| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0103/З |
| Дугаар | 128/ШШ2023/0436 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2023/0436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******о /
Нэхэмжлэгч: Н.******* *******
Хариуцагч:
Маргааны төрөл: *******о, Н.******* нарын эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч *******о, Н.******* нар нь д холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын 13 дахь хэсгийн иргэн *******о, Н.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж маргасан болно[1].
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газарт анх нэхэмжлэгч *******о 3000 м.кв, Н.******* 1000 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/565 дугаар[2] захирамжаар шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн А/745 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаагаа 15 жилээр сунгуулан[3], мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1196 дугаар Газар эзэмших эрхийн талбай хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай захирамжаар[4] иргэн *******од 2998.0 м.кв, иргэн Н.*******д 999.0 м.кв газар болгож талбайн хэмжээг өөрчлөн зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон, *******од 000060250[5] дугаар, Н.*******д 000060249 дүгээр[6] газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгожээ.
2.2. Хожим Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/597 дугаар захирамжаар[7] Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/745 дугаар захирамжаар иргэн Н.*******д газар эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн 2021 оны 08 дугаар сарын сарын 03-ны өдрийн А/600 дугаар захирамжаар[8] Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1169 дугаар захирамжаар иргэн *******о, нарт газар эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь тус тус хүчингүй болгосон.
2.2. *******о, Н.*******, нар нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600, А/597 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ/2022/0120 дугаар шийдвэрээр маргаан бүхий дээрх захирамжуудыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаар магадлалаар[9] дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 312 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар[10] уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон[11].
2.3.Дээрх маргаан бүхий захирамжтай холбоотой захиргааны хэргийг шүүхээр хэлэлцэгдэж байх хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон шийдвэрлэжээ.
2.4.Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/4748 дугаар албан бичгээр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг батлах тогтоолын төслийг д өргөн мэдүүлснийг үндэслэн баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр нийтийн эдэлбэрт авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайтай[12] нэхэмжлэгч *******огийн эзэмших эрх бүхий 2998.0 м.кв, Н.*******гийн эзэмших эрх бүхий 999.0 м.кв газар бүхэлдээ багтсан байна.
2.5. Улмаар иргэн *******о, Н.******* нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг, шүүх хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШЗ2023/0851 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: ...*******о нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 2998 м.кв газрыг нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1196 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатайгаар, Н******* овогтой ******* нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 999 м.кв газрыг нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1196 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшсэн юм.
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/597 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжууд гаргасныг эс хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн засаг даргын А/597 болон А/600 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Тус маргааныг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн засаг даргын А/597 болон А/600 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэж, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 8667 дугаартай "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай" шүүгчийн захирамжаар маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/597 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/600 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжуудыг түдгэлзүүлсэн байдаг.
Гэтэл 2021 оны 11 дүгээр 08-ны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 147 дугаартай Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолгох тухай" тогтоолоор /147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсэг/ иргэн миний Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн *******огийн нэгж талбарын 17******* дугаар бүхий 2998 м.кв газар, Н.*******гийн нэгж талбарын 17******* дугаар бүхий 999 м.кв газрыг тус тус нийтийн эдэлбэр газраар тогтоох тухай хууль бус шийдвэр гаргасан билээ.
Тодруулбал: Төрийн эрх бүхий захиргааны байгууллагаа аливаа шийдвэр гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлах үүрэгтэй байх бөгөөд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, санал авах зэрэг хуулиар заасан шаардлагыг биелүүлэлгүйгээр иргэний хуулиар хамгаалагдсан өмчийн эрхэд халдсанд гомдолтой байна.
Нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1179 тоот шийдвэрээр *******од Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 2998 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, Нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1179 тоот шийдвэрээр Н.*******д Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 999 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх үед нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож шийдвэр гаргаж буй нь зөрчилтэй хууль бус шийдвэр юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2022/0120 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай магадлалаар нэхэмжлэгч нарын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 147 дугаартай "Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолгох тухай" тогтоолоор иргэн *******о болон Н.******* нарын эрхийг зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан байх тул НИТХ-ын тэргүүлэгчдийг хуралдуулж өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн нэхэмжлэгч нар хүсэлт гаргаж хандсан боловч 2022.12.27-ны өдрийн 02/897 дугаартай албан бичиг, 02/896 дугаартай албан бичгүүдээр "уг асуудал нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийслэл засаг даргаас өргөсөн саналын дагуу шийдвэрлэсэн" гэх хариуг ирүүлсэн.
Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаартай "Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолгох тухай" тогтоолоор /147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсэг/ иргэн *******огийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 2998 м.кв газар, Н.*******гийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 999 м.кв газрыг тус тус нийтийн эдэлбэр газраар тогтоох тухай шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 147 дугаартай тогтоол гаргах үедээ *******, *******о нарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нийтийн эзэмшлийн зам, талбай болгох гэж байгаа талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Нийслэлийн Засаг даргын иргэнд газар эзэмшүүлсэн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байх үед нийтийн эзэмшлийн талбай болгож захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Тухайн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгох 2021 оны шийдвэр гаргах үед ******* болон *******о нарын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжууд нь шүүх дээр маргаантай байсан бөгөөд тухайн газартай холбоотойгоор захиргааны актыг түдгэлзүүлээд, захиран зарцуулахтай холбоотой түдгэлзүүлсэн шийдвэр захиргааны шүүхээс гаргасан байсан. Гэтэл энэ шийдвэр гарсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нийтийн эзэмшлийн зам, талбай болгоод шийдвэрлэсэн байгаа нь буруу юм.
Эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүхэд маргаан үүсээд тухайн маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эзэмших эрхийг хүчингүй болгосон актыг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь сэргээж шийдвэрлэсэн байдаг. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалаад, газар эзэмших эрхийг нь сэргээчихээд явж байх хооронд, өөрөөр хэлбэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахиад тогтоол гаргаад хүчингүй болгосон.
Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна. Хоёрдугаарт, илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 47.1.6-аар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй юм. Тэгэхээр халдах юм уу, эзэмшиж байгаа хүнтэй зөвшилцөх бололцоог хуулиар олгож өгсөн байтал ямар ч ажиллагаа байхгүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь захиргааны хууль бус акт, илт хууль бус актын аль аль шинжийг хангаж байна. Энэ тогтоолыг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна... гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед энэ газар нь ямар нэгэн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар биш гэж тооцоо судалгаа хийсний үндсэн дээр нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээ шаардлага хангахгүй байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатай гэж тухайн үеийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч тусгуулаад, түүний дагуу тус газрыг нийтийн эзэмшлээр гаргасан. Тухайн газрыг нөхөн олговортой авах байсан, нөхөн олговоргүй авах байсан гэдэг нь манай хурлын бүрэн эрхийн асуудал биш. Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Магадгүй нэхэмжлэгч талын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэвэл энэ нь манай тогтоолтой холбоогүй, Засаг даргын эрх, үүрэгтэй холбоотой гарч байгаа асуудал.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "3", 20 дугаар зүйлийн 20.1, 25.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийг тус тус үндэслэн уг шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Иргэн *******о, Н.******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.2.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 6 дугаар зүйлийн 6.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар, 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.1-д газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх , 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2-т нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан байна.
4.3. Харин маргааны үйл баримтаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авах үед нэхэмжлэгч *******о, Н.******* нар уг нийтийн эдэлбэр газарт хамаарагдах өөрсдийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын гаргасан хууль бус захирамжтай маргаж байсан[13].
4.4.Нийслэлийн Засаг даргын хувьд маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акттай холбоотой 128/2021/0741/З индекстэй Н.*******, *******, нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан атлаа уг газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрт оруулах саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, улмаар маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын холбогдох хэсэг гарсан.
4.4.Энэ нь нэхэмжлэгч нарыг өөрсдөөс нь үл хамаарах шалтгааны улмаас хэсэгхэн цаг хугацаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй байсныг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ заасан хэмээх хуулийн шаардлагыг хангаагүй гэж буруутгах нь үндэслэлгүй болохыг тогтоож өгч байгаа юм.
4.5. Нөгөөтээгүүр хариуцагчаас маргаан бүхий актын холбогдох хэсгийг гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 20.1.4-т бусдын эзэмшил газрыг..., нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах..., 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа... шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй орхигдуулснаар түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны шийдвэрийг гаргаагүй гэж дүгнэгдэж байна.
4.5.Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны үзэл баримтлалыг үндэс болгон боловсруулсан батлагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор[14] Нисэх, яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө болон Шинэ яармаг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн маргаж буй маргаан бүхий захиргааны актаар нийслэлийн тусгай хэрэгцээнд авсан газрыг холимог дундаж давхрын орон сууцны бүс[15] гэж төлөвлөгдсөн байх ба дээрх төлөвлөгөөнд тусгасан зориулалтаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн байжээ.
4.6.Эцэст нь шүүхээс энэхүү шийдвэрийг гаргахдаа хууль хэрэглээний нэгдмэл байдлыг[16] хангах зарчмыг харгалзан үзэн болохыг, мөн нэхэмжлэгч *******огийн хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 2998 м.кв газрын хамтран эзэмшигч аас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******огийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, шүүхээс гарсан шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэхээ илэрхийлсэн зэргийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын 13 дахь хэсгийн *******о, Н.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР