| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/03616/и |
| Дугаар | 182/шш2023/03032 |
| Огноо | 2023-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 182/шш2023/03032
| 2023 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 182/ШШ2023/03032 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацралт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай А ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... өрөө орон сууцыг өмчилж ..дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Манай компанитай хамтран ажилладаг байгууллага өөрийн ажилтнаа түр хугацаанд уг орон сууцанд байлгая гэсэн хүсэлтийн үндсэнд 2021 оноос эхлэн уг орон сууцыг манай компани өөрсдөө эзэмших, захиран зарцуулах хүртлээ Н.Мөнхнасанд түр хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон. Ийнхүү бид өөрсдийн хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах шаардлага гарч орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн боловч одоог болтол орон сууцыг суллаж өгөөгүй байна. Иймд Нийслэлийн ..... өрөө орон сууцыг Н.Мөнхнасангийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. А ХХК-ийн зүгээс иргэн Б.Мтай нэг ч удаа аман болон бичгээр гэрээ хийж тохиролцож байгаагүй болно. Мөн тус А ХХК-ийн ажилтан ирж уулзаж байгаагүй орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн албан бичиг өгч байгаагүй.
2.2. Б.М 2022 оны 12 дугаар сарын 01-нд АГ ХХК-ийн охин компани болох ААТ ХХК-тай тогтвортой байдлын гэрээ хийж тус орон сууцанд орсон.
2.3.Нэхэмжлэгч нь АК ХХК-тай гэрээ хийсэн гээд байна. Энэ бол 2 байгууллага хоорондын л асуудал. Хэрвээ АК ХХК тухайн үед энэ байрыг А ХХК-д хүлээлгэж өгөх гэж байгаа, чи байраа суллаж өг гэж хэлсэн бол би өдийд суллаад өгчих байсан. Яагаад намайг шүүхдээд байгааг ойлгохгүй байна.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3 Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх4-9/
3.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх10/
4.Хариуцагаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1.Тогтвортой байдлын гэрээ /хх18-19/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч "А" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. "А" ХХК нь Манай компанитай хамтран ажилладаг байгууллага нь өөрийн ажилтнаа түр хугацаанд манай өмчлөлийн орон сууцанд байлгая гэсэн хүсэлтийн дагуу 2021 оноос эхлэн уг орон сууцыг манай компани өөрсдөө эзэмших, захиран зарцуулах хүртлээ түр хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон. Одоо бид өөрсдөө ашиглах, захиран зарцуулах шаардлага гарсан тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч Б.М нь Би ААТ ХХК-тай тогтвортой байдлын гэрээ байгуулж тус орон сууцанд орсон. Дээрх маргаан нь хоёр компанийн хоорондын маргаан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ....тоот хаягт байршилтай, .. мкв талбайтай, .... өрөө орон сууц нь А ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Дээрх орон сууцанд хариуцагч Б.М нь ААТ ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22/01 дугаартай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, эзэмшиж ашиглаж байгаа талаар тайлбарлаж, гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ.
Зохигчийн хооронд тухайн орон сууцыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар харилцан тохиролцсон зүйлгүй байх ба нэхэмжлэгч нь өөрөө ашиглах хүртлээ бусдыд эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрч АКХХК-д хүлээлгэн өгсөн гэх боловч гэрээг бичгээр байгуулаагүй гэж тайлбарласан.
3.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба 106.3-т зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан.
Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Мгийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
3.3.Хэдийгээр Б.М нь ААТ ХХК-тай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, уг орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа гэх боловч маргаан бүхий орон сууц ААТ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш байх тул хариуцагчийг хууль ёсны дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхгүй. А ХХК нь өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нөхөн төлөх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар ...... өрөө орон сууцыг Б.Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар "А" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, "А" ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ