Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2023/00049/И |
Дугаар | 150/ШШ2023/00181 |
Огноо | 2023-11-09 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2023/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, *дүгээр багт байрлах “*******” -д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* овогтой ******* миний бие нь “*******” -д 2022 оны 09-р сарын 23-ний өдрөөс Санхүү тайлан, бүртгэлийн хэлтсийн даргаас эхлээд Санхүү, эдийн засгийн газрын дарга хүртэл ажиллаж байсан. Гэвч “*******” -ийн Гүйцэтгэх захирал нь гэнэтийн байдлаар 2023 оны 03-р сарын 01-ний өдөр Б/208 тоот тушаал гарган намайг ажлаас халсан. Тухайн тушаалд дараах зөрчлүүд гаргасан тул ажлаас шууд халсан гэж тайлбарладаг боловч тухайн шалтаг шалтгаанууд нь үндэслэл нотолгоогүй зүйлүүдээр буруутгагдаж байна.
Үүнд: 1. Компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг удирдлагад тайлагнаагүй гэх
Гүйцэтгэх захирлын 2022/12/26-ний өдрийн А/292 тушаалаар жилийн эцсийн тооллого хийх, тайлагнах үүргийг Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга д даалгасан байдаг. ******* -ийн Гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12-р сарын 19-ний өдрөөс 12-р сарын 30-ны өдрийн хооронд хийж, 2023 оны 01-р сарын 12-ны өдөр тооллогын тайланг танилцуулахаар Тооллогын комиссын ахлагч /Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга/-д даалгасан тушаалыг тухайн хугацаанд гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Үйлдвэр технологийн газрын дарга болох нь өөрөө гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Гэвч Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга нь үндсэн хөрөнгийн тооллогын үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд хууль заасан өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын үүрэг болон өөрийн гаргасан тушаалын хэрэгжилтэд хяналт тавиагүй.
Үндсэн хөрөнгийн тооллогыг 2023 оны 01-р сарын 15-наас 25-ны хооронд үндсэн хөрөнгийн нягтлан бодогч нь Ерөнхий нягтлан бодогч миний удирдлага дор тооллогыг ахлан гардан хийж, 2023 оны 02-р сарын 09-ний өдөр үйлдвэрийн дарга, удирдлагуудад тайланг тавьсан. Иймд дээрх зөрчлийг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх.
Үүнтэй холбоотой байгууллагын санхүү бүртгэлийн тайлан болон Санхүү, эдийн засгийн газрын ажлын тайлан гэх мэт баримт бичгүүдээр хийгдсэн бүх ажлууд харагддаг.
3. Ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцсэн гэх.
Миний бие ажилд хүн томилох эрх бүхий албан тушаалтан биш ба тухайн этгээдийг ажилд томилсон, ажил хүлээлцсэн зүйл огт байдаггүй. Миний чиг үүрэгт байдаггүй зүйлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
4. 2022 оны Санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй гэх.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар Гүйцэтгэх санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэсэн байхад миний биед холбогдуулж хариуцлага тооцож байгаа нь Гүйцэтгэх удирдлага өөрөө хариуцлагаас зугтаж буй үйлдэл юм. Мөн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгдэж байгаа тул аудитын дүгнэлтийг эцэслэн гартал шууд алдаатай гаргасан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд "******" -ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү. Жич: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна" гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу компанийн "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс"-ыг байгуулсан.
Мөх хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д "Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй" 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй", гэж заасны дагуу "*******" нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд тус комиссоор хуульд заасан журмын дагуу урьдчилсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно", 65 дугаар зүйл "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах", 65.1-д "Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" 65.1.3-т "шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нь Б.******* нь 2023 оны 03 дугаар 02-ны өдөр "*******" -ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан байх тул тус өргөдлийг нотлох баримтаар хавсаргав...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал холбогдуулан 2023 оны 3 сарын 1-ны өдрийн Б208 дугаартай тушаалыг эс зөвшөөрч ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б802 дугаартай тушаалаар ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү,эдийн засгийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан. Тушаал гарсан өдрөөс *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар санал болгож удаа дараа хэлсэн боловч Санхүү,эдийн засгийн газрын даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өмнө нь санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэлсэн. Санхүү,тайлан бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж ажиллаж байсан. Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа мөн ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Ажилд орсон цагаасаа чөлөөлөгдөх буюу тушаал гарах хугацаанд ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж холбогдох тайлан гаргах үүргийг гүйцэтгэдэг. “*******” -ийн захирлын 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/292 дугаартай тушаалаар жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллого явуулах тушаал гарч тушаалын дагуу тооллогын ахлагчаар Буян-Өлзийг томилсон хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хуульчилсан. Тус хуулийн 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэсэн байна. 20.2.8-д аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, 20.2.13-д эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүргийг тус тус хүлээсэн. 2022 оны 12 сарын 19-ны өдрөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд үндсэн хөрөнгийн тооллогыг явуулж, тайланг 1 сарын 12-ны өдөр танилцуулж, зохион байгуулж удирдах ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэвч тооллогын комисс үндсэн хөрөнгийн тооллогыг 1 сарын 15-ны өдрөөс 1 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж тайлагнасан. 2022 оны 12 сарын 26-ны өдрийн А292 дугаартай тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1, 70.2-д заасан хугацаанд буюу хуулийн хугацаа зөрчсөн. Уг хуульд зааснаар үндсэн хөрөнгийн тооллогыг ерөнхий нягтлан бодогч хийж гүйцэтгэх бөгөөд тухайн оны 12 сарын 01-31-ний өдрийн хооронд явуулна гэсэн энэ хугацааг зөрчсөн. Гүйцэтгэх захирал тухайн үед ээлжийн амралттай байх үед гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан Буян-Өлзийгөөр ажлын хэсгийг ахлуулахаар тушаалын төсөл боловсруулж батлуулсан. Энэ нь албан тушаалын байдлаа урвуулсан гэх байдал харагдана. ******* нь ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин гүйцэтгэх захирлын тушаал гараагүй байхад буюу төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар томилж ажил үүргийг хүлээлцүүлсэн байдаг. Санхүү тайлангийн хэлтсийн даргаар гэж хүнийг аман байдлаар томилж 2 өдөр ажил танилцуулж байгууллагын нууц задруулах нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нөхцөл байдал нь Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажил хүлээлцэж 2 хоног ажилласан. нь 7 хоног ажилласан байдаг байх. болон нягтлан бодогчоор ажиллаж байсан Сосорбурам нар үйл баримтыг мэднэ. 2022 оны байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй байдал нь Үндэсний аудитын газрын 2023 оны 3 сарын 24-ны өдрийн 07666 дугаартай сөрөг дүгнэлтээр тогтоогддог. Аудитын тайлан эцэслэн гараагүй байгаа тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Аудитын тайлан гарахаас өмнө ерөнхий нягтлан бодогч *******ын алдаа дутагдлыг олж илрүүлсний үндсэн дээр шуурхай таслан зогсоох үүднээс албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг шуурхай зохион байгуулж гаргасан. Эдгээр зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах хангалттай нөхцөл бүрдүүлж байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын 2023 оны 3 сарын 01-ний өдрийн Б208 дугаартай *******ыг ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал нь бүрэн үндэслэлтэй болсон. Уг тушаал гарахын өмнө *******ад нөхцөл байдлыг танилцуулж сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл хөтлөн хавтаст хэрэгт авагдсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91/, “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/802 дугаартай “Б.*******ыг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 24/,“*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/801 дугаартай “Б.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тушаал /хх-ийн 25/, ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Б/609 дугаартай “Б.*******ыг ажилд томилох тухай” /хх-ийн 26/, мөн 2022 оны 09 сарын 21-ны өдрийн Б/558 дугаартай “Б.*******ыг туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 27/ зэргийг,
Хариуцагч талаас нотлох баримтаар Б.*******ын “*******” -ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл /хх-ийн 21/, “*******” -ийн Маргаан таслах комиссын хурлын 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 03 дуугаартай тэмдэглэл /хх-ийн 83-88/, сонсох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 89/, галд тэсвэртэй бетоны ажилд шаардлагатай холбогдох материалын техникийн тодорхойлолт /хх-ийн 107-108/, яаралттай, захиалгагүй сэлбэгийн тодорхойлолт /хх-ийн 109/, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 240-250, 2-р хх-ийн 1-7/, кассын гүйлгээний жагсаалт /2-р хх-ийн 41/, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд /2-р хх-ийн 43-137/ зэргийг
Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтууд: “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн Б/208 дугаартай “Б.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал /хх-ийн 46/, “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/292 дугаартай “Жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллого явуулах тухай” тушаал, 1,2-р хавсралт /хх-ийн 43-45/, “*******” -ийн захирлын зөвлөлийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл /хх-ийн 36-42/, нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 55-60/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 61-68/, “**********” -ийн дүрэм /хх-ийн 110/, Төлбөр гаргах хүсэлт /хх-ийн 144-211/, гэрч Э.ын мэдүүлэг /2-р хх-ийн 22-24/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй тул “*******” -ийн гүйцэтгэх захирлын ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлно.
Хариуцагч “*******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Нэхэмжлэгч Б.******* нь компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг нь удирлагад тайлагнаагүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцүүлсэн, компаний нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон, 2022 оны санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй зэрэг үндэслэл дурдан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.
Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Б.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаартай тушаалыг тус өдрөө гардан аваад хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “*******” -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ханджээ. /хх-ийн 21/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж хуульчилсан боловч “*******” -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр маргааныг хянан шийдвэрлэсэн байна. /хх-ийн 83-88/
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.******* 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан байх ба түүний гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байхаас гадна мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 1/
Нэхэмжлэгч Б.******* нь “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/609 дугаартай тушаалаар тус компаний Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/801 дугаартай тушаалаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/802 дугаартай тушаалаар тус компанийн Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын даргаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 24-26/
“*******” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 20.2.8, 20.2.13, Компанийн дүрмийн 8.1, 8.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.5, 12.7.5, 12.7.23, Захирлын зөвлөлийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлийг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж Б.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас халж шийдвэрлэжээ. /хх-ийн 46/
Нэхэмжлэгч Б.******* нь компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг нь удирдлагад тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 1-д Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д Ерөнхий нягтлан бодогч нь эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах үүрэгтэй гэж тус тус заажээ.
“*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/292 дугаартай тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд санхүүгийн холбогдох баримтуудыг үндэслэн зөв чанартай хийж гүйцэтгэж, үлдэгдэлийг баталгаажуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор тооллогын тайланг танилцуулахыг тооллогын комиссын ахлагч д даалгаж, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг 2-р хавсралтаар баталжээ. /хх-ийн 43, 45/
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар ерөнхий нягтлан бодогч нь эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх үүрэгтэй боловч тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар эд хөрөнгийн тооллогын комиссыг зохион байгуулж, тооллогын тайланг танилцуулахыг тооллогын комиссын ахлагч д даалгаж шийдвэрлэсэн. Мөн тухайн тооллогын комиссын бүрэлдэхүүнд Б.*******ыг оролцуулаагүй байх тул түүнийг компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг нь удирдлагад тайлагнаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчлийн тухайд:
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т Ерөнхий нягтлан бодогч холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах гэж, мөн хуулийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь төлбөрийн даалгаврын баримт, кассын орлого зарлагын ордер, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, төлбөр гаргах хүсэлт зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй, өөрөө баталгаажуулж гарын үсэг зураагүй байх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шатанд “...Б.******* нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй...” гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1-р хх-ийн 148-150, 2-р хх-ийн 44-70/ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д Ерөнхий нягтлан бодогч нь аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэйг заажээ.
Байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг нэхэмжлэгч хэзээ, ямар байдлаар гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсныг тус тус хариуцагч тодорхойлоогүй өөрөөр хэлбэл ажилтны гаргасан гэх зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй тодорхой байх ёстой бөгөөд үйлдэл, үр дагавар, шалтгаант холбоо нотлогдсон, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ёстой.
Ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцүүлсэн, компаний нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон гэх зөрчлийн тухайд:
“*******” -ийн захирлын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд “...энэ асуудлыг би тантай зөвшилцсөн. Тухайн хүн маань 2022 оны 12 дугаар сарын 23,26-ны үед ирнэ гэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирэхээр боллоо гэдгийг танд хэлсэн. Ирэх үед нь та байгаагүй эхний өдөр нь би хамт байсан. Хоёр дахь өдөр нь би хот явсан...” гэж хугацааг дурдсан байгааг үзвэл тухайн зөрчлийг мөн хугацаанд илрүүлсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч байгууллага ажилтны гаргасан тухайн зөрчилд нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн гэж үзлээ.
2022 оны санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй зөрчлийн тухайд:
“*******” -ийн захирлын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд 2022 оны Санхүү, эдийн засгийн тайланг хэлэлцүүлсэн байх бөгөөд уг тэмдэглэлээр тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй. /1-р хх-ийн 36-42/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй бөгөөд 2022 оны санхүүгийн тайлан үнэн зөв илэрхийлээгүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Харин “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаартай тушаалд дурдсан ажилтны гаргасан гэх сахилгын зөрчлүүдээс нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй зөрчил нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул түүний гаргасан тухайн зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч байгууллага нь Б.*******тай Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнчлэн ажлын байрны тодорхойлолт танилцуулж гарын үсэг зуруулаагүй түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Иймээс ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх журмын заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг “*******” -ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэв.
Ажил олгогч байгууллага нь ажилгүй байсан хугацааны олговрын тооцооллын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-д заасны дагуу Б.*******ын нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 322,083 төгрөг байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл ажлын 182 хоног ажилгүй байсан тул 322,083x182=58,619,109 төгрөгийн олговрыг ажил олгогчоос гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны олговорт 54,968,944 төгрөгийг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 54,968,944 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч “*******” нь ажилтан Б.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” -иас 502,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг “*******” -ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “*******” -иас ажилгүй байсан хугацааны олговорт 54,968,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” -иас 502,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА