| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 183/2023/03181/И |
| Дугаар | 101/ШШ2023/05051 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/05051
| 2023 11 20 | 101/ШШ2023/05051 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.С /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.А /рд:/-д холбогдох,
39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч М.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021.09 сарын эхээр өөрийн танил Ө.Атой ярилцаж түүнээс “John Derr w210” маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 39,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 51,000,000 төгрөгийг 2021.12.31- ний өдрийн дотор төлөхөөр зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Ө.А нь комбайнаа 2021.09.20-нд өгнө гэсэн боловч өөрийн талбайн тариа хураалтыг дуусгаад 2021.10.02-ны өдөр надад хүлээлгэн өгсөн ба би түүний “Хаан” банканд эзэмшдэг ,,, дугаарын дансанд 39.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн комбайныг аваад өөрийнхөө тариан талбайд ажиллуулахын тулд ир, ремень, хэрээ хошуу зэргийг солих зэргээр 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байж тариалалтаа хийсэн. Тариагаа 2021.11.02-ны өдөр хурааж дууссан.Тухайн жил ургац сайн, тариа элбэг байсан болохоор тарианы үнэ унаж, хямд борлогдсон.Тариа хураалтын мөнгийг цагаан сар хүртэл увуулж цувуулж авсан учраас Аод хугацаанд нь мөнгөө өгч чадаагүй. А нь үлдэх төлбөрөө шилжүүлэхийг шаардсаар байсан.Тэр үед “би ургацаа үнэтэй зарж чадсангүй ээ. Төлбөр мөнгө нь орж ирэхгүй удаад байна. Наймаагаа буцаая” гэсэн чинь А “Одоо авах хүн олдохгүй. Би буцаахгүй. Мөнгөө л авъя” гэсэн. Би Төв аймгийн Баянцогт сумын сарлагийн бригадын Сав хангайн ар гэх газар Цэрэнбазарын Пийн 500 га газрыг 50 сая төгрөгөөр түрээслэн 20.000.000 төгрөгийн зардал гарган 3 талыг нь тор татаж хашаалж байж тариагаа тарьсан юм. Тухайн үед газрын түрээсийн төлбөрөөс 40 сая төгрөг төлж, 10 сая төгрөг дутуу төлөгдсөн, хашаа барьсан зардлаас талбайн түрээсийн дутуу төлөгдсөн 10,000,000 төгрөгийг суутгаад үлдэх 10,000,000 буцаан тохирсон байсан юм. Энэ үед Ц.П “надаас комбайнаа надад зарчхаач. Би авъя” гэсэн санал тавьсан. Нэгэнт би Аын мөнгийг хугацаанд нь өгч чадахгүй боломжгүй байдал үүсээд байсан тул Аын мөнгийг төлөхийн тулд Пид тухайн үнээр нь комбайныг зарахаар болсон. П нь “комбайны өртгийг 2022.03 сард багтаагаад төлнө. Ах нь Тариалан эрхлэлтийн сангаас хөнгөлөлттэй зээл авдаг юм. Манайх 200.000.000 төгрөгийн зээл хүссэн байгаа. Зээлээ аваад комбайны мөнгийг төлчихье” гэхээр нь зөвшөөрөөд комбайнаа хүлээлгэж өгөөд үлдээгээд явсан.
Гэвч П нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь би Пид “Та өгч чадахгүй бол би өөр найздаа заръя. Комбайнаа авъя А мөнгөө нэхээд хэцүү байна” гэхэд “Атой би өөрөө уулзъя” гэсэн. П нь Атой уулзаад “өөрөө худалдаж авч байгаагаа хэлээд хугацаагаа сунгуулсан” байсан. 2022.04 сараас хойш А надаас мөнгөө нэхэхээ болиод Поос “комбайны мөнгөө авна” гэдэг болсон. Тэгэхээр нь би “Та 2 наймаагаа хийж дуусгах юм бол миний төлсөн 40,000,000 төгрөгийг өгөөрэй” гэж Аоос шаардсан. А эхлээд хэлэхдээ “Поос мөнгө авсны дараа л мөнгийг чинь буцааж өгнө" гэдэг байсан. Ингэж явсаар 2022.09.01 болсон. Намайг мөнгөө нэхэхээр “түрээсийн тооцоогоор бодож 39.000.000 төгрөгөөс чинь суутгана” гэх болсон. Би түрээсэлж аваагүй учраас түүний тайлбарыг зөвшөөрөхгүй маргах болсон. П нь тухайн оны 9 сарын 1 хүртэл хугацаанд Аын комбайны мөнгийг өгөөгүй байсны улмаас А комбайнаа буцааж аваад бусдад 110.000.000 төгрөгөөр зарсан байсан. Ингэж Атой хийсэн комбайн худалдах худалдан авах миний хэлцэл цуцлагдсан учраас би комбайн худалдаж авахаар урьдчилгаанд төлсөн 39,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд Ө.Аоос 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Хариуцагч бид 2 зэрэгцээ тариа тарьдаг. Улмаар урьдчилгаа өгөөд дараа үлдэгдлийг төлөхөөр наймаа хийгдсэн. Улмаар төлбөр тооцоо удааширч үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон. Ингээд нэгэнт тариа хураалт дууссан тул мөнгөө гүйцээж өг гэсэн. Энэ үед талбайг түрээслэгч надад зарчих зээл аваа мөнгийг өгнө гэсэн юм. Талбай нь зэрэгцээ болохоор П нь Атой хэлцэл хийгээд намайг дунд нь хохироосон бөгөөд намайг шүүх цагдаагаар яв гэсэн. Би урьдчилгаанд төлсөн 39 саяыг буцаан гаргуулна. Талбай түрээсэлж байсан Пийн талбай дээр комбайн байсан бөгөөд тэр П Атой наймаа хийсэн байсан. Надад зарсан зүйлээ буцааж аваад Пид зарсан юм. Түрээсийн гэрээ байгуулаагүй тул хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. 80 мянгаар түрээсэлдэг гэдгийг зөвшөөрөхгүй. Ингэсэн тохиолдолд түрээслэгч өөрөө жолооч болон шатахуунаа гаргах ёстой ба харин би энэ бүгдийг гаргасан тул үндэслэлгүй. 2021 оны 9 сарын эхээр худалдаж худалдан авахаас тохиролцсон. 10 сарын 2-нд комбайнаа авсан. Амаараа гэрээ хийсэн. 1 хураалтад комбайныг ашигласан. Бид 2 утсаар яриад надад 20 саяыг өгчих гэж би санал хэлсэн. Тэгэхэд А 7,200,000 төгрөг л өгвөл өгнө гээд тохиролцож чадаагүй. Миний мөнгийг 2 жил шахуу ашигласан болохоор би одоо мөнгө суутгуулахгүй. Комбайн 90 сая боловч түрээсэнд 41 саяыг нэхэж байна. Тухайн үед түрээс нь 19 сая орчим байсан тул би тэр саналыг хэлж байсан юм.
1б. Зохигчдын хооронд 90 саяын комбайн худалдах худалдан авахаар тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж эд зүйлийг шилжүүлсэн. Мөн урьдчилгаа 39 саяыг төлсөн. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь 10 сарын 20-ны өдрөөс 11 сарын 1-ны өдрийн хооронд хураалтаа хийгээд 12 сарын 31-ны хооронд үлдэх төлбөрийг төлөх байсан боловч тариалангийн сангаас төлбөр төлөөгүй тул хариуцагчид энэ талаар мэдэгдсэн. Гэтэл нэгэнт худалдсан тул буцаахгүй төлбөрөө авна гэсэн. Гэвч хажуу талбайн П талуудад комбайныг худалдаж авах санал хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь Пид төлбөрийг надаа өгөөд би мөнгөө аваад үлдэхийг нь хариуцагчид өгнө гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нь энэ миний юм тул надтай гэрээ хий гээд хэлцэл хийсэн байдаг. П нь урьдчилгаа 25 саяыг өгнө гээд хэлцэл хийсэн боловч хугацаандаа төлөөгүй гээд хариуцагч нь комбайнаа буцааж аваад өөр хүнд зарсан байсан. Гэвч төлсөн төлбөрийг буцааж өгөөгүй. Хэлцлээс татгалзсан тул өгсөн авснаа буцаая гэхэд чамд зараагүй байсан бол ашиг олох байсан тул түрээс тооцож суутгана гээд маргаж эхэлсэн. Комбайнаа буцааж авсан миний мөнгийг ашигласан тул тийм юм байхгүй гэж маргасан. Үүнийг зөвшөөрөөгүй. Элэгдэл хорогдлын тооцоо гаргасан тул суутгана гэсэн. Тухайн үед та өөрийнхөө тариаг хураагаад элэгдэлд орчихсон байсан тул би 10 саяын сэлбэг тавьж тариагаа хураасан гэсэн. Элэгдэл гарсан бол баримтаар нотол гэхэд ийм баримт гаргаагүй. Улмаар талууд тохиролцоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иргэний хуулийн 106.2-т зааснаар нэхэмжилж байгаа юм. Мөн хуулийн худалдах худалдан авах гэрээ хийгээд үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь ямар нэг зүйл нэхэмжлээгүй бөгөөд түрээсийн төлбөр авна гэж нэхээд байдаг юм. Үүрэг зөрчсөнөөс үүссэн гэм хор учруулаагүй. Иргэний хуулийн 247.1-д зааснаар гэрээ биелэгдээгүй хэлцэл дуусгавар болж өгсөн авснаа буцаах нөхцөл үүссэн. Суутгал хийнэ гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдагдсан хэлцэл үнэн зөв байсан бөгөөд энэ үед олсон үр шим бол худалдан авагчид үлдэх юм. Гэрээ буцаагдсан тул төлсөн төлбөрөө гаргуулах үндэслэлтэй. Хэрэв хариуцагч нь бидний 39 сая төгрөгийг буцаан төлөхгүй, талбайн түрээсэнд га тутам 80 мянгаар тооцож суутгана гэдэг нь зөвшөөрөх үндэслэлгүй. Иймд хэмжээний ашиг олох байсан эсхүл хохирол учирсан гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Түрээсэлсэн гээд байгаа юм уу ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хэрэв төлбөр нэхэх гэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргах байсан бөгөөд холбогдох баримтыг өгөх ёстой байсан. Үүнийг нэхэмжлээгүй. Иргэний хуулийн 247.1-д зааснаар хэлцэл үнэн зөв байсан. Үр шим нь худалдан авагчид шилжих юм. Түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Үүний оронд хуулийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсанд тооцно гэсэн тул гэрээ хийгдсэн юм. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар 39 саяыг шаардана. Хариуцагчийн тайлбарыг 247.1-р үгүйсгэнэ гэв.
2. Хариуцагч Ө.А нь шүүхэд, түүний төлөөлөгч Ч.Уугангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийсайхан овогтой А миний бие 2021.09 сард Г.Стэй ярилцаж тохиролцсоны дагуу өөрийн эзэмшлийн “John Deer w210” маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр худалдаалахаар болсон. Уг тохиролцоонд нийт үнийн дүнгээс урьдчилгаанд 39.000.000 төгрөгийг авч, үлдэгдэл 51.000.000 төгрөгийг 2021.12.31-ний дотор багтаан төлөхөөр тохиролцсон нь үнэн болно. Комбайн авахдаа Г.С нь миний Хаан банканд эзэмшдэг дансанд 38.500.000 төгрөг, мөн энэ шилжүүлгийг хийхээс өмнө 500.000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээ хийж нийт 39.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
2021 оны 10 сарын 2-ны өдөр талбайд ургац хурааж байсан бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн комбайнаа Г.Сд өгсөн. Тэрээр 2021 онд Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн бригадын Цав хангайн ар гэх газарт /Ц.Пийн эзэмшлийн/ 520 га-д тариалсан ургацаа надаас авсан “John Deer w210” маркийн комбайнаар бүрэн хийж дуусган, ашиг орлого хангалттай олсон боловч хэлсэн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
2021 оны 12 сарын 20-ноос эхлэн залгахад ямар нэгэн байдлаар шалтаглаж удахгүй төлбөрөө хийнэ гэж хойшлуулсаар хамгийн сүүлд 2022 оны 3 сард холбоо барихдаа мөнгө байгаа гэхдээ би өөр бизнестээ хэрэглэлээ, амиа бодлоо чамд мөнгө өгөх боломж байхгүй гэсэн хариу өгөөд үүнээс хойш утсаа авахаа больсон. 2022 оны 6 сард Ц.П /Г.Сгийн 2021 онд тариалсан 520 га талбайн эзэн/ надтай холбогдож:
Сд зарсан комбайныг чинь би 90.000.000 төгрөгөөр авъя 2022 оны 09 сарын 20-нд бүх төлбөрийг өгнө гэж хэлсэн. Нэгэнт Г.С утсаа авахаа больсон учраас Ц.Пүрэвсүрэнгийн саналыг хүлээн авч түүнээс мөнгөө аваад Г.Сд 39,000,000 төгрөгөөс комбайн түрээсээ тохироод үлдэгдлийг өгье гэж бодсон.
2022 оны 9 сарын эхэнд Ц.Пүрэвсүрэн над уруу залган доорх саналыг тавьсан:
Би мөнгөө өгч комбайн авах нь тодорхой, мөн удахгүй ургац хураах ажил эхлэх тул комбайнд засвар үйлчилгээ хийж байя гэхээр нь би зөвшөөрсөн.
Би Ц.Пүрэвсүрэнгийн тавьсан саналын хариуд
2022 оны 09 сарын 20-нд хэлсэндээ яг баталгаатай мөнгөө өгөх юм бол би найз. Шинэбаатараас 90.000.000 төгрөг зээлээд өөрийн намрын ажлаа эхлүүллээ гэхэд Ц.Пүрэвсүрэн:
Ямар ч асуудал байхгүй ажлаа эхлүүлж бай, би баталгаатай өгнө гэсэн.
Хэлэлцээрийн дагуу 2022 оны 09 сарын 20-нд Ц.Пүрэвсүрэнтэй ярихад:
25,000,000 төгрөг бэлнээр үлдэгдлийг 2022 оны 11 сард өгье гэсэн. Ургацаа хураагаад дуусахаар хүмүүс үлдэгдэл төлбөр дээрээ унждаг гэдгийг Г.Сгийн жишээн дээрээс харсан учраас би зөвшөөрөөгүй. Түүнчлэн Ш.Шинэбаатарт 90.000.000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр буцааж өгнө гэж тохиролцсон гэдгээ давхар сануулсан. Үүний хариуд Ц.Пүрэвсүрэн дахиад 10 хоног хүлээхийг санал болгосон. Гуйлтын дагуу 18 хоног хүлээсэн боловч бас хэлсэн хугацаандаа мөнгөө өгөөгүй тул 2022 оны 10 сарын 08-ны өдөр Ш.Шинэбаатарын хүмүүстэй очиж комбайнаа Ц.Пүрэвсүрэнгийн талбайгаас авсан.
Ц.Пүрэвсүрэн комбайнд засвар үйлчилгээ хийгээд бүрэн дуусаагүй ч хэрэг болох сэлбэг хэрэгслүүдийг бүрдүүлсэн байсан. Нийт 7.762.500 төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг 2 талаасаа хүлээлцэж авсан.
2022 оны 11 сарын 14-нд дээрх асуудлаар цахим групп чат үүсгээд Г.С, Ц.Пүрэвсүрэн 2-т доорх саналыг тавьсан.
Санжаа 2021 оны 10 сард 90 сая төгрөгөөр комбайн авна урьдчилгаанд тал мөнгийг өгнө гэсэн боловч 38,500,000 урьдчилгаа өгөөд үлдэгдлийг 2022 оны 1 сард төлж дуусгана гээд бүрэн үйлчилгээ хийсэн поолинд явж рапс хурааж байсан комбайн шууд талбай дээрээс авсан. 520 га хураасан. 2021 оны ургац хураалтын ажлаа бүрэн хийж дуусгасан. Хэлсэн хугацаандаа мөнгөө хийгээгүй. 2022 оны 3 сараас эхлэн утсаа авахаа больсон. 2022 онд Пүүжээ ах 9 сарын 20-ны дотор мөнгөө өгч комбайн авна, комбайн засвараа эхэллээ гэж тохирсон. Нэгэнт Пүүжээ ах 9 сарын 20-нд төлбөр найдвартай хийнэ гэсэн учраас би найз Шинээгээс 9 сарын 20-нд мөнгийг чинь өгнө, мөнгөө төлж чадахгүй бол комбайнаа хураалгана гэсэн нөхцөлтэйгөөр 90 сая төгрөг зээлээд намрын ажлаа эхлүүлсэн. 2022 оны 10 сарын 8 хүртэл хүлээгээд Пүүжээ ах мөнгө хийгээгүй учир Шинээ комбайнаа очиж авсан. Одоо энэ комбайн А, Санжаа, Пүүжээ нарт хэнд нь ч хамаагүй болсон. Шинээ өөрийн нэр дээр улсын дугаар аваад барьцаанд тавьсан байгаа. Санжаа ажилд бэлэн комбайн авч 2021 оны ургац хураалтаа амжилттай дуусгасан. Пүүжээ ах 7,762,500-р сэлбэг авч комбайн ажилд бэлдсэн боловч төлбөр хийгээгүй учир шинээр тавьсан сэлбэг болон тавих гэж бэлдсэн сэлбэгүүдээ Шинээгийн хүмүүстэй хүлээлцээд комбайнаа өгч явуулсан. Хэн хэн хэдэн төгрөг яаж авч өр төлбөр дуусгах вэ?
Хэрвээ 2022 оны 1 сард, ядаж 2022 оны 7 сард Санжаа хэлсэндээ хүрч төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ бүх асуудал эхлэхгүй байсан. Санжаа үлдэгдэл төлбөр төлөөгүй ч 2021 оны ажлаа амжилттай хийж ургац хураалтаа хийж чадсан учраас урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс талбайд комбайн түрээсээр явуулсан гэж бодоод 520га*50,000 =26,000,000 төгрөгийг түрээсэнд тооцож авлаа. (2021 оны намар комбайн түрээс 1га хураахад 80,000-100,000 төгрөг байсан. Хэрвээ зах зээлийн үнээр нь бодвол 520га*80,000=41.600.000 төгрөг) 38.500.000-26.000.000= 12.500.000 энэ мөнгийг та 2-т хувааж өгсөн нь шударга гэж бодож байна. Яагаад гэвэл Пүүжээ ах комбайнаа авна гээд Санжаагийн ургацаа хураахад гарсан эвдрэл гэмтлийн засварт 7,762,500 төгрөг зарцуулсан. Гэхдээ ийм мөнгөөр засвар хийсэн ч комбайнаа талбайд явуулж ажил хийж амжаагүй тул оруулсан мөнгөө авах нь шударга гэж бодож байна. 12.500.000- 7.762.500= 4.737.500 7,762,500-г Пүүжээ ахад 4,737,500-г санжаад өгөх
Энэ саналыг хүлээн зөвшөөрч байвал энэ 7 хонгийн сүүл гэхэд тус тусын чинь дансанд мөнгөнүүдийг хийнэ. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байвал хуулийн байгууллагад шалгуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй.
Алдагдсан боломжийн талаар бол би юу ч яриагүй хүүний мөнгө энэ тэр гэж юу ч бодоогүй яавал шударга вэ гэдэг талаас нь бодож бичлээ. Эр хүний замын хүзүү урт. Эргээд уулзах нүүртэй салцгаая гэж бодож байна.
Дээрх саналыг тавихад Г.С эсэргүүцэж Ц.Пүрэвсүрэн зөвшөөрсөн. Энэ хэрүүл үргэлжилсээр:
Г.С: 2022 оны 11 сарын 14-нд намайг шүүхэд өгнө гэв.
Ө.А: Би зөвшөөрч байна. Гомдолтой байгаа учир чи намайг шүүхэд өг яг одоо эхлүүл гэж хэлсэн.
2022 оны 12 сарын 21-нд Г.С: Чи яагаад таг болчив гэсэн.
Ө.А: Чи 2022 оны 11 сарын 14-нд намайг шүүхэд өгнө гэсэн би чамайг хүлээж байгаа гэж хариулсан.
Г.С: Чамайг өрөвдөөд байгаа учраас шүүхэд өгөхгүй байна гэсэн.
2022 оны 05 сарын 09-ны өдөр
Г.С: Асуудлаа яаж шийдэх гэж байна гэсэн
Ө.А: Би ном журмаар нь явъя гэсэн.
Г.С: Шүүхээр явбал чи буруудах гээд байгаа учраас би чамайг өрөвдөөд байна гэсэн.
Ө.А: Би саналаа хэлсэн чи хүлээн зөвшөөрөөгүй учраас ном журмын дагуу явъя, Чи намайг 2022 оны 11 сарын 14-нд шүүхэд өгнө гэснээс хойш хүлээсээр байгаа гэдгээ сануулсан.
Миний зүгээс энэ болсон асуудлын талаар доорх саналтай байна:
Г.С нь комбайны төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй, миний тавьсан саналыг хүлээж аваагүй шүүхэд гомдол гаргасан тул миний зүгээс тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон 1 га талбайг 80.000 төгрөгөөр бодож 520гаХ80.000=41.600.000 төгрөг гэж үзэж түүний нэхэмжлээд буй 39.000.000 төгрөг-нд дүйцүүлэн суутгуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ саналыг Г.С эсэргүүцэх зүйлгүй гэж үзэж байна.
2а. 2021 оны 9 сард тохиролцоод 90 саяар тохироод 39-г урьдчилгаанд төлөөд үлдэх хэсгийг ондоо багтааж өгөхөөр тохирсон. Тариагаа хураагаад ашиг олсон гэж үзэж байгаа. Төлбөрөө төлөөгүй бөгөөд гуравдагчид өгсөн байсан. Ингээд найз Шинэбаатартаа 11 сарын дундуур худалдаад комбайнаа буцааж авсан. Ингээд тухайн үед 1 га-г 80 мянгаар тооцдог байсан тул нийт 41,600,000 төгрөг гэж үзэж байгаа юм. Иймд дүйцүүлэн суутгах гэсэн байр суурьтай байгаа юм. 80 мянгад юу юу ордгийг хариуцагчаас асуухад цэвэр комбайны түрээс гэсэн юм. Нэхэмжлэгч нь бүх тариагаа хураагаад ашиг олчихсон байж мөнгөө төлөөгүй байж буцааж мөнгөө авна гэдэг нь утгагүй санагдаж байна. Бичгийн хэлбэрийн гэрээ байхгүй. Хариуцагч нь 10 сарын 2-нд нэхэмжлэл өгсөн. Пийг байхад нь 2022.10.8-нд Шинэбаатартай цуг очоод авчихсан. Нэгэнт ашиглаж ашигласан дүйцүүлэн тооцох ёстой. 80 мянгатай холбоотой баримтгүй. Хариуцагч өөрөө комбайныг ашиглаж байсан бол илүү ашиг олох байсан тул алдагдсан боломж юм. Үүнийг тооцолгүй зөвхөн түрээсээ л тооцож байгаа юм гэв.
3. Зохигчид шүүхэд маргаантай холбоотой бичгийн хэлбэрийн нотлох баримт ирүүлээгүй.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 39,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.С нь 39,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ө.А нь комбайныг ашигласан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй, буцаан авсан тул түрээсийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг суутгана гэж маргасан.
4. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сард хариуцагчийн өмчлөлийн “John Deer w210” маркийн комбайныг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний зүйлийг биет байдлаар хүлээн авч 1 удаагийн тариа хураалтад ашигласан. Улмаар урьдчилгаа төлбөрт нийт 39,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг тохиролцсон хугацаа болох 2021 онд багтаан төлөөгүй. Үүний улмаас хариуцагч нь 2022 оны хавар Ц.Пийн гаргасан саналыг хүлээн авч, гэрээний зүйл буюу дээрх комбайныг нэхэмжлэгчээс авч, Ц.Пийн эзэмшилд шилжүүлсэн. Гэвч Ц.П нь тохиролцсон ёсоор 2022 оны 9 сард төлбөрөө төлөөгүй тул 11 сард түүний эзэмшлээс буцаан авч н.Шинэбаатарт 90,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан.
Эдгээр үйл баримтын талаар бичгийн хэлбэрийн нотлох баримт ирүүлээгүй, бичгээр баримт үйлдээгүй гэх боловч энэ талаар хэн аль нь маргаагүй.
5. Дээрх маргаангүй үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Улмаар нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар тохиролцсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас хариуцагч нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох комбайныг бусдад худалджээ. Мөн нэхэмжлэгч нь ийнхүү гэрээнээс татгалзсан талаар маргаагүй, өөрөөр хэлбэл комбайныг буцаан шилжүүлснээр зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч нь гэрээний зүйлийг буцаан авсан тул төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.
6. Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзсан тул түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид түрээсийн гэрээний үүрэг үүсээгүй тул хариуцагчийн төлбөрийг түрээсийн төлбөрт суутгана гэх тайлбар үндэслэлгүй.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан тул гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл энэ талаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
7а. Мөн хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрийг суутган тооцох талаар тайлбар гаргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд олох байсан ашиг буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар тайлбар гаргасан боловч мөн адил энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ асуудлаар дүгнэлт өгөх боломжгүйг дурдаж байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ө.Аоос 39,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД