Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

Т.Ө, Ж.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Ө, Ж.С нарт холбогдох эрүүгийн 1913000000153 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.С-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогч Х.Б, А.Х, хохирогч А.А, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 хүнтэй, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Ө сумын  дугаар багт түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Х овогт Т-ийн Ө /РД:БЕ0000000/ нь:

(1) 2018 оны 11 дүгээр сарын 16, 21-ний өдрүүдэд хохирогч Х.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилгоор мал худалдаж авч өгнө гэж хуурч 50.000.000 төгрөгийг нь залилсан,

(2) 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Е.Делегатын эзэмшлийн “Тоёота ланд круйзер-80” маркийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнийг нь тодорхой хугацааны дараа өгнө гэж хуурч, түүний бичиг баримтыг нь ашиглан бусдын нэр дээр шилжүүлж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг тээврийн хэрэгслийг иргэн Х.Өсерханд өгөх өр төлбөртөө тооцож өгч залилсан,

(3) 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Өсерханыг өөрийн эцэг гэж танилцуулан итгүүлж, түүний “УАЗ-469” маркийн, 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, иргэн Х.Өсерханд өгөх өр төлбөртөө тооцож өгч залилсан,

(4) 2019 оны 02 дугаар сард С.Х-ийн эзэмшлийн “Митсубиши Л-200” маркийн, 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “С.Х-ийн иргэн Х.Бахытханд төлөх ёстой өр төлбөрийг барагдуулж өгнө” гэж хуурч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч залилсан,

(5) Хохирогч С.Е, А.Х- нар болон С.Абдулла нарын хоорондын үүссэн хашаа байшин худалдах-худалдан авах тухай иргэний эрх зүйн харилцааг далимдуулан, иргэн н.Абдуллагийн эзэмшлийн "Мицубиши Л-200” маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, түүний С.Е, А.Х- нарт төлөх хашаа байшингийн үнэ 15.000.000 төгрөгийг төлнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.Е, А.Х- нарын хашаа байшинг буюу 15.000.000 төгрөгийг залилсан,

(6) 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Ж.Стой бүлэглэж, иргэн А.Аын эзэмшлийн Toyota Land cruiser-80 маркийн, 00-85 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаа 1.475.000 төгрөгийг Ж.Саас авч өгч, үлдсэн үнийг нь тодорхой хугацааны дараа төлнө гэж хуурч, уг тээврийн хэрэгслийг Ж.Сд төлөх ёстой өр төлбөртөө тооцон шилжүүлж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хамаарах,

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Дэлүүн сумын 6 дугаар багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Х овогт Ж-н С /РД:БЕ00000/ нь (1) 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Т.Ө-тэй бүлэглэж, Т.Ө-ээс авах авлагатай гэх бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 1.475.000 төгрөгийг урьдчилгаа болгон төлж хохирогч А.А-ын эзэмшлийн Toyota Land cruiser-80 маркийн, 00-85 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, бусдад худалдан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Т.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Т-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Х овогт Ж-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ө-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ийн цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Т.Ө-ээс 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөг гаргуулан хохирогч Х.Б-д, 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Р.Б-д, 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч С.Х-т. 12.840.000 /арван хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Х-т, шүүгдэгч Ж.Соос 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.А-т тус тус олгож, шүүгдэгч Т.Ө нь хохирогч Е.Д-н хохирлыг бүрэн төлж барагдуулсныг дурдаж  шийдвэрлэжээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “Т.Ө гэм буруутай гэж үзэж байна. Энэ хүн бол хуулийн дагуу авах ёстой ял шийтгэлээ авч, хүмүүсийн өрийг барагдуулж өгөх хэрэгтэй байна. Ж.С-ын хувьд гэм буруугүй юм шиг санагдаж байна. Энэ хүнийг цагаатгах нь зөв гэж үзэж байна” гэжээ.

Шүүгдэгч Ж.С-ын давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хохирогч А.А 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 184-185 хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 ХХ-ийн ... хуудас/, гэрч Р.А-гийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 193-194 хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4-р ХХ-ийн ... хуудас/, гэрч Х.И-ын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр болон 6 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 195-198 хуудас/, гэрч Ж.Ахытжаны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 199-200 хуудас/, гэрч Т.Ө-ийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 XX-ийн 189-190 хуудас/, яллагдагч Т.Ө-ийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, мөн 6 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 206-210 хуудас/, гэрч Ж.С-ын  2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 191-192 хуудас/, яллагдагч Ж.С-ын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 ХХ-ийн 211-214 хуудас/, яллагдагч Ж.Сын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 ХХ-ийн ...хуудас/, 3 хавтаст хэргийн 147-153 дугаар талд авагдсан фейсбүүк мессенжерээр харилцаж байсан баримт зэрэг нотлох баримтаас үзэхэд нэгдүгээрт, Ж.С миний бие яллагдагч Т.Ө-ээс авах авлагатай байсан нь тогтоогдсон. Хоёрдугаарт, Ж.С миний бие машин худалдаж авахын тулд олон нийтийн сүлжээний фейсбүүкээс машины зар үзэж байгаад Р.А-гийн машиныг сонирхож мессенжерээр харилцаж байсан, тухайн үед Р.А-гээс Ж.С миний санал болгосон Тоёото коралла маркийн тээврийн хэрэгслийг 7 сая төгрөгөөр үнэлж авах талаар ярилцаж байсан, Ж.С машин сонирхож байгааг Т.Ө-т хэлж мөнгөө шаардахад тэрээр “2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос мөнгө ирэхээр өгнө, машин зарж буй хүнтэй ярьж өгье” хэмээн хоёулаа Р.А-, А.А нартай уулзсан. Р.А-, А.А нар Ж.С, Т.Ө нарын аль алиныг танихгүй, анх удаа харж байснаа хэлсэн. Р.А-, А.А нар Ж.С-ын санал болгосон Тоёото каролла маркийн тээврийн хэрэгслийн гаднах үзэмж муутай учир 7 сая төгрөгөөр авах боломжгүй харин 5 сая төгрөгөөр авах талаар шинэ санал гаргасан, Ж.С миний бие уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлж тохиролцож чадалгүй явцгаасан. Үүнээс хойш Р.А-, А.А нар Ж.С надтай огт харилцаж байгаагүй, харин яллагдагч Т.Ө байнга харилцаж машиныг худалдаж авах тухай хэлдэг байсан, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уг машиныг Т.Ө-т худалдсан, машины төлбөрийг авч чадаагүй болохоор 2020 оны 4 дүгээр сард хуульчийн туслалцаа авахаар өмгөөлөгч Х.Зулхашт хандсан, өмгөөлөгч Х.Зулхаш 3 дугаар хавтаст хэргийн 143-145 дугаар талд авагдсан гомдол, түүнчлэн 4 дүгээр хавтаст хэргийн 18-23 дугаар талд авагдсан гомдол болон хүсэлтүүдийн эхийг боловсруулан бичсэн үйл баримт тогтоогдсон байна.

Өмгөөлөгч Х.Зулхаш нь эрүүгийн 1913001720112, 1913000000153 дугаар хэрэгт хохирогч С.Е, А.Х нарын өмгөөлөгчөөр, түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Е, А.Х нарын нэхэмжлэлтэй, С.Абдулла, Т.Ө нарт холбогдох “2019.02.22-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдан, худалдан авах тухай” 336 тоот гэрээ, 2019.02.22-ны өдрийн “газар худалдах, худалдан авах тухай” 337 тоот гэрээ “ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн”, мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “зээлийн гэрээ” 328 тоот гэрээ “дүр үзүүлэн хийсэн нь хэлцэл” тул тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд тус хэргийн яллагдагч Т.Ө-ийн холбогдсон хэргүүд, түүний хувийн байдал, төлбөрийн чадваргүй байдал, мөн хэргийн үйл баримтын талаар сайн мэдэж байгаа хуульч юм.

Өмгөөлөгч Х.Зулхаш Р.А-, А.А нарт хууль зүйн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгөхдөө, мөн цааш цаашдын гомдол хүсэлтийг нь бичихдээ яавал 14,500,000 төгрөгийг төлбөрийн чадвартай этгээдээс гаргуулах боломжтой гэдгийг маш сайн судалж байгаад урьдын олж авсан мэдээллийг ашиглаж Ж.С-ыг Т.Ө-ийн хамсаатан мэтээр харагдуулж “...БНХАУ-д экспортод мах бөөндөж гаргадаг,” 2019 оны 9 дүгээр сарын байдлаар олон тооны мал цуглуулсан, бэлэн мөнгийг малын ченж нарт тарааж өгсөн, ...зохиомол байдлыг зориудаар буй болгосон, Ж.С Т.Ө нар хамтарч бизнес эрхэлдэг гэж худал хэлж итгүүлсэн” гэж хэргийн жинхэнэ байдлаас өөр байдлаар тайлбарласан байна. Энэхүү гомдол, мэдүүлэг, хүсэлтэд дурдсан “...БНХАУ-д экспортод мах бөөндөж гаргадаг,” 2019 оны 9 дүгээр сарын байдлаар олон тооны мал цуглуулсан, бэлэн мөнгийг малын ченж нарт тарааж өгсөн, ...зохиомол байдлыг зориудаар буй болгосон, Ж.С Т.Ө нар хамтарч бизнес эрхэлдэг гэж худал хэлж итгүүлсэн” гэх тайлбар нь хэрэгт цугларсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар батлагдаагүй, харин ч Р.А-, А.А нар дээрх байдлаас Ж.С, Т.Ө нарын аль алиныг танихгүй, урьд нь харж байгаагүй, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тохиролцоонд хүрч чадаагүй, тэрнээс хойш Ж.С намайг харж байгаагүй, түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй, харин Т.Ө машин авахаар бидэнтэй харилцаж байсан, улмаар нотариат орж машин худалдах тухай гэрээ байгуулж, машинаа Т.Өт хүлээлгэж өгсөн гэснээр, түүнчлэн Р.А-, А.А нар өмгөөлөгч Х.Зулхаштай уулзахаас өмнө худалдсан тээврийн хэрэгслийн төлбөрийг гэрээний дагуу зөвхөн Т.Ө-ээс шаардаж ирсэн зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд үйлчлүүлэгч  Ж.С намайг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 195 дугаар зүйлд гэрээ байгуулах саналын талаар, мөн гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байх талаар хуульчилсан бол мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох талаар хуульчилжээ. Хяналтын прокуророос Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар А.А, Ж.С бид нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, түүнчлэн 9 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй буюу үүргийн харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн нэг гэр бүлийн гишүүд болох хохирогч А.А болон гэрч Р.А- нарын өмгөөлөгчийн зөвлөсний дагуу өөртөө ашигтай байдлаар өгсөн мэдүүлэгт баригдаж дүгнэлт хийж буюу нотлох баримтыг үнэлэхдээ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэж Ж.С намайг яллагдагчаар татсан явдал нь хэргийн жинхэнэ байдалд огт нийцээгүй үндэслэл муутай шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний гол зүйлүүдийн нэг нь гэрээний үнэ юм. Худалдах-худалдан авах гэрээг байгуулахын тулд талууд дор хаяж шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн байх ёстой гэдгийг прокурор анхаараагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн хохирогч А.А болон гэрч Р.А- нарын өмгөөлөгч Х.Зулхашийн зөвлөсний дагуу өөртөө ашигтай байдлаар өгсөн мэдүүлэгт баригдаж Ж.С намайг буруутгаж болохгүй юм.

Миний бие хохирогч А.А болон түүний эхнэр Р.А- нарыг хуурч мэхлээгүй, тийм бодол ч байгаагүй, А.А-аас машин худалдаж авах саналыг хохирогч А.А болон түүний эхнэр Р.А- нар хүлээж аваагүй. Миний бие шүүхээс шийдвэр гарах хүртэл Т.Ө-ээс авах авлагаа авсан гэж ойлгож явсан. Т.Ө ч гэсэн надад тэгж хэлж итгүүлсэн. Эцсийн эцэст намайг ийм байдалд хүргэсэн хүн бол Т.Ө юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг үл харгалзан, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Гэмт этгээд залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг ба шүүгдэгч Т.Өийн холбогдсон 6 үйлдэл, шүүгдэгч Ж.С-ын 1 үйлдэл холбогдлын хувьд залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн агуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

 

            1. Шүүгдэгч Т.Ө нь 6 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчдийн эд хөрөнгийг авсан, тодруулбал:

- 2018 оны 11 дүгээр сарын 16, 21-ний өдрүүдэд хохирогч Х.Б-тай урьдын харилцааны явцад бий болсон хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй хамтран ажиллаж байсан итгэлийг урвуулан ашиглаж, бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилгоор түүнд мал худалдаж авч өгнө гэж хуурч 50.000.000 төгрөгийг нь залилсан,

- 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Е.Д-н эзэмшлийн “Toyota land cruiser-80” маркийн 51-38 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “үнийг нь тодорхой хугацааны дараа өгнө” гэж түүнтэй гэрээ хэлцэл байгуулан хуурч, түүний бичиг баримтыг нь ашиглан тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг тээврийн хэрэгслийг иргэн Х.Өсерханд өгөх өр төлбөртөө тооцож өгч залилсан,

- 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Б-ыг хуурч, иргэн Х.Өсерханыг өөрийн эцэг гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг төөрөгдөлд оруулж, З.Б-ы “УАЗ-469” маркийн, 73-47 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, иргэн Х.Өсерханд өгөх өр төлбөртөө тооцож өгч залилсан,

- 2019 оны 02 дугаар сард С.Х-ийн эзэмшлийн “Митсубиши Л-200” маркийн, 49-07 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний иргэн Х.Бахытханд төлөх ёстой өр төлбөрийг барагдуулж өгнө гэж хуурч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч С.Е, А.Х нар болон С.А нарын хооронд үүссэн хашаа байшин худалдах-худалдан авах тухай иргэний эрх зүйн харилцааг далимдуулан, иргэн н.Абдуллагийн эзэмшлийн "Митцубиши Л-200” маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, түүний С.Е, А.Х- нарт төлөх хашаа байшингийн үнэ 15.000.000 төгрөгийг төлнө гэж хуурч хохирогч С.Е, А.Х нарын хашаа байшинг буюу 15.000.000 төгрөгийг нь залилсан,

- 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Ж.Стой бүлэглэж, иргэн А.Аын эзэмшлийн Toyota Land cruiser-80 маркийн, 00-85 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаа 1.475.000 төгрөгийг Ж.С-аас авч өгч, үлдсэн үнийг нь тодорхой хугацааны дараа төлнө гэж хуурч, уг тээврийн хэрэгслийг Ж.С-д төлөх ёстой өр төлбөртөө тооцон шилжүүлж залилсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон Т.Ө-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх тэдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас,  тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, хооронд нь харьцуулан шинжилж, үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Т.Ө-ийн үйлдэл холбогдлыг мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, прокурорын яллах дүгнэлтэд зааснаас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг тогтоох зарчим болон гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тогтоох хууль ёсны зарчмуудад тус тус нийцсэн байна. Шүүх шүүгдэгч Т.Ө-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг ялгаж, урьдчилсан нөхцөл тус бүрийг үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Шүүгдэгч Т.Ө нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Б, З.Б-, С.Х-, С.Е /А.Х-/, А.А нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч тэдгээрт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэм буруугийн хийгээд шударга ёсны зарчмуудыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ө гэм буруутай эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дээрх агуулгаар хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзнэ.

 

            2. Шүүгдэгч Ж.С нь Т.Ө-ээс авах авлагатай, А.А-ын тээврийн хэрэгслийн үнийг Т.Ө төлөх ба Т.Ө-ээс авах авлагадаа хохирогч А.А-ын тээврийн хэрэгслийг тооцож авч байгаа гэх бодит байдлыг хохирогч А.А-оос нуух замаар түүнд урьдчилгаа болгож 1.475.000 төгрөгийг Т.Ө-ээр дамжуулан төлж бусдыг төөрөгдөлд оруулан, Т.Ө-ээс авах авлагаа авах зорилгоор А.Аын эзэмшлийн Toyota Land cruiser-80 маркийн, 00-85 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Т.Ө-тэй бүлэглэж, санаатайгаар өөртөө шилжүүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлүүд, хохирогч болон шүүгдэгч Т.Ө, Ж.С нарын мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлэг болон бусад баримт бичгүүдээр тогтоогдсон байна.

           

            Прокуророос шүүгдэгч Ж.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг шүүгдэгч Т.Өтэй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч анхан шатны шүүх түүний үйлдлийг, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон /Ж.С нь хохирогч нартай нийтийн сүлжээгээр урьдчилж харилцан, Т.Ө-тэй хамт очин уулзаж, тухайн тээврийн хэрэгслийг өөрөө худалдан авах, зөрүүг нь төлж арилжих санал тавих, бусдаар дамжуулан тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгааг төлж итгүүлэх, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг хохирогчийг төөрөгдөлд оруулж Т.Ө-ээс авах авлагадаа тооцож өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар худалдан борлуулсан зэрэг идэвхтэй, шууд санаатай үйлдэл бүхий/ хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн  дэх хэсэгт заасныг журамлан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

            Шүүгдэгч Ж.С-ын гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд шүүгдэгчийн “А.А болон Ж.С нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин шүүгдэгч Т.Ө нь А.А-оос тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан, хохирогч А.А-ыг хуурч мэхлээгүй, Т.Ө-ээс авах авлагаа авсан гэж ойлгож явсан” гэх агуулгатай давж заалдах гомдол нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Харин шүүгдэгч Ж.С-ыг “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулсан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдээгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь үндэслэлтэй байна. Хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С нь зарын дагуу хохирогч А.А болон түүний эхнэр Р.А- нартай нийтийн сүлжээгээр /facebook/ харилцаж байсан нь тогтоогддог боловч үүнийг бусдыг төөрөгдөлд оруулах зорилготой цахим хэрэгсэл буюу хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах тохируулгатай, тусгайлан бэлтгэж, боловсруулсан цахим хэрэглүүр ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

            Шүүгдэгч Ж.С нь Т.Ө-ээс авах өр төлбөртэй бөгөөд түүнээс авах авлагадаа тооцож хохирогч А.А-ын тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авсан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэж, шууд санаатайгаар залилсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, залилах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтаар шүүгдэгч Ж.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй тул мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгч Ж.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг орууллаа.

 

            Хуульд зааснаар шүүгдэгч Т.Ө-ийн цагдан хоригдсон 190 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “цахим хэрэгсэл ашиглан” гэснийг хасаж, 12 дахь заалтын “Ж.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг” гэсний дараа “хэвээр нь хэрэглэж” гэсэн нэмэлт оруулж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өийн цагдан хоригдсон 190 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       М.Нямбаяр

 

                                                                                                С.ӨМИРБЕК