Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/05120

 

 

 

 

 

 

                                2023       11          22

                   101/ШШ2023/05120

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Э /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т /рд:/-д холбогдох

 

900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 900,000 төгрөг гаргуулах тухай. Би Б.Ттай 2023 оны 9-р сарын 5-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. 1,800,000 төгрөгийг Б.Тийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулаагүй. Гэрээг цуцлахаа мэдэгдсэн боловч түрээслүүлэгч Б.Т барьцаа мөнгөө буцааж өгөлгүй өнөөг хүрч байна. Барьцаа 600,000 болон сэтгэл санааны хохирлын 300,000 төгрөгийг хариуцагч Б.Таас гаргуулж өгнө үү.

1а. Би зараар байр олсон. Түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөг шилжүүлсэн. 2 цагийн дараа байрандаа орохгүй гэдгээ хэлсэн. Буцаагаад мөнгөө авах гэтэл 600,000 төгрөгийг өгөхгүй гээд 1,200,000 өгсөн. Тэгээд 600,000-г авахгүй гэж гарын үсэг хийж өгөхгүй бол 1,200,000 төгрөгийг чинь өгөхгүй гэхээр нь айгаад гарын үсэг хийж өгсөн. Би 2 сар гаран хойноос нь явлаа. Хоорондоо зохицоод өгөх байх гэтэл өгөөгүй. Иймд 600,000 төгрөг гаргуулна. Энэ намайг аймаар гүтгэж байна. Би 2 цагийн дараа л гэрээг цуцалсан. Би нэг ч төгрөгийн өргүй. Би дахиж зараа тавиад бусдад түрээслээд миний мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Гэрээг нотариатаар ороогүй. Байрыг нь эхэлж үзээд дараа нь Ттай уулзаад гэрээ хийсэн. Тэгээд мөнгөө шилжүүлсэн гэв.

 

2.         Хариуцагч Б.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Э нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариу тайлбар гаргаж байна.

Иргэн О.Э нь манай өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны 22-р байрны 31 тоот байрны том өрөөг хажуу өрөөгөөр түрээслэхээр 2023 оны 9-р сарын 5-ны өдөр гэрээ хийж гэрээний төлбөр 1,200,000 төгрөг барьцаа 600,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлснээр Хаан банкны дансаар хүлээж авсан болно.

Ингээд иргэн О.Э манай байрны бичиг баримтыг шаардаж гэрчилгээний зураг болон гэрээг авсны дараа өрөөгөө түрээслэхгүй боллоо гэсэн.

Иргэний хуулийн 40.1-т зааснаар "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно." 42.2-т зааснаар "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасан байдаг өөрөөр хэлбэл хажуу өрөө түрээслэх гэрээг 2 тал бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зурж гэрээний заалт бүрийг бүрэн ойлгож байсан болно. Мөн иргэн О.Э нь гэрээг сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд эрх зүйн бүрэн чадамжтай түл гэрээний заалт бүрийг бүрэн ойлгосон байсан. Гэрээний 2.8-д "Б тал нь гэрээнд заасан хугацаанаас өмнө гарсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй" гэж заасан өөрөөр хэлбэл иргэн О.Эт түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг буцаан олгохгүй нөхцөлтэй байсан ч миний бие хүн чанар гаргаж түрээсийн төлбөрийг нь буцаан өгсөн. Гэрээний 2,7-д " Б тал нь гэрээг сунгах боломжгүй бол энэ тухай 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй бол барьцаа төлбөр буцаан олгогдохгүй. Мөн 6 сар дотроо гарвал барьцаа олгохгүй" гэж заасны дагуу барьцаа 600,000 төгрөгийг суутгаж авсан болно. Хажуу өрөө түрээслэхэд хугацаа их алдагдаж хүн ордог, олон хүнтэй утсаар ярих, олон хүнд цаг гаргаж байраа үзүүлэх шаардлага гардаг, өрөөг цэвэрлэх асуудал зэргийг тооцож барьцааг авдаг бөгөөд 9-р сарын 2 гэдэг бол оюутнууд байр түрээсэлдэгтэй холбоотой ид түрээсийн үе байдаг энэ үед О.Э нь манай байрыг түрээсэлнэ гэж өмнө түрээслэхээр тохирсон байсан хүмүүсийн цуцлуулж, байршуулсан зарыг устгуулж, хоног алдуулж, маргаан үүсгэснээс хажуу өрөөг түрээслэх 15 хоногийг алдаж надад цаг хугацаа болон төвөг чирэгдэл учруулсан. Мөн намайг элдвээр харааж өөрийгөө бөө чамайг хараана гэж сэтгэл санааны хүнд дарамт учруулж утсаар удаа дараалан элдэв муу муухай үгээр хараан гутаан доромжилж байсан. Гэрээг хийхдээ харилцан тохиролцож хийсний адил гэрээг цуцлахдаа ч мөн харилцан тохиролцож хийсэн бөгөөд О.Э нь өөрийн гараар түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг аваад барьцаа мөнгөө авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдэж өгсөн тул үндсэн төлбөрийг буцаан олгосон. \гар бичгийг хавсаргав\

Гэрээ байгуулсан, гэрээний заалт бүрийг мэдэж сайн дурын үндсэн дээр хийсэн, барьцаа төлбөрөө авахгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн байтал барьцаа мөнгөө авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Бидний хийсэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хууран мэхлэх болон хүчээр хийсэн зүйл огт байхгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэдийн хийсэн гэрээ хэлцэл болно.

Харин иргэн О.Э нь намайг хууран мэхэлж гэрээний мөнгө буцаан олгох ёсгүй байхад элдэв арга заль хэрэглэж түрээсийн төлбөр 1200000 төгрөгийг буцаан авсныг гэрээний заалтын дагуу буцаан авах хүсэлтэй байна. Монгол улсад шударга ёсны зарчим үйлчилдэг гэдэгт итгэлтэй байна. О.Э нь ямар зорилгоор манай байрны гэрчилгээний зургийг авсан мөн гэрээ хийлгэж авсан, түүгээрээ далимдуулж ямар үйлдэл хийснийг таахад хэцүү байна. Ер нь жил бүрийн 9 сарын нэгэнд хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулахын тулд зориуд хуурамчаар гэрээ хийж, байрны гэрчилгээ авах үзэгдэл байдаг бас өөр залилан хийх зорилгоор ч авсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гэрээг 6 сарын хугацаатай, төлбөр буцаан олгохгүй байх нөхцөлөөр гэрээг байгуулдаг.

2а. 2023.9.5-нд өөрийн байрыг түрээслэх зар тавьснаар нэхэмжлэгч холбогдсон. Удаан хугацаагаар байна гэхээр нь богино хугацаагаар айл авахгүй гэсэн. Гэтэл дор хаяж 1 жилээр сууна гээд байрыг үзээд гэрээг хийхээр болсон. Амаараа 1 жил байхаар тохироод гэрээг уншиж өгсөн. Нэг сарын барьцаа авна гэсэн. 6 сар дотроо гарвал нэг сарын барьцааг буцааж өгөхгүй гэдэг. Гарахдаа 15 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Гэрээнд гарын үсэг зурсан бол төлбөрийг буцаахгүй гэдгийг хэлсэн. Хугацаандаа байна гэж хэлсэн. Ингээд тохиролцоод 1,800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд охин нь надаас бичиг баримт шаардахад нь гэрээний хамт чатаар өгсөн. Ингээд би зараа устгалаа гэхэд тэг тэг гэж хэлсэн. Охинтой нь хүртэл аман гэрээ хийсэн гэж ойлгосон. Гэтэл гэрийн түлхүүр авчхаад болилоо гэж хэлсэн. Түрээслэгч нар хариуцлагагүй байдаг. Гэтэл одоо дарамталсан гэж байгаа бөгөөд ийм зүйл байхгүй. Би гэрээгээ л баръя гэсэн. Гэтэл бидний буруу оюутан хүүхэдтэй гээд байхаар нь ойлгоод 600,000-г л авч үлдсэн. Би хэнийг ч доромжлоогүй, харин намайг олон удаа доромжилж хараасан тул би утсаа салгасан. Над уруу олон удаа чатаар хараадаг. Ингээд би 1,200,000 төгрөг шилжүүлээд 600,000 төгрөгийг үлдээсэн. Гэтэл буцаагаад надад садаа болоод дуудуулсан. Би хоолны газрын ажлаа өнөөдөр алдаад явж байна. Нэгэнт тохиролцоод авсан тул зөвшөөрөхгүй. Гэрээг нотариатаар ороогүй гэж байна. Гэтэл гэрээг 2 тал тохиролцсон бол гэрээ гэж үзнэ. Гэрээг нотариатаар оруулъя гэж надад хэлээгүй. 1,200,000 төгрөг шилжүүлэхэд намайг дарамталж эхэлсэн. Би маш их хохиролтой байна гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хажуу өрөө хөлслүүлэх гэрээ /хх5/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх18/

Хариуцагчаас гараар бичсэн төлбөрийн талаарх баримт /хх14/, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хажуу өрөө хөлслүүлэх гэрээ /хх15/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч О.Э нь орон сууц хөлслөх гэрээний барьцаа 600,000 төгрөг, барьцааг буцаан олгоогүйгээс учирсан гэх сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.         Хариуцагч Б.Т нь орон сууцыг үзэж, гэрээ байгуулсан тул барьцааг буцаан олгохгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хажуу өрөө хөлслөх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх5, 15/

Гэрээнд тодорхой хугацаа заагдаагүй бөгөөд бүхэлд нь үзэхэд гэрээний 2.7-д зааснаар агуулгын хувьд 6 сараас доошгүй хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байна. Гэрээгээр сард 600,000 төгрөгийн хөлс төлөх, мөн 600,000 төгрөгийн барьцаа авахаар тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу 1,800,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. /хх18/

4а. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д заасан эрх үүсээгүй байхад гэрээ байгуулсан өдрөө гэрээнээс татгалзах санал гаргасан бөгөөд хариуцагч нь үүнийг зөвшөөрч барьцаа болох 600,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,200,000 төгрөгийг буцаан олгосон үйл баримтын талаар мөн адил маргаагүй. /хх14/

4б. Гэрээний 2.7, 2.8-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалбал барьцаа болох 600,000 төгрөгийг буцаан олгохгүй талаар заасан боловч энэхүү барьцааны зориулалтыг тодорхойлоогүй. Цаашлаад, хариуцагч нь бусдад хөлслөх боломж хязгаарлагдсан гэх агуулгаар барьцааны зориулалтыг тайлбарлаж байна. Гэвч гэрээ байгуулагдсан өдрөө нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагч үүнийг зөвшөөрсөн байх тул гэрээнээс татгалзсанаас хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээнээс байгуулсан өдрөө татгалзсанаар нэхэмжлэгчийн хөлс төлөх үүрэг дуусгавар болсон тул хариуцагчид Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зүйлээр аливаа үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрх үүсэхгүй.

Иймд хариуцагч нь барьцаа болох 600,000 төгрөгийг буцаан олгоогүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

5.         Харин сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Учир нь сэтгэл санааны хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэрхэн тооцсон талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, маргаж буй үйл явдлын улмаас нэхэмжлэгчийн сэтгэл санаанд 300,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй.

 

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл бүхэлдээ хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар хариуцагч Б.Таас 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД