| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0296/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/320 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, шүүгч Ш.Э, Ж.Б нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М
Иргэдийн төлөөлөгч Ж.О
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.О
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2025000000150 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт М-ийн Б, Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Х аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг **** тоотод оршин суух, урьд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, хэрэг хариуцах чадваргүй. /РД: ********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 4-р гудамжны зүүн талын зам дээр Л.Ц-н цээжин тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “М.О гэх гэрч бичихдээ буурал толгойтой хүн гэж бичсэн. Зурганд харахаар хар үстэй шар залуугийн зураг үзүүлсэн. Одоо ингээд гэрчийн мэдүүлэг зөрөөд байгаа учраас хуурамч, зохиомол хэрэг гэж үзэж байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхгүй талаас анхаарч өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.О мэдүүлэхдээ “Шүүгдэгч хэлэхдээ гэрч гэх хүнтэй уулзахыг хүсээд байгаа. Өнгөрсөн хүнийг нь хармаар байна гэж хэлсэн. М.Б нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байгаа. Талийгаач нь эрүүл байсан, согтуу байсан эсэхийг мэдэхгүй байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б мэдүүлэхдээ “Тухайн үед өглөө би ах руугаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд л дахиж залгахад утсаа аваагүй. Тэгээд цагдаа залгаж нас барсан сураг сонсогдсон. Сэтгэцийн өвчтэй хүн амь насыг нь хохиросоонд үнэхээр их гомдолтой байна. Сэтгэцийн өвчтэй хүн хавар эмнэлэгт байх ёстой байтал гудамжинд хутгатай явж байна. Ар гэр нь харж хандаж хяналт тавих ёстой байсан. Оршуулгын зардал 2 000 000 төгрөгийн зардал гарсан. Бодит зардал нь 1 800 000 төгрөг гарсан. Сэтгэцийн өвчтэй хүнийг ганцаар нь байлгаж хараа хяналтгүй орхисон байна. Хэн хариуцлага хүлээх ёстой юм. Оршуулгын зардал авмаар байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 18-23-р хуудас/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-н “Талийгаач ах Л.Ц 1960 онд төрсөн. Би 2020 оны 02 сарын 07-ны өдөр гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот руу явсан. Явахдаа ахдаа идэх уух юмыг нь бэлдэж өгчхөөд явсан. Тухайн үед ах маань Б гэдэг хүнд зодуулсан байсан бөгөөд би ахыгаа эмнэлэгт сахиж байсан. 2020 оны 04 сарын 03-ны өдөр ахтайгаа утсаар ярихад гэр лүүгээ харьж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/... Хуулийн дагуу шийднэ биз 1.600.000 гаран мянган төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-р хуудас/
3. Гэрч Ч.Б ын “Л.Ц ах гаднаас орж ирээд Тосгоноос ирлээ, ганц юм ууя, надад 2700 төгрөг байна, нэмчих юм байна уу гэсэн. О-г орж ирэхээр нь өөрт байсан хэдэн төгрөгийг нэмж, дэлгүүр лүү архинд явуулсан. 0,75 граммын “Монгол стандарт” архи, тамхи авчирсан. Архийг талийгаач Л.Ц , О бид 3 хувааж уусан архиа дуусаад талийгаач гэртээ харина гээд 1 цагын үед манай гэрээс гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60-р хуудас/
4. Гэрч Д.А “2020 оны 04 сарын 05-ны өдөр 17-р сургууль хамт ажилладаг Б , Я нарын хамтаар Их залуу багт олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Их залуу багийн Хабитатын эцсээс доош Хангай модны зах уруудаад явж байхад модны захаас дээш замын зүүн талд 2 хүн маргалдаад зогсож байсан. Би нэг их тоохгүй, сайн анзаарч хараагүй юм. Цуг явж байсан Б , Я нар дэлгүүр орно гээд миний машинаас буугаад дэлгүүр орсон. Тэгж байтал маргалдаж байсан 2 хүний нэг нь буюу бор өнгийн куртиктэй залуу нь миний харснаар газар хий гишгээд уначих шиг болсон. Тэгээд хамт маргалдаж байсан залуу замаар ертөнцийн зүгээр хойшоо яваад өгсөн. Тухайн үед би согтуу байна даа гэж бодоод босож ирэхнэ үү гээд хартал саарал өнгийн приус-20 машин энгийн хувцастай цагдаагийн ажилтан машинаасаа бууж ирээд уг хүнийг хараад зогсохоор нь би яваад очиход уг хүн доошоо харчихсан, түргэн дуудъя хөдөлгөж болохгүй шүү гэсэн. Богино хар куртик бараан өнгийн өмд малгайтай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-р хуудас/ Гэрч Д.А-н дахин мэдүүлсэн “Намайг уруудаад ирж байхад тэр 2 маргалдаад байгаа бололтой 2 гараараа түлхэлцээд байсан. Бараан өнгийн хувцастай хүмүүс байсан. Тэр 2 хүний нэг нь малгайгүй байсан. Малгайгүй хүн халзан толгойтой байсан. Хойшоо явсан хүний дээгүүрээ өмссөн куртик нь богино куртик байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 7-8-р хуудас/
5. Гэрч Д.А-н мэдүүлэг шалгах ажиллагаааны тэмдэглэл. /2-р хх-ийн 9-14-р хуудас/
6. Гэрч Х.М-н “Миний урд явж байсан машин нэг зүйлийг тойроод гарсан. Тэгтэл зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь урдаа явж байгаа жолооч тойроод гарчихлаадаа босгоод өгчихгүй сонин хүн бэ гэж бодоод амьсгалж байгаа эсэхийг нь шалгаж үзэхээр гүрээний судсыг нь дартал гар цус болчихоор нь юу болсон бол гээд хартал цээжин хэсэг нь цус болчихсон байсан. Яг энэ үед Портер машин ирж зогссон. Би жижүүрийн 94992102 утас руу залгаж, болсон асуудлыг хэлсэн. Энэ үед сургуулийн эргүүлээр ажиллаж байсан нэг эрэгтэй хоёр эмэгтэй хүмүүс ирсэн. Портер машины жолоочийг хажууханд байдаг өрхийн эмнэлэг рүү явуулж эмч байвал яаралтай хурдан аваад ир гээд гүйлгэсэн бөгөөд удалгүй, эмч сувилагч удалгүй хүрч ирээд хохирогчид тусламж үзүүлсэн. Энэ үед хохирогч амьсгаатай байсан боловч юу ч яриагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-р хуудас/
7. Гэрч Д.М-н “Саяхан цагдаа нар ирээд манай дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзсэн бөгөөд өдрийн 12 цагийн үед гаднаас хар бараан өнгийн хувцастай нүдний шилтэй, манай энэ хавьд байдаг сэтгэцийн өөрчлөлттэй залуу орж ирээд манай дэлгүүрээс “Сэлэнгэ” нэртэй ундаа, печений хамт аваад гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-67-р хуудас/
8. Гэрч Г.Э-н “Тухайн өдөр би 12 цаг 10 минутын орчимд ажил дээрээ сувилагчтайгаа хамт ажлаа хийж байхад нэг залуу орж ирээд зам дээр хүн цус алдаад байна хурдлаарай гэсэн. Очоод үзэхэд 55-60 орчим насны эрэгтэй, буурал толгойтой хүн ухаангүй хэвтэж байсан. Анхны тусламж үзүүлэх гээд цус тогтоох тариа хийгээд цамцыг нь сөхөөд хартал хутганы сорви байсан, үзлэг хийхэд хүүхэн хараа нь томорч клиник үхэл явагдсан байсан. Хэсэг хугацааны дараа 103 ирсэн. Тэрнээс өмнө амь тасарч, нас баралт явагдсан байсан. Тухайн газар очиход настай эрэгтэй унаад доод тал нь 1 цаг орчим болсон байх гэж бодсон. Цус бүлэгнээд биед нь хөшингө үүссэн байсан учир 1 цаг орчим болсон байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-69-р хуудас/
9. Гэрч М.О ийн “Би эцэг эхээс наймуулаа бөгөөд М.Б айлын 7 дахь хүүхэд. Дүү М.Б нь гэр хорооллын 3-р сургуульд 8-р анги хүртлээ суралцаж төгссөн. Дунд сургуулиа төгссөнөөс хойш хараа нь муудаж, нүдээрээ группт орж байсан. Ах дүү бид нар нийлж байгаад Яргуйт баг Овоотын **** тоот хашаа байшин авч өгч оруулсан. Тэр гэртээ сүүлийн 7-8 жил ганцаараа амьдарч байна. Сэтгэцийн өөрчлөлт нь 5-6 жилийн өмнөөс эхэлсэн. Өөрийнх нь яриагаар бол чихэнд янз бүрийн юм сонсогддог, дээд тэнгэрээс надад юм хэлсэн гэх мэтээр сонин хачин юм яриад байдаг. Энэ үйлдлүүд нь жил бүрийн хавар, намрын улиралд их ажиглагддаг. 2018 онд бага насны хүүхэд зодсон хэргээр шалгагдаж байгаад Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төв рүү эмчлүүлэхээр яваад тэндээ 1 жил гаран хэвтсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 77-р хуудас/
10. Гэрч М.М-н “М.Б нь миний дүү бөгөөд айлын 7 дахь хүүхэд юм. Эхнэр хүүхэд авч байгаагүй ганцаараа амьдардаг байсан. 2013 оноос сэтгэцэд жаахан өөрчлөлт орж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө нь хөдлөөд манай хүргэнийг цохиж авч байсан. Дүүтэйгээ уулзахад миний чихэнд янз бүрийн юм сонсогдоод байхын, чихэнд юм шивнээд байхын бөө бууж ирсэн гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 79-р хуудас/
11. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 43 дугаартай “талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд хөхний зүүн хажуугийн шугамаар цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, түүний улмаас үүссэн цээжний зүүн хөндий дэх сул цус, уушигны хавчилт, хурц дотуур цус алдалт, цус алдалтын шок болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 85-89-р хуудас/
12. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 623 дугаартай “М.Б нь органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдах чадваргүй байсан. Хэрэг хариуцах чадваргүй М.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 3 жилийн хугацаагаар авах шаардлагатай” гэсэн дүгнэлт. /хх-ийн 156-160-р хуудас/
13. М.Б нь 2014 онд Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтний түүхийн хуулбар. /хх-ийн 223-229-р хуудас/
14. М.Б-д эмнэлгийн чанартай албадлгын арга хэмжээ хэрэглэх тухай 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтууд /хх-ийн 229-240-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “М.Б нь 2020 оны 04-р сарын 05-ны өдөр Л.Ц ыг цээжин тус газар нь хутгалж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, Эко дэлгүүрийн камерийн бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Д.А мэдүүлэг, камерийн бичлэгүүд хоорондоо тохирдог. Эдгээр нотлох баримтууд нь анх гэрчээр өгсөн мэдүүлэг яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй тохирч байна гэж үзэж байна. М.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй ч гэсэн хэрэг болсоны дараах мэдүүлгээр болсон явдлын талаар хэлдэг. Тухайн өдөр настай хүнтэй таардаг, уг хүнийг буг чөтгөр учраас ал гэж бурхан сахиус хэлсэн болохоор нь би хутгалсан гэж хэлсэн. Эдгээр баримтуудаар тогтоогдож байна. Биологийн шинжилгээний дүгнэлтүүд гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр цус илрээгүй гэдгээр үндэслэж гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирол төлбөрийн тухайд 1 614 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгийг иргэний хариуцагч М.О ээс гаргуулах нь зүйтэй. Иймд М.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч М.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэднийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэгийн тасагт 3 жилийн хугацаагаар эмчлүүлэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд 1 614 400 төгрөг гаргуулан Л.Б-д олгож, шүүгдэгч нь 169 хоног цагдан хоригдсон байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц утсгах саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б дүгнэлтдээ “2020 оны 04-р сарын 05-ны өдөр бослон асуудлыг ойлгож байгаа, эргэлзэх зүйлгүй. Хүний амь нас хохирсон асуудал болсон. Өнөөдрийн хуралд хэлэлцэж байгаагаар тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн өвчнөөр өвчилсөн хүн байгаа. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаас нь ялын зорилго байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3-д зааснаар асран хамгаалагчид нь шилжүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчидын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-нмэдүүлэг, гэрч Д.А-ны “Намайг уруудаад ирж байхад тэр 2 маргалдаад байгаа бололтой 2 гараараа түлхэлцээд байсан. Бараан өнгийн хувцастай хүмүүс байсан. Тэр 2 хүний нэг нь малгайгүй байсан. Малгайгүй хүн халзан толгойтой байсан. Хойшоо явсан хүний дээгүүрээ өмссөн куртик нь богино куртик байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б ын “0,75 граммын “Монгол стандарт” архийг талийгаач Л.Ц , О бид 3 хувааж уусан архиа дуусаад талийгаач гэртээ харина гээд 1 цагын үед манай гэрээс гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.М-н “Миний урд явж байсан машин нэг зүйлийг тойроод гарсан. Тэгтэл зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь урдаа явж байгаа жолооч тойроод гарчихлаадаа босгоод өгчихгүй сонин хүн бэ гэж бодоод амьсгалж байгаа эсэхийг нь шалгаж үзэхээр гүрээний судсыг нь дартал гар цус болчихоор нь юу болсон бол гээд хартал цээжин хэсэг нь цус болчихсон байсан. Яг энэ үед Портер машин ирж зогссон би жижүүрийн 94992102 утас руу залгаж, болсон асуудлыг хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.М-н “Саяхан цагдаа нар ирээд манай дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзсэн бөгөөд өдрийн 12 цагийн үед гаднаас хар бараан өнгийн хувцастай нүдний шилтэй, манай энэ хавьд байдаг сэтгэцийн өөрчлөлттэй залуу орж ирээд манай дэлгүүрээс “Сэлэнгэ” нэртэй ундаа, печений хамт аваад гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.О ийн “Би эцэг эхээс наймуулаа бөгөөд М.Б айлын 7 дахь хүүхэд. Дүү М.Б нь гэр хорооллын 3-р сургуульд 8-р анги хүртэлээ суралцаж төгссөн. Дунд сургуулиа төгссөнөөс хойш хараа нь муудаж, нүдээрээ группт орж байсан. Ах дүү бид нар нийлж байгаад Яргуйт баг Овоотын **** тоот хашаа байшин авч өгч оруулсан. Тэр гэртээ сүүлийн 7-8 жил ганцаараа амьдарч байна. Сэтгэцийн өөрчлөлт нь 5-6 жилийн өмнөөс эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э-н “Тухайн өдөр би 12 цаг 10 минутын орчимд ажил дээрээ сувилагчтайгаа хамт ажлаа хийж байхад нэг залуу орж ирээд зам дээр хүн цус алдаад байна хурдлаарай гэсэн. Очоод үзэхэд 55-60 орчим насны эрэгтэй, буурал толгойтой хүн ухаангүй хэвтэж байсан. Анхны тусламж үзүүлэх гээд цус тогтоох тариа хийгээд цамцыг нь сөхөөд хартал хутганы сорви байсан, үзлэг хийхэд хүүхэн хараа нь томорч клиник үхэл явагдсан байсан. Хэсэг хугацааны дараа 103 ирсэн, тэрнээс өмнө амь тасарч, нас баралт явагдсан байсан. Тухайн газар очиход настай эрэгтэй унаад доод тал нь 1 цаг орчим болсон байх гэж бодсон. Цус бүлэгнээд биед нь хөшингө үүссэн байсан учир 1 цаг орчим болсон байх” гэсэн мэдүүлэг, гэрч М-н “М.Б нь миний дүү бөгөөд айлын 7 дахь хүүхэд юм. Эхнэр хүүхэд авч байгаагүй ганцаараа амьдардаг байсан. 2013 оноос сэтгэцэд жаахан өөрчлөлт орж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө нь манай хүргэнийг цохиж авч байсан. Дүүтэйгээ уулзахад миний чихэнд янз бүрийн юм сонсогдоод байхын, чихэнд юм шивнээд байхын бөө бууж ирсэн гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “шүүх сэтгэц эмгэг судлалын 623 дугаартай дүгнэлт, М.Б нь 2014 онд Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтний түүхийн хуулбар, М.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4-р гудамжны зүүн талын зам дээр Л.Ц-н цээжин тус газар хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч М.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3, 2.4 дүгээр зүйлүүдэд “гэм буруу”-г тодорхойлохдоо “гэм буруу нь санаатай, болгоомжгүй, холимог хэлбэртэй байна” гэж заажээ.
М.Б-ны үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч субъектив санаа зорилгын хувьд хуульд заасан гэм буруугийн хэлбэр тодорхойлогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь урьд нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан боловч дахин сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа бусдыг хутгалж, амь насыг нь хохироосон байна. Иймд М.Б-д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, нийгмээс тусгаарлан сэтгэцийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.
М.Б-д урьд нь шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хугацааг 1 жилээр тогтоосон бөгөөд түүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан эсэхийг сайтар шалгаж тогтоолгүй шүүхээс тогтоосон хугацаа өнгөрмөгц албадлагын арга хэмжээг зогсоож, М.Б нь хараа хяналтгүй байснаас хүний амь нас хохироосон үйлдэл хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ зохих журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй бөгөөд нийгэмд аюултай үйлдэл хийсэн, цаашид нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүнд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүхээс тодорхой хугацаа тогтоох нь зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар буюу сэтгэцийн хувьд нийгэмд аюулгүй болсон нь мэрэгжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох хүртэл хугацаагаар эмнэлэгийн чанартай алдбадлагын арга хэмжээ хэрэглэж, түүний үйлдлийн улмаас учирсан хохирол хор, уршиг, нийгэмд аюултай байдлыг харгалзан сэтгэцийн тусгай эмнэлэгт эмчлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 169 хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй.
М.Б-ны үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол хор, уршиг учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь оршуулгын зардал 1 614 400 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.О ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шар өнгийн 4 хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу, талийгаач Л.Ц-н өмсөж явсан ногоон өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийн куртик, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн ноосон цамц, ногоон фудболк, бор өнгийн тэлээ, саарал өмд, саарал ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн амны хаалт, саарал өнгийн брюкэн өмд, хөх ноосон цамц, цэнхэр өнгийн оруулгатай урт ханцуйтай цамц, хар өнгийн богино куртик, М.Б-с хураан авсан хөх өнгийн богино куртик, хутга 3 ширхэг, хатаасан цус, хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.7, 36.2, 36.6,36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт М-ийн Б-ыг хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт зааснаар М.Б-д эмнэлэгийн чанартай албадлагы арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэрэглэсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, М.Б-г Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.О ээс 1 614 400 /нэш сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б /хаяг рд/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шар өнгийн 4 хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу, талийгаач Л.Ц-н өмсөж явсан ногоон өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийн куртик, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн ноосон цамц, ногоон фудболк, бор өнгийн тэлээ, саарал өмд, саарал ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн амны хаалт, саарал өнгийн брюкэн өмд, хөх ноосон цамц, цэнхэр өнгийн оруулгатай урт ханцуйтай цамц, хар өнгийн богино куртик, М.Б-с хураан авсан хөх өнгийн богино куртик, хутга 3 ширхэг, хатаасан цус, хумс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 169 хоног цагдан хоригдсон, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А
ШҮҮГЧИД Ш.Э
Ж.Б