Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

                                                                                                           

 

 

А.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н УГҮГ-т холбогдох

 

6 425 542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.М нь тус байгууллагад түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Ажил олгогч нь 2018 оны 6 сарын 26 ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолыг гарснаас хойш биелүүлээгүй явсаар 2018 оны 9 сарын 20-ны өдөр Б\174 тоот тушаалаар ажилд эгүүлэн авсан болно. А.М нь ажлаа хийгээд арван сарын урьдчилгаа цалинг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан. А.М нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаа буюу нийт ажлын 134 өдрөөр тооцон магадлал дурдсан нэг өдрийн цалин болох 45 713 төгрөгөөр тооцож нийт 6 125 542 төгрөгийг, мөн ажилдаа эгүүлэн томилогдсон тул Төрийн албан хаагч нарт олгож байсан 300 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтэглийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2017 онд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг тус төвийн эмчийн ажилд эргүүлэн тогтоосон ба уг хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэхэмжлэгч А.Мөнхсайхан нь түүнийг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ба манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд авсан болно. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 639 тоот мададлал гаргасан үеээс хойш ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн байх ба энэ үед уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан болно. Мөн А.М нь Монгол Улсын Засгын газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрын шийдвэрээр төрийн албан хаагч нарт олгож байсан 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжид нийт 2 116 798 төгрөгийг авсан. Бидний зүгээс тооцоо гаргаж үзэхэд түүнд олгох цалин хөлсний хэмжээ нь 3 950 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2 116 798 төгрөгийг хасч тооцоход 1 833 202 төгрөг болж байгаа тул уг зөрүүг олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 125 542 төгрөг, хохиролд 300 000 төгрөг, нийт 6 425 542 төгрөгийг хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төв УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч А.Мгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н УГҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 117 760 төгрөгийн 117 758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, 117 758 төгрөгийг хариуцагч Н УГҮГ-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.П давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор түүнийг өмнөх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар гаргаж өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн атлаа шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, шүүхийн цахим сангийн мэдээлэл рүү орж уг веб сайтад байгаа мэдээллийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Мөнхсайхан нь түүнийг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ба манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд авсан болно. Бидний зүгээс тооцоо гаргаж үзэхэд түүнд олгох цалин хөлсний хэмжээ нь 3 950 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 2 116 798 төгрөгийг хасч тооцоход 1 833 202 төгрөг болж байгааг шүүх тооцоолж чадаагүй. Мөн А.Мгийн нэхэмжилсэн Төрийн албан хаагч нарт олгосон 300 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Н УГҮГ-т холбогдуулан 6 425 542 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/174 тоот тушаал, Сүхбаатар дүүргийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00053 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 639 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01085 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр шүүхийн нэгдсэн цахим санд хадгалагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Цахим сан дахь мэдээллийг дээрх хуулиар тавигдсан нотолгооны шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

 

                                     ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН