Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т ХХК, А.С, ЗБДСд тус тус холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Т ХХК, А.С нараас 241 631 911 төгрөгийг, ЗБДСгаас гэрээний 52.8 хувь буюу 207 939 809 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк 2014 оны 11 сарын 18-ны өдөр 14/1088 тоот зээлийн гэрээг “Т ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаатар, А.С нартай байгуулан 480 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгосон. Мөн ЗБДС, Т ХХК, зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын БДГ-14/1093 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр ЗБДС нь Т ХХК-ийн өмнө үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52.08 хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрэн авсан ч компанийн удирдлага, хамтран зээлдэгч нар санхүүгийн сахилга бат муу, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг гэрээний дагуу аваагүй, зээлийн зарцуулалтыг зориулалт бусаар ашиглах гэх мэт олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрснээр 2016 оны 11 сард Төрийн банкны Тусгай активын албанд шилжин ирснээр 4.0 сая төгрөг төлсөн муу ангилалтай байна. Зээлдэгч нь 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 14/1088 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу 1 талын санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдлийг удаа дараа өгсөн. “Т ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг ч банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Хамтран хариуцагч ЗБДСг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн ч зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх үндэслэлээр биелүүлэхээс татгалзсан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрт 80 730 014 төгрөг, хүү 59 938 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 594 төгрөг, нийт 140 734 577 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 399 269 985 төгрөг, үндсэн хүү 47 850 712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 022 төгрөг, 449 571 719 төгрөг болсон тул “Т ХХК, А.С, ЗБДСтай байгуулсан гэрээг цуцалж гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс “Т ХХК, А.С нараас 241 631 911 төгрөгийг, ЗБДСгаас гэрээний 52.8 хувь буюу 207 939 809 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх банкнаас зээл авсныг хүлээн зөвшөөрнө. Зээлийг үйлдвэрийн байшин барилга эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан.  Байшин барилга нэмэлт объектоо барьж дуусгасан.  Зах зээлийн хүнд нөхцлөөс болоод бүтээгдэхүүний үнэ зах зээлд өсөхгүй, ерөнхий үнийн ханш өсөөд байсан учраас манайх хурдтай тоног төхөөрөмж авч, эргэлтийн хөрөнгө бий болгох зориулалтаар үйл ажиллагаа явуулах болсон учраас сүүлийн үед зээлээ төлж чадаагүй. Сүүлийн 2 жил зээлийн гэрээг зөрчсөн нь үнэн. Зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Сарантоль ТАДЭБС ХХК-ийн ямар ч гишүүн биш, барьцаа хөрөнгөө барьцаалсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗБДСгийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай сан Төрийн банк болон Тадэбс ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БДГ-14/1093 тоот батлан даалтын гэрээ байгуулан 480 000 000 төгрөгийн зээлийн 52.08 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу Төрийн банк ХХК тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, Энэхүү гэрээний зээлийг төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлсэн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан 52.08 хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба банк батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй тул манайхаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд манай сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т ХХК, А.С нараас зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 399 269 985.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ЗБДСд холбогдох Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т ХХК, А.С нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 301 734 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 476 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг хэрэглэхдээ: "талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэсэн заалтыг хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болон энэ хугацаанд үр дүн гараагүй талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд зээлийн хүү, тооцоолол болон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны №02 дугаартай мэдэгдэл гэх баримтуудыг гаргаж өгсөн байхад үнэлээгүй. Зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 18-нд авсан зээлийг 2015 оны 08 дугаар cap хүртэл 10 сарын хугацаанд хугацаа хэтрэлттэй төлж байсан нь хүү тооцооллын хуудас дээр 2017 оны 02 дугаар сард 4 000 000 төгрөг төлсөн нь харагдаж байгаа бөгөөд өөр ямар нэг төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах хангалттай үндэслэл гэж үзэж байна. Нөхөх хариуцлага үндэслэлгүйгээр шаардсан гэж Иргэний хуулийн 460.1 дэх хэсэг, 458 дугаар зүйлийг баримталж гэрээний нөхцөлүүд болох гэрээ цуцлах, зээл төлүүлэхтэй холбоотой арга хэмжээг хангалттай аваагүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг баримтлаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч “Т ХХК, А.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч ЗБДСд холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу зээлийн 52.08 хувь болох 207 939 809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

            Нэхэмжлэгч Т ХХК нь “Т ХХК болон А.С нартай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №14/1088 тоот зээлийн гэрээ, мөн өдөр №14/1088-1 дугаартай барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр Т ХХК, ЗБДСгийн хооронд №БДГ14/1093 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 23 дугаар гудамжны 464 тоот хувийн сууц, А.Сарантолийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 353 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжны 560 тоот, 64 м.кв хувийн сууц, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 560 тоот, 378.9 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан 2014 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн №14/1088-1 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх-11-18/

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч “Т ХХК болон А.С нар зээлийн төлбөрөөс 241 631 911 төгрөг төлөөгүй талаар зохигчид маргаагүй. 

Хэрэгт авагдсан “Зээл, хүүний тооцооны хуудас” гэх баримтаас үзвэл хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс зээлийн хүү, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс үндсэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй зээлийн гэрээний 6.2 дахь заалтыг зөрчсөн байна. /хх 9-10/

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А.Сд 2017 оны 08 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх 34, 35/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл болон түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №14/1088 дугаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т ХХК болон А.С нараас гүйцэтгээгүй үүрэгт нийт 241 631 911 төгрөгийг төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Т ХХК, ЗБДСгийн хооронд №БДГ14/1093 тоот батлан даалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэх журамтай. Батлан даалтын гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52.8 хувь байна гэж заасан тул хариуцагч ЗБДСгаас 207 939 809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Д.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 23 дугаар гудамжны 464 тоот хувийн сууц, А.Сарантолийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 353 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжны 560 тоот, 64 м.кв хувийн сууц, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 560 тоот, 378.9 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нарын зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т ХХК болон А.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 241 631 911 төгрөгийг, Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗБДСгаас 207 939 809 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Д.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 23 дугаар гудамжны 464 тоот хувийн сууц, А.Сарантолийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20 дугаар гудамжны 353 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 550 м.кв газар, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжны 560 тоот, 64 м.кв хувийн сууц, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 560 тоот, 378.9 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 409 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч “Т ХХК, А.С нараас тэмдэгтийн хураамжид 1 366 109 төгрөгийг, хариуцагч ЗБДСгаас 1 197 649 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 476 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан  олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН