Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02847

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоот хаягт оршин суух, Х.. овогт Б....ын О...,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах, “Н... ББСБ” ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн шимтгэлд үндэслэлгүй суутгаж авсан 500,000 төгрөг, хүүнээс хүү тооцсон 65,000 төгрөг, үндэслэлгүйгээр зээлийн хүүд тооцож авсан 52,000 төгрөг, нийт 617,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгч Б.О...,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О..., С.С...,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.О... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Б.О... нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Баянгол салбар-Н...” ББСБ-тай 104214309 дугаартай зээлийн гэрээ хийж 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хийж 9911.... дугаараа барьцаалжээ. ББСБ нь дээрх гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.О...тай хийсэн байна. Эдгээр гэрээнд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний “гэрээ сунгах, хуваарьт өөрчлөлт оруулах тухай” гэрээни 2.5-д зээлдэгч нь 500,000 төгрөгийн шимтгэл төлөхөөр гэрээнд тусгасан байна. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны 104214309 дугаартай зээлийн гэрээний 2.15-д зээлийн шимтгэлд 0 төгрөг байна гэж заасан байдаг атлаа зээлдэгчээс 500,000 төгрөгийн зээлийн шимтгэл авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай өмнө мөрдөгдөж байсан хуульд банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс мөрдөгдөж байгаа шинэчилсэн хуулиар өөрчлөлт орж, үйлчилгээний шимтгэл авч болох зохицуулалт орсон. Гэтэл гар утасны 9911.... дугаар барьцаалан зээл авахад ямар нэгэн үйлчилгээний зардал гаргахгүй нь ойлгомжтой байхад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан шимтгэл гэж 500,000 төгрөг авсан нь үндэслэлгүй. Б.О... нь зээлсэн мөнгөө гэрээнд заасан хугацаанд графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгчийн дансанд хийж төлсөн байхад 2022 оны 10 дугаар сарын 18-нд хүүнээс хүү тооцсон 65,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дансанд мөнгө орсон байхад хагас бүтэн сайн өдөр гэж 2 хоногийн хүү тооцон 52,000 төгрөг, нийт 617,000 төгрөг үндэслэлгүйгээр суутган авсан гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Миний дугаар алтан дугаар гэж ярьдаг. Тийм учраас хүмүүс 150-200 сая төгрөгөөр худалдаад авъя гэдэг. Банк бус санхүүгийн байгууллагууд дуртай барьцаалан зээл өгдөг. Энэ банк бус санхүүгийн байгууллагатай харилцах болсон шалтгаан бол хүү нь бага байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай авсан. Би графикийн дагуу зээлээ төлж байсан. Хугацаа дуусах үед хугацаа сунгах хүсэлт тавьсан юм. Тэгэхэд та найдвартай хүн, таны дугаар ч гэсэн үнэ цэнэтэй учир хугацаа сунгах бололцоотой. Харин хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ ирж тавиарай гэхэд 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө сунгаж байсан. Хугацаа сунгахад эдний талаас манай шинэ дүрмээр таны зээл 60,000,000 төгрөг биш 55,000,000 төгрөг болгосон. Тийм учраас та 5,000,000 төгрөгийг төлөөрэй гэсэн. Тэгээд 5,000,000 төгрөгийг төлөөд 55,000,000 төгрөг болгосон. Гэхдээ би удахгүй зээлээ төлнө, яаралтай хэрэг болчхоод авсан гээд хугацаанаас нь өмнө төлөөд дуусгасан. Яагаад нэхэмжлэл гаргасан бэ гэвэл банк бус санхүүгийн байгууллагын талаас зээл олгохдоо 500,000 төгрөгийн шимтгэл авсан. Улсын дээд шүүхээс банк бус санхүүгийн байгууллага, банк 1 хувийн шимтгэл авахгүй гэж тайлбарласан гэхэд бид шинэ журмаар авч байгаа гэсэн хариу хэлсэн. Дотоод дүрэм, журам хуульд нийцэж гаргадаг болохоос хуулиас илүү дүрэм мөрдөгддөггүй. Тэгээд аргагүй эрхэнд 500,000 төгрөгийн шимтгэлийг нь төлсөн. Яагаад гэвэл надад мөнгө яаралтай хэрэгтэй байсан. Эднийх 14 хувийн хүүтэй эх үүсвэрээ татдаг юм байна. зээлдэгч нартаа 27.6 хувийн хүүтэй зээл олгодог юм байна. Үүнээс 12.6 хувийн ашиг олж байгаа түүнээсээ 1 хувийг нь эх үүсвэр татсан ажилтнууддаа урамшуулал болгож өгдөг юм байна. Би өөрөө банкны эдийн засагч тул энэ талаар сайн мэдэж байна. Ингэж болохгүй. Зардлыг нотлох ёстой...гэв.

            2. Хариуцагч “Н... ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С...-н хамт гаргасан тайлбартаа:

            “Н... ББСБ” ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТЗ101/134 тоот тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зээл олгох эрх бүхий хуулийн этгээд болсон. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг Монгол улсын их хурлаас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр баталж, энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Талууд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 104214309 тоот зээлийн гэрээ байгуулсан байх тул 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн уг хуулийн үйлчлэлд энэхүү зээлийн гэрээний харилцаа хамаарч байна. Тус хуулийн 6.5-д заасныг үндэслэн “Н... ББСБ” ХХК нь харилцагчаас гэрээгээр харилцан тохиролцсон зээлийн шимтгэл, хураамж авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.15-д заасны дагуу зээл олгосны шимтгэлийг 00 төгрөг гэж тохиролцсон учраас уг гэрээний дагуу ямар нэг шимтгэл, хураамж зээлдүүлэгч нь аваагүй болно. Энэ тохиролцоо нь зөвхөн үндсэн гэрээний хувьд хамааралтай бөгөөд уг нөхцлийг талууд харилцан тохиролцож хэдийд ч өөрчлөх хууль эрх зүйн боломж гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд нээлттэй юм. Харин үндсэн зээлийн гэрээний 8.4 дэх хэсэгт “энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг үндэслэн талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн шаардлага хангасан нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Үндсэн гэрээний үүргээ зээлдэгч зохих ёсоор биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсний дагуу талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “104214309 тоот зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон. Энэ гэрээний 2.5-д “зээлийн гэрээ сунгах, хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зээлдэгч нь 500,000 төгрөгийн шимтгэл төлөхөөр тохиролцов. Энэхүү өөрчлөлт оруулах гэрээнд дурдагдаагүй зүйл, зохицуулагдаагүй харилцааг зээлийн гэрээгээр зохицуулна” гэж бичгээр тохиролцож талууд гарын үсэг зурж, уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр болсон. Мөн үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан, нөхцлийг зээлдэгч өөрөө бий болгосон буюу зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсноо илэрхийлсэн. Иймд нөхцөл байдал үүссэнээр талууд нэмэлт гэрээг байгуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Зээлдэгч хэрвээ зээлийн төлбөрийг цаг хугацаанд бүрэн төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол үндсэн зээлийн гэрээг сунгаж, өөрчлөлт оруулан, зээлдүүлэгч нь зээлийн шимтгэл авах шаардлага нөхцөл үүсэхгүй байсан. Б.О...аас авсан зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд “Н... ББСБ” ХХК нь санхүүгийн үйлчилгээний тогтмол зардлыг санхүүжүүлэх зорилгоор үүргийн гүйцэтгэлийн тодорхой хувиас тооцож тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнг шимтгэл гэнэ. Зээлийн үйлчилгээний шимтгэл нь зээлдэгчид зээл олгохтой холбоотой гарч буй зардалтай уялдаатай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.О... нь зээл авахдаа ярианы төлбөрийг сар сардаа төлнө гэдгийг бид хэлсэн боловч сар сардаа төлөөгүй. Тухайн зээлдэгч өөрийнх нь хэрэглэдэг мөнгөний хэмжээнээс болж тухайн үед мөнгөө хийгээгүй байж байгаад амралтын өдөр хийсэн гэдгээ бас өөрөө хэллээ. Амралтын өдөр мөнгөө хийснийг нь татах ёстой програмаа шинэчлээгүй гэж хэлж байх шиг байна. Монголд одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын төлбөрт хуваарийн дүнг л автоматоор татна. Илүү төлбөрийг заавал ажлын тухайн өдрийн өмнө юм уу ажиллаж байх үедээ л гараараа татдаг. Дийлэнх банк болон банк бус санхүүгийн байгууллага ийм зарчмаар ажилладаг. Би 10 жил ажиллах хугацаандаа автоматаар илүү төлөлтийг татдаг гэж сонсоогүй. Үүн дээр та буруу ойлголттой явж байна. Нөгөө талаар 8 дугаар сард татсан эх үүсвэр миний зээл сунгахтай ямар хамаатай юм бэ гэж байх шиг байна. Бид өмнөх саруудад нь ирэх сарынх нь гаргах мөнгөн бус алдааг тооцож явдаг. Тийм учраас таны 9 сард төлөгдөх ёстой мөнгө 50,000,000 төгрөгийг зээлд гаргах ёстой байсан бол тэр нь өөрөө гараагүй учраас 8 дугаар сарын эх үүсвэрийн зардлыг таны эх үүсвэр лүү оруулж өгөхөөс өөр аргагүй болж тооцдог байгаа. Мөн зээлийн хугацааг сунгаж байхдаа зээлийн шимтгэл төлдөггүй буруу гэж тухайн үед ярьж байгаагүй. Дараа нь явцын дунд ингэж болдог юм байна гэж хүний амнаас сонсоод буруу ойлголттой явж байх шиг байна...гэв.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Зээлийн болон Фидуцийн гэрээ /хх-5-8/, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” гэрээ /хх-9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, Зээлийн дансны хуулга /хх-11-13, 30-40/, хэвлэлийн нийтлэл /хх-14-15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-41-42/ зэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

            5. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний эх хувь /хх-32-33/, мөн өдрийн Фидуцийн гэрээний эх хувь /хх-34-35/, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний эх хувь /хх-36-37/, Зээлийн дансны хуулга /хх-69/, Б.О...ын депозит дансны хуулга /хх-70-71/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-77-79/, “Н... ББСБ” ХХК-ийн өрийн бичгийн хүү, итгэлцлийн үр шимийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай 2022 оны 4 дүгээр сарын 11, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-80-82/, 2022 оны 2 дугаар сарын 24, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн Эх үүсвэрийн урамшууллын нөхцлийг тогтоох тухай тушаал /хх-83-86/, Монголбанкны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг /хх-87/, ББСБ-ын К-тай байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ /хх-88-91/, ББСБ-ын ажилтан Б.Ж-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-92-97/, Б.Жандостой байгуулсан Цахим мөнгөний үйлчилгээний гэрээ, дансны хуулга /хх-98-101/, ББСБ-ын С.А-тай байгуулсан Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ /хх-102-105/, ажилтан Ш.Н-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-106-113/, дансны хуулга /хх-114-115/, ББСБ-ын Б.А-тэй байгуулсан Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ /хх-116-119/, ажилтан О.О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-120-124/, дансны хуулга /хх-125-128/, ББСБ-ын С-тэй байгуулсан Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ /хх-129-131/, ажилтан Ц.Б-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-132-137/, ББСБ-ын Ц.Б-той байгуулсан Цахим мөнгөний үйлчилгээний гэрээ /хх-138-139/, дансны хуулга /хх-140-141/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

Харин Мобиком корпорацийн төлбөрийн баримтын хуулбар /хх-68, 73, 75/, “Н... ББСБ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /хх-72, 74, 76/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

            Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Б.О...ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.О... нь хариуцагч “Н... ББСБ” ХХК-ийг үндэслэлгүй суутган авсан 500,000 төгрөгийн шимтгэл, хүүнээс хүү тооцсон 65,000 төгрөг, үндэслэлгүйгээр зээлийн хүүд тооцож авсан 52,000 төгрөг, нийт 617,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу болон гэрээгээр тохиролцсоны дагуу шимтгэлийг суутгасан, зээлийн гэрээний хугацаа сунгагдаж байгаа нь дахин олгож байгаатай адил бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр сунгаж, хуульд зааснаар харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулснаар эх үүсвэрийн алдагдал тооцож 500,000 төгрөгийн шимтгэлийг гэрээнд тусгаж авсан, хүүгийн төлбөрийг гэрээний дагуу төлөгдөөгүй өдрүүдэд тооцсон, нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн болон Фидуцийн гэрээнүүд, Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зээлийн дансны хуулга, хариуцагчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцагчийн харилцагч нартай болон ажилтнуудтай байгуулсан гэрэнүүд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зохигчид 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 104214309 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Б.О... нь шинэ бизнес эхлэх зориулалтаар 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сарын 2,30 хувийн хүүтэйгээр зээлж, мөн өдөр байгуулсан Фидуцийн гэрээгээр өөрийн эзэмшлийн Мобикомын 9911.... дугаарыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. Талууд уг гэрээгээр зээл олгосны шимтгэл тооцохгүй байхаар тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох талаар тусган, бусад нөхцлийг тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, зээлдүүлэгчээс гэрээ байгуулсан өдөр 60,000,000 төгрөгийг зээлдэгчид дансаар шилжүүлсэн байна.

4.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу эхний 11 сард сар бүр зээлийн хүү төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн ба тэрээр сар бүр зээлийн хүү төлөх үүргээ биелүүлж, харин үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.

4.3. Талууд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” гэрээ дахин байгуулж, уг гэрээгээр 104214309 тоот зээлийн гэрээний хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сараар сунгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөгийг нэг сарын 2,30 хувийн хүүтэй байхыг дурдаж, зээлийн гэрээ сунгаж хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зээлдэгч 500,000 төгрөгийн шимтгэл төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч Б.О... гэрээ байгуулсан өдрөө хариуцагчид 500,000 төгрөгийг төлжээ.

4.4. Улмаар зээлдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр зээлийн хүүг зээлдүүлэгчид төлж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл 55,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлөхөөр талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулан, хуваарийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүү 1,223,000 төгрөгийг төлж, зээлдүүлэгчээс шаардсаны дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 65,000 төгрөгийг “хүүнээс хүү бодох ёсгүй шүү” гэх гүйлгээний утгаар зээлдүүлэгчид шилжүүлсэн байна.

4.5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22,000,000 төгрөгийг “зээлэнд 9911....-с” гэж депозит дансандаа орлого хийснээс 21,992,863.48 төгрөгийг “зээл бэлэн бусаар төлөв” гэж, 11 дүгээр сарын 12-ны өдөр 34,261,000 төгрөгийг “зээл хаав 9911....-с” гэж депозит хийснийг 11 дүгээр сарын 14-ний өдөр "Б.О... зээл төлөв” гэж тус тус зээлийн төлбөрт тооцож авсан байна.

4.6. Дахин 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 52,000 төгрөгийг “тооцоо дуусгав” гэж орлого хийснээр мөн өдөр 50,761.48 төгрөгийг зээлдүүлэгч нь “Б.О... зээл хаав” гэж тэмдэглэн суутгаж, энэ өдрөөс зээлийн гэрээ дуусгавар болжээ.

5. Талуудын байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Харин зээлдүүлэгч талыг зээлийн гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр үндэслэлгүйгээр шимтгэл авсан эсэх, мөн зээлдүүлэгч нь үндэслэлгүйгээр зээлийн хүүнээс хүү тооцсон эсэх, зээлийн гэрээний төлөлт хийгдэж дууссанаас хойш нэмэлт хүү тооцож авсан эсэх талаар маргаж байна.

7. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд заасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэж заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээ дээрх хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд тэд зээлийн гэрээнд шимтгэл 00 буюу шимтгэл тооцохгүй талаар гэрээнд заажээ.

8. Зээлдэгч Б.О... гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрийг төлж, үндсэн зээлийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй ба энэ хугацаанаас өмнө зээлийн гэрээний хугацааг сунгах талаар зээлдүүлэгчид хүсэлт гаргаснаар талууд харилцан тохиролцож 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулан, үндсэн зээлээс 5,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр 2,30 хувийн хүү төлөх, гэрээний хугацаа сунгаж хуваарьт өөрчлөлт оруулсны шимтгэл 500,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмнөх зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

9. Ийнхүү 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт “Зээлийн гэрээг сунгах, хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зээлдэгч нь 500,000 төгрөгийн шимтгэл төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс 500,000 төгрөгийн шимтгэл суутгаж авсан нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнд заасан шимтгэл хураамжийг авсан байх тул үндэслэлгүйгээр 500,000 төгрөг суутгасан гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болох нь зүйтэй.

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг 2 хувааж төлсөн бөгөөд зээлдүүлэгч тал 2022 оны 11 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд дансаар хүлээн авч, 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зээлийн хүү тооцон 52,000 төгрөг нэхэмжлэгчээс авсныг үндэслэлгүйгээр авсан гэж тайлбарлан хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байна.

11. Зээлийн гэрээний 3.8 дахь хэсэгт “Зээлийн төлбөрөө хугацаанаас нь өмнө төлөх бол зээлийн эдийн засагчид заавал мэдэгдэж зөвшөөрөл авна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлөх талаар хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд зээлийн төлбөр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлдүүлэгчид шилжсэн байх тул төлөгдөөгүй байх хугацааны буюу 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдийн зээлийн хүү 52,000 төгрөгийг зээлдүүлэгч тооцож авсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж заасанд нийцсэн байх тул үндэслэлгүйгээр авсан 52,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Харин хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт үндэслэлгүйгээр суутгаж авсан 65,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баасан гарагт зээлийн хүүгийн төлбөр 1,223,000 төгрөгийг төлсөн байхад зээлдүүлэгч 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 65,000 төгрөгийг үндэслэлгүйгээр зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан байх тул хариуцагчаас энэ хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт “Зээл буцаан төлөх хуваарьт өдөр амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдөр таарсан тохиолдолд өмнөх ажлын өдөр зээлдүүлэгчид хуваарьт төлбөрийг төлнө” гэж зааснаар зээлийн төлбөр ажлын бус цагаар зээлдүүлэгчийн дансанд орсон учир хүү тооцсон гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Харин нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эргэн төлөх хуваарьт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нь Бямба гараг байсан учир 14-ний Баасан гарагт зээлийн төлбөрийг төлсөн гэж тайлбарласан нь дансны хуулгаар нотлогдож байна.

14. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 19,160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н... корпраци ББСБ” ХХК-иас 65,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О...ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 552,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 19,160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА