Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 201

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Мандшир, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Батдэлгэрийн Мандширт холбогдох эрүүгийн 201708000356 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голдэн парк 103-147 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЭ87033075 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батдэлгэрийн Мандшир

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Мандшир нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Болдбаатартай “чанаргүй блок хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Болдбаатарын нүүрэн тус газар гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

            1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Мандшир:

2017 оны 05 дугаар сарын сүүлээр он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Болдбаатарын зарсан блокны чанар үнэхээр муу байсан. Энэ асуудлаас болж Болдбаатар бид хоёр маргасан. Би өөрийн уураа барьж чадахгүй Болдбаатарыг түрүүлж 2 удаа цохисондоо маш их харамсаж байна гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч А.Болдбаатарын:

“...Би 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 18 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Жишиг хороололд барилгын блок худалдан авсан үл таних залуугийн хашаанд блок буулгаж өгөхөөр очтол үл таних залуу миний авч очсон блокийг газар шидаж хагалаад байхаар нь битгий наад блокоо хагалаад бай наад блок чинь тоо данстай байдаг юм гэж хэлтэл үл таних залуу надад хандан би блокийн чанарыг ингэж шалгадаг юм гэж хэлсэн. Тэгсэнээ тэр залуу та нар чанаргүй блок хийсэн болохоор ингэж хагарч байгаа юм гэж хэлээд миний хоолойг гараараа боосон. Тэгээд бид хоёр харилцан заамдалцаж нэгийгээ түлхэлцээд байж байснаа болиод салтал нөгөө залуу надад хандан муу гуйлгачин минь гэж хэлсэнээ над руу ойртой ирээд миний толгойн зүүн хэсэгт зүүн гараараа нэг удаа, хамар руу нэг удаа зүүн гараараа цохьсон. Миний хамраас цус гоожоод тогтохгүй шөнөжингөө толгой өвдсөн. Мөн миний уруул сэтэрсэн. Би элэгний хорт хавдартай группэд байдаг. Мөн уушгины хагалгаанд 2016 онд орж байсан болохоор хүнд ажил хийдэггүй юм. Тэгтэл зүгээр л нэг залуу блок муу байна гэсэн шалтгаанаар намайг зодсон. Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байрлах Содон замаскны үйлдвэрт манаачаар ажилладаг. Манай захирал болох Энхбаатар гэдэг хүн рүү би 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүмүүс блок авахаар ирлээ гэж утсаар залгаж хэлэхэд Энхбаатар захирал намайг чи наад хүмүүсийнхээ авах гэж байгаа блокийг хашаанд нь буулгаад өгчих гэж хэлэхээр нь л буулгаж өгөхөөр очоод зодуулсан. Намайг зодсоныхоо дараа хорь орчим минутын дараа намайг зодсон залуу манай гэрт ирээд ахаа та согтуу хүн шиг царайтай юм. Би таныг өвчтэй гэдгийг мэдээгүй шүү уучлаарай захирлаас чинь сонслоо гэж хэлчихээд яваад өгсөн. Бид хоёрын дунд өш хонзонгийн зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,  

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Г.Сарангуагийн:

“...2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим би нөхөр болох Мандширын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байрлах блокны үйлдвэрээс блок авсан юм. Тэгээд манай шинээр хашаа барих гэж байгаа газарт буулгахаар жолооч Болдбаатар гэх хүн машинтайгаа блок ачаад ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр Мандшир нэг блокийг нь газар унагаачихсан чинь Болдбаатар гэх хүн Мандширыг гөлөг минь яагаад блок хагалаад байгаа юм бэ гэж хэлтэл Мандшир юу гээд байгаа юм бэ гэсэн чинь Болдбаатар гэх хүн Мандширт хандан чам шиг нохойг Төв аймгийн залуучуудаар зодуулна, шатааж ална шүү гэж хэлсэн. Тэгээд Болдбаатар гэх хүн Мандшир нар заамдалцаж аваад Болдбаатар гэх хүн Мандшир руу гараараа далайтал Мандшир хоёр удаа Болдбаатар гэх хүнийг нүүр нь цохьсон...” /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Б.Мандширын:

“...2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байрлах блокны үйлдвэрээс блок авсан юм. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Жишиг хороололд шинээр авсан газартаа буулгах гэж байгаад би жолоочид хандан блокны чанар муу байна гэж хэлсэн чинь Болдбаатар гэх хүн зүгээр блок авбал ав, нохой минь чамайг Төв аймгийн залуучуудыг авчирч ална шүү гэж хэлээд бид хоёр маргасан. Би хоёр ширхэг блок зэрэг буулгах гэж байгаад нэг блокийг нь алдаад газар унагаачихсан. Газар унасан блок нь хагарсан чинь та нар ингэж блок буулгаж болохгүй гэж Болдбаатар гэх жолооч хэлэхээр нь би Болдбаатар гэх хүнд хандан та нар чанаргүй блок хийчихээд юу яриад байгаа юм бэ гэж хэлээд дахин маргаж хоорондоо заамдалцаж аваад зогсож байтал Болдбаатар гэх хүн гараараа над руу далайх шиг болохоор нь намайг цохих гэж байна гэж би бодоод түрүүлээд хоёр удаа гараараа эрүү рүү нь цохьчихсон юм. Тэгсэн чинь Болдбаатар гэх хүн зугтаагаад явчихсан. Болдбаатар гэх гэх хүн бид хоёр заамдалцаж байхдаа машины арын тэвшийг налсан. Тэгэхэд Болдбаатар гэх хүний нуруу нь шалбарсан байсан. Болдбаатар гэх хүн явсаны дараа захирал нь гэх Энхбаатар гэдэг хүн миний утас руу залгаад чи хорт хавдартай хүн зодчихсон байна яах гэж хүн зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар гэх хүний гэрт очиж уулзаад уучлал гүйсан...” /хх-ийн 23-24, 27 дугаар хуудас/,

 

2.4. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот дүгнэлтэд:

1. А.Болдбаатарын биед тархи доргилт, нуруунд зулгаралт, баруун чамархайд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.5. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Фрэндшип Наран” Оношлогооны төвийн “Олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ”-ний дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгч Б.Мандширын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мандширын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28, 29, 30, 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Б.Мандшир нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Болдбаатартай “чанаргүй блок хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Болдбаатарын нүүрэн тус газар гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч А.Болдбаатарын ...нөгөө залуу... ...миний толгойн зүүн хэсэгт зүүн гараараа нэг удаа, хамар руу нэг удаа зүүн гараараа цохьсон... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 

гэрч Г.Сарангуагийн ...Болдбаатар гэх хүн Мандшир нар заамдалцаж аваад Болдбаатар гэх хүн Мандшир руу гараараа далайтал Мандшир хоёр удаа Болдбаатар гэх хүнийг нүүрэнд нь цохьсон... /хх-ийн 15 дугаар хуудас/,

сэжигтэн, яллагдагч Б.Мандширын ...хоорондоо заамдалцаж аваад зогсож байтал Болдбаатар гэх хүн гараараа над руу далайх шиг болохоор нь намайг цохих гэж байна гэж би бодоод түрүүлээд хоёр удаа гараараа эрүү рүү нь цохьчихсон юм... /хх-ийн 23-24, 27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Фрэндшип Наран” Оношлогооны төвийн “Олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ”-ний дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мандширт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Мандширыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Мандширт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мандшир цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

         284., 286 дугаар зүйлийн 286.1., 290 дүгээр зүйлийн 290.3.,

                  295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг

                      тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Мандширыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Батдэлгэрийн Мандширт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Мандшир цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Батдэлгэрийн Мандширт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН