Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2023/02971

 

 

 

 

 

 

 

 

  2023        10         24                                             182/ШШ2023/02971

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч Х-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Э-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хонгилын өрөөнүүдийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ш.Б, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацралт нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н.Эт холбогдуулан хонгилын өрөөнүүдийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Ч" нь 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ... байрыг хариуцан байна. Тус Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн хонгилын хэсэгт Н.Э нь гутал засвар, болон үйлдвэрлэл явуулахаар 2022 оны 01 сарын 01-нээс тус сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хугацаа дууссан тул 2023 оны 03 сарын 21-ний өдөр албан шаардлага хүргүүлж, тус .... дугаар байрны хонгилын өрөөг суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй, шаардлага тавихаар шүүхээрээ яваад суллуул гэж байна.

1.2.Байранд дур мэдэн, гэрээ зөрчиж гэр бүлээрээ өсвөр насны хүүхдийн хамт амьдарч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл учираас гэрээг цааш үргэлжлүүлэн сунгах болмжгүй гэдгийг мэдэгдсэн.

1.3. 2017 оноос хойш эзэмшдэг гэх боловч хийсэн гэрээний хугацаа дууссан тул суллуулах шаардлагатай байна. Иймд сууц өмчлөгчдийн холбооны өмч болох хонгилын өрөөнүүдийг суллуулж өгнө үү.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1, 15.1.1 дэх хэсэгт ..... тоот гэх хонгилын хэсэгт оршин суугч Н.Эын эзэмшиж байгаа хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлж өгнө үү гэв.

2.Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. “Ч” сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний дагуу миний бие .... дугаар байрны хонгилын хэсгийг өөрийн хөрөнгө, мөнгөөр засварлаж тохижуулан хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах боломжтой болгосны эцэст гутал цүнх засварын үйл ажиллагааг 2012 оноос эхлэн тогтмол  үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөр болон цахилгаан, ус халаалтын зардлыг сар бүр төлж ирсэн байтал 2023 оны 1 сард “Ч” сууц өмчлөгчдийн холбооны дарга солигдож Ш.Б гэдэг хүн болсноор гэнэт л гэрээгээ цуцлана, байр суллаж өг гэж шаардах болсон.

2.2. Миний бие Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс үйлчилгээ эрхлэх гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж, хууль дүрэм, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, амьдарч байтал намайг дур мэдэн гэрээ зөрчсөн, гэр бүлээрээ өсвөр насны хүүхдийн хамт амьдарч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж гэрээг сунгахгүй, хясан боогдуулж байгаа явдал нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох, амьжиргааны эх үүсвэрээс минь салгахаар санаархаж байна гэж үзэж байна.

2.3. “Ч” сууц өмчлөгчдийн холбооны шаардлагын дагуу миний бие гутал, цүнх засварын ажлаа хийж чадахгүйд хүрвэл харин ч эсэргээрээ үр хүүхдүүддээ хоол хүнс, орон байр, ахуйн наад захын хэрэгслээр хангаж чадахгүй байдалд хүрэх бөгөөд миний гэр бүлийн гишүүдийн амьдралын баталгаа алдагдаж, гэр бүл, үр хүүхдүүдээ аюул, эрсдэлд оруулах нөхцөл байдал тулгараад байгаа тул
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
гэв.

 

3 Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.”Ч” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тус сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тайлбар /хх3-4/

3.2. ”Ч” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол /хх5-7, 12-14/

3.3. Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо “Ч” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг подваль, орцны шитны өрөөг түрээслэх гэрээ /хх9-10/

3.4. ”Ч” сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай албан шаардлага хүргүүлэх тухай /хх11/

 

4.Хариуцагаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 666 дугаартай албан бичиг /хх 28/

4.2. 2/30, 1/145, 04/281 дугаартай  Үйлчилгээ эрхлэх гэрээ /хх29-31/

4.3.Гэрэл зургууд /хх 32-34, 59/

4.4. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Ч” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг подваль, орцны шитны өрөөг түрээслүүлэх гэрээ /хх35-36/

4.5. “Ч” сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай Тодорхойлолт /хх 37/

4.6.Кассын орлогын ордер, Бэлэн мөнгөний орлогын баримт, Орлогын мэдүүлэг, Мемориалын баримт, Бэлэн мөнгөний орлогын баримт, Шилжүүлгийн мэдээлэл  /хх 38-51, 57/

4.7. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх52/

4.8. Өрхийн эмчийн тодорхойлолт /хх58/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Ч сууц өмчлөгчдийн холбоо нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1, 15.1.1 дэх хэсэгт зааснаар хонгилын өрөө нь сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөд хамаардаг, Н.Эын эзэмшиж байгаа хонгилын өрөөнүүдийг түрээслүүлэх гэрээний хугацаа дууссан тул чөлөөлүүлж өгнө үү” гэж шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч Н.Э нь “уг өрөөнүүдэд гутал, цүнх засварын ажил хийдэг, уг ажлаа хийж чадахгүйд хүрвэл үр хүүхдүүддээ хоол хүнс, орон байр, ахуйн наад захын хэрэгслээр хангаж чадахгүй байдалд хүрэх бөгөөд миний гэр бүлийн гишүүдийн амьдралын баталгаа алдагдаж, гэр бүл, үр хүүхдүүдээ аюул, эрсдэлд оруулах нөхцөл байдал тулгараад байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ...... дугаар байрны хонгилын өрөөг хариуцагч Н.Э нь Ч сууц өмчлөгчдийн холбоотой 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, сунгагдаагүй байна. /хх 9-10/

 

Хариуцагч Н.Эын эзэмшилд 3.45 х 4.85 хэмжээтэй нэг том өрөө, 3.30 х 2.80 хэмжээтэй гал тогооны зориулалттай нэг өрөө, 2 дамждаг өрөө байгаа гэж тэрээр тайлбарласан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1, 15.1.1-д “

орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. 

 

            Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэжээ.

 

Дээрх заалтын дагуу хонгилын өрөөнүүдийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг Ч сууц өмчлөгчдийн холбоо шаардах эрхтэй гэж үзлээ.

 

3.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба 106.3-т зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.  

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу гэрээний хугацаа дууссан, сунгах боломжгүй гэх үндэслэлээр Н.Эын эзэмшиж буй хонгилын өрөөнүүдийг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэгэнт гэрээний харилцаа дууссан, үргэлжлүүлж сунгаагүй тохиолдолд хариуцагчийн “уг өрөөнөөс гарвал ажлаа хийж чадахгүй, үр хүүхдүүдээ хоол хүнс, орон байр, ахуйн наад захын хэрэгслээр хангаж чадахгүй, гэр бүлийн гишүүдийн амьдралын баталгаа алдагдаж, гэр бүл, үр хүүхдүүдээ аюул, эрсдэлд оруулах нөхцөл байдал тулгарна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд тухайн хонгилын өрөөнд хэрхэн амьдарч байсан, хэрэглээний төлбөрийг төлсөн талаарх болон хүүхдүүд эрүүл бойжиж байгаа гэх мэт баримтууд байх тул нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамаарахгүй байна гэж үзэв.

 

4.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нөхөн төлөх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Н.Эын эзэмшилд байгаа ....... дугаар байрны хонгилын өрөөнүүдийг Н.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ