| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02728/И |
| Дугаар | 102/ШШ2023/02948 |
| Огноо | 2023-08-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/02948
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах “О... ББСБ” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, М... овогт Г....ын Д...,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 39,136,011 /гучин есөн сая нэг зуун гучин зургаан мянга арван нэгэн/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М..., Б.Э...р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Ч.Э... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М..., Б.Э... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Д... нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан цагаасаа хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Өөртэй нь ярихад зээлээ төлж чадахгүй байна. Нэг сарын дараа, хоёр сарын дараа төлнө гэж хэлээд хүсэлт гаргадаг. Бидний зүгээс хугацаа өгсөн боловч огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-т заасныг зөрчсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт нэхэмжилж байгаа дүн нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 8,866,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,161.69 төгрөг, нийт 39,136,011 төгрөг нэхэмжилж байгаа. Барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн 16-72 УН дугаартай, цэнхэр өнгөтэй 2012 онд Монгол улсад орж ирсэн ачааны том ковшийг барьцаалсан. Хэнд зээл авч өгснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан зээлийн гэрээг Г.Д... байгуулж, Г.Д... зээл авсан. Ковшоор үүргийн гүйцэтгэл хангуулна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд зээлийн ЗГ202207-117 дугаартай гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, үндсэн хүү 8,866,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,161.69 төгрөг, нийт 39,136,011 төгрөгийг Г.Д...гаас гаргуулж, зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...гэв.
2. Хариуцагч Г.Д... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Гомбо овогтой Д... би өөрийн танил Б...ийн гуйлтаар ковш барьцаалан О...аас өөрийн нэр дээр зээл авч өгсөн. Зээлийг 50.... Б... нэртэй Хаан банкны данс руу шилжүүлсэн. Б... төлнө гэж зээл авхуулсан боловч төлөөгүй. Б...ийн ковшийг зарж зээлээ бүрэн барагдуулах хүсэлтэй байна...гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, Зээлийн гэрээ /хх-10-13/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх гэрээ /хх-14-16/, Харилцагчийн мэдээлэл /хх-17/, Зээлийн өргөдөл /хх-18-19/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-20/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-21/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-22/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, тайлбар татгалзлаа нотлох аливаа баримт гаргаагүй болно.
5. Хариуцагч Г.Д... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Д...д холбогдуулан, түүнтэй байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 39,136,011 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Г.Д... нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох механизмыг зарж зээлээ бүрэн барагдуулах хүсэлтэй гэж тайлбарласан ба нэхэмжлэлийн бусад шаардлагад тусгайлан тайлбар гаргаагүй байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, харилцагчийн мэдээлэл, зээлийн өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, “зээлийн үйл ажиллагаа, төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн үйл ажиллагаа, факторингийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” зэрэг үйл ажиллагааны чиглэл бүртгүүлэн, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.
4.2. Зээлдүүлэгч “О... ББСБ” ХХК нь зээлдэгч Г.Д...гийн гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202207-177 дугаар Зээлийн гэрээгээр Г.Д...д 30,000,000 төгрөгийг сарын 3.10 хувийн хүүтэй, зээлийн нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиар тооцох нөхцөлтэйгөөр шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээл олгосноос хойш 24 сар буюу 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.
4.3. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр талууд ФГ-202207-177 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /автомашин фидуци/-г байгуулан, үүрэг хүлээгч Г.Д... нь 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн ... УН улсын дугаар, ... арлын дугаартай Shanghai.W156 маркийн цэнхэр өнгийн механизмыг 55,000,000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгч “О... ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.
4.4. Зээлдэгч нь гэрээний дагуу 24 сарын хугацаанд сар бүр 1,790,559 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү огт төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээл хүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК нь хариуцагч Г.Д...тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Ийнхүү зээл олгогдсон үеэс буюу 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс зээлдэгч Г.Д... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч “О... ББСБ” ХХК уг гэрээг цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хугацааны үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 8,866,849.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,161.69 төгрөг, нийт 39,136,011 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
9. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д...гаас 423,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д...гаас 39,136,011 /гучин есөн сая нэг зуун гучин зургаан мянга арван нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Д... шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох ... УН улсын дугаар, 12070388 арлын дугаартай Shanghai.W156 маркийн цэнхэр өнгийн механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д...гаас 423,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О... ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА