Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/09

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Ш.Наранчимэг,       

Шүүгдэгч Т.Ш,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                      

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Т-ийн Ш-д холбогдох 2528003620332 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт:     

Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Т.Ш нь 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг Бааран гэх газарт Б.Б-той маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед нь хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, баруун завьж уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, эрүү, нүүрэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Ш-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                         

Шүүгдэгч Т.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б-ын биед гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.           

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын .. дүгээр багт .. сумын төвд байх гэрээс О, Оч нарт манайх хонь өгөхөөр Булган сумын 1 дүгээр баг Сайрангийн хоолой гэх газар руу М гэх хүмүүсийн хамтаар 2 машинтай сумаас хөдөлсөн бөгөөд О, Оч нар нь М-гийн машинд суусан байсан. Манай хөдөө гэрт очих замд гэнэт М замаа өөрчлөн өөр тийшээ явсан. Бид хоёр хөдөө гэртээ очоод малаа усалчхаад тэд нарын араас очиход Бааран гэх нэртэй газар машинаа тал дээр зогсоочихсон байсан од бас нэг машин хамт байсан. Тэгээд хүрээд очтол М, Т, М, А, О, Оч, Ш гэх 7 хүн байсан. Би нөхөр М-ий хамт очиж тэр хүмүүстэй хамт архи уугаад байж байтал Ш над руу миний машинаас өнгө алсан болсон чи миний мөнгийг авсан гээд над руу дайраад байхаар нь би аваагүй гэж хэлтэл баруун гараараа миний нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа алгадахаар нь би зугтаад өөрийнхөө машинд ороод суух гэж байтал миний өмсөж явсан ногоон өнгийн нимгэн куртик өмссөн байсан бөгөөд уг куртикний ар хэсгээс татан аваад хэвлий хэсэгт нэг удаа цохисон (аль гараараа цохисон талаар би мэдэхгүй байна) тэгээд миний хүзүү хэсгээс боож газарт унагаад үргэлжлүүлэн миний хоёр удаа баруун талын нүд рүү (аль гараараа цохисон талаар би мэдэхгүй) цохисон бөгөөд дахин зодох гэх үед нь Оч хүрч ирэн Ш-г намайг зодохыг болиулсан. Тэгээд бид бүгд явцгаасан. Түүний дараа би маргааш нь буюу 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган сумын ЭМТ-д үзүүлсэн. Хоёр хоногийн дараа 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очиж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт үзүүлсэн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 12-14, 17-18 дахь тал)         

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган сумын 1 дүгээр багт буу сумын төвд байхад М, Б нар нь манай нөхөр Оч бид хоёрыг хүнсэнд яваад өгөөч гэж хэлсний дагуу бид хоёр М гэдэг эгчийн машинд суусан. М, Б нар нь өөрийнхөө машинтай Булган сумын Бааран гэх газар руу М, Б нарын гэрт очиж хүнс авахаар Булган сумын төвөөс гарч явсан. Тэгээд бид 3 түрүүлж яваад тал дээр Ш гэх хүнийг 2 танихгүй хүнтэй уулзаад зогсож байх үед нь бид 3 таараад тэнд зогссон. Тэнд байсан хүмүүс болох Оч, Ш, М болон үл таних 2 хүмүүс 1 шил архи (нэрийг нь мэдэхгүй байна) хувааж ууцгааж байтал араас М, Б нар хүрч ирсэн. Тэд нар бүгд хамтдаа архи уусан. Гэтэл Ш, Б нар нь хоорондоо Мий талаар яриад маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б нь Ш-д хүрч очоод түүний зүүн хацар хэсэгт нь нэг удаа баруун гараараа алгадтал Ш нь Б-ыг баруун гараараа хацар шанаа хэсэгт нэг удаа алгадаад унагаачихсан. Тэгээд Б нь босож ирээд өмнөөс нь би хулгай хийгээгүй намайг бүү хулгайч гэж хэл гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байтал Ш нь Б-ыг хавирч унагаад мөн босоод ирэнгүүт нь боож унагаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Оч очиж тэр хоёрыг салгасан. Б нь машиндаа суутал Ш нь түүний араас хүрч ирээд машинаас нь буулгаад хоолойг нь боож унагаахаар нь би очоод Ш гэх хүнд хандан ахаа болиоч ээ хүн аллаа ш дээ гэж хэлээд тэр хоёрыг салгаад түүний дараа бид бүгд тухайн газраас хөдлөөд салж явцгаасан. Эргэж дахин уулзсан зүйл байхгүй... Б нь Ш-гийн зүүн хацар, шанаа хэсэгт нь нэг удаа баруун гараараа алгадсан, мөн Ш нь Б-ын зүүн шанаа, хацар хэсэгт нь нэг удаа алгадаж газарт унагасан бөгөөд түүнийг машинд суух үед нь татан буулгаж ирээд хавирч унагаад босож ирсний дараа нь боож унагах зэрэг үйлдлийг би харсан.” (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган сум Дэн 1 дүгээр багийн нутагт О.М-хнийхөөс хүнс авах гэж яваад ... гэх газар уулзсан. Би сумаас О нөхөр Оч-ийн хамт тэр хэдтэй уулзсан. Б Ш 2 М-ий талаар ярилцаад муудалцаж байсан. Би тэнд нээх удаагүй ганцаараа явсан. Нэгнийгээ зодсон талаар би бүр сүүлд нь мэдсэн тэнд яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 37-38 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ӨМГ0725/467 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ын биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, баруун завьж уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, эрүү, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 47-48 дахь тал). 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Ш-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол, хор уршгийн хувьд хохирогч Б.Б нь шүүгдэгчээс эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохоос татгалзсан. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын санд 133.555 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Т.Ш-г бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Ш нь 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг Бааран гэх газарт Б.Бтой маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед нь хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, баруун завьж уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, эрүү, нүүрэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.        

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), гэрч М.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал), гэрч Ж.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ӨМГ0725/467 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.      

Шүүгдэгч Т.Ш-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, баруун завьж уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, эрүү, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ӨМГ0725/467 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал)-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Т.Ш-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.   

Шүүгдэгчийн үйлдэл нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Ш-гийн хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.              

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал) гэж мэдүүлж байх ба мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 133,555 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 113 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ш-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,   

Шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Т.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.                  

Иймд шүүх шүүгдэгч Т.Ш-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөдөө мал маллаж амьдардаг зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр  торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 133,555 (нэг зуун гучин гурван мянга таван зуун тавин тав) төгрөгийн хохирлыг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.        

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Х овгийн Т-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 133,555 (нэг зуун гучин гурван мянга таван зуун тавин тав) төгрөгийн хохирлыг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                         

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ