Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/28 

 

С.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/169 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч С.Х-д холбогдох эрүүгийн 2013003150056 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А сумын  дүгээр багийн Засаг дарга ажилтай, ам бүл 6 хүнтэй, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын  дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн С-ы Х /ББ000000/ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар “Коронавирусын халдвар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээ авах тухай” тогтоолын дагуу олгосон ноолуурын урамшууллын 19.080.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 290200085471 дугаартай дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орж ирснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/169 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х-д холбогдох эрүүгийн 20130031150056 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасан байна.

 

Прокурорын эсэргүүцэлд: “...Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч С.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай “Коронавирусын халдвар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээ авах тухай” тогтоолын дагуу олгосон ноолуурын урамшууллын 19.080.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 290200085471 дугаартай дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орж ирснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх яллагдагч С.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, зүйлчилж ирүүлэх гэх үндэслэлийг дурдаж, хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий байдлаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй учраас түүнийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Учир нь шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь яллагдагч С.Х-ын үйлдэл нь гэмт хэргийн ямар шинжээрээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа болохыг тодорхой, ойлгомжтой үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна. Гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч. өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл, яллагдагчийн зүгээс гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлт бий болсон байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч С.Х нь 2019 оны эцсийн мал тооллогын үеэр статистикийн мэдээг мэдээллийн санд 3300 тооны ямаа тоолуулсан гэж бүртгэсэн. Гэтэл мал тооллогын А дансанд 120 ямаатай талаар бүртгэгдсэн байна.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай “ Коронавирусын халдвар цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх. иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээ авах тухай ' тогтоолын дагуу малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгогдсон. Яллагдагч С.Х-ын арилжааны банкин дахь дансанд 3300 тооны ямааны ноолуурын урамшуулал гэж 19.800.000 төгрөг орж ирснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч С.Х нь 2019 оны мал тооллогыг цахим бүртгэлд бүртгэхдээ Монгол Улсын Засгийн газраас малчин, мал бүхий иргэдэд ноолуурын урамшуулал олгох талаар урьдчилж мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байсан болно. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гэнэт гарсан шийдвэр тул яллагдагч С.Х-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь залилах гэмт хэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан. урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч итгэж үнэмшин өөрөө өмчөө шилжүүлэн өгөх зэрэг шинжүүд нь энэхүү гэмт хэрэгт тогтоогдохгүй байна.

“Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх. түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно. /УДШ-ийн 2019.10.14-ний №486 тогтоол/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг гэмт этгээд урьдаас төлөвлөж үйлдэг бол Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд бусдын өмчийг өөрөө олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдгаараа Залилах, Хөрөнгө завших гэмт хэргээс ялгагддаг. /УДШ-ийн 2019.09.30- ны 447 тогтоол/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Яллагдагч С.Х нь Баян-Өлгий аймгийн А сумын  дүгээр багийн засаг дарга ажилтай боловч түүний 2019 оны мал тооллогын цахим бүртгэлд малын тоог зөрүүтэй байдлаар оруулсан энэ үйлдлийг нь эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг ямар шинжээр бүрэн хангасан гэж хууль зүйн талаас нь дүгнэж байгаа нь тодорхой, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх яллагдагч С.Х-ын үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн аль шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болохыг шүүгчийн захирамждаа хууль зүйн талаас тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мөрдөгч нь яллагдагч С.Х-аас гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх. үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 5-т “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

Прокурорын яллах дүгнэлтэд С.Х-аас гэрчээр асууж авсан мэдүүлгийг дурдаагүй, нотлох баримтаар үнэлүүлэх асуудлыг шүүхэд тавиагүй байхад шүүх хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид иш татаж, дурдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 1.2 “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн”, 1.3 “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан” бол нотлох баримтад тооцохгүй байхаар хуульчилсан.

Прокурорын саналаар шүүх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх эсэх асуудлыг шийдвэрлэх тул энэхүү заалтыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар засах боломжгүй юм. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдвал зохих хүн нь тодорхой байгаа хэрэгт гэмт этгээдээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх тал дээр прокуророос ямагт анхаарч, мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлж ажиллаж байгаа болохыг дурдах байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

 

Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2013003150056 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг дарга С.Х нь “2020 онд Засгийн газраас олгосон 1 кг ноолуурт 20000 төгрөгийн урамшуулалд хамрагдаж, өөрийн нэр дээр байгаа 120 тооны ямаа дээр цахим санд зөрүү гарсан тул тоог нь тааруулах гээд өөр дээрээ 3180 тооны ямаа нэмж, статистикийн мэдээллийн санд 3300 тооны ямаа болгон мэдээлэл өгснөөр дансанд орж ирсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд 19800000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөн зүйлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх яллагдагч С.Х, гэрч А.Е, гэрч М.Н нарын мэдүүлгээр С.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, зүйлчилж ирүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Анхан шатны шүүх яллагдагч С.Х-ын үйлдэл, эс үйлдэхүйд хохирол, хор уршиг, гэм буруугийн аль шинжээрээ, чухам ямар нотлох баримтад тусгагдсан баримтат мэдээллээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тодорхой дурдаагүй, шүүгчийн захирамж дахь уг дүгнэлт нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй буюу баримтад тулгуурлаагүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй, гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн оноосон нэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” гэж ташаа бичиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын агуулгыг үндэс болгон хэргийг прокурорт буцаасан нь зохимжгүй болсон бөгөөд энэ нь хэргийг прокурорт буцаах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй юм.

 

Анхан шатны шүүх яллагдагч С.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, зүйлчилж ирүүлэх гэх үндэслэлийг дурдаж, хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий байдлаар тусгаж, үндэслэл бүхий дүгнээгүй. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд яллах дүгнэлтдээ нотлон тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчимтай.

 

Иймд дээр үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар яллагдагч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            Д.КӨБЕШ