2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 

  2026            01             05                                        2026/ШЦТ/69

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч Н.Цогням,

хохирогч Г.Д,

шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ц**** холбогдох эрүүгийн 2************ дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*** оны 0* дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, *** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд:

 *** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 202*/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** овогт ***ын *** (РД: ********).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Ц*** нь 2*** оны 0* дугаар сарын **-ны өдөр *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоот хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Д***тай урьдын таарамжгүй харилцааны улмаас цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотолж, яллах байр сууртай оролцсон ба хавтаст хэргээс 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 725 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Шүүх хуралдаанд хохирогч Г.Д*** 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний биед Х.Ц***аас өөр хүн халдаж зодож, цохисон зүйлгүй, нэхэмжлэх төлбөргүй гэсэн байр суурьтай,

- шүүгдэгч Х.Ц*** нь хохирогч Г.Д***ийн зөвхөн нүүрэн хэсэгт нь гараараа цохисон гэсэн тайлбарыг гаргаж, гэм буруугийн хувьд маргаж оролцсон ба шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүгдэгч Х.Ц*** нь хохирогч Г.Д***тай маргалдан эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсантай холбоотой дараахь баримтуудыг шинжлэн судлав.

 

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

3.2. Хохирогч Г.Д***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 21-ний шөнө *** бид хоёр хамтаа гадуур явж оройхон цагийг нь сайн санахгүй байна Баянбүрдийн замын урд байдаг бааранд хамт орсон. Тэгээд тухайн газраа бид хоёр тус тусдаа 4 шил пиво уусан би нойл орох хэрэгтэй болоод нойл ороод гараад ирсэн чинь *** байхгүй болсон байсан би гайхаад нойл орсон байх гэж бодоод хүлээгээд хүлээх хугацаандаа ахин 2 шил пиво уусан тэгээд ирэхгүй байхаар нь гараад такси бариад гэртээ харьсан. Гэртээ хариад өглөө сэрэхэд *** чи хааччихдаг юм хэнтэйгээ хаагуур янхандаж банзалдаж байгаад ирсэн юм гэж уурлаад шууд намайг цохиод зодсон тэгэхээр нь би айгаад зугтаагаад хажуу талын байшинд ***ны ээж байдаг гэр рүү нь гүйгээд орсон чинь араас орж ирээд намайг үсдэж чирээд зодсон тэгэхээр нь би ахин зугтаж гүйж гараад ***ны дүүгийн гэр рүү зугтааж орсон тэгэх хугацаандаа би цагдаа дуудсан байсан дүүгийнх нь гэрт ороод дотор талаас нь хаалгыг нь түгжсэн байсан чинь хаалгыг нь эвдэж орж ирээд намайг зодоод үсдэж чирээд байж байтал цагдаа нар орж ирсэн, цагдаа нар ороод ирчихсэн байхад хүртэл миний нүүр рүү цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.3. Шүүгдэгч Х.Ц***ны мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хамтран амьдрагч *** бид 2 бааранд орохоор *** тоотоос 23 цаг өнгөрч байхад гарсан Чикаго гэх нэртэй бааранд ороод нэрийг нь сайн санахгүй байна шилтэй пиво 4-5-ыг уусан. Тэгтэл *** байхгүй болцон тэгээд би гэр рүүгээ очиход 01 цаг өнгөрч байсан тэгээд ээж болон өөрийнхөө утсаар залгахад утсаа авахгүй байсан тэгээд би унтаж байхад 04 цагийн үед орж ирээд намайг сэрээгээд миний утас, мөнгө чи авчлаа гэсэн тэгээд би өчигдөр чамд цалингаа өгсөн биз дээ, чи харин шөнө хаагуур хэнтэй юу хийж байгаад ирсэн нь тодорхойгүй байна гээд хэрүүл болсон. Тэгээд над руу *** аяга шидээд цонх хагарсан ба цагдаа ирсэн. Миний бие ***г зодож цохисон зүйл байхгүй байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 10 гаран хоног *** надтай хамт байхгүй байсан тэгээд дараа нь цагдаад хандсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “... Г.Д***гийн биед зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.. Учирсан гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...”  гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

5. Гэм буруугийн талаар.

5.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Х.Ц*** нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** дүүргийн 11 дүгээр хороо, *** тоот хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Д***г хардалт болон гэр бүлийн асуудлын улмаас цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралтбүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Г.Д***гийн мэдүүлэг /хх 15-17/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-35-36/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

6. Хууль зүйн дүгнэлт.

6.1. Шүүгдэгч Х.Ц*** нь *** дүүргийн 11 дүгээр хороо, *** тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Д***тай хардалтын улмаас маргалдаж, улмаар хохирогчийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Х.Ц***ны үйлдлийн улмаас хохирогч Г.Д***д хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын 4871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/-ээр тогтоогдсон. Хохирогч Г.Д***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Х.Ц***ны гэм буруутай үйлдлээс үүссэн хохирол тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

6.3. Шүүгдэгч Х.Ц*** өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Тухайлбал, Х.Ц*** хохирогчийн нүүр болон биеийн бусад хэсэгт гараараа цохих, үснээс нь чирч, зулгаах болон хохирогч тусламж хүсэж гэрээс гарч гүйн шүүгдэгчийн ээж болон дүү нарын гэрт орох үед аягаар биеийн бүхий л хэсэгт цохих, балбах үйлдлээр “зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун дээд, доод зовхи, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субьектив талын санаатай байх шинжийг хангасан.

Шүүгдэгч Х.Ц*** гаргасан хохирогч Г.Д*** үүрийн 4 цагт гэртээ орж ирэх үедээ үс гэзэг нь арзайсан, өмссөн хувцас нь шавар шавхай болчихсон, таксины жолоочтой маргалдах үедээ биед үүссэн бусад гэмтлийг авсан байх магадлалтай, би зөвхөн нүүрэн тус газарт нь гараараа цохисон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт би таксины жолоочтой маргалдсан хэдий ч цохиж зодуулсан зүйлгүй, харин биед учирсан хөхрөлт бүхий гэмтлүүдийг шүүгдэгч Х.Ц*** аягаар балбаж, тасралтгүй цохисны үндсэн дээр үүсгэсэн гэх тайлбарыг гаргасан тул таксины жолоочийг Г.Д*** биед гэмтэл үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

6.4. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.

Шүүгдэгч Х.Ц*** үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчимд энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална хэмээн хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарлаж ойлгох  нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг зааж өгсөн ба мөн зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамаарахаар хуульчилсан.

Мөн хуулийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.6-д “хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг; ойлгоно хэмээн тус тус тодорхойлсон.

6.7. Тухайлбал, хохирогч Г.Д***, шүүгдэгч Х.Ц*** нар хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлээ төлөвлөн, үр хүүхэдтэй болох үүднээс зохих эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж байсан төдийгүй хамтын амьдралтай болох нь тэдний энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг болон талуудын хооронд гэр бүлийн бүртгэл байхгүй нь хамтран амьдрагчийн тухай дээрх хуулийн нэр томьёоны тодорхойлолтод нийцэж байна.

6.8. Шүүгдэгч Х.Ц*** хамтран амьдрагч Г.Д*** эрүүл мэндэд гэр бүлийн асуудлаар шалтаглан халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Х.Ц***ны хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

7. Хохирол-хор уршиг.

 

7.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д*** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой 160,000 төгрөгийг баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн хэдий ч хэрэг учрал болсон буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үүссэн гэмтэл, бэртэлттэй холбоотойгоор үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой баримт бус харин 2025 оны 11 дүгээр сард учирсан гэмтэл, бэртэлтэй холбоотой баримт болохыг хохирогчийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэх зардалгүй болохоо илэрхийлсэн.

 

Түүнчлэн хохирогч Г.Д*** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлтээ илэрхийлсэн /хх-69/ байх тул цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Ц*** нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

8.2. Хохирогч Г.Д***с: Эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэв.

 

8.3. Шүүгдэгч Х.Ц***с : “...Миний бие өндөр настай ээжийн хамтаар амьдардаг ба асарч хамгаалах шаардлагатай тул торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

 

            8.4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.5. Шүүгдэгч Х.Ц*** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шийтгүүлж байсан, гэм буруугаа ойлгож ухамсарлан засран хүмүүжээгүй, хэрэг учрал гарсан цагаас хойш дахин хохирогчийн биед халдсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, хувийн байдлын хувьд ам бүл 2, эхийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт *** ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Ц***г 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Ц*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Ц***ны иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч Г.Д*** нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ц***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ