| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02259/И |
| Дугаар | 102/ШШ2023/02936 |
| Огноо | 2023-08-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/02936
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... өөрийн байранд байрлах “Т...” ХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, Т... овогт Н....ын Ж...,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,953,813 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга найман зуун арван гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Тайж овогт Н...ын Ж... нь Т... ХК-д цалингийн зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 340004255334 дугаартай барьцаат зээлийн /Цалингийн/ гэрээ байгуулж 6,700,000 төгрөгийг жилийн 14,4 хувь, сарын 1,2 хувийн хүүтэй зээлийг 30 сарын хугацаатай, зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлийн төлбөрөөс үндслэн зээл 4,163,913 төгрөг, зээлийн хүүнд 1,356,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,847 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй, зээлдүүлэгчйн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл авсан өдрөөс хойш 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 480 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Н.Ж...гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,536,086.96 төгрөг, зээлийн хүү 359,560.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,165.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Т...ны нэхэмжилж буй үнийн дүнтэй маргадаггүй. Тодорхой хугацаа өгөөч, тодорхой хугацаанд төлнө гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа. Бид хариуцагчтай зээлийн зөрчил үүссэнээс хойш 4-5 удаагийн уулзалт хийсэн. Өмнө нь банктай сард 600,000 төгрөгөөр төлье гэж хүсэлт гаргасан. Банк тухайн хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөд 4 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрсөн боловч хариуцагч нь тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Ийм учраас бид шүүхээр эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Н.Ж...гийн хувьд эмээгийнх нь онош үнэн, бие нь тааруу байдаг нь үнэн бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд банк болон шүүхэд хүсэлтээ гаргаж өгч болно гэж би хэлсэн. Баримтаа бүрдүүлээд шүүхэд очиж уулзана гэж хэлсэн ч ингээд алга болчихлоо. Ер нь зээлээ төлөх сонирхолгүй учраас худал хэлээд байна. Зээлийн гэрээний хугацаа нь дуусаад 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 480 хоног болж байна...гэв.
2. Хариуцагч Н.Ж... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Наранбат овогтой Ж... миний бие 2021 онд Т... ХК-д байгууллагын банкны газарт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд цалингийн зээл авсан. 2022 онд Ковид-19 цар тахлын улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, санхүүгийн хямралд орсон. Миний бие Баянгол дүүргийн ... тоотод 90 настай Д... овогтой Д... эмээгийн хамт амьдардаг. Эмээ маань хөх болон тархины хорт хавдартай, эмчилгээ хийлгэж, надаар асруулдаг. Т... ХК-д миний бие 2,820,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Одоогоор миний бие ажилгүй, эмээгээ асардаг тул 2,820,000 төгрөгийг нэг дор өгөх боломжгүй, сар сардаа хуваан төлөх нөхцлийг бүрдүүлж өгнө үү. Хязгаарлаж хаасан банкны данс буцаан идэвхтэй гүйлгээ хийх нөхцлийг нээж, боломжтой болгож өгнө үү...гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Цалингийн барьцаат зээлийн гэрээ /хх-7-13/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-14-18/, зээл болон хүүгийн тооцоолол /хх-19/, зээлдэгч иргэний хаягийн мэдээлэл /хх-20/, Зээлийн үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-21/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, тайлбараа нотлохоор аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч Н.Ж... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Т...” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Ж...гаас Зээлийн гэрээний үүрэгт 2,953,813 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга найман зуун арван гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн болон хүүгийн тооцоолол, үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. “Т...” ХК нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 340004255334 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг Н.Ж...тай байгуулж, зээлдэгчийн хэрэглээнд зориулан 4,700,000 /дарван сая долоон зуун мянган/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,40 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.
4.2. Талууд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Цалингийн барьцаат зээлийн нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдлийн хэмжээ 4,357,455.02 төгрөг байгааг дурдаж, нэмэлтээр 2,000,000 төгрөг зээлж, нийт зээлийн хэмжээ 6,357,455.02 төгрөгийг 30 сарын хугацаатай буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, жилийн 14,40 хувийн хүүтэйгээр, зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.
4.3. Зээлдэгч Н.Ж... гэрээний дагуу үндсэн зээлээс 4,163,913 төгрөг, зээлийн хүүнд 1,356,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,847 төгрөгийг төлж барагдуулсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2,536,086.96 төгрөг, зээлийн хүү 359,560.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,165.47 төгрөг, нийт 2,953,813 төгрөг төлөөгүй болох нь зээлийн харилцагчийн дансны хуулга, гэрээний үүрэг биелүүлэх тухай зээлдүүлэгчийн мэдэгдэл, хүү тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид гэрээгээр тохирсон зээлийн мөнгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй үндсэн зээл 2,536,086.96 төгрөг, зээлийн хүү 359,560.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,165.47 төгрөг, нийт 2,953,813 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон тул энэ хэмжээгээр “Т...” ХК-д төлөх үүрэг хүлээнэ.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,211 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж...гаас 62,211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т...” ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ж...гаас зээлийн гэрээний үүрэгт 2,953,813 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга найман зуун арван гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т...” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,211 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж...гаас 62,211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т...” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА