Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/02940

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “М...” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, ... регистртэй, Б... овогт Г...ын Ц...т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний нөхөн төлбөрт төлсөн 650,766 /зургаан зуун тавин мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М...” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Арна шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“М...” ХК-тай “Г... банк” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээг байгуулсан. Г.Ц... нь “Г... банк” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ1105103000 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 18 сарын хугацаатай, жилийн 21,60 хувийн хүүтэйгээр 700,000 төгрөгийн зээл авсан. Г.Ц... нь Монгол улсын их сургуульд үйлчлэгчийн албан тушаалтай ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа гарч, зээлийн төлбөр тасалдсанаар даатгалын тохиолдол үүссэн. “М...” ХК нь “Г... банк” ХХК-д даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 650,766 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус банкны ... тоот дансанд шилжүүлсэн ба Г.Ц... нь өнөөдрийн байдлаар 650,766 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон “М...” ХК, “Г... банк” ХХК нарын байгуулсан Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт тохиролцсоны дагуу “Г... банк” ХХК-ийн Г.Ц...оос зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжлэх эрх нь “М...” ХК-д шилжсэн. Иймд даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 650,766 төгрөгийг хариуцагч Г.Ц...оос гаргуулж “М...” ХК-д олгож өгнө үү. Манай компаниас цалингийн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэх авлагын ажиллагааг нөхөн төлбөр шилжүүлснээс хойш хийсэн. Тухайн үед Г.Ц...ын утасны дугаараар холбогдох, тухай бүрд авлагын компаниудтай хамтран ажиллаад, тус компаниуд нь манай компанийн өмнөөс ажиллагаа хийдэг байсан. Энэ авлага нь манайд өнгөрсөн жил шилжиж ирснээс хойш шүүхийн журмаар энэ асуудлыг шийдвэрлэе гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Цалингийн зээлийн үлдэгдлээ төлөөгүйгээс болоод “М...” ХК нь хариуцагчийн өмнөөс нөхөн төлбөрийг банкинд төлсөн. Энэ хүн зээлээ төлье гэж ч ханддаггүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

2. Хариуцагч Г.Ц... 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлабраа бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “Г... банк” ХХК-тай байгуулсан Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ /хх-7-11/, “Г... банк” ХХК-тай байгуулсан Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ /хх-12-13/, цалингийн зээл хүсэгчийн анкет /хх-14/, Г.Ц..., “Г... банк” ХХК нарын байгуулсан Цалингийн зээл болон барьцааны гэрээ /хх-15-16/, Зээлийн дансны хуулга /хх-17/, хариуцагч Г.Ц...ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/, Г.Ц...ыг ажлаас чөлөөлөх тухай ....-ийн захирлын тушаал /хх-19/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “М...” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “М...” ХК нь хариуцагч Г.Ц...т холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт төлсөн 650,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно.

3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ, цалингийн зээл хүсэгчийн анкет, Г.Ц..., “Г... банк” ХХК нарын байгуулсан Цалингийн зээл болон барьцааны гэрээ, Зээлийн дансны хуулга, хариуцагч Г.Ц...ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Ц...ыг ажлаас чөлөөлөх тухай ....-ийн захирлын тушаал зэрэг болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. Хариуцагч Г.Ц... нь “Г... банк” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээл болон барьцааны гэрээ байгуулж, 700,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ....-ийн Хичээлийн 1 дүгээр байрны үйлчлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн ба 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 113,000 төгрөг төлсөн байна.

3.2. Зээлдүүлэгч “Г... банк” ХХК нь нэхэмжлэгч “М...” ХК-тай 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ, мөн өдрийн Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээг тус тус байгуулж, Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний дагуу зээлдэгч Г.Ц...ын зээлийн гэрээний үүрэг 650,766 төгрөгийн нөхөн олговрыг “М...” ХК-иас “Г... банк” ХХК-д олгожээ.

4. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь буруутай этгээд болох хариуцагч Г.Ц...оос нөхөн төлбөрт олгогдсон 650,766 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц...оос 650,766 /зургаан зуун тавин мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М...” ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,169 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,169 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА