос ялтай байх хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн буюу урьд ял шийтгүүлж байсан гэсэн үндэслэлээр хүний /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч/ эрх зүйн байдлыг дордуулж хэрхэвч болохгүй гэж үзжээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, харин шүүгдэгч Ж.Ейг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх байдлаар ялгавартай хандсаныг холбогдох хуулийг зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Бад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Е болон түүний өмгөөлөгч Т.Костёр нарын  давж заалдах гомдолд:  “Шүүгдэгч Ж. Е нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хурал дээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа болон өөрт нь ноогдох 136400 төгрөгөө төлөхөө илэрхийлсэн билээ. Шүүгдэгч Ж. Е нь анх удаа үйлдсэн хэргээ гэмшин буруугаа ойлгож хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нь түүнд ял оноохдоо Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын 1.1-т заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа юм. Ахуй амьдралын хувьд эрхэлсэн ажилгүй, тархиндаа хүнд хагалгаа хийлгэн толгойн яс орлуулан  нөхөөс тавиулсан хөгжлийн бэрхшээлтэй өөрийн гэх хашаа, байшин гэр оронгүй, мал хөрөнгөгүй, нэн ядуу амьдралтай, харж хандах төрөл садангүй байгаа юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан байна. Шүүгдэгч Ж. Е нь 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Х.Ө-д учруулсан 136400 төгрөгөө бүрэн төлж хохиролгүй болголоо. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн заалтыг бүрэн хангаж байна гэж үзэж байна.

Дээрх байдлууд дээр дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж. Е нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа юм. Шүүгдэгч Ж.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ийг баримтлан хэргийн болон хувийн байдал, ар гэр ахуй амьдралыг харгалзан үзэж 1 жилийн ял оногдуулах бүрэн боломжтой боллоо гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгч Ж.Е-д 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Ж.Е-н эрх зүйн байдлыг дордуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгч Ж. Е-н хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.Е болон түүний өмгөөлөгч Т.Костёр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б, Ж.Е нар нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж хохирогч Х.Өын эсрэг хүч хэрэглэж, түүний өмчлөлийн хэтэвчтэй мөнгө, гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж авч, түүнд 548.800 төгрөгийн хохирол учруулан, түүний халдашгүй байдал, хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос хэргийн үйл баримтыг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Ж.Е нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн дурдсан зүйл, хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Е-г хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, дээрэмдэх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иймээс шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан “ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй, С.Б-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах” тухай, шүүгдэгч Ж.Е болон түүний өмгөөлөгч Т.Костёр нарын хамтран гаргасан “шүүгдэгч Ж.Е-н хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай давж заалдах гомдлуудыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар шүүгдэгч нарын тус тус цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.Е болон түүний өмгөөлөгч Т.Костёр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-н цагдан хоригдсон 81 хоногийн хугацааг, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 75 хоногийн хугацааг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

 

                                                                                                 С.ӨМИРБЕК