Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,  

Шүүгдэгч Э.Ч,   

Нарийн бичгийн дарга З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Ч-д холбогдох 2528000000355 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байх Гандирс худалдааны төвийн гадаа иргэн Б.Т-ын бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн довтолж түүний эзэмшлийн “Samsung A56” загварын гар утсыг хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ч-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 дүгээр сарын 22-нд “Гандирс” худалдааны төвийн гадаа энэ хэрэг болсон. Тухайн өдрийн өглөө би ажлаасаа буусан байсан. Тэгээд унтаж байгаад орой 2 найзтайгаа гэртээ пиво ууж байгаад гарч яваад түүнээс хойш юу болсноо санахгүй байгаа гэв.

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 11 дүгээр сарын 21-ний орой найзуудтай уулзаад Даланзадгад сумын төвд байдаг “Зет” нэртэй баар руу орцгоогоод 0,5 литр хэмжээтэй “Cass” нэртэй пиво уугаад 2025 оны 11 дүгээр сарын 22-ны 04 цагт баар хаагаад гарцгаасан. Баарнаас гараад би ганцаараа “Гандирс” худалдааны төвийн зогсоолын орчимд явж байхад үл таних эрэгтэй хүн надаас тамхи асуухаар нь би тэр хүнтэй хамт тамхи татаад зогсож байтал тэр хүн надтай маргалдах гээд байхаар нь би явлаа гээд явах гэсэн чинь надтай зууралдаж байгаад намайг зодсон. Тэр хүн намайг газар унагаагаад зодоод байхаар нь би босож ирээд цагдаад дуудлага өгнө шүү гээд утсаа гаргаж ирсэн чинь дахиж намайг газар унагааж хэд хэд цохиж байгаад миний гар утсыг аваад яваад өгсөн. Би араас явсан боловч гүйцээгүй... Тухайн залуу миний утсыг буцааж өгсөн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан. Надад хялбаршуулсан журмаар уг хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. (хавтаст хэргийн 26, 28 дахь тал)    

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал)

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ нэртэй зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэгийн хуулбар бүхий СD-R8” (хавтаст хэргийн 6-10 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-17 дахь тал)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал)

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ӨмЦ25-205 дугаартай дүгнэлтэд “...Сэв зураасгүй, задаргаа байхгүй Samsung galaxy A56 саарал өнгийн гар утас 1 ширхэг 800,000 төгрөг...” (хавтаст хэргийн 33-35 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ч-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.      

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Э.Ч нь бусдад төлөх хохирол, төлбөр байхгүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-д 800,000 төгрөгийн хохирол учирсныг гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байх Гандирс худалдааны төвийн гадаа иргэн Б.Т-ын бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн довтолж түүний эзэмшлийн “Samsung A56” загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэж авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 28 дахь тал), гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ нэртэй зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэгийн хуулбар бүхий СD-R8” (хавтаст хэргийн 6-10 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-17 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал), “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ӨмЦ25-205 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.        

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Э.Ч-гийн дээрх бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.    

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялган зүйлчлэгддэг бөгөөд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь халдах, хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг.  

Шүүгдэгч Э.Ч-гийн бусдыг дээрэмдэх гэмт хэрэг нь Гандирс худалдааны төвийн гадаа хохирогч Б.Т-ыг газар унагааж цохиж зодон түүний гар утсыг нь хүч хэрэглэн авсан үеэс төгссөн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд төдийлөн ач холбогдолгүй юм.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэрэгт хавсаргасан СД-г шүүх хуралдаанд шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Ч нь хохирогч Б.Т-ыг газар унагааж, нүүрэн тус газар өшиглөж зодсоны дараа гар утсыг нь хүч хэрэглэн авах үед хохирогчийн зүгээс эсэргүүцсэн боловч хүчээр авч явсан нөхцөл байдал тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Ч-гийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн залуу миний утсыг буцааж өгсөн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан. Надад хялбаршуулсан журмаар уг хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. (хавтаст хэргийн 26, 28 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь хөнгөн ял оногдуулж өгнө үү, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг минь багасгаж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.          

Шүүгдэгч Э.Ч-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус хуульчилсан ба шүүгдэгч Э.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.                  

Иймд шүүх шүүгдэгч Э.Ч-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Бусад асуудлаар.   

Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 800,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A56” загварын гар утсыг биет байдлаар буцаан төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.        

4. Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 800,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A56” загварын гар утсыг биет байдлаар буцаан төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ч-д шүүх хуралдааны танхимаас авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ